Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

П.Жы нэхэмжлэлтэй Заг сумын дунд сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/1003 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Жы нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуульд холбогдох

Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч П.Жы давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Март, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

Нэхэмжлэгч П.Жаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Ж миний бие Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуульд няраваар ажиллаж байсан ба тус сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тушаалд заасан зөрчлийг П.Ж миний бие гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Ж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

П.Ж миний бие тус сургуулийн захирлын тушаалд заасан зөрчлийг гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Уг тушаалд заасан удаа дараа ажлын цагаар архи уусан, дотуур байранд зөвшөөрөлгүй гадны хүмүүс байрлуулсан, захирлын тушаал зассан, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэх зэрэг зөрчлүүдийг миний бие гаргаагүй.

Дотуур байранд зөвшөөрөлгүйгээр хүн байрлуулсан тухайд манай сургуулийн төгсөгчдийн 20 жил, 30 жилийн ой болж ойгоор төгсөгчид ирсэн байсан. Ингээд төгсөгчдийг дотуур байранд оруулах эсэхийг асуухаар захирал руу ярьсан боловч утсаа аваагүй, тэгээд холоос ирсэн хүмүүсийг яаж гадаа байлгаад байхав гээд арга буюу байранд оруулсан. би тэр тушаалын талаар мэдэхгүй, удаа дараа ажлын цагаар архи уусан гэдгийг зөвшөөрөхгүй, би хааяа архи уух нь уудаг, гэхдээ ажлын цагаар ажлаа таслаад архи уугаад явсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийг төлөөлж захирал Ө.Март шүүхэд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

П.Ж нь Заг сумын ЕБС-д няравын ажил хийж байх хугацаандаа ажлын цагаар удаа дараа архи ууж ажил тасалсан. 2018 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдөр архи ууж ажилдаа ирэхгүй байсан тул миний бие өөрийн биеэр очиж 17 цаг 00 минутад гэрээс нь авчирч байсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 03 дугаар сарын сарын 29-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд удаа дараа архи ууж ажил тасалсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний 2.2.4, 2.2.5, Сургуулийн дотоод журмын 11.2.10, 11.2.11 дэх заалтуудыг зөрчсөн.

П.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд дотуур байранд захирлын зөвшөөрөлгүй гадны 30 жилийн төгсөгчдийг байрлуулсан. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 01 цаг 20 минутад дотуур байранд эргүүл хийж ороход хүмүүс 2 өрөөнд байрласан гэх боловч 4 өрөөнд маш замбараагүй байдалтай байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын 258 дугаар тогтоолыг 2 удаа уншиж өгч, удаа дараа амаар хэлж архи уухгүй байхыг учирласан. Гэвч энэ хүн өөртөө дүгнэлт хийлгүй, алдаа зөрчлөө дахин давтан гаргасаар байсан. Иймд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаал нь хууль тогтоомжид нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жы Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ

Нэхэмжлэгч П.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/01003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дээрхи шийдвэрийн үндэслэх хэсэгт намайг 2018 оны 3 дугаар сарын 5-ний өдөр, 29-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 26, 2018 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тогтоогдож байна гэсэн хэрнээ миний хөдөлмөрлөх эрхэд халдсан Заг сумын дунд сургуулийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар тушаалд дурьдсан ажлын цагаар архи уусан, зөвшөөрөлгүй гадны хүн дотуур байранд байрлуулсан гэсэн үндэслэлүүдэд шүүх шийдвэртээ дүгнэлт хийгээгүй.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар надад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй гэх баримт байхгүй, ажил олгогчийн өөрийнх нь бүрдүүлсэн хуурамч нотлох баримтанд үндэслэн намайг үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Ажлын цаг бүртгэлтийн баримтын хувьд миний ажиллаж байсан цаг хугацааг тасалсан гэж бүртгэсэн 2018 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ээлжийн амралтаа эдэлж байсан хугацааг ажлын цаг тасалсан гэж хариуцагчийн үгээр дүгнэсэнд маш их гомдолтой байна. Шүүх хуралдаан дээр миний бие энэ талаар хэлсэн.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/01003 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ж Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалаар тус сургуулийн нярав ажилтай П.Жыг архи ууж ажил тасалсан, зөвшөөрөлгүй гадны хүмүүс дотуур байранд байрлуулсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, захирлын тушаалыг зассан гэсэн үндэслэлүүдээр ажлаас нь чөлөөлжээ.

П.Жыг 2018 оны 3 дугаар сарын 5-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил тасалсан гэж байгаа боловч эдгээр зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шийтгэл ногдуулах хугацаа дууссан байна.

П.Жыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2018 оны 8 дугаар сарын 30, 31 ний өдрүүдэд ажил тасалсан гэсэн үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр зөрчлүүд нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал 2018 оны 6 дугаар сарын цагийн бүртгэл, 8 дугаар сарын цагийн бүртгэлүүдийн огноо нь 2018 оны 3 дугаар сарын 1 нд бичсэн огноотой байгаа нь сар өдрийн зөрчилтэй, П.Жы амралт нь хэдийд эхлээд хэдийд дуусаж байгаа нь тодорхойгүй, 2018 оны 8 дугаар сард П.Ж нь ээлжийн амралттай байсан байхад 8 дугаар сарын 30, 31 ний өдөр ажил тасалсан гэж бүртгэсэн мөртлөө 2018 оны 8 дугаар сарын 20-ноос эхлээд П.Жыг ажилласан байдлаар цагийг бүртгэсэн цагийн бүртгэл гэх нотлох баримт нь зөрчилтэй, 8 дугаар сарын 30, 31 ний өдөр ажилласан гэж үзэж байгаа бол цалин олгосон баримт байхгүй тул хэрэгт авагдсан цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа тул П.Жыг 2018 оны 8 дугаар сарын 30, 31 ний өдөр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.

Ажил олгогчоос нотлох баримтаар гаргаж өгсөн Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас нэртэй гараар бичсэн баримт нь хэдийд бичсэн нь тодорхойгүй, зөвхөн ажил олгогчийн буюу нэг талын гараар бичсэн баримт бөгөөд бусад нотлох баримтаар баталгаажаагүй нотлох баримтын ач холбогдолгүй баримт байна.

П.Жыг архи уусан гэдэг нь согтолтын зэрэг тогтоосон болон ажлын байран дээр согтуу байсныг шалгаж тогтоосон баримт, гэрчилсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байхгүй байх тул ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн зүгээс П.Ж нь өгсөн үүрэг даалгавар хугацаанд нь биелүүлээгүй, захирлын тушаалыг зассан зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил олгогчийн гарсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байх тул П.Жыг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.

П.Ж нь нийгмийн даатгалын дэвтэр болон цалингийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж анхан шатын шүүхэд өгөөгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй учир нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Иймд П.Жы нэхэмжлэлийн буюу давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч П.Жаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон    

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 131/ШШ2018/1003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жы Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэснийг

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, П.Жыг Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасугай..” гэж

2 дугаар заалтын “…Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай..” гэснийг

“..Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай..” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч П.Жаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР