| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Г....
Хохирогч Ц.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.... холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн .... дүүрэгт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ... сумын .... баг .... хэсэг ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ... овогт ... Регистрийн дугаар /.../
Шүүгдэгч Г... нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн .... сумын .... баг, ... тоотод оршин суух иргэн Ц.... маргалдах явцдаа түүний эзэмшлийн байшингийн урд талын өргөн нь 70 см, урт нь 97 см хэмжээтэй вакум цонхны хоёр давхар шилийг модоор цохиж хагалан 98,000 төгрөгийн хохирол, мөн хашааны гадна талд байсан хохирогч Ц.... эзэмшлийн ... улсын дугаартай, мөнгөлөг Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг модоор цохиж хагалан 300,000 төгрөгийн хохирол, хохирогч Ц... нийт 398,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч Г... нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух иргэн Ц... маргалдах явцдаа түүний эзэмшлийн байшингийн урд талын өргөн нь 70 см, урт нь 97 см хэмжээтэй вакум цонхны хоёр давхар шилийг, мөн хашааны гадна талд байсан хохирогч Ц... эзэмшлийн ... улсын дугаартай, мөнгөлөг Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг модоор цохиж хагалан хагалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Г... байшингийн цонхыг нь болон машиных нь салхины шилийг хагалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц... “...2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын үед ... 15 цаг 40 минут үед .., ... хоёр гэрт орж ирээд гар утсаа аваад цай уучхаад явсан. Тэгээд 16 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байхад манай том ахын охин болох ... хашааны гаднаас орж ирээд, “чи хүүхдүүд уруу татлаа, хохь чинь шүү, алчихна шүү чамайг” гээд гэрийн үүдний таамбар дотор зогсож байхаар нь би урдаас нь яваад очтол намайг түлхээд унагачихсан. ... манай гэрийн таамбараас гадагш гарангуут нь гэрийн хаалгаа хаагаад түгжтэл үүдэнд байсан урт модоор гэрийн том өрөөний цонхыг хагалчихсан. Мөн хашааны гадна байсан миний эзэмшлийн .... ЗАН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Г... Ц... байшингийн цонхны шилийг болон машины цонхны шилийг нь хагалснаас хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн “ Завхан аймгийн ... сумын ... баг ... хэсэг ... тоотын хашаанд байх ...7*7-гийн харьцаатай ... байшингийн ...цонхны баруун талын цонхны хэсэг буюу салхивчгүй үргэлж өндөр 97 см, өргөн 69 см хэмжээтэй хоёр давхар шилийг хагалсан байсан... гэсэн хэсгээр болон үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаа хохирогч Ц... эд хөрөнгөд 398,000 төгрөгийг хохирол учирсан нь "Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Ч... 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай “Салхины шил-250,000 төгрөг, Эд анги цолих 50,000 төгрөг нийт дүн 300,000 төгрөг,” гэсэн дүгнэлтээр 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаартай "...өргөн нь 70 см, урт нь 97 см хэмжээтэй вакум цонхны хоёр давхар шилний хохирлын үнэлгээг 98,000 төгрөгөөр тогтоов." гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
1.3. Бусдын эд хөрөнгийг гэмтээх гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд шууд санаатай үйлдлээр халдаж эд хөрөнгийг зориулалтын дагуу дахин ашиглаж болохооргүй, засварласны дараа зориулалтаар ашиглах боломжтой болгосныг ойлгоно.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө рүү чулуу шидэхэд тухайн эд хөрөнгө гэмтэж болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд Г... бусдын байшингийн вакум цонхны хоёр давхар шилийг модоор цохиж хагалан мөн хашааны гадна талд байсан хохирогч Ц... эзэмшлийн ... улсын дугаартай, мөнгөлөг Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг модоор цохиж хагалсан үйлдлийн улмаас тухайн цонхны шил хагарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай үйлдлээр гэмтээсэн гэж үзнэ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгчийн дээрх санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол буюу 398,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй обьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс 398,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц... олгох нь зүйтэй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Ц... нь шүүгдэгч Г... сэтгэцийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Г... хэрэг хариуцах чадвартай болон нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч Ч..., Ж..., Ч... нарын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №... дугаартай “... 1. Г... нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчин үгүй байсан болно. 2. Г... нь гэмт хэргийн үйлдлийн үед ямар нэгэн өвчин үгүй. Өөрийн үйлдлийг мэдэн, удирдан жолоодох чадвартай байсан болно. 3. Г... одоо сэтгэл мэдрэлийн өвчин үгүй болно. Гэмт үйлдлээ хариуцах чадвартай болно. 4. Г... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно” гэсэн сэтгэц, гэм судлалын шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хүсэлтийг хангаагүй хангаагүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
2.1. Шүүгдэгч Г... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сараар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модыг цаашид ашиглах боломжгүй тул устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г... 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г… Завхан аймгийн … сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 сарын хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г… нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г... 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г... 398,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц... олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 м 40 см урттай 12 см диаметртэй улаан эрээн модыг устгасугай.
8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ