Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                              П.Янжмаа

Улсын яллагч                                            Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч                                                    Д….

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б….

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д… холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн … суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, "…." ХХК-нд харуулын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн … сумын … багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, … овогт … /РД: …/

Шүүгдэгч Д… нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн … сумын …. багийн нутаг дэвсгэрт байрлах "…" гэдэг газраас зөвшөөрөлгүйгээр, тор тавьж 134 ширхэг "Зарам" загас агнасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д… холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “тухайн байгууллагын албан ёсны харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч … овогт … нь Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэр “...”-аас тор тавин нийт 134 ширхэг загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Д… нууранд тор тавьж загас агнасан тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Б… “…2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д… гуайтай уулзахад би … нуурт 5 ширхэг тор тавьсан байгаа бөгөөд одоо тороо татаж авъя гэсэн тэгээд Д… гуай … нуурт өөрийнхөө тавьсан байсан 5 ширхэг торыг өөрөө татаж гаргаж ирэхэд нийт 134 ширхэг загас торонд орсон байсан юм. Иргэн Д… нь Завхан аймгийн .. сумын .. багийн нутаг … нуурын мөсийг цоолж 5 ширхэг загас барих зориулалттай тор тавьж нийт 134 ширхэг загас барьсан байсныг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр илрүүлсэн юм. Буриад гуайг нуурт тухайн 5 торыг тавьж байхыг хараагүй бөгөөд нуурын мөсөн дээр уулзаж ярилцаж байхад би 5 тор тавьсан байгаа түүнийгээ татах гэж байгаа талаараа хэлж нуурт тавьсан тороо өөрөө татаж гаргаж ирсэн юм. Тухайн үед Д… гуай ганцаараа явж байсан. Түүнд загас барих ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй… гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б… “…2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д… гэдэг хүнтэй нуурын мөсөн дээр явж байгаад таараад уулзахад … гэдэг хүн би өөрөө … нуурт 5 ширхэг тор тавьсан байгаа гэсэн тэгээд одоо тороо татаж нуураа цэвэрлэхгүй бол тор тавиад удчихлаа гэж хэлсэн тэгээд бид нар хамт тор тавьсан газарт нь очиж Д… гуай өөрөө тавьсан торнуудаа нуураас татаж гаргаж ирсэн тэгэхэд торонд орсон загаснуудыг тоолж үзэхэд нийт 134 ширхэг болж байсан…” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х… "...Монгол Улсын Их хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор Завхан аймгийн … сумын … багийн нутагт дэвсгэрт байрлах "…" нь бүхэлдээ хамаарч нийт 253.8 га талбайг хамруулан Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тэгээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/138 дугаар тушаалаар … улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулж өгсөн юм. Иргэн Д… нь зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнасан асуудалд миний хувийн зүгээс бол нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт би … улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан дүгнэлтийн дагуу байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлгээр, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлгээр мэдүүлгээр,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийн “…. нь нийт 5 ширхэг тор тавьж загас барьж нуурын загас барьж мөсөн дээр гаргаж ирсэн байв. Загасыг тоолж үзэхэд нийт 134 ширхэг загас байв “гэсэн хэсгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д… агнасан загас нь “Пельд” буюу зарам нэртэй загас ба түүний үйлдлийн улмаас байгаль экологид 3,805,600 төгрөгийн бодит хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчны газрын Биологийн төрөл зүйлийн мэргэжилтэн Э… 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 134 ширхэг загас нь нуруу бага зэрэг бараан, хажуу мөнгөлөг, гэдэс цагаан, бие өндөр, босоо. Толгойн ар хэсгээс шууд өргөссөн. Ам тэгш, хоншоор нь доод эрүүнээсээ урт, нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй байгаа шинжээрээ цагаан загасны төрлийн Зарам буюу пельд (Coregonus peled) загас байна.

Зарам буюу Пельд (Coregonus peled) зүйлийн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалт, Засгийн газрын ховор амьтны жагсаалт буюу 7 дугаар тогтоолд ороогүй, загасны нэг төрөл зүйл юм. … Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн 260 дугаартай амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.10-т зааснаар (Coregonus peled) зүйлийн загас нь 28400 төгрөг байна. Зарам буюу Пельд шинжилгээнд ирүүлсэн нийт 134 ширхэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ нь 134x28400=3,805,600 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 3,805,600х2=7,611,200 төгрөг болж байна…” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч Д… агнасан 134 ширхэг зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.6-д “Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно” гэж заасныг шүүгдэгч зөрчиж зөвшөөрөлгүйгээр загас агнасан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д… загас агнасан Завхан аймгийн … сумын … нуур гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д ” ... энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, ......зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д… нь хуулийн дээрх заалтыг, зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газар загас агнасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан...” гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч Д…. амьтны аймагт учруулсан хохирол 3,805,600 /гурван сая найман зуун таван мяна зургаан зуун/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж тооцоход гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 7,611,200 /долоон сая зургаан зуун арван нэгэн мянга хоёр зуун/ төгрөг бөгөөд үүнээс шүүгдэгч Д… нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч байгууллагад 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин уур амьсгалын санд төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчээс 6,611,200 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д… эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.... нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч Б... гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 1,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 6,611,200 төгрөгийг  төлөхөө илэрхийлсэн  байна.

Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл нь бодитой гэж үзлээ.

Шүүгдэгч Б... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа,хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлоос 1,000,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 134 ширхэг Зарам загасын түргэн муудах шинжийг харгалзан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байршуулахыг даалгасан боловч уг загасыг худалдан борлуулаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 134 ширхэг загасыг худалдан борлуулж, орлогыг улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загас барих зориулалт бүхий 5 ширхэг торыг дахин ашиглах боломжгүй учир устгаж шийдвэрлэлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 зааснаар “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-ыг байгаль орчин уур амьсгалын сангийн эх үүсвэрт хамаарах учир гэмт хэрэг үйлдэж олсон 134 ширхэг загасыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохдоо байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, болон улсын яллагч нар эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 134 ширхэг загасыг худалдан борлуулсны орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөд зарцуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүнээс бий болсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хураах, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах эрүүгийн хариуцлагын төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, … гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаас үзвэл энэ зүйлийн “... ашиг, орлого ...” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөс бий болсон үр шим, үр төл, түүнчлэн эдийн засгийн эргэлтэд оруулж олсон ашиг, орлого зэргийг ойлгох тул эд мөрийн баримтаар хураагдсан загас нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “” гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсхүл “бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор ... учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос хураана” гэжээ.

Хуулийн заалтыг тодруулахад  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураана эсхүл гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдээс өөр хөрөнгө орлогыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хураахаар заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж улсын орлого болгохоор харин хохирол төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн этгээдээс хураасан эд хөрөнгийг хохирол  төлөхөд зарцуулахаар  заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байгаа боловч энэ зүйл хэсэгт заасан хураан авсан хөрөнгө орлого  гэдэг нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого биш бөгөөд харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогыг хураасан хөрөнгө орлого гэж ойлгохоор  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн “ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 134 ширхэг загасыг худалдан борлуулсны орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулж өгнө “ үү гэсэн дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д… нь  тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Д… авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Д... тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах  талаар арга хэмжээ авах, оршин суух, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргийг албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар  зүйлийн 4, 5, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д... нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д... 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 134 ширхэг зарам загасыг худалдан борлуулсны орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Д...  6,611,200 /зургаан сая зургаан зуун арван нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загас барих зориулалт бүхий 5 ширхэг торыг устгасугай.

10. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.          

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн                1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ