| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0164/Э/Т |
| Дугаар | 2025/ШЦТ/919 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Баярмаа (томилолтоор),
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402006050329Т дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ийн Ц, Монгол Улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Б.Ц нь Б.Х-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 5 хохирогчийн 7 ширхэг гар утсыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан, шүүгдэгч Б.Цд холбогдох нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нар хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс хувийн байдалтай нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ц нь Б.Х-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” амралтын газрын гэрт амарч байсан Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч E*Z-гийн эзэмшлийн 275,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-8” загварын гар утсыг, 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч E*Z*K-ийн эзэмшлийн 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, хохирогч Г.П-ын эзэмшлийн 235,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-50" загварын гар утсыг, хохирогч Д.Л-ийн эзэмшлийн 125,000 төгрөгийн үнэ бүхий “LG-G6” загварын гар утсыг, 350,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-А7” загварын гар утсыг, хохирогч Д.С-ийн эзэмшлийн 1,169,910 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А35” загвар гар тусыг буюу нийт 4,904,910 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 15-21 дэх тал),
- Хохирогч E*Z*S-ын “...Би нөхрийн хамт 2024.06.27-ны өдөр Чех улсаас ирсэн. Өчигдөр буюу 2024.07.07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ө амралтын газарт хаМтны хүмүүсийн хамтаар амарч байсан юм. Бид нар өчигдөр хамтдаа агаар салхинд сууж байгаад 00 цаг болж байх үед унтахаар хэвтсэн. Намайг өглөө унтаж байх үед хаМтны хүмүүс гар утсаа хулгайд алдсан талаар хэлэхээр нь өөрийн утсыг шалгахад утас байхгүй байсан. Миний гар утас нь хар өнгийн IPhone 8 маркийн гар утас, саарал өнгийн кейстэй, цэнхэр өнгийн IPhone 13 маркийн гар утас тус тус алга болсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
- Хохирогч E*Z*K-ын “...Би эхнэрийн хамт 2024.06.27-ны өдөр Чех улсаас ирсэн юм. Өчигдөр буюу 2024.07.07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ө амралтын газарт эхнэрийн хаМтны хүмүүсийн хамтаар амарч байсан...Намайг өглөө унтаж байх үед эхнэрийн хаМтны хүмүүс гар утсаа хулгайд алдсан талаар хэлэхээр нь өөрийн утсыг шалгахад утас байхгүй байсан. Миний гар утас цэнхэр өнгийн кейстэй, цэнхэр өнгийн Iphone 13 маркийн гар утсаа алдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Хохирогч Г.П-ын “...Намайг өглөө унтаж байх үед эхнэр Л утас байхгүй байгаа талаар хэлэхээр нь өөрийн утсыг байхгүй байгааг мэдсэн. Тэгээд ойр орчимд хайж байсан чинь хаМтны дүү Э “Манай гэрт хоёр охин орж ирээд мөлхөж байсан” талаар хэлсэн. Миний гар утас нь ямар нэгэн кейсгүй, цагаан өнгийн Samsung A50 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Хохирогч Д.Л-ийн “...Би өглөө 6 цагийн орчимд босоод утсаа хайгаад олоогүй юм. Тэгээд ойр орчимд хайж байсан чинь хаМтны дүү Э “Манай гэрт 2 охин орж ирээд мөлхөж байсан” талаар хэлсэн. Миний гар утас нь цэцгэн хээтэй кейстэй, хар өнгийн камер нь хагарчихсан гар утас байгаа, LG G6 маркийн гар утас болон цэцгэн хээтэй кейстэй, шаргал өнгийн ар талын шил нь хагарчихсан гар утас, Samsung маркийн гар утас байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Хохирогч Д.С-ийн “...Би өглөө 05 цаг 40 минут орчмын үед босоод утасны цагаа харчхаад унтаж байгаад 06 цаг орчмын үед босож бие засахад гар утас алга болчихсон байсан. Миний гар утас нь хар өнгийн кейстэй, цэнхэр өнгийн Samsung A35 маркийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2024 оны 05 дугаар сард манай хүүхэд 1,950,000 төгрөгөөр авч өгч байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
- Гэрч О.М-ын “...2024.07.06-ны өдөр би өөрийн найз охин Ц, өөрийн найз нар болох Т, А, Э, Н, Т, А нарын хамт хотоос гараад тэрэлжид ирсэн. Тэрэлжид ирээд Ө гэсэн амралтын газарт ирээд нэг гэр авч орцГсон. Хоол унд хийж идээд архи пиво ууцгаасан. Миний найз охин Ц өөрийн найз Х-г шөнө дуудаад Х нь нэг найз охинтойГ ирээд шөнө бид нар хөзөр тоглож архи пиво уусан. Зарим найзууд Мнь унтсаны дараа өглөө үүр цайж байхад Ц, Х, Т бид дөрөв уул руу гарч пиво уусан. Уулнаас буугаад явж байхад Х, Ц хоёр алга болчихсон. Би нойр хүрч байсан учир Т бид хоёр гэр рүү ороод унтаад өгсөн. Намайг унтаж байхад Ц орж ирээд надтай хамт унтсан. Ингээд өглөө 08 цаг өнгөрч байхад гэрийн гадаа баахан хүмүүс ирчихсэн гар утаснууд хулгай хийсэн гэж хэрүүл хийгээд байсан. Үнэндээ бид нарын хэн нь ч хулгай хийгээгүй болохоор тэр хүмүүстэй хэрэлдсэн. Төд удалгүй цагдаа нар ирээд миний машин дотроос гялгар ууттай 7 ширхэг гар утсыг гаргаад ирсэн. Тэгтэл тэр утаснуудыг Х, Ц хоёр хулгай хийж авсан байсан. Үүнийг би болон манай найзууд бүгд мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Гэрч Н.Т-ий “...Бид нар 04 цаг хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад эхнээсээ тасраад унтацгаасан. Маргааш өглөө нь нэг эгч хэрүүл хийгээд намайг сэрээсэн. Би босоод юу болоод байгааг нь ойлгоогүй байж байсан чинь А-н таньдаг гэж байсан Г, М гэх хоёр охин хажууд байсан амрагч нараас хулгай хийсэн гэж байсан. Бид нар мэдээж хамт явсан тул мэдэхгүй өмөөрөөд маргалдаж байсан чинь цагдаа хүрч ирээд хулгайлсан гар утсыг нь гаргаад ирсэн...Г, М хоёр шөнө тэр амралтын газар амарч байсан хүмүүсийн гэрт нь орж гар утаснуудыг нь хулгай хийгээд гялгар уутанд хийж М-ын машины доогуур хийчихсэн байсныг нь цагдаа нар гаргаад ирсэн. Тэр хоёрыг утас хулгай хийснийг бид нар мэдээгүй тэр хүмүүстэй нь хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг бараг танихгүй. Тэр өдөр л анх удаа харсан. Тэр хоёрын хулгайлсан утсыг би машин доогуур хийгээгүй. Тэр хоёр намайг хийсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Яагаад намайг тэгж хэлснийг гайхаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48, 50-51 дэх тал),
- Насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...Би 2024.07.05-ны өдөр өөрийн найз Б-той уулзахаар ээжээсээ зөвшөөрөл аваад гэрт нь очиж хоносон. Маргааш нь Б-с салаад Х гэх найзтайгаа очиж уулзаад хамтдаа Playtime фестиваль очиж үзэхээр явж байгаад Х-ийн найзуудтай амралтад явахаар болоод Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Ө гэх нэртэй амралтын газарт очсон. Очоод Х болон түүний найзуудтай хамт 2-3 ширхэг 2 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво хувааж уучхаад унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь эмээ орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би гайхаад бостол “утас хулгайд алдагдсан. Та нар авсан” гэж хэлээд дайраад байсан. Тухайн орой би шууд унтаад өгсөн тул манайхныг авсан аваагүйг мэдэхгүй хэрэлдэж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
- Гэрч П.М-ийн “...Өчигдөр миний төрсөн өдөр болоод найзууд болох А, Э, Т нартай уулзаж агаар салхинд гарахаар болж Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ө гэх нэртэй амралтын газарт ирж амарцгаасан. Тэгсэн чинь А “хэдэн таньдаг охин дуудчихъя” гээд дуудсан чинь эхлээд 3 охин ирээд Г гэх охин үргэлжлүүлээд 2 охин дуудаж авчирсан. Бид нар авсан архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж байгаад 04 цаг орчмын үед унтсан. Өглөө 09 цаг орчмын үед хүмүүс хаалгаар орж ирээд утсаа нэхээд байсан. Би юу болоод байгааг нь мэдээгүй тул өөдөөс нь хэрэлдсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд шалгасан чинь манай машины доороос гар утас гарч ирсэн. Уг гар утсыг А-н дуудсан охин болох Г, Г-ийн дуудсан охин болох М хоёр авчихсан байсан юм билээ. Тэгээд бид нар тухайн хүмүүсээс нь уучлал гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),
- Гэрч Ц.А-н “...Тэрэлжид авсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Ц 2 охин дуудаж авчирсан. Бид нар ойр зуурын юм яриад би хоол хийж дуусаад идчихээд тасраад уначихсан. Намайг сэрэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),
- Гэрч А.Э-ын “...2024.07.06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, мэлхий хадны ойр орчимд байх П гэх хүний гэрт ирж уулзангаа амарч байгаад өнөөдөр өглөө 05 цаг 50 минутын орчимд гэр лүү хүн орж ирсэн байдалтай сандал дээр байсан гялгар уут дуугарахаар нь дээш хагас өндийн хартал хаалганы хажуу талын сандал дээр хар хувцастай нэг охин сууж байсан. Харин нэг охин нь миний орны урд талд дөрвөн хөллөсөн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би гайхаж юун хүмүүс вэ гэж асуутал цаана сандал дээр сууж байсан охин гэнэт босож ирээд айл андуурсан байна гэж хэлэх үед нь нөгөө охин нь мөн босож ирээд айл андуурчээ гэж хэлээд цааш гараад гүйсэн. Тэгээд би нээрээ л андуурсан байх гэж бодоод эргээд хэвтэх гэтэл гэнэт сэжиг төрөн гар утсаа хайтал байхаар нь санаа амраад унтаад өгсөн. Тэгтэл удалгүй цаад талд байшинд амарч байсан манай ах, дүү нар ирээд гар утаснуудаа алдчихлаа гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Хаалганы хажууд сууж байсан эмэгтэй нь хар цамцтай, хар өмдтэй, далаараа татсан хар өнгийн үстэй. 160 см орчим өндөртэй. 20-30 орчим настай харагдсан. Миний урд дөрвөн хөллөөд байж байсан эмэгтэй нь цагаан өнгийн цамцтай, цайвар өнгийн өмдтэй, бор өнгийн тайрмал үстэй, 150 см орчим өндөртэй, 20-30 орчим насны эмэгтэй байсан. Гадаа гэгээ орчихсон байсан тул би тухайн хоёр эмэгтэйн царайг сайн харсан тул одоо харвал танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
- Дамно ХХК-ийн НД-24-175 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: Шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4,904,910 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх (хавтаст хэргийн 69-75 дахь тал),
- Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...2024.07.06-ны өдөр би өөрийн найз нар болох А, Мөнх-Од, Н нарын хамт амралтад явахаар болж М-ын кроун маркийн машинаар Тэрэлж рүү явсан. Тэрэлжид очоод Т амралтын газарт очоод нэг гэр аваад гэртээ орж хоол унд идэж уугаад архи, пиво уусан. Би шөнийн 00 цаг өнгөрч байхад өөрийн найз Х-тай утсаар яриад амралтын газарт хүрээд ир гэсэн. Тэгээд Х, М гэх найзтайгаа хүнээр хүргүүлж ирсэн. Ингээд бид нар үүр цайтал архи пиво ууж хөзөр тоглож байгаад үүрээр Х, М, Т бид дөрөв уул руу алхаж уулан дээр ганц ганц пиво уугаад Т, М-д хоёр орж унтлаа гээд түрүүлээд гэр рүүгээ явсан ба Х бид хоёр жоохон сууж байгаад араас нь очно гэж хэлсэн. Х бид хоёр пиво ууж дуусаад гэр рүүгээ явж байгаад амралтын газрын гэрээ андуураад нэг гэрт ороход хэдэн хүмүүс унтаж байхаар нь тэр гэрийн хүмүүсийн хажууд нь утас байсан. Тэгэхээр нь Х бид хоёр тэр гэрээс 2 ширхэг гар утсыг аваад дараагийн гэр рүү ороод унтаж байсан хүмүүсийн гар утсыг авсан. Х бид хоёр зэрэг зэрэг утсыг аваад байсан болохоор тухайн үед ямар утас байсан, хэдэн утсыг аль гэрээс авсныг мэдэхгүй байна. Нэг гэрт ороход том орон дээр унтаж байсан ах сэрээд Х бид хоёрыг хараад хэн бэ гэхээр нь гэрээ андуурчихсан байна гэж хэлээд тэр гэрээс гарсан. Тэгэхэд бид хоёр нийтдээ 7 ширхэг гар утас авсан байснаа гялгар уутанд хийгээд М-н машины доогуур хийчхээд гэр рүүгээ ороод нэлээн уусан байсан болохоор шууд унтаад өгсөн. Ингээд өдөр 12 цагийн үед сэрэхэд хүмүүс гэрийн гадаа чанга чанга яриад байхаар нь сэрээд Х бид хоёр гарахад утсаа алдсан хүмүүс ирчихсэн нэг эгч учир зүггүй аашилж загнаад одоо цагдаа ирж байгаа, хулгайлсан утсаа гаргаж өг гээд байхаар нь айгаад эхэндээ Х бид хоёр юу ч хэлээгүй, мэдэхгүй гэсэн. Цагдаа нар ирээд машины доор нуусан байсан гялгар ууттай 7 ширхэг гар утсыг гаргаж ирээд хураан авсан. Тэгээд бид нарыг Налайхын цагдаа дээр авчирч мэдүүлэг авч хулгайлсан утсыг хураан авч хохирогч нарт утсыг нь хүлээлгэж өгсөн. Х бид хоёрыг өөр гэрт амарч байсан хүмүүсийн гар утсыг хулгай хийж авсныг хамт явсан манай найзуудаас хэн нь ч мэдээгүй. Тэд нар бүгд мэдээгүй болохоор тэр хохирогч нартай хэрэлдээд байсан. Сүүлдээ цагдаа нар ирээд л гар утсыг олсон даруйд бүгд мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хаМралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдлийг хаМруулан ойлгодог.
Тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.
Хууль тогтоогчоос “Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Б.Ц нь Б.Х-ийн хамт тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нэр бүхий хүмүүстэй хамт 2024 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” амралтын газарт амарч байхдаа тухай амралтын газраар үйлчлүүлж байсан хохирогч нарын монгол гэрт шөнийн цагаар хууль бусаар нэвтэрч, Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч E*Z-гийн эзэмшлийн 275,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-8” загварын гар утсыг, 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч E*Z*K-ийн эзэмшлийн 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, хохирогч Г.П-ын эзэмшлийн 235,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-50" загварын гар утсыг, хохирогч Д.Л-ийн эзэмшлийн 125,000 төгрөгийн үнэ бүхий “LG-G6” загварын гар утсыг, 350,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-А7” загварын гар утсыг, хохирогч Д.С-ийн эзэмшлийн 1,169,910 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А35” загвар гар тусыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэх бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заасан.
Шүүгдэгч Б.Ц нь Б.Х-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй хэдий боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч нарын амарч байсан монгол гэрт хамт орж гар утсыг хулгайлан авч гэрч Б.М-ын тээврийн хэрэгсэл доор нууж, тухайн гар утсыг захиран зарцуулах бодит боломжийг бий болгосон байх тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Ц-г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг:
Иймд шүүгдэгч Б.Ц-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Хохирогч нарт гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч: “...Б.Ц нь гэм буруу дээрээ маргадаггүй. Хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөргүй. Мөн дөнгөж насанд хүрч байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Гэм буруугийн хувьд бүлэглэж үйлдсэн мэт харагддаг ч яг хэн нь аль айл руу орж, яаж авсныг тогтоогоогүй гэх мэт эргэлзээтэй нөхцөл байдлууд харагддаг. Хэдий мэдүүлгээрээ байгаа ч дээрх байдлыг тогтоох нь зүйтэй байсан. Б.Ц-д оногдуулах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасныг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдэж үйлдэж учруулсан хохирлоо биет байдлаар буцаан олгосон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа хорих ялаар шийтгүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР