Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2021/00266

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2021/00266

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хамтын хүч констракшин ХХК-ний нэхэмжлэлтэй ******* холбогдох Гэм хор учруулсны хохирол 2.656.755 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Хамтын хүч констракшин ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон 18-99 тоотод оршин суух хаягтай, өмгөөлөгч ажилтай,******* овогт ******* *******, РД:/*******/,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хонгорморьт 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 029 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ******* овгийн ******* *******, /РД:*******/

 

Хариуцагч Т.Гантулгын өмгөөлөгч:

Иргэдийн төлөөлөгч

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Хамтын хүч констракшн ХХК-ий захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хороонд Нью Таун нэртэй хотхоныг барьж ашиглалтад оруулсан бөгөөд гаднах талбайн тохижилт зам талбайг хийж гүйцэтгэсэн билээ.

Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим 62-62 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.******* гэгч нь айлд палк ачиж явахдаа манай хотхон руу орж явахдаа манай компанийн барьж байгуулсан засмал замыг гэмтээсэн байна.

Энэ талаар тухайн үед барилга дээр ажиллаж байсан манай компанийн хөдөлмөр аюулгүй байдал эрхлэлтийн ажилтан инженер цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд улмаар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 1754 тоот прокурорын тогтоол гарсан болно.

Энэ үйл баримтын талаар хяналтын камерт бичигдсэн бөгөөд тус замын гэмтлийг засаж янзлахад цагдаагийн байгууллагаас томилсон Дамно ХХК-ий шинжээчийн дүгнэлтээр 2.656.755 төгрөг гарсан тул дээрх зардлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Хамтын хүч констракшн ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлтэй холбогдуулж нэмж хэлэхэд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьд том болон тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2008 оны А195 дугаар захирамжийн дагуу урин дулаан цаг ирж газар гэсэж байгаа үед засмал зам болон гүүрээр хүнд даацын машины хөдөлгөөнийг хориглохоор жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хөдөлгөөнийг хориглодог, зайлшгүй шаардлагатай тохиолдолд нийтийн тээвэр нь зөвшөөрөл авч зохих хөдөлгөөнд оролцож болохоор боловч хариуцагч Гантулгын хувьд зөвшөөрөл байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна...гэв.

 

Хариуцагч Т.******* 2020 оны 06 дугаар сарын 10-нд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа...

...Хамтын хүч констракшн ХХК-ий нэхэмжлэлтэй Т.******* надад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах Нью Таун хотхоны хажуу талын хашаанд ачаа буулгах гэж явж байгаад хажуугийн хашаа руу орохын тулд зайлшгүй сэлгэлт хийх шаардлагатай болсон тул хотхоны авта зам руу машиныхаа тал хэсгийг оруулсан. Авто замын эвдрэл нь бага хэмжээтэй байсан. Янзлуулаад өгье гээд замын хувийн компани дуудаад янзлуулах гэсэн чинь цагдаад өгнө, шалгуулна гээд байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед цагдаагийн ажилтан дэслэгч хэт нэг талыг барьж жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, машины гэрчилгээг хурааж авсан. Замын цагдаагийн ажилтанд цааш нь дамжуулан чирэгдэл учруулсан. Шинжээч томилсон тухай хэлээгүй, шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлд дурдснаар л мэдсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тогтоол гаргасан байгаа нь мөн ...чамд эрүүгийн хэрэг нээсэн гэж хэлээд дуудаж цаг бүртгэдэг байсан нь хэт нэг талыг барьж ажиллагаа явуулсныг нотолж байгаа юм. Эрүүгийн журмаар томилогдсон гэх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

102.8 м2 зам эвдэрсэн гэж тооцож байгаа бол бодит байдал дээрээ 10 м2 хүрэхгүй шахуу урд дугуйны мөрөөр жаахан хонхойсон байсан. Шинжээчийн дүгнэлтээс харахад маргаан бүхий авто зам дээр очиж бодитойгоор хийгээгүй нь харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр 62-62 СБА дугаартай EUSO маркын авто машин маань 20 тонны даацтай машин бөгөөд Монгол Улсын Авто тээврийн газрын зааснаар 3 тэнхлэг дээрээ 25 тонн ачихыг зөвшөөрдөг бөгөөд даац хэтрүүлээгүй байхад зөвхөн толгойгоо оруулаад ухрах үйлдэл хийхэд зам эвдэрч байгаа нь нэхэмжлэгч компани ямар ч чанаргүй авто зам хийсэн, түүнийхээ эвдрэлийг надаар засуулах гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.

 

Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машин нь зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл байсан. Баримтыг нь хэрэгт хавсаргаж өгсөн.

2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр айлын хашаа руу орох гэж байсан. Тухайн хашаа нь ямар ч хаалт тэмдэг байгаагүй. Зөвхөн машиныхаа толгойг хашаа руу оруулаад дарахад нэг тал нь цөмрөөд нөгөө тал нь цөмрөөгүй. Хажууд нь нэг траншейн ухсан байсан...Замыг өөрсдөө сайн дураараа чанаргүй хийсэн. Би өөрөө олон жил тээвэр хийсэн. Тухайн зам руу орж болохгүй гэсэн ямар ч тэмдэг байгаагүй. Миний машин том оврын машин биш 20 тонноос бага жинтэй. Би өөрөө янзлаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд захирал үгүй гэж хэлсэн.. Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна... гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтэндээ:

...Хариуцагч Т.******* гээд байгаа хүнийг би гэм буруугүй гэж үзэж байна. Хариуцагчийг буруутгаад байгаа компани нь яагаад тухайн үед замаа засахдаа энэ хүнийг дуудаж авчраад бид энэ замыг заслаа шүү гэж хэлээгүй юм бэ? .. гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хамтын хүч констракшин ХХК нь ******* холбогдуулан ...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим 62-62 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.******* гэгч нь айлд палк ачиж явахдаа манай хотхон руу орж манай компанийн барьж байгуулсан засмал замыг гэмтээснээс... 2.656.755 төгрөгийн хохирол учирсан гэж Т.Гантулгыг хариуцагчаар татан гэм хор учруулсны хохирол гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Т.******* нь ...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр айлын хашаа руу орох гэж байсан. Тухайн хашаа нь ямар ч хаалт тэмдэг байгаагүй. Зөвхөн машиныхаа толгойг хашаа руу оруулаад дарахад нэг тал нь цөмрөөд нөгөө тал нь цөмрөөгүй... Хажууд нь нэг траншейн ухсан байсан...Замыг өөрсдөө чанаргүй хийсэн байсан...би буруугүй... гэж маргажээ.

Хариуцагч Т.******* нь 2020 оны 04 дүгээрр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 62-62 СБА дугаартай EUSO маркын авто машинаар айлд палк буулгах гэж явахдаа Хамтын хүч констракшин ХХК-ний барьж ашиглалтанд оруулсан Нью Таун нэртэй хотхоны хашаа руу өөрийн тээврийн хэрэгслийн толгой хэсгийг оруулан хөдөлгөөн хийх үедээ тус компаний барьж байгуулсан засмал замыг гэмтээсэн үйлдэл нь хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...Зөвхөн машиныхаа толгойг хашаа руу оруулаад дарахад нэг тал нь цөмрөөд нөгөө тал нь цөмрөөгүй... гэх мэдүүлгээр нотлогдсон, харин нэхэмжлэгч байгууллага нь өөрийн барьж ашиглалтанд оруулсан Нью Таун хотхоны хашаа руу ачаа ачсан тээврийн хэрэгсэл орж болохгүй гэсэн хориглох, анхааруулах тэмдэг, тэмдэглэлгээ тавиагүй, мөн хотхон руу ордог хаалт онгорхой байсан нь хэрэгт авагдсан гэрэл зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байх тул бусдын эд хөрөнгөд гэм хор учруулахад хариуцагч Т.******* болон хохирогч байгууллагын хэн алиных нь илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээ нэмэгдэхэд зохигчийн хэн альных нь илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэж хариуцагч Т.*******ас нийт хохиролын дүн 2.656.755 төгрөгийг тал хувь болох 1.328.377.05 төгрөгийг гаргуулан Хамтын хүч констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1.328.377.05 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн замын эвдрэлийг засуулахад гарах хохирлыг үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ий үнэлгээг үндэслэлтэй зөв үнэлгээ гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Хамтын хүч констракшин ХХК-нь эвдэрсэн замыг Шидэт шал ХХК-наар 2.550.000 төгрөгөөр засуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн зарлагын баримт зэргийг хуулбарлан ирүүлсэн боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх болмжгүй бол нотариатчаар гэрчлүүсэн хуулбарыг өгнө... гэсэн заалтыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57.458 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан 1.328.377.05 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.729 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Т.*******ас 1.328.377.05 төгрөг гаргуулан Хамтын хүч констракшн ХХК-д олгож, үлдэх 1.328.377.05 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57.458 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан 1.328.377.05 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.729 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дугуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

 

Д.МӨНХЦЭЦЭГ

 

 

.