Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2022/00081/И |
Дугаар | 148/ШШ2022/00251 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 148/ШШ2022/00251
2022 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 148/ШШ2022/00251 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК /РД: *******/-нд холбогдох
75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."******* ХХК-с Ургамал хамгаалах бодис Зээлээр худалдан авсан үнийн үлдэгдэл төлбөр болох 50000'000 /Тавин сая/ төгрөг болон Тооцоо нийлэх гэрээний 2.3 дахь заалтаар тохиролцсон алдангид тооцсон 25000'000 /Хорин таван сая/ төгрөгийн хамт бүгд 75'000'000 /Далан таван сая/ төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл:
Манай ******* ХХК-с Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт гэдэг газарт оршин байрлаж газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг ******* ХХК нь 2019.04.25, 2019.06.29. 2019.07.08-ны өдрүүдэд 3 удаа гэрээ байгуулан нийт 115900000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгаалах бодисыг зээлээр худалдан авсан. Бид дээрх нэр төрлийн бараануудыг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 2 талаасаа сайн дураар хүсэл сонирхлоо илэрхийлэн үнэ, тоо чанараа тохиролцон гэрээгээ байгуулж баталгаажуулснаар манай компани бараа бүтээгдэхүүнээ гэрээнд тохиролцсон хугацаандаа нийлүүлсэн боловч худалдан авагч тал болох ******* ХХК гэрээнд заасан хугацаандаа барааны үнийг бүрэн төлсөнгүй өдийг хүрч ихээхэн ажил чирэгдэл учрууллаа. Барааны үнийг төлөх талаар *******" ХХК-ний эрх бүхий албан тушаалтнуудтай өнгөрсөн 2 жилийн хугацаанд утсаар шаардах болон биеэр явж очих зэргээр ихээхэн хөөцөлдсөн боловч сүүлдээ хариуцаж төлбөр хийх эзэнгүй болоход хүрсэн. Бид бизнесийн үйл ажиллагааны хүрээнд тогтсон холбоондоо хүндэтгэлтэй хандаж анх гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах ямар нэгэн аргыг гэрээндээ тохиролцоогүй боловч 2020.01.23-нд Тооцоо нийлэх гэрээ байгуулахдаа МУ-ын Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.6-д заасны дагуу тооцооны үлдэгдэл 59850000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч Тооцоо нийлэх гэрээ байгуулснаас хойш 9850'000 төгрөгийг 2020.12.05-нд төлөөд үлдэгдэл 50000000 /тавин сая/ төгрөгийг төлөхгүй байгаа тул 2021.12.31-нд дахин тооцоо нийлж актаар баталгаажуулсан юм. Тооцоо нийлэх гэрээгээр тохиролцсон хэмжээ хугацаагаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас ихээр хэтэрч байгаа тул МУ-ын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 25000000 төгрөгөөр тооцлоо.
Иймд ******* ХХК-с МУ-ын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 231 дугаар зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.4,6, 466 дугаар зүйлийн 466.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн *******" ХХК-с зээлээр худалдан борлуулсан барааны үнийн үлдэгдэл 50000000 төгрөг, тооцоо нийлэх гэрээгээр тохиролцсон алдангид 25000000 төгрөг бүгд 75'000000 /Далан таван сая/ төгрөгийг нэхэмжилж байна...гэх.
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* компани нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 06 дугаар сарын 29-ний өдөр, 07 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн Мангиртад хаягтай ******* ХХК-тай 3-н удаагийн нийт 115,900,000 төгрөгийн ургамал хамгаалах бодис, газар тариалангийн бордоо зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж байгуулсан. Төлбөр төлөх хугацаа нь 2019 оны 11 сарын 20-ний дотор төлөхөөр байгуулсан. Уг хугацаандаа төлбөр төлөгдөөгүй ургац алдсан гэх шалтгаан тавьсан. 2020 ондоо 12 сарын 08-ны өдөр 9,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл нь 50,000,000 төгрөг үлдсэн байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх захирал ******* гэх хүнтэй тооцоо нийлэх гэрээ байгуулсан. Ингэхдээ үлдэгдэл 59,000,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 20-ны өдөр өгөхөөр тохиролцож шинээр тооцоо нийлэх гэрээ байгуулж тооцооны үлдэгдлийн баталгааг санхүүд хийсэн байна. 10 сарын 20-ны дотор үлдэгдэл мөнгөө хүү, алдангигүй төлөхөөр тохиролцож, төлөхгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги захиалагч тал гүйцэтгэгч талд төлнө гэсэн гэрээний заалттай байгаа. Үүнийг үндэслэж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги нь 25,000,000 төгрөг, үндсэн өр 50,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацаанд 4 удаа Сэлэнгэ аймагт эвлэрлийн гэрээ болон хэлцэл хийх гэж ирж байна. Аман болон бичгээр тооцооны үлдэгдлийн баталгаа хийж явсан байгаа. 2019 оны 04-р сарын 25-ны гэрээнээс 2022 оны 4 сар хүртэл 4 жил болох гэж байна. 3 жил гаран хугацаанд хэлцэл хийж, тохиролцоонд хүрэх гэж явсан байна. Үлдэгдэл төлбөрийг барагдуулж өгнө үү гэх хүсэлтэй байна гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний өгсөн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн ******* ХХК-аас ургамал хамгаалах бодис зээлээр худалдан авсан үнийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг, тооцоо нийлэх гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар алданги тооцсон 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: хавтаст хэргийн 1-21 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд хэлэлцэн тохиролцож 2019.04.25, 2019.06.29, 2019.07.,08-ний өдөр тус тус байгуулагдсан хүнсний ногооны үр, бордоо, ургамал хамгаалах бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, мөн талуудын хооронд байгуулагдсан 2020.01.23-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ түүний хавсралт зэрэг баримтуудаар дээрх нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд; талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй байна. Гагцхүү дээрх гэрээний дагуу ургамал хамгаалах бодис зээлээр худалдан авсан үнийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг Тооцоо нийлэх гэрээ-ний 2.3-т зааснаар 2020.10.20-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр эсэх дээр мөн маргаагүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д тус тус зааснаар талуудын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдсан ба түүний хэмжээн дээр талууд дээрх байдлаар тохиролцсон бөгөөд үүнд маргаагүй байна. Хавтаст хэргийн 44-46 дугаар талд авагдсан Төрийн банкны дансны хуулбаруудаар ******* ХХК-ийн дансанд ******* ХХК-с зээлээр авсан бодис, бордооны үнийг зохих ёсоор төлж, одоо үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар хариуцагчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6 дахь хэсэгт тус тус зааснаар ******* ХХК-аас 75,000,000 төгрөг гаргуулж ******* ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 532.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН