Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/181

 

 

 

 

 

 

      2021           2             18                                       2021/ДШМ/181

 

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Яндаг,

өсвөр насны шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр Г.Бд холбогдох эрүүгийн 2008024081251 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сайлаахан овгийн Г.Б, 2004 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,

 

            Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 14 дүгээр гудамжинд П.Атэй маргалдаж, улмаар эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            мөн 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 14 дүгээр гудамжинд П.Агийн гар утас, бэлэн мөнгө, эвхдэг түрийвч, виза карт, гар утасны кейс, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч                             Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Быг 125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгчид мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч Г.Б 125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хяналт тавих прокурорт даалгаж, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Бд 125 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулсан атлаа уг ялыг ямар хугацаанд биелүүлэх талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг заагаагүй. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана, ямар ажлыг хэрхэн эдлүүлэх талаар заагаагүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1234 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шийтгэх тогтоолд дурдаагүй. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

           

            Өсвөр насны шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч А.Буяндэлгэрээс: “...Өсвөр насны шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Учир нь, өсвөр насны шүүгдэгч Г.Б 16 настай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч П.Агийн зүй бус үйлдлээс болсон. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч П.А нь өсвөр насны шүүгдэгч Г.Быг зодсон гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч  Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 14 дүгээр гудамжинд П.Атэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч П.Агийн...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ...найз Орхон-Эрдэнийн гэрийн гадна машины хажуу талд улаан дугуй малгайтай залуу миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, тэгээд намайг газар унагаасан, дэвсэж өшиглөсөн, чирсэн. ...Тэгтэл хажуу баруун талын хашааны хаалганаас нэг настай эгч гарч ирээд “боль та нар хүн аллаа ш дээ” гээд болиулсан. Тэгээд салангуутаа би шууд машин руугаа гүйж ороод машинаа асаагаад зугтаасан. ...”/хх 24-25, 67-70/,

            гэрч Э.Эгийн:...2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим манай найз Бат-Оргил орж ирээд найзуудаа намайг Орхоогийн гэрт хүн дээрлэхээд байна,  хамт очьё гэхээр нь бид 2 босоод Бат-Оргилын хамтаар Орхоогийн гэрт очоод гаднаас нь Орхоог дуудаад гаргаж ирээд “танай гэрт ирсэн чинь манай найзыг яагаад байгаа юм бэ” гэсэн зүйл ярьж байсан чинь Орхоогийн эхнэр орилж гарч ирээд нөхөр зодоод байна уу, би цагдаа дуудна шүү гээд орилоод гараад ирсэн. Тэгтэл цаад гэрээс сахалтай залуу хутга бариад гарч ирээд бид нар руу дайрах гэсэн чинь Орхоо болиултал Энх-Учрал эрүүл дээр нь маргааш ирж уулзъя гээд бид нар яваад өгсөн. Тэгээд бид нар гэртээ харьж амарцгаасан. Би дахин тэр айлд очоогүй, харин манай найз Г.Б, Энх-Учрал, Золбаяр нар дахин нөгөө айлд очоод нөгөө сахалтай залуутай муудалцсан. ...”/хх 44/,

            гэрч Л.Д...2020 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчимд 2 хүн зодолдож байсан, хашааны гадна талд гараад хартал 2 хүн бие биенийгээ заамдаад бие биенийгээ цохиод байх шиг байхаар нь би салгасан. Зодуулж байсан гэх сахалтай залуу манай гэрийн зүүн айлын гадна талд цагаан өнгийн машиныг жолоодоод яваад өгсөн. ...”  /хх-58, 60/,

            гэрч Ш.З:...Тухайн сахалтай залуутай Бат-оргил гэх манай найз л харилцан цохиж зодолдсон, Энх-Учрал бид 2 тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй, салгасан. ...х 34-35/,

            гэрч Б.Э:...Гадаа гарсны дараа цэнхэр өнгийн хаягтай хашааны хажууд сахалтай залуу манай найз Бат-Оргилтой харилцан зодолдоод унасан ба бид нар салгасан. .../хх 33/

            гэрч Э.О:...2020 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим...Амартүвшин гадаа гараад алнаа гээд орилоод машинаас юм хайгаад байсан, тэгсэн чинь араас нь Бат-Оргил, Золбаяр, Энх-Учрал, манай эхнэр Сайханжаргал бид нар гарсан, гэрт Солонго үлдсэн. Тэгээд гадаа гартал Бат-Оргил Амартүвшингийн зүүн нүд рүү нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаад авсан, Золбаяр, Энх-Учрал нар салгасан, өөр зүйл болоогүй. ...” /хх 46/,

            гэрч Э.С:...гэрээс гараад Бат-Оргил Амартүвшингийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж байсан, тэр хоёр заамдалцаад авахад нь Золбаяр, Энх-Учрал 2 салгаж байсан. ...Яг тэр үеэр баруун талын хашаанаас 50 орчим насны эгч гарч ирээд та нар нэгийгээ аллаа шүү дээ гэсэн, тэгэхэд Бат-Оргил Амартүвшингийн машины араас чулуу шидэх гэсэн чинь нөгөө эгч хүний юм хагалчихна боль гэж хэлээд болиулж байсан. ...” /хх 48/,

            өсвөр насны шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим би гэрийн ойролцоо байх Орхон-Эрдэнийн гэрт очсон. Тэгтэл тэдний гэрт Орхон-Эрдэнэ, түүний эхнэр Сайханаа, Амартүвшин /сүүлд нэрийг нь мэдсэн гэх/ түүний эхнэр нар байсан ба би Орхон-Эрдэнэтэй юм яриад тамхи асуугаад зогсож байсан чинь Амартүвшин намайг чи яасан пээдгэр яриатай бацаан бэ, танайхан ер нь гуйлгачин юм, зээлийнхэн ийм байдаг юм уу гээд хэл амаар доромжлоод, яаж хараад байгаа юм бэ гэж байснаа босч ирээд над руу дайраад байсан чинь Орхон-Эрдэнэ салгасан. Амартүвшин ер нь дуудах хүн байвал дуудчих, сайхан үзчихье гээд байсан. Тэгэхээр нь би гараад явах гэтэл араас Амартүвшин чаддаг юм бол авчраарай гээд орилоод байхлаар нь доошоо гудамж уруудаж гүйгээд найз Энхтэмүүлэнгийн гэр рүү очиход Энхтэмүүлэн, Учрал хоёр байсан. Тэгэхээр нь хоёр найздаа намайг дээр Орхон-Эрдэнийн гэрт нь нэг хүн дээрэлхээд байна гээд хоёр найзыгаа дагуулаад Орхон-Эрдэнийн гэрт очсон, тэгээд очоод гэрийнх нь гаднаас Орхон-Эрдэнийг дуудаад уулзаад зогсож байсан чинь Амартүвшин хутга бариад гарч ирээд чаддаг юм бол наашаа хүрээд ир, одоо та нарыг ална гээд орилоод байсан чинь Орхон-Эрдэнэ салгаж аваад та нар одоо явчихаа, энэ тэнсэнтэй байгаа гэсэн. Тэгэхээр нь бид нар явах гэсэн чинь Амартүвшин бид нарын араас хөөгөөд гүйгээд байсан. Орхон-Эрдэнэ салгаад аваад үлдсэн, бид нар гудамж уруудаад алхаад явсан. Би хоёр найзыгаа гэр рүү нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ харих замд Орхон-Эрдэнийн гэрээс бөөн хэрүүл шуугиан болж байгаа чимээ гараад байсан. Тэгээд тэр өдөр гэртээ харьсан. Маргааш өглөө нь Энх-Учрал, Золбаяр бид гурав ажилд явахаар тохирсон байсан болохоор тэр хоёр манай гэрт 08 цагийн орчим ирсэн. Тэгээд бид 3 ажилдаа явах гэтэл ажилд явах унаа нь хаяад явсан гээд бид нар манай гэрт 08 цагийн орчим ирсэн. Тэгээд бид нар буцаад гудамжаар явж байтал гэрийнхээ гадаа байх жорлонгоос Орхон-Эрдэнэ гараад ирэхээр нь очоод уулзаад Амартүвшингийн талаар асуухад машинтайгаа ойрхон гарсан, ирэхээр нь уулзахгүй юу даа гэхээр нь гэр рүү нь ортол Сайханаа, Амартүвшингийн эхнэр орон дээр хэвтэж байсан, тэгээд ороод гэрт нь хэсэг байтал гадаа машин ирээд Амартүвшин ирэхээр нь бид нар гадаа гартал Амартүвшин яагаад байгаа юм бэ, та нар холгоод байгаа юм уу гээд над руу дайраад эхэлсэн, би зүгээр ярилцах гэж ирсэн шүү дээ гэсэн чинь манай хоёр найз Энх- Учрал, Золбаяр хоёр ирээд эхлээд Амартүвшин зүгээр бид нартай ярьж эхэлсэн, тэгээд бүгдээрээ гэр рүү ороход Золбаяр гэрийн зүүн талын орон дээр очоод суусан байсан чинь Амартүвшин наад орон дээрээс чинь юмаа авмаар байна гээд Золбаярыг холд гээд түлхээд дээрэлхээд байсан чинь Золбаяр босч ирээд “ах одоо яаж яриад байгаа юм бэ” гээд Амартүвшингийн хөл рүү нь баруун хөлөөрөө хавирсан чинь Амартүвшин гэрийн баганаас гараараа бариад газар унаагүй. Тэгээд муудалцаад байж байтал Амартүвшин гарсан, би араас нь Энх-Учралын хамт гарсан, тэгээд би цаана Амартүвшинтэй учраа олох гээд юм ярьж байсан чинь Амартүвшин чи яагаад миний дугуйг хагалсан юм бэ, холгоод байгаарай зээлийнхэн холгодог гээд байсан, тэгэхээр нь би Амартүвшингийн зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад Амартүвшин газар унасан чинь миний араас Энх-Учрал ирээд намайг салгасан, Золбаяр гэрээс гарч ирж байсан, араас нь Сайханаа, Орхон-Эрдэнэ нар гарч иргээд гэрийн үүдэнд байж байсан сүүлд Амартүвшингийн эхнэр гэрээс заазуур барьж гарч ирээд та нар ер нь яах гээд өдөөд байгаа юм, та нарыг одоо алаад хаячихъя гээд орилоод байсан, тэгэхэд хажуу айлаас нэг настай бүдүүн эгч гарч ирээд больцгоо юу болоод байгаа юм бэ, яагаад муудалцаад байгаа юм айл амьтан унтаж амармаар байна гэсэн. Тэгтэл Амартүвшин машиндаа суугаад “та нарт жинхэнэ гай болно” гээд яваад өгсөн. ...” /хх 98-99/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8333 дугаартай  “...П.Агийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус  хуралт, алимны салстад цус харвалт, нуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна. ...” /хх 74-75/,   “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 84-85/, Г.Бын нас тоолсон тэмдэглэл /хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн өсвар насны шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Бын П.Атэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 125 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

            Дээд шатны прокурор Д.Отгонбаярын “...Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Бд 125 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулсан атлаа уг ялыг ямар хугацаанд биелүүлэх талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг заагаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно.” гэж заасан бөгөөд  өсвөр насны шүүгдэгч Г.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа уг зүйлийг журамласан нь өдөрт гурваас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтооно.” гэж заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, биеийн эрүүл мэнд, нас зэргийг харгалзан шийдвэр гүйцэтгэх байгууллага хийлгэх ажлыг сонгон шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой байх тул өсвөр насны шүүгдэгчийн хийх ажлын төрлийг шүүхээс заавал тогтоох  шаардлагагүй болно.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1234 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ