Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2017/00086

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2017/00082

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19.. онд төрсөн, Архангай аймгийн Т сумын Баян-Өндөр багт оршин суух М овгийн Д.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 19.. онд төрсөн, Архангай аймгийн Т сумын Баян-Өндөр баг Жинст гэх газар оршин суух Б овгийн М.Б-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, хариуцагч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Б-тай 2008 оноос дотносон 2008 оны 09 сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болж аз жаргалтай амьдарч байсан. Гэтэл нөхөр маань 2009 оноос зан ааш нь хувирч архинд орж, хэл амаар доромжилж айлгадаг байсан. Цаашид би амьдрах боломжгүй дарамттай байсан. Энэ байдлыг би тэвчихийн аргагүй болж өөрийн аавындаа амьдарч байна. Одоо бид тусдаа амьдраад 9 жил болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ. /хх-1х/

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б миний бие 2008 оноос М-тай дотносон 2008 оны 09 сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болж аз жаргалтай амьдарч байсан. Өөрийн гэр орондоо архи дарс ууж, дарамталж байгаагүй. Би хүүхдийн 20.000 авч байгаагүй. Ээж нь халамжийн байцаагчаас шинээр дэвтэр нээлгэн одоог хүртэл мөнгийг авч байгаа. Хүүгээ би өөрийн аав, ээжийн хамт өдий 7 нас хүртэл асарч байна. Миний эхнэрийн ээж нь биднийг та нар хүүхдээ ав манайх тэжээж чадахгүй гэж хэлээд бид 6 сартай байхад нь авч өдий 7 настай болтол асарч байна. Тийм учраас би өөрөө хүүгээ асран хамгаална. Ээжид нь өгөхгүй. Энэ хүн бол маш их хэцүү өвлийн хүйтэнд аав, ээжийг зовоож гэр рүүгээ гүйж байсан. Тэгээд нэг өдөр өөрөө унаатай ирээд юмаа авч явсан. Түүнээс хойш 7 жил болж байна. Ингээд би хүүгээ өөр дээрээ авна. Гэр бүлээ цуцлах санал тавьсан учир зөвшөөрч байна гэжээ. /хх-14х/

Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Б-тай албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээд жил гаруй хамт амьдарсан. Миний хүүг Б.А гэдэг,  2008 онд төрсөн. Одоо 7 настай, 1-р ангид сурдаг. Бид хоёрыг салах үед миний хүү 1 настай байсан. Үүнээс хойш аавтайгаа хамт байгаа, намайг хүүтэйгээ уулзах гээд очихоор хадмууд уулзуулдаггүй байсан учир уулзахаа больсон. Би одоо ээж аавтайгаа хамт амьдардаг. М.Б-с гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаруулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүүхдээ аавынх нь асрамжинд үлдээнэ. Цаашид хүүхэдтэйгээ байнга нээлттэй уулзаж байх саналтай байна гэв.

Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.М-тай нэг жил гаруй хамт амьдраад тусдаа амьдарсан. Тусдаа амьдарснаас хойш хүү М.А миний асрамжинд байгаа. Одоо би аав, ээж, хүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Би хүүгээ ээжтэй нь уулзуулна. Одоо том болсон хүүхэд ээжийгээ мэдэх хэрэгтэй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь М.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хүүхдээ асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

М.Б, Д.М нар нь 2008 оны 09 сарын 29-ний өдөр гэр бүл болсон нь 0031941 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-6х/, гэрлэгчдийн дундаас хүү Б.Аюурзана 2009 оны 09 сарын 30-нд төрсөн нь Г-56 тоот төрсний гэрчилгээний хуулбараар /хх-6х/ тогтоогдож байна.

Хариуцагч М.Б нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрлэгчидэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон мөн гэрлэгчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан эвлэрэх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул М.Б, Д.М нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Б.А нь эцэг М.Б-ийн асрамжинд өсөж торниж байгаа, тэрээр 1 настайгаасаа ээжтэйгээ хамт амьдраагүй нь зохигчийн тайлбараар тогтоогддог, хүү Б.А-ыг эцэг М.Б-ийн асрамжинд өгөхөөр талууд тохиролцсон, хүүхдийн амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал хүүхэд өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй тул 2009 оны 09 сарын 30-нд төрсөн Б.А-г эцэг М.Б-н асрамжинд үлдээх нь зүйтэй.    

Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг  дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овгийн М.Б, Монгол овгийн Д-ын М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 09 сарын 30-нд төрсөн Б овгийн Б-н А-ыг эцэг М.Б-н асрамжинд үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдсугай.

 

4. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг тайлбарласугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч М.Б-с 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

 

7. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА