| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/117 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/117
2025 03 07 2025/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн 24250********** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Ш овогт Д-ий Н /РД; **********/,
Шүүгдэгч Д.Н нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 00.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ***************тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.У-ын баруун, зүүн тохой, баруун шуу, баруун шилбэнд түлээний модоор, нүүр, толгой тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.Н“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;
хохирогч А.У-ын “...2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, Орхон аймаг Баян-Өндөр сум ***************тоот гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад хамтран амьдрагч Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хөрш Толя өвөөтэй орж ирсэн. ...Нунтаж байгаад 2024 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 00.00 цагийн орчим босож ирээд “гичий минь”, “янхан минь зайлаач” гээд хөөгөөд байсан. Намайг галаа түлэх гээд зуухны урд сууж байтал түлээний модоор миний хоёр гар руу, мөн үсдээд толгой, нүд хэсэг рүү гараараа цохисон, “би чиний хоолойг чинь хэрчээд алах болно.” гэж хэлсэн. Мөн бага охин руугаа аяга шидсэн, аз болоход оноогүй, том хүү Т босож ирээд “та болиоч” гэж хэлтэл хүүг гараараа цохисон ...миний баруун нүд хавдаж хөхөрсөн, толгой өвдөж байна. ...миний сэтгэл санаанд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 9-10 дахь тал/,
гэрч Г.Т-ийн “...2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Н хажуу хашааны Б-ын гэрээр орж, гараад архи уугаад яваад байсан, орой 21.00 цагийн үед намайг гэртээ байхад Нархи, согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн орж ирээд, “ахаа манай гэрт орж хоол идье” гэсэн. Би дагаж гэр лүү нь ороод хоол идээд сууж байтал Н унтаад өгсөн. ...Маргааш нь У-ын нүд хөхөрчихсөн байсан, би Уаас юу болсон талаар асуухад “өчигдөр шөнө Н намайг зодсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Д.Н-ын яллагдагчаар өгсөн “...Орхон аймаг Баян-Өндөр сум ************** тоот гэртээ ороход эхнэр, хүүхдүүд маань байсан, эхнэр намайг “архичин шиг гадуур архи гударч байгаад ирлээ” гэх зэргээр доромжлоод байхаар нь би “чи пизда минь, чимээгүй бай” гэж хэлсэн, эхнэр галаа түлэх гээд сууж байгаад “би чиний голомтыг самраад өгье” гээд гал руу ус хийчихсэн. Би эхнэрээ “чи муу гал, голомт руу минь хар ус хийдэг, яадаг хар гичий вэ” гээд гар луу нь түлэх гэж байсан модоор цохиод, нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Би охин руугаа аяга шидээгүй, хана руу шидсэн, шидсэн зүгт охин маань байгааг мэдээгүй. Хүүгээ ээжийгээ өмөөрөөд эцгийнхээ өөдөөс том дуугараад байхаар нь цохичихсон. …Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаартай; “...А.У-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл нь нийтдээ, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын “тухайн гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа зөрчилтэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй. Д.Н нь архины хамааралтай.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 35-41 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
хохирогч А.У-ын “...2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагчид зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 02.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Шүүгдэгч Д.Н-ын;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 65-70 дахь тал/,
Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-74 дэх тал/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.Н-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Д.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 00.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум *************** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан,
хохирогч А.У-ын “...Д.Н 2024 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 00.00 цагийн орчим босож ирээд “гичий минь”, “янхан минь зайлаач” гээд хөөгөөд байсан. ...галаа түлэх гээд зуухны урд сууж байтал түлээний модоор миний хоёр гар руу, мөн үсдээд толгой, нүд хэсэг рүү гараараа цохисон, “би чиний хоолойг чинь хэрчээд алах болно.” гэж хэлсэн. Мөн бага охин руугаа аяга шидсэн, ...том хүү Төгсжаргал босож ирээд “та болиоч” гэж хэлтэл хүүг гараараа цохисон.” гэх,
гэрч Г.Т-ийн “...Маргааш нь У-ын нүд хөхөрчихсөн байсан, би Уаас юу болсон талаар асуухад “өчигдөр шөнө Ннамайг зодсон” гэж хэлсэн.” гэх,
Д.Н-ын яллагдагчаар өгсөн “...эхнэр галаа түлэх гээд сууж байгаад “би чиний голомтыг самраад өгье” гээд гал руу ус хийчихсэн. Би эхнэрээ “чи муу гал, голомт руу минь хар ус хийдэг, яадаг хар гичий вэ” гээд гар луу нь түлэх гэж байсан модоор цохиод, нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Би охин руугаа аяга шидээгүй, хана руу шидсэн, шидсэн зүгт охин маань байгааг мэдээгүй. Хүүгээ ээжийгээ өмөөрөөд эцгийнхээ өөдөөс том дуугараад байхаар нь цохичихсон.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 245 дугаартай, “...А.У-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр,
мөн Гэр бүлийн нөхцөл байдлын гэсэн үнэлгээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, хохирогч А.У-ын “...2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагчид зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 02.30 цагт хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн энэ үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан байна.
Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.” гэж,,
хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэдгийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинж нь дээр дурьдсан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд болж байдгаараа онцлог бөгөөд тухайн хүмүүсийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамааралтай хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, хараат бус байх эрхэд халдаж, хяналт тогтоож, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр хохирогчийг эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай үйлдэл байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Д.Н-ын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Н-ын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч А.У-ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байх бөгөөд нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Д.Н-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэдэхгүй” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй талаар зохицуулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Н.М-г байлцуулж Д.Н-оос яллагдагчаар мэдүүлэг авч байсан байна, харин шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд хохирогч А.У-ын “...Нгэрт хүүхдүүдэд ном уншиж өгөөд байдаг, тэгэхээр бичиг үсэг мэддэг байх, харин бичиж чадахгүй байх” гэсэн хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн түүнийг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулж, “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
“Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Н-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн, шүүгдэгч Д.Н-ын “...би өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажилладаг тул торгож өгнө үү.” гэсэн саналуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт 20 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /20 хоног x 15.000 төгрөг/ тооцон эдлэх ялаас 300.000 төгрөгийг хасаж, түүний эдлэх ялын хэмжээг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хэргийн 9 дэх талд авагдсан хохирогч А.У-ын “...миний сэтгэл санаанд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 20 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,
түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Д-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт 20 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /20 хоног x 15.000 төгрөг/ тооцон эдлэх ялаас 300.000 төгрөгийг хасаж, түүний эдлэх ялын хэмжээг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 20 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э