Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/шцт/29

 

2025          03          18                                                         2025/ШЦТ/29

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * *д холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 19* оны * дугаар сарын *-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, * настай, дээд боловсролтой, дохиолол төвлөрүүлэлтийн инженер мэргэжилтэй, * ажилтай, ам бүл *, *аймгийн * сум  * дугаар хороолол * тоотод оршин суух хаягтай,  * * /РД:*/,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч * нь 2024 оны 03 дугаар сард * * хариуцан * өртөөнд томилолтоор ажиллаж байхдаа өртөөний дарга * нь ажлын зөөврийн компьютерт фейсбүүк хаягаа нэвтрүүлж, гаргаагүй орхисон байхад нь түүний захидал харилцааны мэдээлэл буюу цахим орчинд бусадтай харилцсан "гэр бүлээс гадуурх харилцааны шинжтэй" зурвасыг олж мэдэн, хадгалж аваад “өөрийн чинь цахим хаягаар хүмүүстэй бичсэн зүйлийг чинь олон нийтэд цахим орчинд тараана” гэж сүрдүүлэн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч, "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

 

1. Хохирогч *гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 03 дугаар сараас эхлэн миний цахим "* *" гэх фейсбүүк шуудан луу үл таних "*" гэх фейсбүүк хаягаас цахим шуудангаар /чат/ "Өөрийн чинь цахим хаягаар хүмүүстэй бичсэн зүйлийг чинь олон нийтэд цахим орчинд тараана" гэж, мөн миний эмэгтэй хүмүүстэй бичсэн зурвасын зургийг нь аваад над руу явуулж нөхөртэй хүмүүстэй харилцаж, хайртай шүү гэж янз бүрийн бичсэн зүйлээр дарамталж "цахим орчинд тараана" гэхээр нь би "наад хүмүүс чинь бүгд амьдралтай хүмүүс шүү, энэ хүмүүсийг бодохгүй бол болохгүй" гэхэд "Хоёулаа тохирч болно" гэж хэлээд надаас 2024 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрийн хооронд яг сайн санахгүй байна. 2.000.000 төгрөг нэхэж, дарамтлахаар нь би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр * өртөөнд өрөөндөө сууж байхдаа өврийн Хаан банкны * тоот дугаарын данснаас "* rэх фейсбүүк хаягаас явуулсан данс болох Хаан банкны * тоот дугаарын * гэх хүний данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн.. Тухайн асуудлаас болоод би тэр үед өөрийн бичсэн бvх зурвасуудаа устгасан. Би өөрөө ганц бие хүн болохоор эмэгтэй хүмүүстэй янз бүрийн байдлаар хайртай, дуртай, дотно байдлаар зурвас бичсэн зүйлүүд байсан. Надтай зурвас бичдэг байсан эмэгтэй хүмүүс гэр бүлтэй хүмүүс байсан тул би айж, сандарч нэхсэн 2.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн... би гар утсаа бусдад дамжуулж байгаагүй. Манай * хариуцсан инженер * 2024 оны 03-р сард гэж бодож байна. Инженер * нь сардаа ажлын шаардлагаар манай * зөрлөгт 2-3 удаа ирж миний компьютер дээр сууж хамтарсан акт, баримт зэргийг бичдэг. Өөр хүн миний компьютер дээр суугаад байдаггүй. Би ажлын компьютер дээр өөрийн фейсбүүк хаягаараа нэвтэрч ороод хадгалсан байдаг. Ямар нэгэн хүн суухад миний фейсбүүк хаяг шууд кодгүй орно 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.* гэх хүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг мэдүүлэгт хавсаргаж өгнө..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

 

2. Гэрч Б.*ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ц. * нь өөрийн гар утасны дугаар болох 99078746 дугаараас 11 цагийн үед гэж санаж байна залгаад "Дансаа өгчих, хэдэн төгрөг чам руу хүн шилжүүлнэ, чи тэр мөнгийг миний өгөх дансанд хийчих, би өөрийн дансандаа авч болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Б.* гэх нэршилтэй фейсбүүк хаягаас *ий фейсбүүк хаяг луу өөрийн данс болох Хаан банкны * тоот дугаарын дансыг бичээд зурвас явуултал *гөөс "мөнгө орж ирвэл энэ данс руу хийгээрэй гээд Голомт банкны * тоот дугаарын данс явуулаад, данс ашигласны 20.000 төгрөг аваад үлдээрэй" гэсэн. Тухайн үед би ямар учиртай мөнгө юм бэ гэхэд "Ажлын холбоотой мөнгө байгаа юм аа" гэж хэлэхээр нь нээх тоогоогүй. Удалгүй миний Хаан банкны * тоот дугаарын дансанд Хаан банкны * тоот дугаарын данснаас 2.000.000 төгрөг "*" гэх утгатай орлого орж ирсэн. Тэгээд би тухайн мөнгийг найз *ий хэлсний дагуу явуулсан Голомт банкны * тоот дугаарын н.* гэх хүний дансанд 1.980.000 төгрөгийг шилжүүлсэн. Найз *ээс миний дансанд өөр ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны * тоот дугаарын дансанд 2.000.000 төгрөг орж ирсэн орлого болон миний данснаас зарлагаар гарсан 1.980.000 төгрөгийг Голомт банкны * тоот дугаарын дансанд шилжүүлсэн баримтыг мэдүүлэгт хавсаргаж өгнө..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

3. Гэрч Г.*ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...Манай үеэл дүү * нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр над руу залгаад "Та дансаа өгөөч би хүнээс мөнгө авах юм аа гэхээр нь ажил ихтэй байсан учир ямар учиртай мөнгө миний дансанд хийх гэж байгааг нь асуулгүй өөрийн Голомт банкны * тоот дугаарын дансыг *ий фейсбүүк хаяг луу нь зурвасаар дансаа явуулсан удалгүй миний дансанд * тоот дугаарын * * гэх данснаас 1.980.000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 25-26-р хуудас/,

 

4. 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

5. Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3-р хуудас/,

6. 2024 оны 04 сарын 26-ны өдөр 11 цаг 49 минутад 2.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай цахим мэдээллийг бэхжүүлсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-р хуудас/,

7. 2024 оны 07 дугаар сарын 04-ний Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000000069 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,

8. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч *гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 48-49-р хуудас/,

9. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70-р хуудас/,

10. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эд зүйл баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 97-99, 100-104-р хуудас/,

11. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-108-р хуудас/,

12. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Прокурорын газраас шүүгдэгч *г Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн фэйсбүүкээр бусадтай харилцсан хувийн харилцааны шинжтэй зурвасуудыг хадгалж аван, эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өг, өгөхгүй бол олон нийтийн цахим сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, 2,000,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан авсан гэх үйл баримт нь тогтоогдож байгаа бөгөөд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

 

            Мөн эрх хууль ёсны эрх ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл гэдэг нь Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд зааснаар “захидал харилцааны мэдээлэл” гэж захидал илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг, “Хүний эмзэг мэдээлэл” гэж …захидал харилцааны мэдээллийг ойлгохоор заасан байх ба энэ мэдээллийг задруулбал хохирогчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц мэдээлэл байсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдоно.

 

Шүүгдэгч * нь  үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч  нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /2хавтаст хэргийн 8-10-р хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч * нь “...* надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хохиролд 2,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны * тоот дансаар авсан нь үнэн болно...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч * нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 72-р хуудас/,

Иймд шүүгдэгч *д прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 1 жилийн хуулийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

“Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон цалин орлоготой болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон тул шүүгдэгчид торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Dell загварын нотебүүк 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч * *г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Dell загварын нотебүүк 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН