Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 07

 

                                        Б.Бямбадашийн нэхэмжлэлтэй П.Даваадагвад

                                                   холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01  дүгээр сарын 15-ны  өдрийн 131/ШШ2019/00069  дүгээр  шийдвэртэй

Нэхэмжлэгч  Баасангийн Бямбадашийн  нэхэмжлэлтэй  

Хариуцагч Пүрвээгийн Даваадагвад  холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн 2.315.418 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  нэхэмжлэгч  Б.Бямбадашийн давж  заалдах  гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга  Ж.Чимэддорж  нар оролцов. 

Нэхэмжлэгч Баасангийн Бямбадашаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие П.Даваадагватай 2004 онд анх танилцан 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш 2004 онд охин Д.Нансалмаа, 2007 онд хүү Д.Бүрэнбаатар, 2014 онд Д.Бүрэнжаргал нар төрсөн. Гэр бүл болсон цагаас хөдөө 6 сар амьдарсан үеэс хойш гэрт байнга маргаантай байдаг болсон. Суманд дэлгүүрт ажил хийдэг байхад худалдаа наймаа хийсэн хүмүүстэй хардаж хэрүүл хийдэг байсан. Сүүлдээ  намайг зодохдоо чамайг алж байж амарна гэж хэлээд зодсон. Хэрүүл хийх болгондоо хүүхдүүдийн хажууд хэрүүл хийж байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Иймд П.Даваадагваас гэрлэлтийг цуцлуулж, охин Д.Нансалмаа, хүү Д.Бүрэнбаатар, хүү Д.Бүрэнжаргал нарыг эх миний асрамжид үлдээж, гурван хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Бямбадаш нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад надад малын тоо байхгүй байсан учир нэхэмжлэлээ гаргаж чадаагүй байсан. Багийн Засаг даргаасаа малын тоо гаргуулж авсан учир нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

1.  хонь 56 толгой,  хонийг нэг бүрийг 80.000 төгрөгөер

2. ямаа 268 толгой,  ямааг нэг бүрийг 60.000 төгрөгөөр

3. тэмээ 15 толгой,  тэмээг нэг бүрийг 700.000 төгрөгөөр тус тус үнэлж  нийт 56 толгой хонины үнэ 4.480.000 төгрөг,  268 толгой ямааний үнэ 16.080.000 төгрөг, 15 толгой тэмээний үнэ 10.500.000 төгрөг тус тус болсныг нэмж нийт 31.060.000 төгрөгөөс гэр бүлийн 4 гишүүнд ногдох хэсэг буюу 24.848.000 төгрөгийг П.Даваадагваас гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Бямбадаш анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Бид 2004 онд айл гэр болсон. 2014 онд охин Нансалмаа гарсан. Түүнээс хойш намайг зодож, нүддэг болсон. Аргагүйн эрхэнд 2017 онд цагдаа дуудаж өгсөн. Түүнээс хойш чи яасан цагдаатай юм гээд дарамталж зодож нүддэг болсон. Би мал хөрөнгөө хуваалгаад хүүхдүүдийнхээ тэтгэлгийг тогтоолгоно. Би 2017 оны малын тоогоор малаа  хуваалгана учир нь 2017 оноос хойш би энэ хүнтэй хамт амьдраагүй. Гурван хүүхэдтэйгээ амьдарч байсан.  Одоо гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ асрамжидаа авч, тэтгэлэг тогтоолгох, малаа хуваалгах хэрэгтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд зээлсэн мөнгөнөөс түлээ мод авсан хүүхдүүдэд юм авч өгсөн 650 000 төгрөгийг энэ хүнээр төлүүлнэ. Бусдыг нь бол би төлье гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Пүрвээгийн Даваадагва шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2004 онд эхнэр Б.Бямбадаштай танилцаж 2006 онд хурим найраа хийн гэр бүл болсон. 2004 онд охин Д.Нансалмаа, 2007 онд хүү Д.Бүрэнбаатар, 2014 онд хүү Д.Бүрэнжаргал нар төрсөн.  Бид аймгийн төвд 2016 онд хүүхдүүдээ сургуульд оруулж манай эхнэр Б.Бямбадаш нь хүүхдүүдээ зөөж аймагт би  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Идрэнгийн нуруунд малаа маллан амьдрах болсон.  Б.Бямбадаш аймгийн төвд амьдарч эхэлснээсээ хойш зан ааш нь хувирч надад уурлаж байнгын хэрүүл өдөж загнаж хөөж туудаг болсон. Намайг гэр орноо аваад зайл гэх мэтээр хөөгөөд, гэртээ оруулдаггүй. Үүнээс нь болж би хааяа сэтгэлээр унаж архи дарс уусан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын үед энэ асуудлаас болж мөн маргалдаж шилэн хүзүүнээс нь базаж байсан нь үнэн бөгөөд энэ үед цагдаа дуудаж намайг бариулсан. Харин түүний нэхэмжлэлдээ бичсэн шиг байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нь худлаа. Би нэхэмжлэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эхнэрээсээ салмааргүй байна. Хүүхдүүдээ өнчрүүлэлгүй эвтэй найртай амьдармаар байна гэжээ.

Хариуцагч П.Даваадагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний эхнэр Б.Бямбадаш, нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Б.Бямбадаш нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өндөр суманд ирээд  би оёдлоо хийе материал татая гэж хэлээд надаар төрийн банкнаас 2 сая төгрөгийн малчны зээл авахуулсан. Ингээд зээл авахуулаад 2 хоноод аймгийн төв рүү ирсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг шүүхэд өгсөн байсан. Тухайн мөнгийг Б.Бямбадаш өөрийн дансаар авсан. Иймд хэрэв би гэрлэлтээ цуцлуулбал, зээлийг төлөхгүй учраас миний Б.Бямбадашид авч өгсөн зээлийн 2.000.000 төгрөг, түүний хүү 315.418 төгрөг нийт 2.315.418 төгрөгийг Б.Бямбадашаас гаргуулж надад олгож өгнө үү. Тухайн мөнгөөр би зээлийг хаах болно гэжээ.

Хариуцагч П.Даваадагва анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2004 онд айл гэр болсон. Энэ хүн 2016 онд аймагт орж ирсэн. Би мал дээрээ байдаг хаа нэг аймаг орж ирдэг. Энэ хүн сална гээд дайраад байгаа би 3 хүүхдээ бодоод салмааргүй л байна. Чи миний малыг идчихлээ гэдэг би тэр малыг нь идээд байсан зүйл байхгүй. Б.Бямбадаш нь  2017 оны малын тоо гээд байсан 2017 онд ган гачиг болоод мал зөндөө үхэж үрэгддэг. Би зунжин нүүдэг аймгийн наад  нуруунд  гарч нутаглаад буцсан. Надад 5 литр бензиний мөнгө ч болтугай өгөөгүй. Тэндээс үхэж үрэгдээд зөндөө мал үхсэн. Одоо 150 мал байгаа энэ малаа өгчихнө. Өөртөө би юу ч авч хоцрохгүй байгаа гэжээ.  

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Бэсүд овогт Баасангийн Бямбадаш, Бай овогт Пүрвээгийн Даваадагва нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Нансалмаа, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.Бүрэнбаатар, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Бүрэнжаргал нарыг эх Б.Бямбадашийн асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан охин Д.Нансалмаа, хүү Д.Бүрэнбаатар, Д.Бүрэнжаргал нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг П.Даваадагваас гаргуулж тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт тус тус зааснаар 84 тооны ямаа /5.040.000 төгрөг/, 36 тооны хонь /2.880.000 төгрөг/ нийт 120 тооны малыг буюу  /7.920.000 төгрөг/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хонь 20 тоо, ямаа 184 тоо, тэмээ 15 тоо нийт 16.928 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хариуцагч П.Даваадагва нь 2 315 418 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 625.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэгч Б.Бямбадаш нь үлдэх 1.665.418 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200+282.190=352.390 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцагчаас 70200+141.670=211.870 төгрөгийг /хангагдсан 7.920.000 төгрөгийн үнийн дүнгээс 141.670 төгрөг оногдож байгаа/  гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 92.532 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 зааснаар хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51.997 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 26.000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Б.Бямбадаш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2019/00069 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дугаарт “нэхэмжлэлийн шаардлагаас хонь 20 тоо, ямаа 184 тоо буюу 12.640.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон”-ыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161 дүгээр эүйлийн 161.1-т заасан эрхийн дагуу дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна. Үүнд:

Миний бие 2017 оны 02 сараас нөхөр П.Даваадагваас тусдаа амьдрах болсон учир тэр хүртэл хамт өсгөж үржүүлсэн мал буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжилсэн билээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Шүүх хэрэгт цугларсэн эд хөрөнгийн талаарх нотлох баримтыг харьцуулан үнэлэн үзээд малын тоог хамгийн сүүлд тоолуулсан баримтад үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундьн эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзэв” гэсэн нь ИХШХШТХ-ийн 118 дугаэр зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “... нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа юм. Шүүх хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж үзэж хуваахдаа яагаад хамгийн сүүлд тоолуулсан баримт буюу гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн тоо нь илт хасагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх болсон талаар дүгнэлт хийгээгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа харилцан тохиролцохыг хуульчилсан ба Даваадагва захиран зарцуулж олсон ашиг шимийг хэрхэн зарцуулсан талаар тайлбарладаггүй. Малын хорогдол гарсан гэх боловч хэрхэн хорогдсон талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хорогдсон дүнгээр гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваасан нь гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд буюу хүүхдийн эрх ашгийг анхаарч үзээгүй гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбадаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч П.Даваадагвад  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага,  хариуцагч П.Даваадагва нь нэхэмжлэгч Б.Бямбадашид холбогдуулж зээлийн гэрээний үүргийн 2.315.418 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. Анхан шатны шүүх гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг  хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Бямбадаш, хариуцагч П.Даваадагва нар нь  2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан, хоорондоо таарамжгүй болж тус тусдаа амьдарч байгаа,  П.Даваадагва нь  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 440 дүгээр шийтгэвэрээр  эхнэр Б.Бямбадашыг зодож, гутаан доромжилж сэтгэл санааны шаналал үүсгэсэн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл эдэлж байсан, мөн Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөгчийн Б.Бямбадаштай уулзаж ярилцсан тухай үйл явцын тэмдэглэл /хх-ийн 84-88 дугаар тал/, гэрч Г.Лхагвасүрэн, З.Буяннэмэх  нарын мэдүүлгүүд /хх-ийн 59-64 дүгээр тал/,  болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар  зэргээс дүгнэлт хийж  үзвэл  анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийн саналыг авсаны үндсэн дээр охин Д.Нансалмаа, хүү Д.Бүрэнбаатар,  Д.Бүрэнжаргал нарыг  эх Б.Бямбадашийн асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу хүүхдүүдийн  тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий байна.

Хариуцагч П.Даваадагваас нэхэмжлэгч Б.Бямбадашид холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн 2.315.418 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаан дээр тохиролцоод хариуцагч П.Даваадагва нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа 625.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэгч Б.Бямбадаш нь үлдэх 1.665.418 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон, энэ талаар талууд ямар нэгэн маргаангүй байна.

Хариуцагч П.Даваадагва нь  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нуруунд малаа маллаж  амьдардаг бөгөөд  2018 оны жилийн  эцсийн мал тооллогоор хонь 45, ямаа 105, нийт 150 толгой мал тоолуулсан болох нь  /хх-ийн 125 дугаар тал/  Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 126-130 дугаар тал/ мал тэжээвэр амьтадын 2018 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх  2018 оны мал тооллогын дансыг  үндэслэж нийт 150 толгой малыг  гэр бүлийн  нийт гишүүдэд хувааж  нэг хүнд ноогдох малыг гаргасаны үндсэн дээр нэхэмжлэгч Б.Бямбадашид  120 толгой малыг олгож,  хариуцагч П.Даваадагвад 30 толгой малыг үлдээн  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Бямбадаш нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч малыг хуваахдаа хамгийн сүүлд тоолуулсан баримт буюу гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн тоо нь илт хасагдсан баримтад үндэслэн шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, 2017 оны малын тооллогын баримтаар малыг хуваалгана  гэж  гомдол гаргажээ.

 Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл /хх-ийн 54 дүгээр тал/ Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтод  П.Даваадагва нь  2017 онд хонь 56, ямаа 268, нийт 324 мал тоолуулсан болно гэсэн тодорхойлолт байгаа бөгөөд 2017 оны мал тоологын данс байхгүй байна.  Харин 2018 оны мал тооллогын данс буюу мал, тэжээвэр амьтадын 2018 оны тооллого /хх-ийн 126-130 дугаар тал/  гэсэн баримтад малын тооны өөрчлөлт гэсэн хүснэгтэд  өмнөх онд тоологдсон малын тоо гэсэн хэсэгт 2017 онд хонь 56, ямаа 268, нийт 324 мал тоолуулсан байна.  Иймд  хариуцагч П.Даваадагва, нэхэмжлэгч Б.Бямбадаш нар нь  2017 онд хонь 56, ямаа 268, нийт 324 малтай байсан болох нь  тогтоогдож байна.

Харин энэ 2017 онд тоологдож байсан малаас 74 ямаа худалдаж борлуулсан, 23 ямаа хүнсэнд хэрэглэсэн, 66 ямаа зүй бусаар хорогдсон гэж 2018 оны  мал тооллогын баримтад бүртгэгдсэн бөгөөд  нийт 268 толгой ямаанаас  борлуулсан, хүнсэнд хэрэглэсэн, зүй бусаар хорогдсон гэж бүртгэгдсэн нийт  163 толгой ямааг  хасвал үлдэж байгаа нь  105 толгой ямаа  үлдсэн, 2017 онд 56 толгой хонь гэж тоологдсоноос 11 хонь хүнсэнд хэрэглэсэн гэж  бүртгэгдээд үлдсэн нь  45 толгой хонь үлдсэн байна. 

Энэ 2017 онд тоологдсон малаас  хасагдаж, хорогдож байгаа малын хөдөлгөөн нь 2018 оны мал тооллогын данс буюу мал, тэжээвэр амьтадын 2018 оны тооллого /хх-ийн 126-130 дугаар тал/  гэсэн баримтад малын тооны өөрчлөлт гэсэн хүснэгтэд  харагдаж байгаа бөгөөд  энэ мал тооллогын данс нь  нотлох баримтаар хэрэгт авагдсан байх тул үнэлж шийдвэрлэх үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Бямбадаш нь  2017 онд тоологдсон малаас  2018 онд тоологдож байгаа малын хооронд худалдан борлуулсан, хүнсэнд хэрэглэсэн, зүй бусаар хорогдсон гэж байгаа 163 толгой ямаа, 11 толгой хонины талаар үгүйсгэж байгаа талаараа нотлох баримтаа гаргаж  нотлоогүй, малаа дарж тоолуулсан гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  Нэхэмжлэгч Б.Бямбадаш нь  2018 онд тоологдсон малын тоог  буруу гэж үзэж байгаа бол энэ тухайгаа шүүхэд хүсэлт гаргаж  дахин шалгуулах боломжтой байсан боловч ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтанд үндэслэж  2018 оны жилийн эцсийн мал тооллогоор хонь 45, ямаа 105, нийт 150 толгой мал тоолуулсан баримтыг үндэслэж  нэхэмжлэгч Б.Бямбадашид  120 толгой малыг олгож,  хариуцагч П.Даваадагвад 30 толгой малыг үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна. Харин нэхэмжлэгч Б.Бямбадаш нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч малыг хуваахдаа хамгийн сүүлд тоолуулсан баримт буюу гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн тоо нь илт хасагдсан баримтад үндэслэн шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл нь няцаагдаж  байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бямбадашийн  давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Бямбадашаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 217.190 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

            Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

       ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 131/ШШ2019/00069  дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бямбадашын  давж заалдах  гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадашаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 217.190  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

    ДАРГАЛАГЧ 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ  

                           Г.УЛАМБАЯР