| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
2025 03 19 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Эдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.П-т холбогдох эрүүгийн 2425000********* дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Б овогт Б-ы П /РД; ************/,
Шүүгдэгч Б.П нь;
2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ***********тоотод хохирогч Д.М-ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун хацар ясны нум, хоншоор ясны урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод хана дайрсан нийлмэл хугарал, баруун нүдний зовхи, хацар, шанаа, баруун бугалганд цус хуралт зөөлийн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.П “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Д.М-ы “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...төрсөн эгч Ж, түүний нөхөр О, бид гурав Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт дүү Ц-гийнд очсон. ...тэднийд очиход талийгаач Ц/гийн эхнэр О*ы аав Б ах “нохой хооллох гээд ирлээ” гээд хоол буцалгаад байж байсан, бид нар ороод “ганц шил архи уучих уу” гэхэд “тэгье” гээд хамт уусан. Бид нар байшингийн хажууд байдаг гэрт гал түлээд 0.75гр архи уугаад сууж байтал гаднаас Б ахын хүү П эхнэртэйгээ орж ирээд “айл эзгүйчиллээ” гэж уурлаад миний нүүр лүү цохисон, хэсэг зуур ухаан балартаад сэргэсэн, “чи яагаад намайг зоддог юм” гэхэд “хуц пизда минь, чи өөрөө шургаад унаа биз дээ” гэж хэлсэн. ...Би шургаж унаад гэмтсэн зүйл байхгүй, сандал дээр сууж байхад орж ирээд шууд нүүр лүү цохисон. ...намайг унасны дараа нүүр лүү өшиглөсөн гэж Ж эгч хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
“...Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, ...сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. П гэх залууд зодуулсны улмаас эрүү хугарч, нүдний ухархайн яс цуурсан тул эмнэлэгт үзүүлж, хагалгаанд орж, эмчлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
“...П баруун хацар луу зүүн гараараа нэг удаа цохиход миний нүд харанхуйлж, манараад газар унасан байхад хөлөөрөө нүүр лүү нэг удаа өшиглөчихөөд гараад явсан. Би хэсэг манарч байгаад босож араас нь гараад “чи муу пизда яахаараа намайг зоддог юм, дахиад цохь” гэж орилсон, П инээгээд “би цохисон юм уу, өөрөө уначихаад” гээд байсан. ...Би газар унаагүй, П “айл эзгүйчиллээ” гэх шалтгаанаар уурлаж намайг цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
гэрч Д.Ж-ы “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...Орхон аймагт ирээд төрсөн дүү М-тай уулзаж талийгаач дүүгийнхээ гэрт очиход талийгаачийн хадам аав байсан. Талийгаачийн хадам аав Б, дүү М, хамтран амьдрагчЗнар нэг шил архи хувааж уусан. ... орой 19-20 цагийн үед талийгаачийн эхнэр О-ы төрсөн дүү эхнэрийнхээ хамт орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй Мы нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж унагаан, өшиглөөд гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
гэрч М.М-ийн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний орой 00.00 цаг өнгөрч байхад Ж эгч нөхөртэйгөө хамт ээж Мыг дагуулж ирсэн, ээжийн баруун хацар хавдсан, хамраас нь нэлээн цус гарсан байдалтай ирсэн, юу болсон талаар асуухад “дүүгийнхээ гэрт сууж байхад бэрийн дүү П орж ирээд маргалдаад, цохисон” гэсэн, ...Би П-гийн эхнэр Туяа эгч рүү залгахад утсаа аваагүй, “цагдаад гомдол гаргалаа” гэж мессеж бичихэд “өөрөө унасан” гэж хэлсэн. ...Ээжийгээ эмнэлэгт үзүүлэхэд “эрүүний яс нь цуурсан байна” гэсэн. ... “П орж ирээд нүүр лүү нь цохиж унагаагаад, бас өшиглөсөн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
гэрч М.А-ийн “...манай ээж бусдад зодуулсан байдалтай, Ж эгч, О ах хоёртой ирсэн, юу болсон талаар асуухад “О-ы гэрт О, Б нартай архи уугаад сууж байхад П эхнэртэйгээ гаднаас орж ирээд намайг цохиж унагаан, нүүр лүү өшиглөсөн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
гэрч Н.З-ы ”...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 12-18 тоотод амьдардаг Д.М-ы талийгаач төрсөн дүүгийнд очиход бэр О-аагийн аав байсан. Бид гурав нэг шил архи хувааж уугаад юм яриад сууж байгаад би тасараад унасан, нэг мэдсэн чинь М намайг сэрээхэд хамраас нь цус гарсан, аль нэг нүд, нүүр хэсэг нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад О-аагийн төрсөн дүү П гэрт орж ирээд цохиж зодсон талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Б.П-ийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээж зөвшөөрөхгүй. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 19.00 цаг өнгөрч байхад ээж Н над руу залгаад “аав чинь Дэнж рүү О эгчийн гэр лүү нохой хооллохоор явсан гэсэн, сая утсаар ярихад архи уусан юм шиг байна, хоёр удаа цус харвасан хүн архи ууж болохгүй очиж аваад гэрт нь хүргээд өг” гэсэн. О эгчийн гэрт эхнэр, хүүхдүүдийн хамт очтол хашаанд нь байдаг монгол гэрт аав унтаж байсан. ...М гэх эмэгтэй босч ирээд нэг алхаад нүүрээрээ газар унасан, удалгүй босч ирээд “их өвдөж байна” гээд гэрээс гараад явсан. ...Би энэ хэргийг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 878 дугаартай; “…Д.М-ы биед баруун хацар яс, баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун хацарт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай; “…Д.М-ы биед баруун хацрын нум, дух ясны хацрын сэртэн, баруун хоншоор ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун хацрын нум, дух ясны хацрын сэртэн, баруун хоншоор ясны хугарал гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Б, М.З, Э.Э-ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай; “…Д.М-ы биед баруун хацар ясны нум, хоншоор ясны урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод хана дайрсан нийлмэл хугарал, баруун нүдний зовхи, хацар, шанаа, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 71-75 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ***********тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-16, 17 дахь тал/,
хохирогч Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
гэрч М.А-ийн утасны камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, уг хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18, 19-20 дахь тал/,
Орхон БОЭТ-ийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Яаралтай тусламжийн хуудас” /хавтаст хэргийн 66 дахь тал/,
“Эрдэнэт медикал” эмнэлгийн компьютерт томограф /СТ/ шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 68, 69 дэх тал/,
хохиролд 210.000 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 119 дэх тал/,
шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогчийн хохирол, төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн банкны баримтууд,
шүүгдэгч Б.П-ийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/,
ажлын газрын лавлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.П хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Д.М-ы “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...П эхнэртэйгээ орж ирээд “айл эзгүйчиллээ” гэж уурлаад миний нүүр лүү гараараа цохисон, хэсэг зуур ухаан балартаад сэргэсэн. ...П гэх залууд зодуулсны улмаас эрүү хугарч, нүдний ухархайн яс цуурсан, ...П баруун хацар луу зүүн гараараа нэг удаа цохиход миний нүд харанхуйлж, манараад газар унасан байхад хөлөөрөө нүүр лүү нэг удаа өшиглөчихөөд гараад явсан.” гэх,
гэрч Д.Ж-ы “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...19-20 цагийн үед талийгаачийн эхнэр О-ы төрсөн дүү эхнэрийнхээ хамт орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй М-ы нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж унагаан, өшиглөөд гараад явсан.” гэх,
гэрч М.М-ийн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний орой 00.00 цаг өнгөрч байхад Ж эгч нөхөртэйгөө, ээж М-ыг дагуулж ирсэн, ээжийн баруун хацар хавдсан, хамраас нь нэлээн цус гарсан байдалтай ирсэн, юу болсон талаар асуухад “дүүгийнхээ гэрт сууж байхад бэрийн дүү П орж ирээд маргалдаад, цохисон” гэсэн, ...Ээжийгээ эмнэлэгт үзүүлэхэд “эрүүний яс нь цуурсан байна” гэсэн.” гэх,
гэрч М.А-ийн “...манай ээж бусдад зодуулсан байдалтай, Ж эгч, О ах хоёртой ирсэн, юу болсон талаар асуухад “О-ы гэрт О, Б нартай архи уугаад сууж байхад П эхнэртэйгээ гаднаас орж ирээд намайг цохиж унагаан, нүүр лүү өшиглөсөн” гэж хэлсэн.” гэх,
гэрч Н.З-ы ”...М намайг сэрээхэд хамраас нь цус гарсан, аль нэг нүд, нүүр хэсэг нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад Оаагийн төрсөн дүү П гэрт орж ирээд цохиж зодсон талаар хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 878, 41 дугаартай болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Б, М.З, Э.Э-ын 2024 оны 97 дугаартай дүгнэлтүүд,
хохирогч Д.М-ы Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймаг Баян-Өндөр сум ***********тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч М.А-ийн утасны камерын бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон БОЭТ-ийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Яаралтай тусламжийн хуудас”, хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн банкны баримт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Б.П-ийн хохирогч хохирогч Д.М-ы эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой байна.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Б.П-ийн хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “баруун хацар ясны нум, хоншоор ясны урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод хана дайрсан нийлмэл хугарал, баруун нүдний зовхи, хацар, шанаа, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.П нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдааны үед өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар маргаагүйгээс гадна шүүх хуралдаан эхлэхэд хохирогчид 2.000.000 төгрөг төлснийг нотлох банкны баримтыг гаргаж өгснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.
Шүүх шүүгдэгч Б.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 2.000.000 төгрөг нөхөн төлснийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...ажилтай, орлоготой байдлыг нь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал гаргасныг тус тус харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч нь хохирогч Д.М-д 2025 оны 3 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд тус тус 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 нөхөн төлсөн тухай банкны баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс хохирогчид 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Миний бие Өмнөговь аймагт уурхайд ажилладаг, одоо ажилдаа ирсэн байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн хариу өгч байсан байна.
Хохирогч Д.М нь мөрдөн байцаалтын шатанд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа өгөөгүй, “Эрдэнэт медикал” эмнэлгийн 175.000 төгрөгийн, “Эрдэнэт дент” шүдний эмнэлгийн 35.000 төгрөгийн баримтуудыг хэрэгт хавсаргуулсан хэдий ч 2.000.000 төгрөг хүлээн авснаас хойш гомдол санал, нэхэмжлэх зүйлийн талаар шүүхэд санал, хүсэлт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцоод,
шүүгчийн туслахын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ы П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.П шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хохирогч Д.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эд мөрийн баримтаар тооцсон нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол, төлбөрт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э