Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 47

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

хохирогч П.*******,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0055 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өмнө нь хамтран амьдарч байсан П.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан Г.*******ыг явах гэхэд П.******* явуулахгүй гэж куртикны халааснаас нь барьчихсан зогсож байхад нь гарыг нь мушгиж куртикээ тавиулан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны урд хувийн харилцаатай байсан П.*******тэй тааралдан түүнийг гэрийн мөнгө авна гэхэд хоорондоо маргалдаж байгаад явах гэхэд П.******* явуулахгүй гэж куртикны халааснаас зуурахад гарыг нь тавиулах гэж хүчилснээс түүний зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл бие махбодид санаатай учруулан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: “Би хохирогчийн гарыг хугалаагүй. Миний куртикний энгэрийг барьсан байсныг би угзарч куртикээ авсан. ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ийн өгсөн: “2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гансүхийн уурхайд ******* бид хоёр анх гэр бүл болсон. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамт амьдрах хугацаанд янз бүр хэрүүл болж байгаагүй. 2016 оны 12 дугаар сараас шүүгдэгч архи уух болсон. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр уурхай дээр согтуу байх үед нь би архи ууж болохгүй талаар шаардлага тавихад шүүгдэгчийн хувцсыг ээж, ах, эгч нар нь гэрээс ирж аваад явсан байсан. Айлын хашаанд гэрээ хураасан байхад ээжийг эмнэлэгт эргэх хооронд хулгай авсан байна гэж хэлсэн. ******* надад гэрийг 500.000 төгрөгийг зарсан тухай хэлсэн. Шүүгдэгч бид хоёр хамт авсан гэр биш миний хүүхдүүдэд Олон Улсын байгууллагаас өгсөн гэр юм. ******* гэртээ ирж хонож, өнжөөд надад “гэрийг чинь өгнө” гэж хэлж байсан. Манай том хүү “******* ах ойлгож байгаа байх, манай гэрийн мөнгийг өгөх байх” гэж хэлсний үндсэн дээр би цагдаагийн байгууллагаас өргөдлөө татаж авсан. Үүнээс хойш надад нэг төгрөг өгөөгүй, гар утасны дугаараа сольсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ******* нэг удаа гэртээ ирээгүй. Би дугаарыг нь хайж олоод залгаж “уулзъя, гэрийн мөнгөө авъя” гэхэд өөдөөс уулзах боломжгүй тухай хэлж, тэрнээс хойш надаас зугтаагаад байсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Алтан-Говийн урд таарахад бид хоёр маргалдаагүй, надад ажил хийж байгаа тухай хэлсэн. Тухайн үед ******* надтай тогтож ярихгүй байсан учир араас нь гэрийн мөнгөө авах талаар ярьж дагаж явсан. Шүүгдэгч явах гэж байхаар нь би куртикний хоёр халааснаас зуурсан. Куртикээ тавиулах гэж оролдох үед миний гар өвдсөн. Би “явдаг газраар нь явна” гэж хэлээд салсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шинжээчид үзүүлсэн. Би гурван хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Би их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч П.*******ийн өгсөн: “Би *******ын ******* гэх хүнтэй 2006 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 10 жил хамт амьдарсан юм. ******* бид 2 сүүлийн 4 жил хамтарч уурхай ажиллуулсан ба ******* нь 2016 оны 11 дүгээр 21-ний өдөр хүртэл манай гэрээр орж гараад л явдаг байсан ба хамгийн сүүлд *******ын ээж нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэрт ирээд *******ын хамаг хувцас эд зүйлийг аваад явсан. Тэрнээс хойш утас руу нь залгахаар утсаа авахгүй надаас зугтаад яваад байсан ба би 2017 оны сарын 01 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо рестораны урд таараад  *******той юм ярьж явсаар байгаад Налайх дүүргийн 2 дугаар хороо 10 шар гэж нэрлэгддэг байр хүртэл алхаад 63 дугаар байрны ард талын гражийн дэргэд явж байгаад би гэрийнхээ мөнгө төгрөгийг нэхэмжилсэн юм учир нь ******* миний 4 ханатай монгол гэрийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр айлын хашаанд хураачихсан байхад авч яваад зарсан байсан. ...би 3 хүүхэдтэйгээ 62-р байранд байр түрээсэлж байна хэцүү байна чи миний гэрийн мөнгийг өг гээд ярьж байтал надаас зугтаах гэхээр нь би куртикнийх нь 2 талын халааснаас барьчихсан байхад ******* миний гарыг тавиулах гээд гадагш мушгисан тэгээд миний гар өвдөхөөр нь би гараа тавьсан ба халааснаас нь татаж байхад 2 талын халаас нь урагдчихсан юм. Тэгээд би гараа тавьчихаад би явдаг газраараа явж гэрийнхээ мөнгө төгрөгийг авна гээд явсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/24 дугаар:

“1. *******ийн биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Г.*******од Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Гэхдээ хохирогч П.******* нь Г.*******ын миний биед учруулсан гэмт хэргийн улмаас түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба харин түүний бусдад худалдсан гэрийн үнийг гаргуулна гэсэн нь түүний биед учирсан гэмтэлтэй холбоогүй, мөрдөн байцаалтад холбогдох нотлох баримтаа гаргаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 255 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Г.*******од мэдэгдсүгэй.

4. Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.*******од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ