Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нгийн Лд холбогдох эрүүгийн 2538000000117 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Нгийн Л,19*** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, *************** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ************* дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Л нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын ***** багийн нутаг дэвсгэрт Ж.Хын эзэмшлийн сарлагийн тугалтай үнээ буюу 2 тооны үхрийг өөрийн эзэмшлийн малд нийлсэн байхад нь алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Шүүгдэгч Н.Лын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сард манай үхэртэй хоёр тооны үхэр нийлсэн байсан. Тухайн хоёр үхэр манай үхэртэй нийлээд 5 хоносон байх. Тэгээд эзэн нь ирж авахгүй байхаар нь отор явж хүнд морины гөлөмнөөс наймаа хийж зарсан. Ийм л асуудал болсон юм...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Хохирогч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд бэлчээр дээрээс 9 тооны үхэр алга болсон байхаар нь үхрийн араас яваад А гэх газраас алга болсон 9 тооны үхрийнхээ 7 тооны үхрийг олж аваад буцаад оторлож байсан газар гэр рүүгээ явж байтал тус сумын иргэн Х гэх хүнтэй тааралдсан. Тэгээд би тэр Х гэх хүнээс тугалтай үхрээ асуусан чинь үзээгүй, хараагүй гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад хоол унд идээд буцаад нөгөө дутсан алга болсон 1 тугалтай үхрийнхээ араас өөрийн мотоциклиор ганцаараа ***** сумын газар нутгаар хайж яваад Завхан аймгаас оторлож ирсэн айл байгаа гэхээр нь би тэр айлыг олж уулзах гэсэн чинь өөр тийшээ нүүгээд явсан байсан. Тэгээд Х гэх газарт явж байгаад отрын айлаар ороод үхрээ сурагласан. Тэгсэн эзэнгүй хашаанд хүн үхэр хашаад явсан мөр байхаар нь тэр мөрийг нь дагаж явтал Завханы гэсэн нэг айл байсан, нэрийг нь мэдэхгүй байна. ***** сумын Хы доор байдаг айлд очсон чинь миний алдсан тугалтай үхэр тэр айлын үхэрт байхаар нь би тэр айлаас энэ манай үхэр байна гэсэн чинь Х гэх хүн замдаа орхиорой эзэн нь ирж авах байх гэж хэлсэн байсан. Тэгээд байж байтал Х сумын төвөөс нөгөө айлд ирсэн. Тэгээд Х гэх хүн манай үхрийг энэ манай үхэр байна гэж хэлэхээр нь би “энэ тугалтай үхэр манай үхэр, хоёулаа барьж аваад эмийг нь үзэе” гэсэн чинь эмийг нь үзүүлэхгүй байсан. Тэгтэл Х нь надад энэ тугалтай үхэр танай үхэр мөн, би тулсан байсан болохоор танай үхэр гэж хэлж чадахгүй байсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэнд байж байгаад мотоциклоо асаагаад үхэр байсан айл руугаа явсан. Тэгсэн тэр айл миний очиж байсан газраас нүүгээд явсан байсан. Тэгэхээр нь би араас нь ***** сумын гүүрний тэнд очсон. Тэгсэн Х Х 2 миний үхрийг машин дээрээ ачаад миний урдаас ирж явсан. Тэгээд тэр зарсан айл гэх нэрийг нь би мэдэхгүй байна. ***** сумын Хны тал дунд байдаг айлын гадаа аваачиж хаяад явсан байсан. Тэгээд би араас нь явж байгаад тэр айлаас нь үхрээ аваад гэртээ харьсан. Манай оторлож байгаа газартай ойрхон байдаг болохоор үхрээсээ салаад явсан байх гэж бодож байна. Манай алга болсон 9 тооны үхрээс бор тугалтай сарлагын нас нийлсэн үнээний үнийг мэдэхгүй байна. ***** сумын айлд 1,200,000 төгрөгөөр зарсан байсан. Авсан гэх айл нь надад манайх Х гэх хүнээс 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Х надад хэлэхдээ А гэх газрын царам дотор адуутай цуг тугалтай үнээ байхаар нь хөөж яваад тэр айлд зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өглөө намайг адуугаа туугаад ***** сумын ***** багийн нутаг болох Б гэх газарт явж байхад мотоцикльтой танихгүй хүн ганцаараа нэг эрэгтэй хүн үхэр сурсан явж байсан. Тэгээд надаас отрын айл асуусан. Тэгэхээр нь Б гэх газарт байсан Завхан аймгаас ирсэн отрын айлыг асууж байна гэж бодоод тэр айлыг өнөө өглөө нүүгээд явсан гэж нөгөө тааралдсан хүнд хэлсэн. Тэгсэн тэр нүүсэн айл урд орой нь байсан уу гэж асуухаар нь байсан өнөө өглөө нүүгээд явсан гэж хэлсэн чинь хаашаа нүүгээд явсан талаар асуухад нь би Х тал руу нүүгээд явсан гэж хэлсэн. Тэгээд орой манайд ирэхдээ алга болсон үхрээ эзэнтэй нь олоод авлаа хоорондоо ярилцаж явна гэсээр манай нутгийн залуу Н.Лын хамт машинтай архи уусан бололтой ирсэн. Тэгээд манайд хоноод өглөө явсан...Бор тугалтай үхэр хайж явна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),

Ашид билгүүн үнэлгээ ХХК-ийн 2025 оны 0***** сарын 13-ны өдрийн ТХҮ-925-11944 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр сарлагын үнээ, тугалны зах зээлийн үнэ цэнгийг 2025 оны 0***** сарын байдлаар 1,550,000 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 19-23-р хуудас),

Хохирогч Ж.Хын 2025 оны 0***** сарын 26-ны өдөр гаргасан “...Өөрийн өмч болох тугалтай бор сарлагийн минь иргэн Н.Л нь буцааж өгч мөн дээр нь хохирол барагдуулж 300,000 төгрөгийг 2025 оны 0***** сарын 25-ны өдөр бэлэн өгсөн. Үүнээс хойш Н.Лд санал гомдол үгүй тул эвлэрэн нэгдэж байна...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт (хх-ийн 44-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Н.Л нь хохирогч Ж.Хын алдуул малыг завшиж 1,550,000 төгрөгийн  хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.Хын “...Өөрийн өмч болох тугалтай бор сарлагийн минь иргэн Н.Л нь буцааж өгч мөн дээр нь хохирол барагдуулж 300,000 төгрөгийг 2025 оны 0***** сарын 25-ны өдөр бэлэн өгсөн. Үүнээс хойш Н.Лд санал гомдол үгүй тул эвлэрэн нэгдэж байна...” гэх хүсэлт (хх-ийн 44-р хуудас)-ийг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Л нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2538000000117 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Нгийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нгийн Лыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.***** зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.***** зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2538000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР