Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/02966

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Харнууд овогт Г.О /РД:0/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Гомбо овогт Г.О /РД:*******/,

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Арслан овогт Ж.О /РД:0/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,795,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О, хариуцагч Г.О, Ж.От, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.От, Г.О нартай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 1 сард 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.От, Г.О нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 43 хоногийн алданги 645,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, зээлийн хүү 150,000 төгрөг, нийт 3,795,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь 5 сарын зээлийн хүүд 750,000 төгрөг төлсөн гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид Г.Оээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Уг мөнгөөр бид дэлгүүр түрээслэн ажиллуулах байсан боловч корона вирус өвчний улмаас орлого муудаж дампуурсан. Бид 2020 оны 05 сараас Баянзүрх дүүргийн ******* тоотод Хэрлэн хөлөн буйр нэртэй дэлгүүрт туслах ажилтан, худалдагчаар ажиллаж байсан. Гэвч тус хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас ирсэнээс болоод дэлгүүрийн эзэн нь итгэл найдваргүй хүмүүс байна гэж дүгнээд ажлаас халсан. Одоогоор тогтсон амьдрах байргүй, эрхэлсэн ажилгүй байгаа. Иймд зээлийн үндсэн төлбөрийг л төлнө. Зээлийн хүү, алданги төлөхгүй. Мөн 3,000,000 төгрөгийг аижл хийж орлого олсоны дараа төлөх хүсэлттэй байна. Мөн 11 дүгээр ангийн 2 охинтой тул хоол хүнс, сурагчийн зардал зэргийг харгалзан үзнэ үү. Бид хоёр Сэлэнгэ аймагт бүртгэлтэй амьдардаг. Гэхдээ одоогоор Улаанбаатар хотод ах дүү нараараа ээлжлэн хонож байгаа. Иймд тус хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрлүүлмээр байна. Бид Хаан банкид сар бүр 700,000 төгрөгийн зээл төлдөг тул дээрх байдлыг мөн харгалзан үзнэ үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ж.От, Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,795,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.О нь 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.От, Г.О нар нь сар бүр 5 хувийн хүү төлөх, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 3,000,000 төгрөгийг хариуцагч нарт нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн үйл баримтын тайлбар хэн аль нь тайлбарласан, энэ нь мөн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед зохигчид зээлийн хүүд нийт 5 сарын хугацааны 750,000 төгрөг төлсөн, зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 645,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 150,000 төгрөг байгаа талаар хэн аль нь маргаагүй, тайлбарласан.

Хариуцагч нар нь зээлийн хүүд үлдэх 150,000 төгрөг, алданги 645,000 төгрөгийг тус тус төлөхгүй гэж маргах боловч уг татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч нар нь уг татгалзлын үндэслэлээ ...ажил хөдөлмөр эрхэлдэггүй, санхүүгийн чадваргүй, Хаан банкинд давхар зээл төлдөг гэх боловч уг байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

Иймд хариуцагч Ж.От, Г.О нараас зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, алданги 645,000 төгрөг, нийт 3,795,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд уг өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн 67 хоног байх ба нэхэмжлэгч 43 хоногийн алданги нэхэмжилсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангид 645,000 төгрөг гаргуулсан болно.

Хариуцагч нар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 1 дүгээр баг, Дэлгэрхаан залаат гудамж, 2-08 тоотод оршин суудаг байх ба тус шүүхээр хэргийг шийдэрлүүлэх хүсэлтийг зохигч нараас гаргасны дагуу хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.От, Г.О нараас 3,795,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 75,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ