Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2017/00081

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2017/00081

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19.. онд төрсөн, ажилгүй, Архангай аймгийн Х сумын ... дугаар баг, ... гэх газар оршин суух Б овгийн Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Х сумын Ө багийн хүүхдийн цэцэрлэгт холбогдох

Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 дугаар, 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадааАрхангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.О миний бие тус цэцэрлэгт нийт 6 дахь жилдээ ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 10 сарын 19-ний өдрийн орой бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Маргааш өглөө нь даралт ихсээд байна гэдгээ хамт ажилладаг хүмүүстээ хэлээд гэртээ очоод хэвтэж байхад сургуулийн захирал Ч.Г нь гэрт ирж намайг аашилж, загнаж, янз бүрээр хэлж доромжилж, ажлаас хална гэж хэлээд явсан. Үүнээс хойш намайг ажиллуулаагүй бөгөөд ажлаас халсан тушаал шийдвэрээ авъя гэхээр гаргаж өгөхгүй 2016 оны 11 сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаалыг надад өгөхөөр нь би наад тушаалыг нь зөвшөөрөхгүй гээд аваагүй байж байгаад 2016 оны 12 сарын 12-нд би очиж авсан. Энэ хугацаанд намайг ажилдаа эргэж ажиллуулна гээд байсан. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. ... Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2015 оны 10 сарын 1-ний өдөр 08 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэснийг би мэдэхгүй байна. Надад арга хэмжээ авлаа, ийм тушаал шийдвэр гарлаа гэж огт хэлж, мэдэгдэж байгаагүй, дээрх тушаал шийдвэрийг надад өгөөгүй. Иймд 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 9 сарын 1-ний өдөр манай цэцэрлэг дээр 2 хүүхэд ирсэн. Уг өдөр нярав хоол ундаа өгөөгүй учраас өглөө ирсэн хүүхдүүд маань өлсөөд байхаар нь дэлгүүр орж печень худалдан авч өгөөд, үдээс хойш манай туслах багш 2 хүүхдийг авч явж гэртээ хооллож ундлаад гэртээ байлгаж байгаад эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. Ийм нөхцөл байдлын улмаас цэцэрлэгийг түгжсэн. Надаас шалтгаалсан цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан зүйл болоогүй. Тус шүүхэд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн багшийн ажилд эргүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжпэл гаргаж хариуцагчаас ирсэн тайлбартай танилцахад 2015 оны 10 сарын 1-ний өдөр 08 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэсэнтэй танилцаад энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэгт багш ажилтай байсан Д.О-ын нэхэмжлэлтэй танилцлаа. 6 дахь жилдээ ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүйн тухайд: Д.О нь 2015 оны 09 сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилийн өдөр цэцэрлэг цоожлон сумын төв явж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, 2015 оны 10 сарын 01-ны өдрийн 08 тоот цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан. 2016 оны 10 сарын 19-ний өдөр даралт ихдээд хэвтэж байсан тухайд: Би тухайн багийн сонгуулийн хорооны ахлах зохион байгуулагч учир сонгуулийн материал тушааж өглөө 9 цаг өнгөрөөд хашаандаа явж байгаад сургууль руу харсан чинь Д.О тогооч Н.Ц-р түшүүлэн гэртээ орж явсан. Д.О бид хоёр 2016 оны 10 сарын 21-ний өдөр семинартай байсан. Боловсролын даргаас ажил хөөцөлдье гэж чөлөө авсан учир Д.О-ын бэлтгэлийг хангуулах зорилгоор гэрт нь орсон чинь согтуу хэвтэж байсан. Багш хүн ажилтай байж архи уугаад байхдаа яахав дээ гэж би хэлсэн. Дараа нь ажил дээрээ 2 удаа согтуу ирсэн бөгөөд хүүхдүүдийн өмнө битгий согтуу байгаад бай гэж гэрт нь хариулсан. Үүнээс хойш ажиллуулаагүй тухайд: 10 сарын 20-ноос хойш 10 болон 11 саруудад ажилласан бөгөөд тухайн байгууллагын ажлын цагийн баланс, цалингийн түүвэр зэргээр нотлогдоно. Тушаал шийдвэрээ авъя гэхэд нь гаргаж өгөхгүй байсан тухайд: Тушаал шийдвэрээ авъя гэж нэг ч удаа орж ирээгүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 зааснаар 2016 оны 10 сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. 2016 оны 11 сарын 24-ний өдөр уг тушаалыг өгсөн боловч аваагүй. Ингээд 2016 оны 11 сарын 30 хүртэл ажилласан учир дахин тушаал гаргаж цалин олгосон. 2015 оны 10 сарын 01 өдрийн 08 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсныг мэдэхгүй байна гэсэн тухайд: 2015 оны 09 сарын 01-ний өдөр сургууль дээр хичээлийн шинэ жилийн нээлт хийчихээд 11 цагийн үед цэцэрлэг дээр очиход цэцэрлэг цоожтой хэн ч байгаагүй. Тэгэхээр нь туслах багш С.Л-д очиход С.Л гэртээ байсан. Тэгээд цэцэрлэг дээр хоёулаа ирэхэд цэцэрлэг цоожтой, хүүхдийн тоглоомын талбай дээр гудас байсан. Хүүхэд гишгэсэн, газар ойчоод бохирдсон байсан тул туслах багш С.Л-ыг бохир гудсыг няравт хүлээлгэн өгөөд шинэ гудас хийж авчирч өг гэсэн үүрэг даалгавар өгсөн. Маргааш нь болон бусад өдрүүдэд Д.О болон цэцэрлэгийнхэнтэй уулзаж жил бүрийн 9 сарын 1-ний өдөр Монгол орон даяар боловсролын систем үүд хаалгаа нээн хүүхдүүдээ хүлээн авдаг өдөр яагаад цэцэрлэг цоожилж явсан тухай ярьж арга хэмжээ авах тухай удаа дараа ярьсан. Үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах тухай ярьж байсан боловч ажиллагсад бүгд цалингийн зээлтэй учир сануулах арга хэмжээ авсан. Энэ тухай цэцэрлэгийн тогооч Н.Ц болон үйлчлэгч Л.У нартай ярилцахад “тийм бид нарыг сануулах арга хэмжээ авсан тухай бид мэдэж байна” гэж ярьж байна. Тушаалыг хурал дээр бүгдэд нь танилцуулсан. Уг өдөр цэцэрлэг дээр 2 хүүхэд ирсэн. Нярав хоол өгөөгүй тухай надад мэдэгдээгүй. Ийм нөхцөл байдлын улмаас цэцэрлэгийг түгжсэн тухайд: Ямар ч нөхцөл байдал үүссэн бай цэцэрлэгийн эрхлэгч болон бусад холбогдох хүмүүст мэдэгдээгүй, холбогдох албан тушаалтан болон боловсролын байгууллагуудын дүгнэлт гараагүй байхад Д.Отгонбаяр цэцэрлэг түгжиж явж ажил таслах болон дур мэдэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулах эрх байхгүй тул уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Х сумын Өндөрсант багийн сургуулийн захирлын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дүгээр тушаал, 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаалыг тус тус  хүчингүй болгуулж, цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. Би 2016 оны 10 сарын 20-ны өдөр ажил дээрээ согтуу очоогүй. Урьд өдөр нь амралтын өдөр байсан учир найз нөхөдтэйгөө бага зэрэг архи уусан байсан. Өглөө ажил дээрээ ирэхэд даралт ихсээд бие сайнгүй байсан болохоор туслах багш Лхагвадулам, Цэндсүрэн хоёрт би харьж даралтын эм уугаад ирье гээд явсан. Гэртээ ирээд даралтын эм уугаад ганц хундага архи уучихаад хэвтэж байтал захирал орж ирээд намайг загнаж, ажлаас чинь хална, тушаалаа аваарай гэж хэлээд гарсан. Тогооч Ж.У, үйлчлэгч Л.У, манаач Ц.Г нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би захиралтай уулзах гээд сургууль ороход захирал гал тогоо орсон байсан. Би араас нь гал тогоонд ороход Ж.Удвалцэцэг хүмүүстэй хэрүүл хийгээд шуугиан ихтэй байхаар нь буцаад гарсан. Энэ үед Ж.У намайг согтуу байсныг анзаарах боломжгүй байсан. Тэр өдөр би Ц.Гүндсамбуутай угаасаа таараагүй. Өглөө намайг ажилдаа ирэхэд Л.Уранчимэг ажилдаа ирээгүй байсан. Надтай тараагүй байж худал мэдүүлэг өгсөн байсан. Мөн 2015 оны 10 сарын 01-ний өдөр захирал надад арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа надад сануулах арга хэмжээ авсныг мэдсэн. 2015 оны 09 сарын 01-ний өдөр манай цэцэрлэгт хоёр хүүхэд ирсэн. Тэр өдөр нярав хоолоо өгөөгүй. Хүүхэд өлсөөд байна гэхээр нь дэлгүүрээс печень авч өгсөн. Өдөр нь туслах багшийнд очиж хоёр хүүхдүүдэд хоол хийж өгсөн. Хүүхдүүдийн гэр нь ойр байдаг болохоор орой хүргэж өгсөн. 09 сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд захирал цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж байна гээд цэцэрлэгийг түгжсэн. Бид нар ажлаа эхлүүлэхийг хүлээж бүтэн хоёр өдөр гадаа суусан. Надад арга хэмжээ авсан тушаалыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 сарын 20-ны өдөр орон нутгийн сонгуулийн маргааш өдөр байсан. Би орон нутгийн сонгуулийн ахлах зохион байгуулагч учраас сонгуулийн материалыг сумандаа тушаагаад 09 цагийн үед сургууль орохоор гэрээсээ гараад явж байтал Д.О, Ц хоёр гэр рүүгээ явж байсан. Д.О бид хоёр 21-ний өдөр семинартай байсан. Би сургууль дээр ирээд Д.О-ыг асуухад харьсан гэж хэлсэн. Би семинарт явах зорилготой Д.О-ынд очиход нөхөр нь согтуу өөрөө ч бас согтуу байсан. Би Д.О-ыг багш хүн байж яагаад архи ууж байгаа юм гэж загнаад гарсан. Тэгтэл өдөр нь Д.О хоёр удаа ажил дээр ирсэн. Чи согтуу байж яаж хүүхдүүдийн өмнө зогсох вэ? харь гэж хэлээд хажуугаар нь гарахад архи үнэртэж байсан. Энэ согтуу байдлыг манай сургуулийнхан бүгдээрээ харж байсан. Тэр өдөр Л.У өглөө ажилдаа ирсэн байсан. Захиралд харагдаад яахав гээд хүүхэд ирэхээс өмнө гэрт нь хүргэж өгсөн гэж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байсан. Ц.Г өглөө галлах гээд ороход Д.Отгонбаяр ширээгээ налаад унтаж байсан гэсэн байдаг. Тэгэхээр Д.О Ц.Г-тай таараагүй гэж хэлэх нь зөв байх. 2015 оны 09 сарын 01-нд сургууль дээр нээлт хийгээд 11 цагийн үед цэцэрлэг дээр очтол түгжээтэй байсан. Тэгээд цэцэрлэгийн ажилчдыг хайхад туслах багш Л гэртээ байсан. Лхагвадуламыг дагуулаад цэцэрлэг дээр ирээд яагаад цэцэрлэг цоожлоод явж байгаа юм гэж загнаад тэр өдөр явсан. Маргааш нь ажилчдыг ирэхээр нь бүхэл бүтэн боловсролын систем нээлтээ хийгээд хүүхэд хүлээж авах ёстой өдөр яахаараа хүүхдийн байгууллага цоожилдог юм бэ? гэдэг асуудлыг яриад та нар цэцэрлэгийг цоожилдог юм бол ажилгүй суух ямар байна гээд би цэцэрлэгийг хоёр өдөр цоожилсон нь үнэн. Дараа нь эд нар уйлаад Д.Отгонбаярын даралт ихсээд яанаа гээд гүйлдээд байсан. Би Д.Отгонбаярт 09 сарын 01-ний өдөр байгууллага цоожлоод явдаг багш байхгүй, багш хүн гэж ийм байдаггүй юм гэдгийг өөрт нь, хурал дээр хэлсэн. Би 3 сар 20 хувиар цалин хасна гэж хэлж байсан. Тэгээд ярилцаж байгаад цалингийн зээлтэй хүмүүсийн амьдралыг хохироогоод яахав гэж бодоод 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 тоот сануулах арга хэмжээ авсан тушаалыг гаргасан. Хурал дээр би яриад өнгөрсөн. Энэ талаар би хэлээгүй юм биш байгаа гээд Ц, У хоёртой ярилцаж үзэхэд цалингийн арга хэмжээ авах гэж байгаад сануулах арга хэмжээ авсан гэдгийг бид нар мэдэж байгаа гэж байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдвол багшийн багшлах эрхийг хасдаг. Багшлах эрхийг хассан багшийг байгууллагын удирдлага ажиллуулахгүй байх заалттай. Би Д.О-тай олон янзаар ярилцаж үзсэн. Д.О-ын тухайд архи уусан гэдгээ надад хүлээн зөвшөөрдөг. 11 сарын 24-ний өдөр Засаг дарга, хурлын төлөөлөгч Эрдэнэбат хоёр ирээд манай байгууллага дээр хурал хийсэн. Тэр хурал дээр Д.О би эрүүл байсан, эрүүл хүнийг яахаар ажлаас халах гээд байдаг юм гэсэн асуудлыг ярьсан. Тэгэхээр нь би Д.О-т энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх ёстой юм байна. Яагаад гэхээр чи надад ярьж байгаагаар согтуу байсан, бусад хүмүүст согтуу биш байсан гэж ярьж байна гэсэн. Д.О-т ажлаас 11 сарын     24-нд хална гэсэн мэдэгдэл өгсөн. Яагаад энэ хүмүүст сарын өмнө мэдэгдэл өгөөд ажиллаж байсан бэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу нөхцөл байдлыг тогтоох гэж энэ хүмүүст мэдэгдэл өгч дуудаж асуудаг байсан. Би Д.О-т туслах багшаар түр ажиллуулж байгаад 1, 2 сарын дараа багшийн ажилд нь авна гэж хэлсэн. Шүүхэд өгсний дараа манай нярав ирээд Д.О ажилгүй жаахан хямраад байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3, 4 хүүхэдтэй хүн хямарч байгаад элдэв юм болж магад гэж бодоод гэрт нь очсон. Гэрт нь ороод шүүхээс өргөдлөө буцаагаад авчих чамайг туслах багшаар авъя гэсэн санал тавьсан. Тэр үед  нөхөр нь байсан. Д.О алдаа хийсэн болохоос биш муу багш биш учраас ажилд нь авах бодол байсан. Би хоёр удаа туслах багшийн саналыг тавьсан. Туслах багшийн саналыг тавьдаг учир гэвэл мэдээж согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг гэнэтхэн ажилд нь авахад байгууллагын удирдлагын хувьд хэцүү байсан. Гурав ба түүнээс дээш жилээр багшлах эрхийг нь цуцалбал хоёр жил ажиллаад тэтгэвэрт гарах Д.О-ын тухайд маш харамсалтай. Ийм учраас багшлах эрхийг цуцлаагүй. Д.О-ын даралт нь ихэсдэг гэхдээ тэр өдөр даралт нь ихсээгүй. Би удаа дараа Д.О-ыг даралт ихсэхэд нь эмчид үзүүл, эм уу, биеэ сайн бод гэж хэлж байсан. Тэр өдөр надад бие өвдөөд гэж хэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.О Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 тоот “ажлаас халах тухай” тушаалуудыг хүчингүй болгож Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, мөн Архангай аймгийн Х сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 тоот “сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч Д.О Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилладаг нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.

Хариуцагч Архангай аймгийн Х сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 11 сарын 24-ний өдөр цэцэрлэгийн багш ажилтай Д.Отгонбаярыг ажлаас халах тухай 11 тоот  2 тушаал гаргасан байх ба нэг тушаалд “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 2 сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалын 2.1.6, байгууллагын дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3В-д заасныг үндэслэн цэцэрлэгийн багш ажилтай Д.Отгонбаяр нь 2016 оны 10 сарын 20-ны өдөр ажил дээрээ согтуу ирсэн учир  2016 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халах”-аар, нөгөө тушаалд “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсрол , соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 2 сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалын 2.1.6, байгууллагын дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3В-д заасныг үндэслэн цэцэрлэгийн багш ажилтай Д.Отгонбаяр нь 2016 оны 10 сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ согтуу ирсэн учир  2016 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халах”-аар зааж, ийнхүү гаргасан тушаалаа хариуцагчийн төлөөлөгч Ч.Ганцэцэг “2016 оны 11 сарын 24-ний өдрөөс Д.Отгонбаярыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан боловч оронд нь ажиллах хүн байгаагүй, 11 сарын 30 хүртэл ажиллуулсан учраас дахин 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс Д.Отгонбаярыг ажлаас халах тушаалын дахин гаргасан. Ингэхдээ өмнөх тушаалаа өөрчилж хүчингүй болгоогүй” гэж тайлбарлаж байна.

Ажил олгогч 11 тоот тушаалуудад Д.Отгонбаярыг ажлаас халсан үндэслэлээ “2016 оны 10 сарын 20-ны өдөр ажилдаа согтуу ирсэн” гэжээ.

Гэрч Ж.У, Д.У, Ц.Г нар нэхэмжлэгч Д.О-г 2016 оны 10 сарын 20-ны өдөр ажилдаа согтуу ирсэн талаар мэдүүлсэн. Нэхэмжлэгч Д.О нь гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэсэн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, гэрч нараас мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх хуульд заасан үүрэгтэйг тайлбарлаж мэдүүлэг авсан тул гэрч Ж.У, Д.У, Ц.Г нарын мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзсэн.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгч Д.О нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний гуравын В-д “ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх, уухыг санаачилсан... бол ажлаас шууд халах”-аар заасан.

Нэхэмжлэгч Д.О-ыг ажилдаа согтуу ирж хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргасан үндэслэлээр 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 тоот тушаалаар ажлаас халсныг түүнд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 10 сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн нь гэрч Ж.У, Д.Ур, Ц.Г нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тэрээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 3-ний В-д  заасан зөрчлийг гаргажээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г 2016 оны 10 сарын 20-ны өдөр Д.О-г согтуу байсан болон ажилдаа согтуу ирснийг мэдэж уг зөрчлийг илрүүлсэн нь өөрийнх нь тайлбараар тогтоогддог. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Д.О-н гаргасан зөрчлийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр илрүүлсэн атлаа нэг сар өнгөрсөний дараа 2016 оны 11 сарын 24-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г “Д.О-ыг ажлаас хална гэж нэг сарын өмнө 2016 оны 10 сарын 24-нд мэдэгдэл хүргүүлж 2016 оны 11 сарын 24-нд ажлаас халсан” гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажил олгогч ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд харин ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэхээр хуульд зохицуулаагүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Ч.Г нэхэмжлэгч Д.О-ыг ажлаас халах тухай 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 тоот 2 шийдвэр гаргасан бөгөөд тэрээр захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө засах эрхтэй байхаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан байтал захиргааны актын алдааг засаагүй өөр өөр хууль зүйн үндэслэл бүхий 2 тушаалаар Д.Отгонбаярыг ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч нь Д.О-т сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан, түүнчлэн эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан тул Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халах тухай 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 тоот тушаалуудыг хүчингүй болгож нэхэмжлэгч Д.О-г Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.О  өөрт нь сануулах шийтгэл ногдуулсан Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.О нь “хариуцагчийн хариу тайлбартай танилцахад намайг 2015 оны 10 сарын 1-ний өдрийн 08 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан гэдгээ мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэж нэхэмжлэлдээ бичсэнээс үзэхэд Д.О өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гарсныг 2017 оны 01 сарын 12-нд /хариу тайлбартай танилцсан баримт/ мэджээ. Иймд Д.Отгонбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж үзлээ.

Д.О “би ажиллаж байх хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаагүй, сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг надад өгөөгүй, би мэдээгүй. 2015 оны 9 сарын 01-нд манай цэцэрлэгт хоёр хүүхэд ирсэн. Тэр өдөр нярав хоолоо өгөөгүй. Хүүхэд өлсөөд байна гэхээр нь дэлгүүрээс печень авч өгсөн. Өдөр нь туслах багшийнд очиж хоёр хүүхдүүддээ хоол хийж өгсөн” гэж Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 1-ний өдрийн 08 тоот тушаалыг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г нь нэхэмжлэгч Д.О-ын “2015 оны 09 сарын 01-ний өдөр зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсныг мэдээгүй” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй, мөн Ч.О-ыг зөрчил гаргасныг болон сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдсэн гэдгийг нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн “ажлаас халах тухай” 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 11 тоот тушаалуудыг хүчингүй болгож нэхэмжлэгч Д.О-г Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 08 тоот “сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалын Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгээс 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА