| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
2025 03 19 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч М.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.Ц-д холбогдох эрүүгийн 252500********* дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
С овогт М-ийн Ц /РД; ***********/,
Шүүгдэгч М.Ц нь;
2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16.40 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Зуун наст” эмийн сангаар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Н-ын гээгдүүлсэн “Samsung A-15” /Самсунг А-15/ загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Ц “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Г.Н-ын “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16.00 цагийн үед Эрдэнэтээс хөдөө гэр лүүгээ гарах замдаа эм авахаар эмийн сан орсон, эмийн сангаас гарахдаа өөрийн “Samsung A-15” загварын гар утсаа мартаад явж байх замдаа өөрийнхөө утсыг эмийн санд мартсан гэдгээ мэдээд буцаж ирээд камер шүүлгэхэд миний, гар утсыг шаргал өнгийн куртиктэй эмэгтэй аваад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
гэрч А.А-ийн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байх үед нэг эмэгтэй орж ирээд хамрын дусаалга аваад явсан, 40 минутын дараа буцаж ирээд “гар утсаа мартаад явсан байна” гээд би хяналтын камерын бичлэгийг шүүж өгөхөд тэр эмэгтэйгээс хойш орж ирсэн хоёр эмэгтэй хүний сүүлд орж ирсэн эмэгтэй гар утсыг нь аваад гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
М.Ц-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэтээс Булган аймаг Хангал сум Хялганат тосгонд байх гэрлүүгээ явах замдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Зуун наст” эмийн сангаас чихний дусаалга аваад гарах үед текний тавцан дээр цагаан өнгийн “Samsung A-15” загварын утас байхаар нь “утас оллоо” гэж бодоод авсан. Олсон гар утсаар манай 4 настай хүүхэд тоглоом татаж тоглоод байсан, би хулгай хийж байна гэж ёстой бодоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 48 дахь тал/,
хохирогч Г.Н-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Зуун наст” эмийн сангийн хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 58 минут 04 секундын үед саарал өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй, саарал өнгийн гуталтай эмэгтэй эм худалдан авч тавцан дээр байсан гар утсыг авч гарч явав.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-13 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ОРХ-911090 дугаартай; “…“Samsung A-15” загварын гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
хохирогч Г.Н-ын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/,
шүүгдэгч М.Ц-гийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн яллагдагч М.Ц-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16.40 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Зуун наст” эмийн сангаар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Н-ын гээгдүүлсэн “Samsung A-15” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх;
хохирогч Г.Н-ын “...өөрийнхөө утсыг эмийн санд мартсан гэдгээ мэдээд буцаж ирээд камер шүүлгэхэд миний, гар утсыг шаргал өнгийн куртиктэй эмэгтэй аваад явсан байсан.” гэх,
гэрч А.А-ийн “...хяналтын камерын бичлэгийг шүүж өгөхөд тэр эмэгтэйгээс хойш орж ирсэн хоёр эмэгтэй хүний сүүлд орж ирсэн эмэгтэй гар утсыг нь аваад гарсан байсан.” гэх,
М.Ц-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...“Зуун наст” эмийн сангаас чихний дусаалга аваад гарах үед текний тавцан дээр цагаан өнгийн “Samsung A-15” загварын утас байхаар нь “утас оллоо” гэж бодоод авсан.” гэх мэдүүлгүүд,
хохирогч Г.Н-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “Зуун наст” эмийн сангийн хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ОРХ-911090 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Н-ын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч М.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
хохирогч Г.Н нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16.40 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Зууннаст” эмийн сангаар үйлчлүүлж байх үедээ “Samsung A-15” загварын гар утсаа орхиж гээгдүүлсэн,
харин шүүгдэгч М.Ц нь тухайн цаг хугацаанд тус эмийн сангаар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Н-ын гээгдүүлсэн гар утсыг авч явсан үйл баримт тогтоогдож байна.
Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн тухайн үед эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлийг,
харин “бага хэмжээний хохирол” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус ойлгоно.
“Гээгдэл хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг нь хувьдаа авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан, мөн бусад хэлбэрээр ашигласнаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.
Шүүгдэгч М.Ц-гийн гээгдэл эд хөрөнгө завшсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 500.000 төгрөгийн хохирол учирсныг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээч 2024 оны ОРХ-911090 дугаартай дүгнэлтээрээ тогтоосон бөгөөд шүүгдэгчийн завшсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой тул гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөө торгох ял оногдуулах.” гэсэн санал гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.
Шүүх шүүгдэгч М.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөрийг төлсөн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, улсын яллагчийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал зэргийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хавтаст хэргийн 61 дэх талд авагдсан, хохирогч Г.Н-ын гар утсыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16.18 цагт хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт М-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ц шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч М.Ц-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э