| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0600/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/861 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Агар,
хохирогч О.М,
иргэний нэхэмжлэгч Ц.Ж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У-ын өмгөөлөгч М.Хатанзориг,
шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008021014 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Х-ийн Э, Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд
Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж хэргийг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах байр суурьтайгаар 1 хавтаст хэргийн 9-17, 2 хавтаст хэргийн 52-53, 120-121, 141 дэх талд авагдсан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудыг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хатанзориг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах байр суурьтайгаар хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Уг ослын улмаас “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж, зорчигч L*H нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч О.М, БНСУ-ын иргэн K*E нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, БНСУ-ын иргэн P*S*H-ны эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 7-14 дэх тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 17-20 дахь тал),
- Хохирогч БНСУ-ын иргэн P*S*H-ны “... Би БНСУ-ын иргэн, Монгол Улсад аялахаар Г ХХК-д захиалга өгч улмаар 2024.09.14-нд ирсэн. ...Улмаар 2024.09.20-ны өглөө 05 цагт Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Би тухайн үед машины хойд заалны урд талд жолоочийн чанх ард буюу гол хэсэгт сууж явсан. Улаанбаатар хот руу орж ирэхэд буюу 10 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг, товчооны зам гэх газарт бид нар төв замаар явж байсан. Гэтэл зорчих хэсгийн 3-р эгнээнд манай машины урдуур нэг том оврын ачааны машин хөндлөн явж орж ирсэн. Манай машины жолооч тоормос гишгэсэн боловч тэр чигээрээ гулгаж очоод ачааны том оврын машиныг мөргөсөн. Тухайн үед миний ухаан санаа эрүүл саруул байсан. Удалгүй эмч нар ирж бүгдээрээ эмнэлэгт очин би хэвлийн дотор цус алдалт байсан учир түүнийг тогтоох хагалгаанд орсон. Өнөөдөр эмнэлгээс гарна. Биеийн байдал гайгүй болсон. 2024.09.29-ний өдөр эх орондоо буцна. Миний сууж явсан машин ямар хурдтай явж байсныг би санахгүй байна. Би суудлын даруулга зүүж явсан. Хэвийн ажиллагаатай байсан. Эмчилгээний бүх зардлыг Г ХХК гаргасан. Би БНСУ-аас Монгол Улсад ирэхдээ даатгал хийлгэсэн. Гэхдээ эрүүл мэндийн даатгал хийлгэсэн эсэхээ санахгүй байна. Гомдол саналаа хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулж хэлнэ. ...Тухайн үед ачааны том машин зам руу орж ирэхдээ дохио өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23-25 дахь тал),
- БНСУ-ын иргэн R*S-ны хохирогчоор өгсөн “...2024.09.20-ны өглөөний 10 цаг 25 минутын орчимд аяллаа дуусгаад Булган аймгаас Улаанбаатар хот руу Г ХХК-ийн Hyundai Starex маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8-лаа сууж явж байсан. Яг юу болсныг мэдэхгүй байна. Би тэр үед унтаж байсан. Тэгээд толгойгоо юманд цохиод сэрэхэд машинд хамт суугаад явж байсан хүмүүсээс цус гоожоод аймар осол болсон байсан. Одоо миний толгой, эрүү, эрүүний доод тал, мөн зүүн гарын сарвуу, хуруунууд өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 33-35 дахь тал),
- БНСУ-ын иргэн L*H-ны хохирогчоор өгсөн “...Бид нар өнөөдөр үүрээр 04 цаг 30 минутад Булган аймгаас Улаанбаатар хот руу жолооч, орчуулагч, аялагч нийлээд 8-лаа явж байсан. Би хэзээ Улаанбаатар хотод орж ирсэн талаараа мэдэхгүй байна. Унтаж сэрээд яваад байсан. Унтаж байгаад нэг сэрэхэд машины урд талын салхины шил хагарсан байсан. Өөрийн биеэ хөдөлгөх гэсэн чинь хөдөлж болохгүй байсан. Тэгтэл эмч ирээд намайг өргөөд эмнэлгийн дамнуургад хэвтүүлээд аваад явсан. Би машины хамгийн хойд суудлын голд сууж байсан. Суудлын бүсээ зүүсэн байсан. Архи уугаагүй, эрүүл байсан. Миний тархины баруун хавдсан, баруун нүдний дээд зовхинд 5 оёдол тавиулсан. Хамар хугарсан. Баруун шанаа, эрүү өвдөж байгаа. Уруул /доод/ задарсан. Оёо тавиулсан. Баруун хөлийн шилбэ гэмтсэн, бөгсөн бие гэмтсэн, хугарал бол байхгүй гэсэн. Сэтгэцэд учирсан дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй ээ. Тийм дүгнэлт гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-45 дахь тал),
- БНСУ-ын иргэн S*J-ны хохирогчоор өгсөн “...Зам тээврийн осол болоход старекс маркийн машинд жолоочийн эсрэг талын урд суудлын ард буюу орчуулагчийн арын суудал дээр сууж явсан. Булган аймгаас Улаанбаатар хот руу орж ирж байсан. Жолоочийг хэдэн километрийн хурдтай явж байсныг хараагүй. Их хурдтай бол яваагүй. Би гар утсаа оролдоод явж байсан. Гэхдээ нүдний буланд жолооч их том үйлдэл хийж байгаагүй. Жолооч гэнэт огцом тоормос гишгээгүй, аажуухан хурдаа хасахаар тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авч байсан. Гэхдээ зогсох зай маш бага байсан. Осол яг юунаас болсон талаар мэдэхгүй байна. Би гар утсаа оролдоод явж байсан. Машин тоормосолж байхад харахад нөгөө машин зам дээр хөндлөн зогсож байсан. Машины хамар хаашаа харсан байсныг мэдэхгүй байна. Манай машин миний зүүн гар тал руу шахаж захын эгнээгээр явж байсан. Урьд нь хаана зогсож байсан, хаанаас гарч ирэхийг мэдэхгүй. Осолд орж гэмтлийн эмгэнэлт ирээд толгой, аарцаг ясны томограф, хэвлийн эхо, рентген зураг авхуулсан. Цаашид Монгол Улсад ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй. Солонгос улсдаа очоод нарийн шинжилгээ өгч эмчилгээ хийлгэнэ. Зам тээврийн ослын улмаас гар утас алга болсон. Мөргөлдсөн машинд байж магадгүй. IPhone 15 pro маркийн саарал өнгийн дэлгэц нь цагны зурагтай, тэнгэрийн өнгөтэй байгаа. Нэхэмжлэх зүйл гэвэл гар утсаа олоод авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53-58 дахь тал),
- Хохирогч БНСУ-ын иргэн K*E-ны “ ...миний нуруу өвдөж, босож явж чадахгүй байна. Мөн нүд болон гэдэс өвдөж байна. Би хамгийн хойд талын суудлын зүүн талд сууж байсан. Би унтаж байсан учир миний сууж байсан машины жолооч хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би сэрээд харахад надаас цус, найзуудаас цус гоожсон байсан. Тэгээд би машинаас буусан бөгөөд юу ч санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал),
- БНСУ-н иргэн P*D*W-ны хохирогчоор өгсөн “...Би жолоочийн арын суудал дээр сууж байсан. Миний зорчин явж байсан тээврийн хэрэгсэл 100-110 км хурдтай явж байсан гэж таамаглаж байна. Миний зорчин явж байсан тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл урдуур дараад ороод ирсэн. Миний биед хамар, зүүн гарын тохой, баруун талын хөмсөг, хэвлий хэсгээр өвдөлттэй байгаа. Би ГССҮТ-д ирээд баруун хөмсөг оёулсан. MRI, эхо, тархины зураг авхуулсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 72-74 дэх тал),
- Хохирогч О.М-ийн “...Манай эхнэр бид хоёр солонгос хэлтэй учраас аялал жуулчлалын үеэр орчуулагч хөтөч хийдэг. Тэгээд Б.А.М ХХК-тай түр ажлын гэрээ хийгээд ажилд орсон юм. ...Булган аймагт хоноод 09 дүгээр сарын 20-ны өглөө 05 цагийн үед Улаанбаатар хот орохоор гарсан. Учир нь 21-ний өглөө 6 аялагч маань Солонгос улс руугаа явах гэж байсан. Замдаа гараад явсаар байгаад Улаанбаатар хот руу орж ирээд Архангай аймаг руу салдаг уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 3-р эгнээгээр явж байхад бид нарын зүүн гар талын туслах замаас нэг том ачааны машин орж ирж байгаа харагдсан. Тэгснээ гэнэт манай машины урдуур ороод ирээд хүүе гэхийн зуургүй мөргөлдсөн. Би тухайн үед машины урд буюу жолоочийн хажуу талд сууж явсан юм. Ослын дараа арай хийж машинаас гараад хамгийн түрүүнд хойно сууж байсан аялагч нараа бодоод хаалгыг нь нээсэн чинь бүгд эвхрээд уначихсан, энд тэнд цус болчихсон байсан. ...Би урд жолоочийн хажууд сууж явсан. Бусад зорчигч хойно сууж явсан. Бүгд хамгаалах бүс зүүсэн байсан. Миний зүүн хөлийн өвдөгний мөгөөрсөн эд урагдалттай, чагтан холбоос суналттай, хүзүүний баруун хэсэгт хөхөрч хавдсан. Баруун гарын тохой хэсэгт хөхөрч, зовуурилж хавдсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал нийлж байна. Эмчилгээ, хагалгаанд ойролцоогоор 9 орчим сая төгрөг гарсан байгаа. Тухайн үед манай машин хэдэн км/цагийн хурдтай явж байсныг анзаарч хараагүй. Миний бодлоор 50-60 орчим км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Одоо толгой өвдөж, цээж хэсгээр зовуурилж байгаа, хүзүү хөшиж байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан болон бусад зардлуудаа нэхэмжилж байна. 10 дугаар сард зөндөө аялал байсан. Тэр ажлаа хийж чадаагүй болохоор сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 77 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У-ын “...Б.А.М ХХК 2011 онд байгуулагдаад худалдаа цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оноос үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөөд аялал жуулчлалын чиглэл болгосон. Ганцхан Солонгос улсаас манай улсад аялах гэж байгаа аялагчдыг Монгол улсад хүлээн авч монгол орноор аялуулаад буцаадаг болсон. Энэ осолд өртсөн 6 аялагчдын хувьд 2024.09.13-ны монгол улсад ирсэн. Тэгээд 14-ний өглөө үүрээр аялалдаа гараад 6 шөнө 7 өдрийн аяллаар явж байгаад буцаад 20-ны өдөр Улаанбаатар хот руу орж ирэх үедээ зам тээврийн осолд өртсөн байсан. Осол болсон өдөр би ажил руугаа явж байхад манай ажлын дундын групп дээр манай ажилтан У 102 дуудлаа гэсэн зурвас үлдээсэн байхаар нь У руу залгаад юу болсон бэ гээд асуусан чинь солонгос улсын иргэд хот руу ирж яваад осолд орсон байна гэхээр нь би ослын газар руу явж байхад манай ажлын хүн над руу залгаад түргэн ирээд аваад явсан, та гэмтлийн эмнэлэг рүү оч гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Солонгос улсын иргэд ирчихсэн анхны тусламжаа аваад байж байсан. Манай компанийн гэрээт ажилтан буюу Солонгос улсын иргэн Н*И*С гэдэг ажилтан маань манай компанийг сонгон аялах хүсэлтэй байгаа аялагчдыг олж гэрээ байгуулаад Монгол Улс руу явуулдаг. Гэрээ байгуулахдаа эрсдэлээ тооцоод даатгалд хамрагдсан байх шаардлагатай гэдэг санамжийг аялах гэж байгаа хүн бүрд өгч гэрээ байгуулдаг. Харин осолд өртсөний дараа 3 аялагч маань даатгал хийлгээгүй байсныг нь мэдсэн. Аялагч нартай гэрээ байгуулахдаа солонгос хэл дээр гэрээ байгуулдаг ба тухайн болон бусад холбоотой баримтуудаа албан ёсны орчуулгын төвөөр орчуулуулаад гаргаж өгнө. K*E нурууны 3 үе хугарсан, бүсэлхий яс болон хамар яс хугарсан, зүүн нүд гэмтэлтэй байсан. 21-ний өглөө Солонгос улс руу буцсан. P*S*H хэвлийн хагалгаанд орж гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 29-ний өдөр Солонгос улс руу буцсан. P*D*W хамар болон баруун нүд гэмтэлтэй байсан. 21-ний шөнө 02 цагт Солонгос улс руу буцсан. S*J гэмтэл багатай гээд шүүх эмнэлгээр ороогүй 21-ний өдөр 11 цагт Солонгос улс руу буцсан. R*S баруун мөр хөндүүр байна гэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Томограф болон шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлтгүй гэж гарсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд 21-ний өдөр Солонгос улс руу буцсан. L*H хамар гэмтэлтэй, баруун нүдний зовхи хавдсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. 21-ний өдөр Солонгос улс руу буцсан. Дээрх хүмүүсийн эмчилгээний болон бусад зардалд ойролцоогоор 15 сая төгрөг зарцуулсан. Энэ бүхний баримтыг гаргаж хэргийн материалд хавсаргаж өгнө. Хохирогч нар Солонгос улсад эмчлүүлсэн зардал, ажилгүй байсан хугацааны тэтгэмж, сэтгэл санааны хохирлыг хамгийн түрүүнд нэхэмжилж байгаа. Энэ талаар баримтыг гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Ц.Ж-ын иргэний нэхэмжлэгч болон гэрчээр өгсөн “...Би аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг Б.А.М ХХК-д жолоочоор ажилладаг юм. Манай компанитай гэрээ байгуулж аялахаар Бүгд Найрамдах Солонгос Улсын 6 иргэн Монгол Улсад 9 дүгээр сарын 13-ны өдөр ирээд шууд аялалдаа гарсан. ...9 дүгээр сарын 20-ны өглөө 5 цагийн үед Улаанбаатар хот орох гээд хөдөлсөн. 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-н товчооны замаар орж ирээд тухайн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 3-р эгнээгээр хөдөлгөөнд оролцоод явж байхад миний баруун гар талаас буюу замын урд талын шороон замаас нэг том оврын ачааны автомашин буцаж эргэх гээд хөндлөн ороод ирсэн. Би тухайн машиныг мөргөхгүй гэж бодоод баруун талынхаа толиндоо хараад замын 2-р эгнээ рүү шилжиж ороод 1-р эгнээ рүү орох гэтэл 1-р эгнээнд машин явж байхаар нь эргээд урагшаа харахад нөгөө ачааны машины зүүн хойд дугуй миний урд тулаад ирсэн байсан. Тэр үед би машинаа зогсоох гээд тоормосоо байнга гишгээд яваад байсан ба үнэхээр ойрхон тулаад ирсэн болохоор зогсож амжаагүй ачааны машины зүүн хойд дугуй хэсэг рүү мөргөөд зогссон. ...Би үлдэж байгаад цагдаа ирэхээр хэмжилтээ хийлгэсэн. Зорчигч нар болон би хамгаалах бүс зүүчихсэн байсан. Hyundai Starex маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Миний өөрийн эрүүл мэндэд хамар мурийлттай, цээж хөндүүрлэнэ. Хөнгөн зэргийн хохирол учирсан. Автомашины урд хэсэг тэр чигээрээ эвдэрсэн 10,000,000 орчим төгрөгийн хохирол учирсан. ...Улаанбаатар хотод эмээлтээр дамжаад орж ирээд Архангай аймаг, Дархан явах зам салдаг уулзвараар баруунаас зүүн зүгийг чиглээд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байхад осол гарсан цэгээс наад талд намайг зам руу харах үед миний замын баруун гар талын шороон зам дээр надтай мөргөлдсөн Норд Бенз маркийн том оврын машин явж байхыг харсан. Ингээд тухайн машин шороон замаас төв замын зорчих хэсэг рүү орж байхыг харсан. Би тэр машиныг 1-р эгнээгээр явах юм байх гэж бодсон чинь нөгөө машин шууд миний урдуур зүүн гар тийш буцаж эргэх гээд хөндлөн зүүн гар тийш дараад ороод ирсэн. Тэр үед би тоормосоо гишгээд гулгаад явахаар толиндоо харсан чинь 1-р эгнээнд машин ирж байхаар нь 1-р эгнээнд орж чадалгүй 2-р эгнээнд баруун гар тийш дарж орж яваад улмаар тэр том машины зүүн хойд дугуйны хойд хэсгээр мөргөсөн. ...Би 50-60 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед гадаа цаг агаар, үзэгдэх орчин хэвийн, халтиргаа гулгаа үүсээгүй зүгээр байсан. Би нөгөө том машины жолоочийг миний урдуур гэнэт дараад орж ирнэ гэж би бодоогүй. Би хамгаалах бүс зүүсэн байсан. Жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2018 онд B, C, D ангилалтай жолооч болсон. 6 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Машины урд тал тэр чигтээ гэмтсэн явах боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 164, 166-167дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12542 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Ц.Ж-ын биед хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (1-р хавтаст хэргийн 206-207 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12546 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.О.М-ийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, урд чагтан холбоосны суналт, дотор коллатерал холбоосын өнгөц ширхгийн урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, доод уруулын салстад шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (1-р хавтаст хэргийн 217-218 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..Дүгнэлт: 1.L*H-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, баруун хацар, уруул, эрүүний баруун хэсгийг хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун ташаанд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (1-р хавтаст хэргийн 229-231 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12550 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.K*E-н биед бүсэлхийн 2-р нугалмын хоёр талын фасет сэртэн, арын сэртэнгийн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1.2.3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн дээд гадаргуу, 2-р нугалмын их биеийн доод гадаргууд шахагдсан хугарал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндлийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн (1-р хавтаст хэргийн 240-242 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12552 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Park See Hoon-н биед нарийн гэдэсний үндсэн чацархайн урагдал IV зэрэг, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг болон махир гэдэсний серозон хэсгийн урагдал I зэрэг, их сэмжний урагдал, хэвлийн хөндий дэх /800 мл/ шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлийн үр дүнгээс хамаарна...” гэх (2-р хавтаст хэргийн 1-3 дахь тал),
- “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 10,912,600 төгрөгөөр тогтоосон Мастер үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 36-41 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3298 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн материалд тэмдэглэгдсэн тоормосны мөрийн уртаар Hyundai Starex маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход 70,78 км/цаг гарч байна...” гэсэн (2-р хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1839 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “...А.North Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.6 тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална. Мөн дүрмийн 10.6. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Мөн дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Б.Hyundai Starex маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
В.Hyundai Starex маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж-ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Д.North Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Э-ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зам тээврийн хэрэгслийн жолооч Х.Э-ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол, хэрэг гаргахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна...” гэх (2-р хавтаст хэргийн 69-71 дэх тал),
- 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0965338 дугаартай шийтгэлийн хуудас (2-р хавтаст хэргийн 227 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 12542, 12546, 12540, 12550, 12552 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж, зорчигч БНСУ-ын иргэн L*H нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч О.М, БНСУ-ын иргэн K*E нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, БНСУ-ын иргэн P*S*H-ны эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 15 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-н товчооны “Солонгос хүнд даацын авто замын сэлбэг”-ийн дэлгүүрийн урд замд “North Benz” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруун зүүн тийш явахдаа шороон замаар явж байсан.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.8. дахь заалтад “гол зам гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь…” гэж заасан буюу шүүгдэгч Х.Э нь шороон замаас гол зам руу орсон. Ийнхүү гол зам уруу орж улмаар шууд буцаж эргэх үйлдэл хийсэн байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасан.
Шүүгдэгч Х.Э-ын жолоодож байсан “North Benz” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ачааны зориулалттай, том оврын тээврийн хэрэгсэл байх тул буцаж эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй хэдий боловч тэрээр буцаж эргэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр, зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгсний дараа үйлдлээ гүйцэтгэх ёстой байсан.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.” гэж, 9.7 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө.” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан камерын бичлэг, хохирогч О.М, иргэний нэхэмжлэгч Ц.Ж нарын шүүх хуралдаанд өгсөн “...Том оврын ачааны машин дохио өгөлгүй шууд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч БНСУ-ын иргэн P*S*H мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед ачааны том машин зам руу орж ирэхдээ дохио өгөөгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Х.Э нь гол зам руу орох, буцаж эргэх үйлдэл хийхдээ анхааруулах дохио өгөөгүй байна.
Шүүгдэгч Х.Э-ын дээрх Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас тус гол замын 3 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчиж явсан “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн буюу зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл бий болсон байна.
Харин зам тээврийн осол гарах үед “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Ж нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3298 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 70,78 км/цагийн хурдтай явж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, мөн тухайн осол гарсан зам нь нэг чигт 3 эгнээгээр зорчдог зам байхад замын 3 дугаар эгнээгээр явж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.8 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн байна.
Жолооч Ц.Ж нь зам тээврийн осол гарах үед дээр дурдсан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэдий боловч уг зөрчил нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан биш байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмээр хөдөлгөөнд оролцогчдын хэн нь түрүүлж үйлдэл хийх, хэн зам тавьж өгөх журмыг зохицуулдаг ба Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.11. “давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг” ойлгоно гэж, 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг” ойлгоно гэж тус тус заасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Э нь шороон замаас гол зам руу орж буцаж эргэх үйлдэл хийж байсан тул тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт зааснаар зам тавьж өгөх үүрэгтэй этгээд байсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нараас “...Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөгч өөрөө магадалгаа гаргасан нь хууль зөрчсөн, бүрэн гүйцэт гараагүй, шинжээч томилох зайлшгүй шаардлагатай, жолооч Ц.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй, тоормосны мөрийг бүрэн хэмжээгүй, шүүгдэгч Х.Э нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай...” гэсэн агуулгаар мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй гэж шүүхээс үзэв.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно.” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “Мөрдөгч ... мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой…” гэж зааснаас үзэхэд тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч өөрөө магадалгаа гаргах боломжтой байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд шинжээч оролцож болохгүй тохиолдлыг хуульчилсан болохоос мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдлыг хуульчлаагүй. Мөрдөгчийн магадалгаа гаргасан мөрдөгч О.Гарьд нь уг хэрэгт мөрдөгчөөр оролцож магадалгаа гаргасан болохоос шинжээчээр оролцож шинжээчийн дүгнэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан ба хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар иргэний нэхэмжлэгч “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.Ж нь зам тээврийн осол гарах үед Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ талаар шүүхээс дүгнэлт хийсэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй.
3. Мөн улсын яллагчаас шүүгдэгч Х.Э-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 дахь заалтыг зөрчсөн гэх боловч хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 дахь хэсгийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс шүүгдэгч Х.Э-ыг уг заалтыг зөрчсөн гэж буруутгаагүй болно.
4. 2-р хавтаст хэргийн 47-48 дахь талд авагдсан баримтаар “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилсон хэдий боловч шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй болох нь тогтоогдсон. Мөн 2-р хавтаст хэргийн 228-230 дахь талд “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2023, 2024 онд техникийн үзлэг, оношилгоонд орж байсан талаар баримт авагдсан байна.
5. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийг хэмжиж тогтоосныг нүдэн баримжаагаар буруу тогтоосон байна гэж үзэх үндэслэлгүй юм.
6. Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Х.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хэргийн бүрдэл ханагдсан байх тул шүүгдэгч Х.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч О.М-ийн нэхэмжлэлийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч О.М-ийн биед хүндэвтэр хохирол учирч тэрээр эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны хохирол нэхэмжилсэн.
1-р хавтаст хэргийн 82-92 дахь талд авагдсан 8,581,383 төгрөгийн хохирлын баримтаас 6,222,560 төгрөгийн хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байх тул хасаж үлдэх 2,358,823 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаж байна.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх боловч хэдэн төгрөгийн цалинтай байсан, хэдэн төгрөгийн тэтгэмж авсан, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тооцоход шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхив.
Иргэний нэхэмжлэгч Ц.Ж-ын нэхэмжлэлийн тухайд:
1-р хавтаст хэргийн 169 дүгээр талд журмын хашааны төлбөр 407,000 төгрөг, дүрс оношилгооны 370,000 төгрөг, нийт 777,000 төгрөгийн баримт авагдсан байна.
Мөн Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 10,912,600 төгрөгөөр тогтоосон ба хөрөнгийн үнэлгээний төлбөрийн 680,000 төгрөгийн баримт авагдсан байна. (2-р хавтаст хэргийн 36-41 дэх тал)
Нийт 12,369,600 төгрөгийн баримтын шаардлага хангасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У-ын нэхэмжлэлийн тухайд:
“Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан БНСУ-ын нэр бүхий 6 иргэн нь Б.А.М ХХК-ийн аяллын хөтөлбөрт багтсан жуулчид байсан. Дээрх нэр бүхий 6 иргэн болон жолооч Ц.Ж, хөтөч О.М нар зам тээврийн осолд орж улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авсан.
БНСУ-ын иргэдээс L*H-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол, K*E-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, P*S*H-ны эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан.
1-р хавтаст хэргийн 133-148 талд авагдсан эмчилгээ тусламж үйлчилгээтэй холбоотой 7,631,480 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралтай байна.
Харин онгоцны тасалбар нь гадаад хэл дээр авагдсан, түүнчлэн онгоцны тасалбар, орчуулгын зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шууд хамааралтай эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхив.
Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч О.М, иргэний нэхэмжлэгч Ц.Ж нарын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7,397,892 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөөлөгч С.С-ийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (1-р хавтаст хэргийн 155, 158, 160 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Бусад хохирлын тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхив. Учир нь:
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.
Шүүгдэгч Х.Э-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж тус тус заасан.
Шүүхээс шүүгдэгч Х.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах нь гарцаагүй юм.
Гэвч гэмт хэрэг гарахад буюу “Hyundai Starex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон ба жолооч Ц.Ж-ын тээврийн хэрэгслийг хурдыг хэтрүүлсэн үйлдэл нь гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Х.Э-ын хариуцвал зохих хохирлыг хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч Х.Э-аас нийт 13,733,676 төгрөг гаруулж /нийт хохирлын 60 хувиар тооцов/:
Хохирогч О.М-д 1,415,293 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У-д 4,578,888 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ж-т 7,421,760 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 4,438,735 төгрөг тус тус олгов.
Нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч О.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У, иргэний нэхэмжлэгч Ц.Ж нарт шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүхэд гаргаж өгсөн баримт, шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирлын төлбөрөө хүлээн авсан гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Хохиролд 9,294,941 төгрөгийг төлж барагдуулсан, 4,438,735 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчид баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Хохирогч О.М: “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Х.Э нь 1960 онд төрсөн, энэ жил 65 настай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлөхөө илэрхийлсэн. Улсын яллагчаас санал болгож байгаа зорчих эрхийг хязгаарлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын саналтай маргах зүйл алга. Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх харгалзан үзнэ үү. Уг зүйлийн 1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Э-ын хувийн байдалтай холбоотой иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 122 дахь тал), эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (2-р хавтаст хэргийн 123 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 124 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 125 дахь тал), өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас (2-р хавтаст хэргийн 126-127 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (2-р хавтаст хэргийн 128-129 дэх тал), асап сангийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 130-140 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 141 дэх тал), Сум дундын 5 дугаар шүүхийн 2015.01.26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол (2-р хавтаст хэргийн 147-153 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэнд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /64 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Э ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, түүний биеийн эрүүл мэндийн байдал, өндөр настай, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Э-ын жолоодох эрхийн 38465 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Х.Э-д буцаан олгов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Х-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Э-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Э-аас 4,438,735 (дөрвөн сая дөрвөн зуун гучин найман мянга долоон зуун гучин тав) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Э-ын жолоодох эрхийн *** дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Х.Э-д буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР