Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/02922

 

 

 

 

 

 

 

 

 

2020 08 21

101/ШШ2020/02922

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Номч овогт Д.Д /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Э.С /РД:0/-д холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Э.С, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2003 онд Э.Стай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Д.Б төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамтран амьдрах хугацаанд зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2004 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Д.Б миний асрамжид өсч торнисон. Анх бид хүүгээ төрөхөд эцэг Э.Саар овоглож төрсний гэрчилгээг нь авч байсан. Дараа нь би халамжаас халамжийн мөнгө авахаар хөөцөлдөхөд эцгээрээ овоглосон байна гээд өгөхгүй байсан болохоор нь хүүгээ өөрөөрөө овоглоод төрсний гэрчилгээг нь гаргуулчихсан юм. Одоо бид тус тус амьдралтай болсон тул хүү Д.Бийн эцэг Э.Энхбаяр мөн болохыг тогтоож, цаашид хүүхдийн тэтгэлэг болон хүүг төрснөөс хойшхи хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулж өгнө үү. Бид харилцан тохиролцож, хүүг төрсөнөөс хойшхи хугацааны тэтгэлэгт 10,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би 2003 онд Д.Дтэй танилцаж, бидний дундаас 2004 онд хүү Бүрэнтөгс төрсөн. Хүү Д.Б нь миний хүүхэд мөн. Анх төрөхөд нь Д.Дтэй хамт очиж хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч байсан. Дараа нь ээж нь хүүгийн овгийг өөрчлүүлээд төрсний гэрчилгээ авчихсан юм байна. Би хүгээ төрсөнөөс хойшхи хугацааны тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байна. Би Д.Дтэй ярилцаад хүүг төрсөнөөс хойш хугацааны тэтгэлэгт 10,000,000 төгрөг өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн өнөөдрөөс хойшхи хугацааны тэтгэлэг төлнө. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Э.Ст холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгийг төрснөөс хойшхи болон 18 нас хүртэл хугацааны тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангав.

 

Зохигчид 2003 онд танилцаж, тэдний дундаас 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Д.Б төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хүү Д.Б нь эх Д.Дээр овоглодог байх ба хариуцагч Э.Саас өөрийн төрсөн хүү мөн талаар маргаагүй. Иймд хүү Д.Бийн эцэг Э.С мөн болохыг тогтоох нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Зохигчид одоо тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Д.Б эхийнхээ асрамжид байгаа тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэв. 

Хариуцагч Э.С нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийн нөхөн гаргуулах тухай хэмжээг 10,000,000 төгрөгөөр тогтоож эвлэрч гэрээ байгуулсан байна. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэж заасан.

Иймд шүүх зохигчдын гэрээ байгуулсан хэмжээгээр буюу хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Харин хүү Д.Бийг 18 нас хүртэл хугацааны тэтгэлгийн хэмжээнд зохигчид эвлэрээгүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Д.Бийг сар бүр эцэг Э.Саар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Бийн эцэг нь Боржигон овогт Э.С мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримтлан хүү Д.Бийг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Саар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан Д.Дт олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүү Д.Бийг төрснөөс хойш хугацааны тэтгэлэгт 10,000,000 төгрөгийг хариуцагч Э.С нь нэхэмжлэгч Д.Дт нөхөн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 130,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ