| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
2025 03 20 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн 24250034******** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Б овогт Б-ийн Н /РД; ************/,
Шүүгдэгч Б.Н нь;
2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ******************тоотод хохирогч Б.Э-г тэлээгээр ороолгох, цээжин дээр нь дэвсэх зэргээр зодож,
эрүүл мэндэд нь “нүүр, цээж, нуруу, хоёр чих, бугалгад цус хуралт, нэг хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Б.Э*гийн “...2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ******************тоот манай гэрт найз М, найз охин Э бид гурав хоносон, хонохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бүгд М-ийн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-10 дугаар байр луу явах болоод би найз охин Э-г “түрүүлээд очиж байгаарай” гээд гэрийн түлхүүр өгөөд явуулсан, араас нь би ганцаараа очоод хаалга тогшиход онгойлгож өгөхүй нэлээн удаан тогшуулсан, тэгж байгаад онгойлгож өгөхөөр нь Э-г “хаалга яасан удаан тайлдаг юм” гэхэд урдаас онцгүй үг хэлэхээр нь “балай юм уу” гэсний төлөө хоорондоо муудалцаад байж байхад араас Н орж ирсэн. ... Н манай найз охиныг өмөөрч, намайг нойлд байхад хоолой, ам боож, түлхэж хана мөргүүлсэн. М намайг салгаад гаргасан, гадаа гараад сандал дээр сууж байхад Н, Э хоёр араас гарч ирээд Н намайг “за яасан бэ” гэснээ шууд миний толгой, нүүр, баруун талын хавирга руу 2, 3 удаа цохиж, зодсон. ...Гэрт ороод намайг дахиж зодсон, зодохдоо цээжин дээр дэвссэн, тэлээгээр нүүр, ам, толгой ороолгосон. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн хор уршиг учраагүй, тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
насанд хүрээгүй Э.Э-гийн “...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр... Э “хаалга, үүд удаан тайллаа” гээд надтай маргалдсан. ...Э над руу уурлаж агсраад байсан чинь Н ах намайг өмөөрөөд Э-г зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Б.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Э, Э хоёрын дунд асуудал гарсан бололтой маргалдаж байсан, би босож ирээд Эг тэлээгээр ороолгож байгаад гараад явчихсан. ...Э-г өмөөрснөөс болж Э-тэй маргалдсан. ...Тэлээгээр ороолгосон, нүүр амыг нь мангасдаж, цохиж авсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 33 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаартай; “...Б.Э-гийн биед нүүр, цээж, нуруу, хоёр чих, бугалганд цус хуралт, нэг хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
иргэн Б.Э-гийн “...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ******************тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 11.10 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
иргэн Б.Э-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 13 дахь тал/,
шүүгдэгч Б.Н-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-44 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-49 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-54 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Н-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.Э-гийн “...Н манай найз охиныг өмөөрч, намайг нойлд байхад хоолой, ам боож, түлхэж хана мөргүүлсэн. ...миний толгой, нүүр, баруун талын хавирга руу 2, 3 удаа цохиж, зодсон. ...Гэрт ороод намайг дахиж зодсон, зодохдоо цээжин дээр дэвссэн, тэлээгээр нүүр, ам, толгой ороолгосон.” гэх,
насанд хүрээгүй Э.Э-гийн “...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр... Э “хаалга, үүд удаан тайллаа” гээд надтай маргалдсан. ...Э над руу уурлаж агсраад байсан чинь Н ах намайг өмөөрөөд Э-г зодсон.” гэх,
Б.Нын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Эг өмөөрснөөс болж Этэй маргалдсан. ...Тэлээгээр ороолгосон, нүүр амыг нь мангасдаж, цохиж авсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 626 дугаартай, “...Б.Э-гийн биед нүүр, цээж, нуруу, хоёр чих, бугалганд цус хуралт, нэг хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
иргэн Б.Э-гийн “...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ******************тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 11.10 цагт хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Б.Н нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ******************тоотод насанд хүрээгүй Э.Э-г өмөөрч, хохирогч Б.Э-г тэлээгээр ороолгох, цээжин дээр нь дэвсэх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “нүүр, цээж, нуруу, хоёр чих, бугалгад цус хуралт, нэг хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжээч эмчийн 2024 оны 626 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой, харин шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Б.Н-ын бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хохирогч Б.Э-гийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “нүүр, цээж, нуруу, хоёр чих, бугалгад цус хуралт, нэг хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршгийн хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй байдал, шүүгдэгчийн урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлууд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна уу.” гэсэн саналуудыг тус тус харгалзан, “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан хохирогч Б.Э-гийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. …Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хассугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нэг хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э