Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 08

 

                             Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Н.Мэндбаярт

                                      холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны  01  дүгээр сарын 08-ны  өдрийн 131/ШШ2019/00062  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч  Дагвын  Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч Нямцэрэнгийн Мэндбаярт  холбогдох

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохын хүссэн нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт хариуцагч Н.Мэндбаярын  давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч Н.Мэндбаяр, нарийн бичгийн дарга  Ж.Чимэддорж  нар оролцов. 

Нэхэмжлэгч Дагвын  Алтанцэцэгээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2007 онд Н.Мэндбаяртай танилцаад гурван жил үерхэж байгаад 2010 онд нэг гэртээ орж хамт амьдрах болсон. Хүү А.Амарбаяр 2009 онд нэг гэртээ ороогүй байхад мэндэлсэн. Бид нэг гэртээ ороогүй байсан тул том хүүгээ  надаар овоглосон. Охин М.Хишигдэлгэр 2012 онд төрсөн. Хамт амьдрах хугацаанд эхэндээ хэрүүл маргаангүй байсан.  Гурван жилийн өмнөөс эхлэн намайг айлын Отгонбаяр гэх залуутай хардан хэрүүл хийх болсон. Сүүлдээ хэнтэй ч хамаагүй хардаж, тааралдсан болгонтой хардах болсон. Сүүлийн үед хүүхдүүдийн хажууд зодох, мөн хоолойг боож шахдаг болсон. Том хүүгийн хүмүүжилд энэ байдал сөргөөр нөлөөлөх вий гэж айх болсон.  Цаашид хамт амьдрах юм бол нэг л өдөр хүүхдүүдийн нүдэн дээр боож алах юм байна гэж бодох боллоо.  Би 2018 оны 11 дүгээр сарын 5-нд гэрээсээ өмссөн хувцастайгаа гараад одоо аймагт дүүгийндээ амьдарч байна. Хүүхдүүд одоо Богд сумын сургуульд суралцдаг тул сургуульдаа сураад хадамууд дээр байгаа. Хүүхдүүдээ авах гэтэл хадмууд хүүхдэд компьютер авч өгнө, гоё юм авч өгнө ээж рүүгээ битгий яваарай гэх зэргээр ятгаад байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.Мэндбаяртай хамтран амьдарч чадахгүй нөхцөл үүсээд байна.  Хамгийн сүүлд намайг зодоод шүүхээр ял шийтгүүлсэн, гэр бүлийн хүчирхийллийн төвд хандаж, нөхцөл байдлын үнэлгээ гаргуулсан. Н.Мэндбаяр нь архи ууж ааш авир нь хувирдаг намайг удаа дараа зодсон тул 2 хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Н.Мэндбаярын асрамжид өгмөөргүй байна. Муу зуршлыг нь дуурайдаг болно гэж бодож байна. Одоо хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно. Шүүхэд хандаж  өргөдөл гаргах үед хариуцагч нь  хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэхдээ мал хөрөнгөө зарж  худалдсан байгаа.  Эд хөрөнгийн маргааныг  жич шийдвэрлүүлнэ гэжээ.

Хариуцагч Н.Мэндбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2011 оноос  Д.Алтанцэцэгтэй хамт амьдраад хүү охинтой болсон. Хүү, охин хоёр миний хүүхдүүд мөн.  Харин 2016 оны намраас Д.Алтанцэцэг нь намайг байнга дарамталж хэрүүл маргаан хийдэг болсон. Тэр үеэс Д.Алтанцэцэг нь гэр бүлээс гадуур харьцаатай болж намайг 2 удаа зодож унины модоор толгой хагалж байсан.  Энэ байдал улам даамжирч 2018 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 25-хүртэл уурхайд ажил хийж байх хугацаанд саахалт айлын Н.Батзаяатай хамтран амьдарч байсныг нутгийн хүмүүс болон миний хоёр хүүхэд гэрчилж байгаа. Бидний хамтын амьдрал салахад хүрсэн гол шалтгаан бол Д.Алтанцэцэг нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсонд байгаа юм.  Цаашид хамт амьдрахгүй гэвэл  би нэг хүүхдээ авах хүсэлтэй байна. Эд хөрөнгө гээд байх юм байхгүй  гэжээ.

Хариуцагч Н.Мэндбаяр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би салах бодолгүй байна. Би 2 хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Энэ асуудал нь надаас шалтгаалсан зүйл байхгүй гэжээ.

Шүүх:  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 06 сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Амарбаяр, 2012 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн охин М.Хишигдэлгэр нарыг эх Д.Алтанцэцэгийн асрамжид үлдээж,   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2009 оны 06 сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Амарбаяр, 2012 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн охин М.Хишигдэлгэр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Н.Мэндбаяраас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мэндбаяраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Н.Мэндбаяраас улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Мэндбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн иргэн Нямцэрэнгийн Мэндбаяр миний бие 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Богд сумын 5 дугаар багд оршин суух Дагвын Алтанцэцэгийн хариуцагчаар хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шүүх хуралдаанд оролцлоо.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүү А.Амарбаяр, охин М.Хишигдэлгэр нарт 18 нас хүртэл нь бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг төлөхөөр тогтоолгосон билээ.

Охин М.Хишигдэлгэр нь 7 настай бөгөөд эцэг миний асрамжинд байна гэж хүссэн тул Н.Мэндбаяр миний асрамжинд үлдээж, охин М.Хишигдэлгэрт төлөх тэтгэмжийг цуцалж өгнө үү.

Мөн хүү А.Амарбаяр нь 2019 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл Мэндбаяр миний болон миний аав, ээжийн асрамжинд Богд суманд байх тул энэ хугацаанд төлөгдөх тэтгэмжээс чөлөөлж өгнө үү.

Н.Мэндбаяр миний бие нь эрхэлсэн ажилгүй, аав, ээжийн хамт амьдарч байгаа бөгөөд 2018 оны мал тооллогоор 4 үхэр, 10 хонь тоолуулсан ба цаашид 2 хүүхдийн тэтгэмж төлөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь хариуцагч Н.Мэндбаярт холбогдуулж  хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, хариуцагч Н.Мэндбаяр нар нь 2010 оноос хамтын амьдралтай байсан бөгөөд  2009 онд хүү  А.Амарбаяр, 2012 онд охин М.Хишигдэлгэр нар төржээ.  

 Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, хариуцагч Н.Мэндбаяр нар нь 2007 оноос танилцаж, үерхэж, эр эмийн харилцаатай байхад  хүү  А.Амарбаяр 2009 онд төрж, эх  Д.Алтанцэцэгээр  овоглосон, хүү А.Амарбаяр, охин М.Хишигдэлгэр нар нь  Н.Мэндбаярын хүүхдүүд мөн болох нь  зохигчдын тайлбараар тогтоогдож байх  бөгөөд  талууд энэ тухай маргаагүй байна.

Хариуцагч Н.Мэндбаяр нь охин М.Хишигдэлгэрийг эцэг миний асрамжид үлдээж өгнө үү гэсэн гомдол гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хувийн байдал, амьдрах орчин, хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал тавих нөхцөл, сурч боловсорч хүмүүжих нөхцөл, мөн  Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр албан бичиг  /хх-ийн 9-18 дугаар тал/  Гэр бүлийн хүчирхийлэлийн үнэлгээний маягт,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр тогтоол, гэрч О.Оюунбат, О.Оюунтогтох нарын мэдүүлгүүд, зохигчидын тайлбар зэргээр Н.Мэндбаяр нь  нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж зоддог байсан бөгөөд энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй гэж үзэж хүү А.Амарбаяр, охин М.Хишигдэлгэр нарыг эх  Д.Алтанцэцэгийн асрамжинд  үлдээж, шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх хуульд заасны дагуу хүүхдүүдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэжээ.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Мэндбаярын охин М.Хишигдэлгэрийг эцэг миний асрамжид үлдээж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангах  үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуагч Н.Мэндбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

                                            ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 01 дүгээр сарын 08-ны  өдрийн 131/ШШ2019/00062  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Мэндбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Н.Мэндбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг   төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

    ДАРГАЛАГЧ  Б.БОЛОР-ЭРДЭНЭ  

 

                                                                                                           Г.УЛАМБАЯР