Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

   2025      03          06                                          2025/ШЦТ/113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ц.Л

хохирогч Б.О, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Л.М, өмгөөлөгч М.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Л.Мд эрүүгийн 232500307********Т дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Д овогт Л-ийн М /РД; ************************/,

Шүүгдэгч Л.М нь;

2023 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 03.00 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **-**УБЧ улсын дугаартай “Toyota prius-20” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн “А”, 3.5 дугаар зүйлийн “Г”, 3.7 дугаар зүйлийн “А” хэсгүүдэд заасныг тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Авто мастер” ХХК-ийн хойд талын зам дээр М.Х-ын жолоодож явсан **-**УБГ улсын дугаартай “Howo” /Хово/ тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас **-**УБЧ дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан насанд хүрээгүй Б.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 

мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин зам тээврийн осол гаргаж, **-**УБЧ дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн газрыг зориуд орхин зугтаасан, 

2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 дүгээр хороо “Хан дэн” буудлын 206 тоот өрөөнөөс хохирогч Ц.Б-ын эзэмшлийн “Iphone-12promax” /айпоне-12 промакс/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо “UB-17” дэн буудалд Г.О-ын “Iphone-Хmax” /айпоне X макс/ загварын гар утсыг “засаад өгье” гэж хуурч авч, 775.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Л.М “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч нарт учруулсан хохирлыг төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч Б.О “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гомдолтой байна. Би ослын улмаас 1 жил 6 сарын хугацаанд группт байсан, одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж байгаа, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаадаа харамсалтай байна. Ясны хугарал эдгэсэн ч удаан сууж, удаан явж чадахгүй болсон, цаашид мэдрэл сэргээх эмчилгээ хийлгэнэ. Эм тарианы зардалд 2.478.000 төгрөг, шатахууны зардалд 331.884 төгрөг, бусад зардалд 278.242 зарцуулсан нийт 3.097.126 төгрөг, мөн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны /24 сар x 660.000 төгрөг/ 15.840.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

иргэн М.Х-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт автомашины осол гарчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03.10 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Авто мастер” ХХК-ийн ар талын зам дээр гарсан ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 2-6, 7-14 дэх тал/,

насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн “...2023 оны 3 дугаар сарын 03-ны шөнө...М халааснаасаа машины түлхүүр гаргаж ирээд “би чамайг хүргээд өгье” гэсэн, би машины урд талд суусан, М-гаас архи үнэртээд байхаар нь “чи согтуу байгаа юм биш үү” гэхэд “зүгээр, зүгээр” гэж хэлсэн. ...М нэлээн хурдтай явж байсан учраас жолоогоо алдаж, урдаас ирж явсан бензин ачсан том тэргийг мөргөсөн, үүний дараа би хэсэг ухаан алдсан, нэг сэргэтэл гадаа хэвтэж байсан, ...миний сууж явсан машины хажууд колонкийн эгч, том тэрэгний жолооч ах хоёр зогсож байсан, би “туслаарай” гээд алхаад очтол колонкийн эгч “хөдөлгөөнгүй байж байгаарай, цагдаа, түргэн ирж байгаа” гэсэн, би газар суугаад хажуу тийшээ хартал М байхгүй, цагдаа, түргэн ирэхээс өмнө намайг хаяад зугтаачихсан байсан. ...таксины төлбөр 500.000 төгрөг гарсан, авто угаалгын газарт нэг өдрийн 120.000 төгрөгөөр угаагчаар ажиллаж байсан бөгөөд ажилдаа яваагүй цалин 43.800.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23-29, 31, 2 дахь хавтаст хэргийн 211 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч М.Х-ын “...2023 оны 3 дугаар сарын 03-ны шөнө... “Авто мастер” ХХК-ийн арын зам дээр явж байхад нэлээн холоос машины гэрэл ирж байгаа харагдсан, яах ийхийн зуургүй нөгөө машин хурдтай урдаас чиглээд урсгал сөрж орж ирэхээр нь машинаа баруун тийшээ дөнгөж дартал нөгөө машин миний машины банк болон дунд мост руу мөргөж цаашаа шидэгдэн гэрлийн шон тулж зогссон. Машинаас буугаад нөгөө машин дээр очиход “Prius-20” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан, дотроос нь нэг охин гараад ирчихсэн “ахаа, намайг авраарай” гээд хэвтэж байсан, харин тээврийн хэрэгслийн жолооч нь зугтаачихсан байсан. ...үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч М.О-ын “...У, М хоёртой юм яриад сууж байхад У “энд байсан дүү алга болчихлоо” гэхээр нь М руу залгахад утсаа авахгүй байсан, ...Хэсэг хугацааны дараа Уын утас руу хүн залгаж О-ийг “аваарт орсон байна” гэж хэлсэн. ...би буудлын өрөөнд байхдаа М машин авч явсныг мэдээгүй, тээврийн хэрэгсэл миний төрсөн ах Б-ы нэр дээр байдаг ба би өөрийн нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан. ...Машинаа М-гаар төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-36 дахь тал/,

Л.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...О-ын машинаар Оийг хүргэж өгөхөөр явсан, “Дөмөг” захын урдуур 90км/цагийн хурдтай явж байтал том оврын машин гэрлээ хол дээр нь тавьчихсан урдаас ирсэн, би хурдаа хасаж баруун тийш дарахад хажуу талаас нэг юм хүчтэй ойгоод буцаж нөгөө тал руу руль дарагдсан. ...хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53, 88 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай; “...Л.М-гийн биенээс авсан цусанд 1.25 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаартай; “...Б.О-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийг цэвэрлэх, цус тогтоох хагалгааны дараах байдал, бүсэлхийн 2-р нугалмын их биеийн зүүн хэсэг болон хөндлөн сэртэнгийн уг дайрсан хөндлөн хугарал, умдаг ясны дээд нумны баруун, зүүн талын хугарал, аарцаг ясны зүүн талын сүүжний тогоо үе дайрсан зөрүүгүй хугарал, баруун бөөрний хальсны дотор хананд цус хуралт, цээжний баруун талын 10-р хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, духанд шарх, хоёр хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийг цэвэрлэх, цус тогтоох хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн 2-р нугалмын их биеийн зүүн хэсэг болон хөндлөн сэртэнгийн уг дайрсан хөндлөн хугарал, умдаг ясны дээд нумны баруун, зүүн талын хугарал, аарцаг ясны зүүн талын сүүжний тогоо үе дайрсан зөрүүгүй хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч М.Х эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 155.000 төгрөг төлсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

“Бан хас” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 23/02/03614 дугаартай; “...“Howo ZZ3317” автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 2.500.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “...сэжигтэн Л.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн А, 3.5 зүйлийн Г, 3.7 дугаар зүйлийн А заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

хохирогч Б.О-ийн хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 234-247 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-29, 3 дахь хавтаст хэргийн 134-184 дэх тал/,

мөн шүүх хуралдаан эхэлэхэд шинээр гаргаж өгсөн шатахууны баримтууд,

иргэний нэхэмжлэгч М.О эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 100.000 төгрөг төлсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 00015/001 дугаартай; “...“Prius-20” автомашины 13.428.333 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 215-218 дахь тал/,

хохирогч Ц.Б-ын “...2023 оны 8 дугаар сарын 13-ны өглөө Баянгол дүүрэг 9 дүгээр хороо “Хан дэн” буудлын 206 тоотод байхдаа гар утсаа алдсан.” гэх гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15.51 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал/,

“Хан дэн” буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 46-57 дахь тал/,

хохирогч Ц.Б-ын “...2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өглөө 05.00 цагийн үед “Хан дэн” зочид буудлын 206 тоот өрөөг хөлсөлсөн, ...10.30 цагийн үед сэрээд утсаа хайхад миний гар утас олдоогүй. Буудлын хяналтын камер шүүж үзэхэд 08.08 цагийн үед миний хөлсөлсөн өрөөний хажуу талын хоёр өрөө рүү, дараа нь миний өрөө рүү үл таних хүн ороод гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн БГ2-23-1295 дугаартай; “...“Iphone-12promax” гар утас 1.650.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 82-87 дахь тал/,

Л.М-гийн яллагдагчаар өгсөн “...тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд согтуу байсан учир юу ч санахгүй байна, би хүнээс утас авснаа мэдсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,

хохирогч Г.О-ын “...Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо “UB17” дэн буудалд ажлаа хийж байтал 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө үл таних залуу миний гар утсыг аваад явчихсан.” гэх гомдлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14.35 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 143 дахь тал/,

хохирогч Г.О-ын “...Би “UB17 дэн буудалд угтагчийн ажил эрхэлдэг, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны орой байсан санагдаж байна, 20.00 цагийн орчимд ажил дээрээ байхад үл таних хоёр залуу орж ирсэн, өрөө байна уу гэж асуухаар нь 306 тоот өрөөг үзүүлээд тэр хоёр залуу орсон. Ойролцоогоор 30 минутын дараа манай хүүхэд залгаад унааны мөнгө шилжүүлчих гэхээр нь би шилжүүлэх гэсэн боловч ХААН банк болохгүй байсан, тэр үед миний хажууд 306 тоот өрөөний хоёр залуу гараад ирчихсэн зогсож байсан бөгөөд миний гар утсыг аваад ингэж янзалдаг юм эгчээ гээд миний утсыг оролдоод зогсож байгаад гараад явчихсан. Тухайн хоёр залуугийн нэг нь түрүүлээд гараад явсан бөгөөд нөгөө залуу хажууд байж байгаад найз охин ирчихлээ, дуудаад оруулаад ирье гээд гараад явсан, буцаж орж ирээгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-23-786 дугаартай; “...“Iphone-Хmax” гар утас 775.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 163-166 дахь тал/,

Л.М-гийн яллагдагчаар өгсөн “...Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо “UB17” дэн буудалд найз А-гийн хамт орсон, буудлын эгч надад “энэ утсыг янзалж чадах уу, ...код нэхээд болдоггүй” гэхээр нь “чаднаа” гэж хэлээд утсыг нь аваад өөрийнхөө өрөөнд орсон. А “гэртээ харилаа” гээд гараад явсан, би араас нь “найзыгаа суулгаж өгөөд ирье” гэж хэлээд утсыг нь аваад гарсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал/,

Шүүгдэгч Л.М-гийн;

төрсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 190 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 209 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 211-216 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 217-225 дахь тал/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 229-233 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас болон Л.М-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Л.М дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн хохирогч Б.О-ийн “...Гомдолтой байна. Би ослын улмаас 1 жил 6 сарын хугацаанд группт байсан, одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж байгаа, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаадаа харамсалтай байна. Ясны хугарал эдгэсэн ч удаан сууж, удаан явж чадахгүй болсон, цаашид мэдрэл сэргээх эмчилгээ хийлгэнэ.” гэх,

          “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан.” гэх гэмт хэргүүдэд цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх;

хохирогч Б.О-ийн “...М нэлээн хурдтай явж байсан учраас жолоогоо алдаж, урдаас ирж явсан бензин ачсан том тэргийг мөргөсөн, үүний дараа би хэсэг ухаан алдсан, нэг сэргэтэл гадаа хэвтэж байсан, ...миний сууж явсан машины хажууд колонкийн эгч, том тэрэгний жолооч ах хоёр зогсож байсан, би “туслаарай” гээд алхаад очтол колонкийн эгч “хөдөлгөөнгүй байж байгаарай, цагдаа, түргэн ирж байгаа” гэсэн, би газар суугаад хажуу тийшээ хартал М байхгүй, цагдаа, түргэн ирэхээс өмнө намайг хаяад зугтаачихсан байсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч М.Х-ын “...“Авто мастер” ХХК-ийн арын зам дээр явж байхад нэлээн холоос машины гэрэл ирж байгаа харагдсан, яах ийхийн зуургүй нөгөө машин хурдтай урдаас чиглээд урсгал сөрж орж ирэхээр нь машинаа баруун тийшээ дөнгөж дартал нөгөө машин миний машины банк болон дунд мост руу мөргөж цаашаа шидэгдэн гэрлийн шон тулж зогссон. Машинаас буугаад нөгөө машин дээр очиход “Prius-20” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан, дотроос нь нэг охин гараад ирчихсэн “ахаа, намайг авраарай” гээд хэвтэж байсан, харин тээврийн хэрэгслийн жолооч нь зугтаачихсан байсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч М.О-ын “...Уын утас руу хүн залгаж Оийг “аваарт орсон байна” гэж хэлсэн. ...би буудлын өрөөнд байхдаа М машин авч явсныг мэдээгүй, ...Машинаа М-гаар төлүүлмээр байна.” гэх,

Л.М-гийн “...“Дөмөг” захын урдуур 90км/цагийн хурдтай явж байтал том оврын машин гэрлээ хол дээр нь тавьчихсан урдаас ирсэн, би хурдаа хасаж баруун тийш дарахад хажуу талаас нэг юм хүчтэй ойгоод буцаж нөгөө тал руу руль дарагдсан.” гэх мэдүүлгүүд,  

иргэн М.Х-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт автомашины осол гарчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03.10 цагт хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Авто мастер” ХХК-ийн ар талын зам дээр гарсан ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай, “...Л.М-гийн биенээс авсан цусанд 1.25 промиль процент этилийн спирт илэрсэн.” гэсэн,

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаартай, “...Б.О-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийг цэвэрлэх, цус тогтоох хагалгааны дараах байдал, бүсэлхийн 2-р нугалмын их биеийн зүүн хэсэг болон хөндлөн сэртэнгийн уг дайрсан хөндлөн хугарал, умдаг ясны дээд нумны баруун, зүүн талын хугарал, аарцаг ясны зүүн талын сүүжний тогоо үе дайрсан зөрүүгүй хугарал, баруун бөөрний хальсны дотор хананд цус хуралт, цээжний баруун талын 10-р хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, духанд шарх, хоёр хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүд,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “...сэжигтэн Л.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн А, 3.5 зүйлийн Г, 3.7 дугаар зүйлийн А заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна.” гэсэн мөрдөгчийн магадлагаа зэрэг,

“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэгт цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх;

хохирогч Ц.Б-ын “...2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр...10.30 цагийн үед сэрээд утсаа хайхад миний гар утас олдоогүй. Буудлын хяналтын камер шүүж үзэхэд 08.08 цагийн үед миний хөлсөлсөн өрөөний хажуу талын хоёр өрөө рүү, дараа нь миний өрөө рүү үл таних хүн ороод гарсан байсан.” гэх,

Л.М-гийн “...би хүнээс утас авснаа мэдсэн.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Ц.Бын “...2023 оны 8 дугаар сарын 13-ны өглөө Баянгол дүүрэг 9 дүгээр хороо “Хан дэн” буудлын 206 тоотод байхдаа гар утсаа алдсан.” гэх гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15.51 цагт хүлээн авсан болон “Хан дэн” буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн БГ2-23-1295 дугаартай; “...“Iphone-12promax” гар утас 1.650.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан зэрэг,

“хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх;

хохирогч Г.О-ын “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны орой...306 тоот өрөөний хоёр залуу гараад ирчихсэн зогсож байсан бөгөөд миний гар утсыг аваад ингэж янзалдаг юм эгчээ гээд миний утсыг оролдоод зогсож байгаад гараад явчихсан.” гэх,

Л.М-гийн “...Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо “UB17” дэн буудлын эгч надад “энэ утсыг янзалж чадах уу, ...код нэхээд болдоггүй” гэхээр нь “чаднаа” гэж хэлээд утсыг нь аваад өөрийнхөө өрөөнд орсон. А “гэртээ харилаа” гээд гараад явсан, би араас нь “найзыгаа суулгаж өгөөд ирье” гэж хэлээд утсыг нь аваад гарсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Г.О-ын “...Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо “UB17” дэн буудалд ажлаа хийж байтал 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө үл таних залуу миний гар утсыг аваад явчихсан байна.” гэх гомдлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14.35 цагт хүлээн авсан тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-23-786 дугаартай, “...“Iphone-Хmax” гар утас 775.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан зэрэг энэ хэргүүдэд хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтуудыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бус аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд эд зүйл авсан үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм.

“Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрөөр хэлбэл хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан байх бөгөөд “согтуурсан” гэдгийг шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс доош промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг, 

“тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэдгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн”-ийг,

харин “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэдгийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг тус тус ойлгоно.

          Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан, хамгаалагдсан эрхийн эсрэг хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас шууд учирсан гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

          Шүүгдэгч Л.М-гийн хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй,

харин бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.М-гийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн А, 3.5 дугаар зүйлийн Г, 3.7 дугаар зүйлийн А заалтуудыг тус тус зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ийн амь насанд аюултай хүнд хохирол,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О-т 775.000 төгрөгийн,

бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгож, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-т 1.650.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтууд тохирсон гэж дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.М-гийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгч Л.М-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн,  

тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,  

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах,

мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, нийт 4 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх.” гэсэн санал гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Шүүх шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байдал, түүний цусанд 1.25 промиль процент этилийн спирт илэрсэн буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, мөн хулгайлах, залилах гэмт хэргүүд үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай үйлдлийнхээ улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдал, хохирогч Б.О одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж авсан боловч биеийн байдал нь бүрэн эдгэрээгүй, хор уршиг арилаагүй байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөөгүй, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.М-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялуудыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Л.М-гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 401 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т “согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчвөл тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байсныг Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж буюу  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулсан бөгөөд шүүгдэгч нь энэ гэмт хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны шөнө үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.М-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан болно.

          Шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудал;

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдааны үед хохирогч болон түүний өмгөөлөгч нар “...эм тарианы зардалд 2.478.000 төгрөг, шатахууны зардалд 331.884 төгрөг, бусад зардалд 278.242 зарцуулсан нийт 3.097.126 төгрөг, мөн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны /24 сар x 660.000 төгрөг/ 15.840.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ.” гэв.

Шүүх хэрэгт цуглуулсан шинжээч нарын дүгнэлт, бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.М гэм буруутай үйлдлээрээ,

хохирогч Ц.Б-т 1.650.000 төгрөгийн,

хохирогч Г.О-т 775.000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч М.Х-д /эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 155.000 төгрөг + “Howo” автомашины эвдрэл, хохирлын үнэ 2.500.000 төгрөг/ 2.655.000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч М.О-т /эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 100.000 + “Prius-20” автомашины эвдрэл, хохирлын үнэ 13.428.333 төгрөг/ 13.528.333 төгрөгийн,

мөн хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нарын хохирлоо  тооцоолсон баримтын хүрээнд нь хохирогч Б.Оөд /эм тарианы зардалд 2.478.000 төгрөг, шатахууны зардалд 331.884 төгрөг, бусад зардалд 278.242 төгрөг/ нийт 3.097.126 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг тус тус тогтоов.

Харин хохирогч Б.О “...хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны /24 сар x 660.000 төгрөг/ 15.840.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулна.” гээд өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч байсан талаараа хэлж тайлбарласан болно.

Шүүх Нийгмийн даатгалын сангаас ямар хэмжээний тэтгэмж авсан, мөн хэдэн төгрөгийн цалин, орлоготой байсан талаар баримт ирүүлээгүй тул тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг тооцоолох боломжгүй,

 мөн сэтгэцэд учирсан хохирол шаардаагүй, харин сэтгэл санааны хохирол шаардсан бөгөөд энэ талаарх баримтууд дутуу, хангалтгүй гэж дүгнээд хэлэлцэхгүй орхисон бөгөөд энэ шаардлагуудтай холбоотой баримтуудаа болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

Тус шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Б нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 232500******* хэргээс шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг тусгаарласан бөгөөд энэ хэрэгт хамааралтай Улаанбаатар хот Баянгол дүүрэг “Хан дэн” зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч Л.М 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 401 хоног цагдан хоригдсон,

 түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Л-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн.” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар шүүгдэгч Л.М-г тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус заасныг баримтлан мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялуудыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Л.М-гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 401 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.М-гаас 21.705.459 төгрөг гаргуулж,

хохирогч Б.О-д 3.097.126 төгрөг,

хохирогч Ц.Б-т 1.650.000 төгрөг,

хохирогч Г.О-т 775.000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч М.Х-д 2.655.000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч М.О-т 13.528.333 төгрөг тус тус олгож,

хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохиролтой болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

9.Шүүгдэгч Л.М-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Баянгол дүүрэг “Хан дэн” зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг тус хэрэгт хавсарган үлдэээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.   

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э