Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 06

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй А.Бд

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Аийн Бд холбогдох

Газар чөлөөлүүлэх, аймагт ирсэн болон буцсан замын зардал 274.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч А.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Бээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Жадамба овогтой Б миний өмч болох 1 дүгээр баг зуун наст дэлгүүрийн хуучнаар зүүн талд байрлах 116 мкв газрыг 2014 онд би өөрийн нэр дээр гэрчилгээ авсан билээ. Ж.Б миний бие нь 2017 оноос эхнэрийн бие өвдөж Улаанбаатар хотод эмчийн хяналтанд байдаг тул Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа юм. Гэтэл энэ зун Баянхонгорт иртэл А.Б манай газар оруулан 2 давхар байшин барьж мөн 10 гаран метр газар манай газар руу оруулан хашаа татсан, манай хашааг буулган барьсан байсан. Тэгээд би уг газрын талаар Баянхонгор аймгийн Газрын албанд өргөдөл гаргаж газраа хэмжүүлж гомдол гаргасан юм. Газрын алба манай газар руу орсон нь үнэн байна гээд Газрын албанаас А.Бд газрыг нь чөлөөл гэж удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч хүлээж авахгүй байна гэсэн. Иймд манай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Ж.Б миний бие хариуцагч А.Бд холбогдуулан газрын маргаантай асуудлаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдэх ажиллагааны үед Улаанбаатараас Баянхонгор, Баянхонгороос Улаанбаатарын хооронд удаа дараа явж мөнгөн хэлбэрээр хохирч байх тул хариуцагч А.Бд холбогдуулан гарсан зардлаа нэхэмжилж байна. Учир нь шүүх хурал болох үед цаг бүрд нь хуралдаанд биечлэн ирэхэд хариуцагч А.Б ямар нэгэн шалтаг шалтгаан зааж удаа дараа хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгч намайг өмч хөрөнгө биет төгрөгөөр хохироож байгаа болно. Эмчилгээгээ зохицуулан шүүх хуралдаанд удаа дараа ирж очсоны хохирол төлбөр болох 274 500 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч А.Бэс нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би энэ газраа иргэн С.Зинагаас 2013 онд худалдаж авсан. Анх 2018 оны 07 дугаар сард байшин барьж байхад нь би хэлэхэд надад ч бас гэрчилгээ байгаа гээд үзье гэхэд үзүүлдэггүй тэгээр тэр үед нь газрын албанд хандаад хэмжилт хийлгэсэн. Газрын албанаас манай газар гэдгийг тогтоосон удаа дараа газрыг чөлөөл гэж газрын албанаас бичиг явуулахад А.Б тоодоггүй. Газрын албанаас асуухад та иргэний хэргийн шүүхэд хандаж болно гэсэн тэрний дагуу шүүхэд хандсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Зуун наст дэлгүүр хуучнаар зүүн талд байрлах 116м2 газар байгаа түүн дээр хашаа татаж 16.8 мкв хэжээ бүхий газар байшин барьсан байгаа. Одоо газраа чөлөөлүүлэх, Улаанбаатар хотоос ирж буцсан зардал 274.500 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн эзэмшлийн газар дээр байшин барих болсон тул өөрийн эзэмшлийн газар дээр байгаа авто гражийг чөлөөлүүлэхээр 2016 оны 5 сард шүүхэд өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучилах заалтаар харилцан тохиролцох шүүхийн шийдвэр гарч 1800,000 төгрөгийг гражийн үнэ болгон Ж.Бд төлж барагдуулсан.

Миний бие нь өөрийн эзэмшлийн газраас урагш 16,8 м/кв газар сунган Ж.Бийн газар руу оруулан байшин барьсан нь үнэн. Тухайн газар нь айлын байшингийн цонх таарсан Ж.Бий хувьд ашиггүй талбай байсан тул тохиролцоод болох байх гэж бодоод байшингаа барьсан. Энэ барьсан байшингаа буулган чөлөөлөх боломжгүй тул мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэн, надад өмнө нь эднийхээс шалтгаалан учирсан 1,030,000 төгрөгийн хохиролыг хасч тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Шүүх хуралдаан хойшилсон асуудал нь дан ганц А.Б миний хүслээс шалтгаалсан асуудал биш бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэргийн оролцогч, зохигчдын хүсэлтээр хийгдсэн ажиллагаа юм. Иймд Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч А.Б намайг янз бүрийн байдлаар шүүх хурлыг хойшлуулсан гэх үндэслэлээр нэхэмжилж буй 274.500 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хөвсгөл явж ирээд газрын албанд өөрөө хүсэлт тавиад хэмжилт хийлгэхэд урагшаа илүү гарсан байсан энэ дээр бол миний буруу болсон. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос ирж буцсан зардал 274.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой эхний удаад Л.Батбаяр өмгөөлөгч хэрэгтэй танилцаагүй гээд өөрсдөө шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа, дараа нь би өмгөөлөгч авна гэсэн шалтгаанаар хойшилсон, түүний дараа мөн нэхэмжлэгч талаас хурал давхцсан гэж хойшилсон тэгэхээр энэ зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Улсын бүртгэлийн урд талд, Зууннаст дэлгүүрийн зүүн урд талд байрлалтай, нэгж талбарын 040700229-001 дугаар, газар эзэмших эрхийн 000529216 дугаар гэрчилгээ бүхий 116 мкв хэмжээтэй газрын 17.8 мкв газрыг хариуцагч А.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тээврийн зардал 274.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 241.835 /232950+8885/ төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Орон сууцны байшинг дуусч байх үе буюу 2018 оны 7 сарын 20-ны үеэр Ж.Б нь манай газар луу оруулж байшингаа барьсан байна гэж хэл ам хийсэн юм.

Уул нь Ж.Бийн аавынхтай манайх хөрш бөгөөд хашаа буулгаж, барилга барьж байхыг өдөр бүхэн харж байсан мөртлөө анх 5 дугаар сард хэл ам хийж намайг болиулах бололцоотой байсан мөртлөө байшин дуусах үед хэл үг хийсэн. Энэ нь учиртай байсан юм байна лээ. Миний хувьд 133.500 төгрөгөөр биш харилцан тохиролцож газрыг нь авая гэж нэхэмжлэгчтэй ярьсан боловч 15.000.000 төгрөг өг, өгөхгүй бол тохирохгүй гэсэн юм. Тэгээд шүүх хурал болж 17.8 мкв газрыг чөлөөл гэсэн шийдвэр гарсан.

Энэ газрыг чөлөөлөх гэхээр надад 100.000.000 гаран төгрөгийн хохирол учирах гээд байна. Иймээс Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хулийн 137 дугаар зүйлд зааснаар “..хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх..” гэсэн хуулийн заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Миний өмгөөлөгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан “..газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны засаг дарга шийдвэрлэх заалтын дагуу нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан хэсгийг зөрчиж, хууль зөрчсөн нэхэмжлэл байх талаар санал хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь хэт нэг талд шийдвэр гаргасан гэж үздэг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Бэс хариуцагч А.Бд холбогдуулж, газар чөлөөлүүлэх, Баянхонгор аймагт ирсэн болон буцсан замын зардал 274.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Баянхонгор сумын 1 дүгээр баг Улсын бүртгэлийн урд талд, Зууннаст дэлгүүрийн зүүн урд талд байрлалтай, нэгж талбарын 040700229-001 дугаар, газар эзэмших эрхийн 000529216 дугаар гэрчилгээ бүхий 116 мкв хэмжээтэй газрын 17.8 мкв газрыг хариуцагч А.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тээврийн зардал 274.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “...Ж.Б миний газрыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна..” гэжээ

Нэхэмжлэлд хавсаргасан баримт гэвэл Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, газрын албаны бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хавсаргаж шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч газрыг чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, тухайлбал нэг мкв газрын үнэлгээ болон нийт маргаантай байгаа газрын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, үнэлгээг нотлох баримтаар хавсаргаагүй, газрын албанаас тухайн газарт хэмжилт хийсэн, удаа дараа бичиг хүргүүлсэн гэж байгаа боловч энэ хэмжилт хийсэн тухай үзлэг, тэмдэглэл байхгүй, газрын албаны нэг л бичиг байгаа нь тамга тэмдэг нь тодорхойгүй албан бичгийн шаардлага хангахгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байна гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтанд /хх-ийн 7 дугаар тал/ Ж.Бд 000529216 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр Улсын бүртгэлийн хэлтсийн урд талд байрлах 116 мкв га газрыг автограж зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээг олгожээ. Иймд маргаантай байгаа 116 мкв хэмжээтэй газрын 17.8 мкв газрыг Ж.Бийн өмчлөлд олгоогүй, эзэмшилд олгосон байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвхөн газрыг чөлөөлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд нөхөн төлбөр нэхэмжлээгүй байна. Тухайн маргаантай байгаа газрын талаар зохих шатны Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан ёсны шийдвэрүүд гараагүй, мөн тухайн газар дээр барилга байгуулламж нэгэнт баригдсан байхад анхан шатны шүүх тухайн маргаантай байгаа газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстойг анхаарахгүйгээр зөвхөн газрыг чөлөөлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх үндэслэл байгаа эсэхийг анхаарах үндэстэй бөгөөд талуудын шүүхээр шийдвэрлүүлэх харилцаа, маргаан нь тодорхой бус зөвхөн нэхэмжлэлд заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Бэс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 8.885 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Бэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, Ж.Бийн нэхэмжлэлтэй А.Бд холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бэс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.950 төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч А.Бэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР