Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр Хар-Ус нуурын Цахиуртын хоолой гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загасны тор татан 100 ширхэг Алтайн сугас загасыг зөвшөөрөлгүй барьж агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах Хар-Ус нуурын Цахиуртын хоолой газраас загасны тор ашиглан 100 ширхэг Алтайн сугас загасыг зөвшөөрөлгүй барьж агнасан нь хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-21 дэх тал), *******ий унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-21 дэх тал), 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн Байгаль орчны газрын агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч *******гийн өгсөн мэдүүлэг, (хавтаст хэргийн 109-111 дэх тал), гэрч Д.Чинбатын өгсөн мэдүүлэг, (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч ын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ХОВ0325/050 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрч гийн өгсөн мэдүүлэг, (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

 

1.4. Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.5. Шүүгдэгч нь амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нийт 3000000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед “...******* нь 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн үнэн ...” гэж (хавтаст хэргийн 79 дэх тал) мэдүүлгээр нотлогдож байна. Иймд  шүүгдэгчийг амьтны аймагт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.

2.3. Шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд сануулав.

2.4. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн загасны тор 1 ширхэг, 100 ширхэг Алтайн сугас загасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

2.6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д сануулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн загасны тор 1 ширхэг, 100 ширхэг Алтайн сугас загасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь амьтны аймагт учирсан хохиролд 3000000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК