| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/34 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/34
2025 03 31 2025/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *гийн *т холбогдох эрүүгийн 2533000130016 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл *, * хамт, * аймгийн * сумын *-р баг, * хэсэг, * тоотод орших суух хаягтай боловч * аймгийн * сумын * тоотод оршин суудаг, улсаас авсан гавья шагналгүй, ял шийтгэлгүй, *гийн * /РД:*/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч * нь 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг Ширээ нуруу гэх газар согтуурсан үедээ *той маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор, хамар ясны хугарал, хамрын таславийн мурийлт, баруун дээд 1, 2-р шүдний 1/3 хэсгийн хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
1. Хохирогч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ны шөнө 00 цаг өнгөрөөгөөд Сэлэнгэ аймаг Сайхан сум Ширээ нуруу гэх газар * гэх найзынхаа гэрт би *, * бид хэд очсон би хаягийн сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хэд 2 ширхэг Сэнгүр нэртэй 2 литрийн пиво хувааж уугаад унтах гээд хэвтэж байсан тэгээд *, нэг эмэгтэй хүүхэдтэй утсаар ярьж байсан тэгээд * орилоод чанга дуугараад унтуулахгүй байсан тэгэхээр нь би уурлаад би *т хандан чи чимээгүй байгаач ээ болохгүй бол миний хажуугаар орж ирээд унт гэсэн чин * чи *тэй утсаар ярьж байгаа охиныг өмөөрлөө гэхээр нь чи юу хуцаад байгаан гээд хажуудаа тайлаад тавьсан байсан гутлаа аваад шидсэн чин * чи ийм болцон юм байна гэхээр нь би угаасаа ийм болцон гээд хувцсаа өмсөөд би харилаа гээд гараад гудамж уруудаад хараа гол гүүр дөхөж явахад * араас ирээд чи ямар сонин болцон писда вэ гэхээр би *д хандан чи битгий өдөөд байгаарай гээд *г 3 удаа алгадсан. Тэгсэн чинь * нүүр хэсэгт нэг удаа цохихоор нь би доошоо тонгойгоод хоёр гараараа *гийн хоёр хөлийнх нь гуя хэсгээс нь барьж * миний шүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойсон байхад миний нуруу хэсэгт нэг удаа цохисон тэгээд миний цус гарахаар нь цааш нь түлхээд зайгаа барьсан тэгээд ам хэсэгт өвдөөд байхаар нь шүдээ үзсэн чин урд талын 2 шүд хугарчихсан байсан. Тэгэхээр нь би *д хандан чи шүд хугалчихлаа гэсэн чинь наадах чинь хугараагүй байна гээд намайг түлхээд чи цаашаа бай намайг гэндүүлж унгаагаад зодох гээд байна гээд надаас зайгаа барьсан. Тэгэхээр нь чи энийг хар гээд шүдээ харуулсан тэгээд би зүүн гараараа *гийн нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгээд хойшоо болоод байж байхад * хүрч ирээд миний зүүн талын нүд хэсэгт нэг удаа цохиод хамар хэсэгт нэг удаа мөргөөд зүүн талын нүд хэсэгт хоёр удаа цохисон тэгээд бид зодолдохоо болиод би ээж рүүгээ залгаад миний шүд хугарчихлаа та хүрээд ир гээд ээж ирээд бид хоёр цагдаа дээр ирсэн ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
2. Гэрч * мөрдөн байцаалтад өгсөн “...Миний одоо санаж байгаагаар 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манайд буюу * би гэрийн хаягийг тодорхой нарийн сайн мэдэхгүй. Тэр өдөр манай гэрт найз *, * нар ирээд бид нар 2 литрийн том савлагаатай 5 лааз пиво уусан. Уугаад нэлээд муудсан байхад *, * нар маргалдаад байсан яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч л байсан маргалдаж байгаад хамт гарч яваад буцаж орж ирээгүй. Гэрт * бид 3 хоносон. *, * нар гарч яваад хэсэг хугацааны дараа * гэртээ харилаа гээд шөнө явсан. Маргааш нь *той өдөр 12 цагийн орчим утсаар дүрсээ харж ярихад надад нүүрээ харуулаад байсан. Гэрээс чинь гараад *тай зодолдоод миний шүд уначихсан одоо эмнэлэг рүү явлаа гэж байсан. Юунаас болж маргалдаж зодолдож байсан талаараа хэлээгүй. Ямар ч л байсан *т зодуулсан талаараа хэлсэн. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
3. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой * гэх газарт оршин суудаг найз *, *, * нарын хамтаар 19-20 цагийн орчим очсон би гэрийнх нь хаягийг тодорхой сайн мэдэхгүй. *ийн гэрт очиход 2 литрийн савлагаатай 5 лааз том пиво байсан үүнийг нь бид нар бүгд хувааж уусан. Ууж байхад * нэг охинтой утсаар яриад * тэр охинтой нь хэрэлдэх үед би гадаа гараад машины аккумляторын утсыг нь салгаад бие засчхаад буцаад орсон чинь *, * нар хоорондоо маргалдаад байж байсан. Ямар ч байсан * *т хандаж тайван унтуулсангүй гэж уурлаад байсан. Тэгж байгаад * харилаа гээд гараад явсан удалгүй * араас нь ганцаараа гараад явсан. Би дараа нь тэр 2-ын араас гарахад *ийн гэрээс хойд зүгт нэлээд зайтай *, * 2 дахиад маргалдаад байж байсан. Намайг очиход барьцалдаад авахаар нь би *ийг тэвэрч аваад зодолдуулаагүй Гэтэл * тэр 2 хэрэлдээд байхаар нь би хүний үг ойлгодоггүй гээд хаячхаад буцаад *ийн гэрт очоод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх- ийн 16-р хуудас/,
4. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой * гэх газарт оршин суудаг найз *ийн гэрт *, *, *, * нарын хамтаар 19-20 цагийн орчим очсон би гэрийнх нь хаягийг тодорхой сайн мэдэхгүй. Ингээд тухайн үедээ намайг тэд нартай уулзахад 2 литрийн савлагаатай 5 ширхэг том савтай пиво авчихсан байсан тэрийг *ийн гэрт бид нар хувааж уусан. Ингээд авсан пиво хувааж ууж байхад Би *ийн хамтаар бага зэрэг согтоод унтах гэж байхад *, * нар гараад явсан би яагаад гараад явсан талаар сайн санахгүй байна. Маргааш нь би *тай гэртээ байхад *ийн ээж нь миний утсаар *тай яриад чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм бэ? гэж байсан. Утсаар ярьсны дараа * *ийн ээжийн ажил дээр нь уулзаж уучлалт гуйна гэж байсан. Ингээд надтай хамт *д байдаг *ийн ээжийн ажил дээр * очиж уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг /хх- ийн 18-р хуудас/,
5. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...Би 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр би яг хэзээ гэдгийг тодорхой нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан шөнө над руу манай хүү * залгаад - ээж намайг * зодоод шүд хугалаад хамар сонин болгочихлоо гэхээр нь хаана байгаа талаар тодруулахад надад -та ширээ нурууны гүүрэн дээр хүрээд ир би бүүр цус нөжтэйгөө холилдсон байна гэхээр нь би аавтай нь хамт яваад очиход хамар, уруул нь хавдсан цус гарсан байсан Ингээд цагдаа дээр ирээд өргөдлөө гаргасан...” гэх мэдүүлэг /хх- ийн 21-р хуудас/,
6. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай
-*ийн биед зүүн хоншоор хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 1, 2-р шүдний 1/3 хэсгийн хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,
-Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна,
-Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид биеийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,
7. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
8. 2025 оны 02 дугаар сарын 25-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000130016 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,
9. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 57-58-р хуудас/,
10. 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,
11. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-108-р хуудас/,
12. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ийн биед биед зүүн хоншоор хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 1, 2-р шүдний 1/3 хэсгийн хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч * нь *ийн нүүр, шүд хэсэгт гараараа цохисны улмаас бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд *ын үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч * нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурор дээрх хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 72-74-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч * нь “...Хохирогч * миний бие *т зодуулсан хэрэгт хохирол 2,000,000 төгрөг хүлээн авсан. Би сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй надад гомдол санал байхгүй тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч * нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 70-р хуудас/,
Иймд шүүгдэгч *т прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 сарын хуулийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
“Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх ба шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, цалин орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *гийн *ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *дт мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН