| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
2025 03 06 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Э.Г,
шүүгдэгч С.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч С.Л-д холбогдох эрүүгийн 2525000000029 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Боржигон овогт Самбуугийн Л/РД; АЭ77010413/,
Шүүгдэгч С.Лнь;
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг “Сайхан-Уул” авто засварын газрын гаднаас Н.Аы эзэмшлийн **-**УНЗ улсын дугаартай “Bongo Fronter” /Бонго фронтер/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч С.Л“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Н.Аы “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн халуун усны гаднаас урдаа **-**УНЗ, ардаа **-**НААулсын дугааруудтай “Bongo Fronter” /Бонго фронтер/ загварын тээврийн хэрэгслээ хулгайд алдсан. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хорооллын “С” хүнсний дэлгүүрийн гаднаас тээврийн хэрэгслээ олсон. ...ямар нэгэн зүйл дутсан, эвдэрсэн зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
гэрч Ш.С-ийн “...2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний танил Ц миний ажиллуулдаг “С” хүнсний дэлгүүрт 12.00 цагийн орчим цагаан толгойтой, хөх цэнхэр өнгийн тэвштэй тээврийн хэрэгсэл жолоодож ирээд манай гадаа тавьсан. ...аккумулятор, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон машины түлхүүр зэргийг надад өгөөд “эзэн нь ирвэл өгчихөөрэй” гэж хэлээд явсан. ...цагдаа ирж тухайн тээврийн хэрэгслийн талаар тодруулж, хяналтын камер шүүсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
С.Л-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ганцаараа согтууруулах ундаа хэрэглэж танихгүй хүний “Bongo Fronter” /Бонго фронтер/ загварын тээврийн хэрэгслийг жолоодож, ах Ч-ын хашаанд аваачиж тавьсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт их харамсаж байна, тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир өөрийн ухаанаа алдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44, 49-50 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1002042 дугаартай; “...**-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4.000.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,
**-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
“С” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
хохирогч Н.А-ы;
Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
шүүгдэгч С.Л-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч нараас болон С.Л-гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч С.Л дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Н.А-ы “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр...урдаа **-**УНЗ, ардаа **-**НААулсын дугааруудтай “Bongo Fronter” /Бонго фронтер/ загварын тээврийн хэрэгслээ хулгайд алдсан. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хорооллын “С” хүнсний дэлгүүрийн гаднаас тээврийн хэрэгслээ олсон.” гэх,
гэрч Ш.С-ийн “...2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний танил Ц миний ажиллуулдаг “С” хүнсний дэлгүүрт 12.00 цагийн орчим цагаан толгойтой, хөх цэнхэр өнгийн тэвштэй тээврийн хэрэгсэл жолоодож ирээд манай гадаа тавьсан. ...аккумулятор, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон машины түлхүүр зэргийг надад өгөөд “эзэн нь ирвэл өгчихөөрэй” гэж хэлээд явсан.” гэх,
С.Л-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ганцаараа согтууруулах ундаа хэрэглэж танихгүй хүний “Bongo Fronter” /Бонго фронтер/ загварын тээврийн хэрэгслийг жолоодож, ах Ч-ын хашаанд аваачиж тавьсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1002042 дугаартай, “...**-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4.000.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, **-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “С” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч С.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
“Тээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрийн автомашин, чиргүүл, цахилган тээврийн хэрэгслийг ойлгоно.
“Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч С.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн Эрүүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч С.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч С.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.
Шүүх шүүгдэгч С.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал зэргийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч С.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Н.Аы “...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хорооллын “С” дэлгүүрийн гаднаас тээврийн хэрэгслээ олсон.” гэсэн хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураан ирүүлсэн “С” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт С-ийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч С.Л-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт ирүүлсэн “С” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э