| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
2025 03 19 2025/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Б.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, ,
О овогт Б-ийн Л/РД; ***********/,
Шүүгдэгч Б.Л нь;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Л “...2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Танил” техникийн зах дээр ажиллаж байгаад согтууруулах ундаа хэрэглээд 18.00 цагийн үед гэртээ ирээд унтаж байх хооронд манай аав Б машины түлхүүр авах гэж ирсэн, тэр үед түлхүүр олдоогүй, дараа нь манай хүүхэд утсаар нь “оллоо өвөө” гэж хэлж байсан. Би босоод хүүгээ загнаад “яагаад түлхүүр алга болгочихов, би энд тавьсан байсан шүү дээ” гэсэн, тэгээд буцаад хэвтсэний дараа А миний унтаж байсан өрөөнд орж ирээд “ямар шалтгаанаар хүүхэд загнаж байгаа юм, чиний буруу” гэдэг асуудлаас болсон, тэгээд миний хүзүүг урсан, би өөрөөсөө холдуулахын тулд түлхэхэд цаашаа унаад босож ирээд дахиж цохисон, өөрөөсөө холдуулах зорилгоор санамсаргүйгээр цохисон. Би архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Тухайн үед болсон процесс нь л энэ.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;
хохирогч Э.А-ийн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр...ажлын газрын хүмүүстэйгээ тавуулаа 0.5гр архи уусан, тэгээд маргааш өглөө нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч амжаагүй, тэгсэн чинь нөхөр Л ажлаасаа бууж ирээд “хүүхдүүд хүргэж өгсөнгүй, арчаагүй пизда” гээд хонго руу хоёр удаа өшиглөсөн бас хэд, хэдэн удаа дээрээс дэвссэн. ...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой би хоёр хүүхдийн хамт гэртээ байж байхад нөхөр Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд унтлагын өрөөнд унтаж байсан чинь гаднаас хадам аав Б ирж машины түлхүүр асуусан, би машины түлхүүр хайгаад олоогүй байж байхад хадам аав Б гараад явсан. Нөхөр Л босч ирээд “пизданууд минь, машины түлхүүр хаана байна” гээд том хүү У руу орилоод байхаар нь би “хүүхэд рүү ориллоо” гэж уурласан чинь намайг “арчаагүй гуйлгачин”, “хямдхан гичий”, “пизда”, “арчаагүй гөлөг” гэж дахин, дахин доромжилсон. Би чимээгүй байж байгаад олон жил тэвчсэн уур хүрээд нуруу хэсэг нь рүү гараараа нэг удаа цохисон чинь нөхөр Лбосож ирээд миний үснээс зулгааж унтлагын өрөөнөөс үүд хүртэл чирээд дээрээс хөлөөрөө хэд, хэдэн удаа өшиглөөд, умдаг хэсэг рүү хоёр удаа өшиглөхөөр нь зугтаад орц руу гараад тусламж хүсэж хашгирахад хүн гарч ирээгүй. Би байрныхаа танидаг эмэгтэйн гэрт орж утсаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн, дуудлага өгчихөөд дээшээ гэртээ орох гэхэд хаалгаа цоожилсон байсан, би хаалганы цаанаас “цагдаад дуудлага өгсөн” гэж хэлэхэд Л шууд гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Ч.Н-ийн “...би 2016 оны 8 дугаар сард ажилд орж, А 10 дугаар сард ажилд орсноос хойш нэг өрөөнд цуг ажиллаж байна. ...2017 оноос нөхөр нь зоддог болсон, тэр үед гэрт нь очихоор зодуулсан ул мөрөө харуулдаг, би зургийг нь аваад хадгалдаг байсан. Аймшигтай зодно, хэл амаар доромжилно, үнэхээр дарамттай байдаг байсан, би гэрчийн хувьд гомдол гаргаж, шалгуулж байсан боловч А том хүүгээ төрүүлсэн байсан болохоор нөхрийнхөө эсрэг гомдол гаргахгүй намжаадаг байсан. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би БОЭТ-ийн төрөх тасагт төрснөөс нэг хоногийн дараа А “төрөх тасгийн 1-р давхарт саваа цэвэрлүүлж байна” гэж ирэхэд нь уулзахад жирэмсэн байхад нөхөр нь зодоод, мөрөө давуулж шидээд зулбуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Б.Б-ийн “...Л2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэр бүлийн асуудал, хэрүүл маргаантай байгаа, манай гэрт хэд хонож байна. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Л “Танил” зах дээр ажиллаад гэртээ харьсан байсан, би Орхон аймаг Баян-Өндөр Хүрэнбулаг баг Уурхайчин хороолол 1-12 тоот гэрт нь очиход хоёр хүүхэд, бэр А нар байсан, харин Л унтаж байсан. ...Намайг гэрээс нь гарсны дараа бэр А над руу залгаад “Л намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь эхнэр Сарантуяагийн хамт Л-ын гэрт ороход хүү Лгараад явсан байсан, А гэртээ уйлаад “Л намайг зодсон” гээд зогсож байсан. А “цагдаад мэдэгдэнэ” гээд хүүхдүүдээ хувцаслаад гарах гэж байхаар нь бид хоёр хүүхдүүдийг нь авч үлдээд, өөрийг нь цагдаа руу явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч Х.Э-ийн “...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой 21.00-22.00 цагийн орчим намайг гэртээ байж байхад гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь нээтэл А сандарсан, ихэр татаж уйлсан зогсож байхаар нь юу болсон талаар асуугаад “манай гэрт ороод ир” гэж хэлэхэд “хүүхдүүд чинь айчихна эндээ байж байя, найздаа утсаа өгөөч манай нөхөр согтуу ирээд агсам тавиад хүүхдүүдийг айлгаад байна.” гэж хэлэхээр нь гар утсаа өгсөн чинь “хүүхдүүд гэрт байгаа гар утсыг чинь эргээд аваад ирэх үү” гэж асуугаад, би гар утасныхаа нууц үгийг хэлж өгөөд явуулсан. Би гэртээ хэсэг байж байгаад санаа зовоод гэр лүү нь орох гээд хувцсаа өмсөж байхад А манай хаалгыг тогшоод миний утсыг авч ирж өгөхөөр нь “манайд ороод ир” гэж хэлсэн чинь “танай гэрийнхэн чинь байгаа биздээ санаа зовоод байна” гэж хэлэхээр нь би гарч орцонд уулзаад юу болсон талаар асуухад “манай нөхөр согтуу ирээд агсам согтуу тавиад, хөршүүдийн хаалгыг тогшсон боловч онгойлгоогүй, цагдаад дуудлага өгсөн чинь нөхөр гараад зугтаасан” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Б.Л-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18.30 минутын орчим ирээд байж байтал аав Б машины түлхүүр асуусаар манайд ирсэн, миний хоёр хүүхэд түлхүүрийг нь хайгаад олохгүй байхаар нь би босч ирээд том хүү Учралыг “машины түлхүүр хаана хийчихсэн юм” гэхэд бага хүү Баяр машины түлхүүрийг олсон. Үүний дараагаар эхнэр А уурлаад “яах гэж хүүхэд загнаад байгаа юм” гээд миний хүзүүнээс мажаад байсан, ...намайг унтлагын өрөөндөө хэвтэж байхад эхнэр А орж ирээд бичлэг хийгээд байхаар нь “яахаараа чи миний хүзүүнээс мааждаг юм” гээд үснээс нь зулгаагаад, ...өөрөөсөө холдуулах гэж санамсаргүйгээр нэг удаа өшиглөсөн, яг хаана өшиглөснийг хараагүй. Би өрөөнөөс гараад А ийг “яв” гээд хаалга онгойлгоод орц руу гаргасан. ... тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...“янхан”, гичий”, “пизда” гэж дуудаад өшиглөөд түлхсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 37 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаартай; “...Э.А-ийн биед нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэ, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
хохирогч Э.А-ийн;
Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
Шүүгдэгч Б.Л-ын;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Л-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Л нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум *************************тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.А-ийг хэл үгээр доромжилж 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан,
хохирогч Э.А-ийн “...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой...нөхөр Л босч ирээд “пизданууд минь, машины түлхүүр хаана байна” гээд том хүү У руу орилоод байхаар нь би “хүүхэд рүү ориллоо” гэж уурласан чинь намайг “арчаагүй гуйлгачин”, “хямдхан гичий”, “пизда”, “арчаагүй гөлөг” гэж дахин, дахин доромжилсон. ...миний үснээс зулгааж унтлагын өрөөнөөс үүд хүртэл чирээд дээрээс хөлөөрөө хэд, хэдэн удаа өшиглөөд, умдаг хэсэг рүү хоёр удаа өшиглөхөөр нь зугтаад орц руу гараад тусламж хүсэж хашгирахад хүн гарч ирээгүй.” гэх,
гэрч Б.Б-ийн “...2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр...бэр А над руу залгаад “Л намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь эхнэр Сарантуяагийн хамт Л-ын гэрт ороход хүү Лгараад явсан байсан, А гэртээ уйлаад “Л намайг зодсон” гээд зогсож байсан.” гэх,
гэрч Х.Э-ийн “...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой...А “манай нөхөр согтуу ирээд агсам согтуу тавиад, хөршүүдийн хаалгыг тогшсон боловч онгойлгоогүй, цагдаад дуудлага өгсөн чинь нөхөр гараад зугтаасан” гэж хэлж байсан.” гэх,
Б.Л-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр...эхнэр А орж ирээд бичлэг хийгээд байхаар нь “яахаараа чи миний хүзүүнээс мааждаг юм” гээд үснээс нь зулгаагаад, ...өөрөөсөө холдуулах гэж санамсаргүйгээр нэг удаа өшиглөсөн, яг хаана өшиглөснийг хараагүй. Би өрөөнөөс гараад А-ийг “яв” гээд хаалга онгойлгоод орц руу гаргасан. ...тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...“янхан”, гичий”, “пизда” гэж дуудаад өшиглөөд түлхсэн.” гэх,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаартай, “...Э.А-ийн биед нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэ, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч Э.А-ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэргээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Б.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаа учруулах” гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг байдаг.
“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, эсхүл гэрлэлт нь цуцлагдсан, хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдний асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг,
харин “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинж нь дээр дурьдсан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд болж байдгаараа онцлог бөгөөд тухайн хүмүүсийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамааралтай хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, хараат бус байх эрхэд халдаж, хяналт тогтоож, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр хохирогчийг эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай үйлдэл байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.
Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.” гэж,
хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон байна.
Шүүгдэгч Б.Л-ын хувьд,
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Э.А-ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь “нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэ, умдагт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байх бөгөөд нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул
шүүх шүүгдэгч Б.Л-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
“Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Л-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг болон улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Э.А нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцаад “...хэргийн материалтай танилцсан. Миний зүгээс хүсэлт гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Б-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Л-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э