| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03530/И |
| Дугаар | 101/ШШ2020/03033 |
| Огноо | 2020-09-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2020/03033
| 2020 09 04 | 101/ШШ2020/03033 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Нарванчин овогт П.М /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод байрлах, ШУАХЦТХд холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.А-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ШУАФТХ эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажилд орсон. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 тоот тушаалаар салбарын хурлын шийдвэрт үндэслэн ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан. Миний бие ажилд орсон тэр цагаас өдий хүртэл байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явж ирсэн. Салбарын хурлаар ажил дүгнэх хөдөлмөрийн гэрээгүйгээс болж үүссэн миний эзэмшдэг 8282 дугаарт "Агаарын нөлөөг тооцсон хэвтээ чиглэлд шидэгдсэн биеийн хөдөлгөөн хамгийн хол тусах өнцгийн бодолт" нэртэй бүтээлийн оюуны өмчийн эрхийг зөрчиж, Зохиогчийн эрхийн хуулийг үндэслэлгүйгээр тайлбарлан салбарын хурлын шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Миний бие энэ хугацаанд эрдэм шинжилгээний нэг өгүүлэл хэвлүүлж, мөн нэг программ хангамжийн зохиогчийн эрхийг авсан. Зохиогчийн эрхтэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хэвлэлд өгөх бүрэн бэлтгэл хангасан байна. Ийм үр дүнтэйгээр ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулахыг салбарын эрхлэгчдээ удаа дараа мэдэгдсэн. Гэвч халдварт өвчин ковид-19 Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотой үүссэн нөхцөл байдлаас болж төслийн удирдагч ажлаас чөлөөтэй гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явж ирсэн байдаг. Би ажиллах хугацаандаа байгууллагын онцгой нөхцөл байдалд тохируулан дүрэм журам зөрчилгүй ажиллаж ирсэн. Иймд намайг үндэслэлгүйгээр халсан тул Шинжлэх ухааны академи, Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагаан тоосны тархалтын загварчлал гаргах төслийн хүрээнд ШУАХЦТХд тусгай мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтнийг төслийн удирдагчийн хийж гүйцэтгэж буй ажилд туслуулах шаардлага үүссэн тул П.Мыг тус төслийн хүрээнд симуляци, параметрийн утга тодорхойлох, тайлан бичих үндсэн ажил гүйцэтгүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.3-т заасны дагуу дадлагажигч ажилтнаар авахаар болж, 2020 оны 01 сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар 3 сарын турш дадлагажигч ажилтнаар ажилд томилсон. Ажилд томилогдон орсны дараа нэхэмжлэгч буюу дадлагажигч ажилтан П.М нь 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө хүргүүлсэн бөгөөд үүнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төслийн хүрээнд симуляцийн төсөл боловсруулах, параметрийн утга тодорхойлох, тайлан бичих ажлуудыг өөрийн гаргаж өгсөн төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч П.М нь ажил үүргийн хүрээнд мэдлэг ур чадвар дутмаг, хувийн зохион байгуулалт муутай, төслийн удирдагчийн өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлдэггүй байсан тул удаа дараа ажлаа сайн хийж гүйцэтгэхийг сануулдаг байсан. Улмаар нэхэмжлэгч П.Мыг ажилд авах эсэх талаарх хурлыг 2020 оны 06 сарын 29-ний өдөр хэлэлцэж, тус хурлаар дадлагажигч ажилтан П.Мын хийсэн ажлыг хангалтгүй, өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй гэж үзээд жинхлэхгүй гэх төслийн удирдагчийн саналыг хуралд оролцогчид 100 хувь дэмжин ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 4 сард дууссан боловч тухайн үед Ковид-19 гарсантай холбоотойгоор бүх ажилчдын гэрээсээ ажиллах захирлын тушаал гарсан тул түүнийг жинхлэх эсэх тушаалыг цаг хугацаанд нь гаргаж чадаагүй. Мөн П.Мын төслийн удирдагч Р.Тогоо нь бүдүн гэдэсний хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байсан. 2020 оны 06 дугаар сард нэхэмжлэгч нь УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн зэрэгтэй холбоотойгоор 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр салбарын хурлыг хийсэн. П.Мыг авч ажиллуулах болсон гол шалтгаан нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан хэрэглээний судалгааны ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой цаг хугацаанд ажил гүйцэтгүүлэх байсан. Иймд П.Мтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Мөн П.М нь зан байдлын хувьд хэцүү ааштай, хийсэн ажлаа төслийн удирдагчдаа танилцуулдаггүй тул цаашид түүнтэй ажиллах боломжгүй болсон. Ажлыг ур чадварын хувьд хангалтгүй болох нь түүний хийсэ өгсөн Шороон шуурганд тоос дэгдэх үзэгдлийн загвар гэх баримтаар тогтоогдоно. Аливаа эрдэм шинжилгээний ажил хийж байгаа тохиолдолд наад зах нь 10-аад хуудастай, график зураг орсон, судалгаатай, эшлэлтэй байх ёстой. Гэтэл түүний Шороон шуурганд тоос дэгдэх үзэгдлийн загвар гэх баримт нь 2 хуудас бүхий чанарын шаардлага хангахгүй байдаг. П.Мт хөдөлмөрийн дотоод журам болон Технологи дамжуулах журмыг танилцуулсан. Гэтэл уг журамд зааснаар ажлаа гүйцэтгээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.3-т зааснаар туршилтын хугацаанд хангалттай үнэлгээ аваагүй тул цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Түүний ажлаа муу гүйцэтгэсний улмаас тус байгууллага Эрдэнэт үйлдвэрийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.М нь хариуцагч ШУАХЦТХд холбогдуулан урьд эрхэлж байсан Онол ба их энергийн салбарт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ШУАХЦТХгийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар нэхэмжлэгч П.Мыг Онол ба их энергийн салбарт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар 3 сарын туршилтын хугацаатай томилжээ.
Мөн ШУАХЦТХгийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Салбарын хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Онол ба их энергийн салбарт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан П.Мын туршилтын хугацаа дууссан тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...П.Мыг 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулсан. Тэрээр ажиллах хугацаандаа ажлын ур чадваргүй, үүрэг даалгаврыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгээгүй, зан харилцааны хувьд доголдолтой, төслийн удирдагчдаа ажлаа тайлагнадаггүй тул салбарын хурлаар түүнийг жинхлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.3-т тус тус зааснаас үзэхэд туршилтын хугацаагаар ажиллаж буй ажилтантай ч хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргийг ажил олгогчид ногдуулсан байна. Ажилтан П.Мтай ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан.
ШУАХЦТХгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.3-т ...ажилтныг ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээг байгуулахаас өмнө туршилтын журмаар 3 хүртэл сарын хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулна. Туршилтын хугацаа дуусмагц ажилтан гүйцэтгэсэн ажлын тайлангаа харьяалагдах салбар, нэгжийн хамт олон, удирдлагад танилцуулж, хангалттай үнэлгээ авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолт өгнө. Туршилтын хугацаанд хангалтгүй үнэлгээ авсан ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж заажээ.
Хариуцагч нь дээрх хөдөлмөрийн дотоод журмын 2.3-т заасныг үндэслэн ажилтан нь хангалтгүй үнэлгээ авсан тул цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр ажилтан П.Мт хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэх үйл баримт нотлогдохгүй байна. Хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын коридорт ил байрлуулдаг тул түүнтэй ажилтан бүр танилцах боломжтой гэж тайлбарласан нь учир дутагдалтай. Ажилтан П.Мт албан ёсоор тухайн байгууллагад мөрдөгдвөл зохих хөдөлмөрийн дотоод журмыг танилцаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Э, Э.У нараас ажилтан П.Мт хөдөлмөрийн дотоод журмыг хүний нөөц хариуцсан ажилтан танилцуулсан байх ёстой гэж мэдүүлсэн нь ажилтанд хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан болохыг хөдөлбөргүй нотлохгүй байна. Иймд ажилтанд хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа тохиолдолд мөн журамд зааснаар ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй байна. Гэтэл ажилтан П.Мтай үр дүнгийн гэрээг мөн байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагчаас үр дүнгийн гэрээ нь ажилтан П.Маас цахим байдлаар ирүүлсэн түүний ажлын төлөвлөгөө юм. Уг ажлын төлөвлөгөөнд заасан ажил үүргээ тэрээр хугацаандаа гүйцэтгээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан. Ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээг аль алийг байгуулах үүргээ биелүүлээгүй атлаа ажил үүрэг хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэл зааж, ажилтныг ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй.
Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталсан атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон шүүхэд гаргасан тайлбартаа ажилтныг ажил үүрэгтэй тэнцэхгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг зааж мэтгэлцдэг. Гэвч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн заалтыг баримтлаагүй байна. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан буюу ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирч байх ёстой.
Мөн ажилтан П.Мын мэргэжил ур чадвар нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссийн шийдвэргүй байна.
Хариуцагч байгууллагын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Туршилтын хугацаанд ажиллаж байгаа П.Мыг жинхлэх эсэх тухай хэлэлцэх хурлын протокол-ыг ажилтан П.Мыг мэргэжил, ур чадвар, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг албан ёсоор тогтоосон зохих журмаар гаргасан дүгнэлт гэж үзэхээгүй байна.
Хариуцагчаас ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж маргах боловч татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа техник дамжуулах журам болон хөдөлмөрийн дотоод журмыг ажилтанд танилцуулсан, уг дотоод журмын 2.3-т зааснаар ажилтныг цаашид үргэлжүүлж ажиллуулах шийдвэр гараагүй гэдэг. Үүнээс үзэхэд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил албан тушаалын тусгай журам, норм нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэхээр байна. Мөн ажилтан П.Мт цалин хөлс олгохдоо тогтмол хугацаанд тогтсон цалин олгосон олгосон байна. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ШУАХЦТХ нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч П.Мыг Онол ба их энергийн салбарт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгодог.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зохицуулахдаа ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч П.М нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт ажлын 49 хоног ажилгүй байсан байх ба түүний сарын дундаж цалин 948,387 төгрөг, 1 өдрийн цалин 44,111 төгрөг байна. Иймд хариуцагч ШУАХЦТХгээс нэхэмжлэгч П.Мт ажилгүй байсан хугацааны олговорт нийт 2,161,439 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Ажилтан П.Мт олговол зохих цалин олговор болох 2,161,439 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ШУАХЦТХд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар П.Мыг ШУАХЦТХгийн Онол ба их энергийн салбарт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2,161,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мт олгож, дээрх олговроос шимтгэл тооцон П.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ШУАХЦТХд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Мын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагч ШУАХЦТХгээс улсын тэмдэгтийн хураамжид 119,733 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ