| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/04888/И |
| Дугаар | 101/ШШ2021/03937 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/03937
| 2021 11 30 | 101/ШШ2021/03937 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК //-ийн гаргасан,
Хариуцагч: *******гийн Л /рд:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 6,675,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани хариуцагч А.Лгаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 4,450,000.00 төгрөгийг 2,225,000.00 төгрөгийн алдангийн хамт нийт 6,675,000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид, хариуцагчийн хүсэлтээр гэх газарт худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр түүнтэй 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг ажлыг 09 дүгээр сарын 07-ны өдөр гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь тус ажлыг гэрээнд дурдсан үр дүнд нийцэхүй ч хэмжээнд хийж дуусгасан байхад хариуцагч тал төлбөрийг төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.
Талуудын байгуулсан гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа төлбөрийг ажил эхлэх үед, үлдэгдэл төлбөрийг ажлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тус тус төлөх ёстой байсан. Үүнээс хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 4,650,000.00 төгрөгийг ажлын үр дүнг хүлээн авсны дараа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.4-т зааснаар ажил гүйцэтгэж дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй.
Энэ талаар бид хариуцагчид удаа дараа шаардлага тавьсан хэдий ч үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Манай компаниас өнгөрсөн хугацаанд хариуцагчид хэд хэдэн удаа төлбөр төлөх хугацааг хойшлуулах зэргээр боломж олгосон боловч тодорхой үр дүн гарсангүй. Талуудын байгуулсан гэрээний дагуу хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй бол алданги тооцохоор тохирсон. Иймээс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон чинь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас 4,450,000.00 төгрөгийг 2,225,000.00 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилсэн.
Хэдийгээр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нийтийг хамарсан хөл хорио тогтоосон боловч хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлбөрийг төлөх ёстой байсан учраас хөл хорио тогтоотол алданги тооцсоныг төлөх ёстой, мөн тухайн өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан боловч хариуцагч нь 2021 оны 02 болон 2021 оны 05 дугаар сараас төлөх үүргээ зөрчсөн тул алдангийг дахин тооцоход үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн учраас 2,225,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Гэтэл хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн гаргасан худгийг хүлээн аваагүй, тийм учраас төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, харин үндсэн төлбөрийг төлөхөд татгалзахгүй, алдангийг төлөхөд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэсэн. Тэгсэн шүүх хуралдаан дээр гэнэт манай компанийг гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй гэсэн зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй, бид тухайн худгийг хариуцагчийн эзэмшил газарт гаргаж, н.Батсуурь гэж ажилтанд нь хүлээлгэн өгсөн гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,450,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийн хувьд төлөх боломжгүй. Учир нь, Улаанбаатар хот, *******,*******,*******ийн аманд баригдаж байсан хувийн орон сууцны барилгын ажлын үнэ цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өссөн учир зогссон. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг төлөх боломжгүй тул гэрээний 7.1-д зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т заасан хугацаанд ажлын урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан болохоо хэлсэн, гэвч хариуцагч нь тухайн худгийг хүлээж аваагүй, гэрээний 8.5-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч буюу А.Л нь хүлээж авахаар тохирсон. Гэтэл хүлээлцсэн актад н.Батсуурь гэж хүн гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, уг худгийг хариуцагч нь хүлээж авсан эсэхтэй холбоотой баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй.
Мөн нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд заасан худгийг хүлээлгэж өгсөн гэх боловч ус, химийн шинжилгээний тодорхойлолт нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байдаг. Иймээс ус, химийн дүгнэлт гараагүй байхад ажил хүлээлцэх акт нь үйлдэгдсэн байгааг эргэлзээтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тус ажлыг хүлээж авах эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй, хариуцагчийн зүгээс ажлыг албан ёсоор өөрийг нь байлцуулан хүлээлгэж өгсөн тохиолдолд гэрээний үндсэн үүргийг төлөх үндэслэлтэй. Гэрээний 3.4-т заасны дагуу захиалагч нь өрөмдлөгийн ажил дууссаны дараагаар худгийг хүлээн авах ба үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон болохыг анхаарах хэрэгтэй.
Хэрэв нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч А.Лг байлцуулан худгийг шалгаж, хүлээлгэн өгсөн тохиолдолд үлдэгдэл мөнгийг төлөх бөгөөд алдангийг төлөх үндэслэл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч А.Лд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 6,675,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э ХХК 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч А.Лтай худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулжээ /х.х-ийн 8, 9 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалга, хүсэлтээр Улаанбаатар хот, *******,*******,*******ийн аманд байрлах газарт 70 метр тууш өрөмдлөг хийж, худаг гаргаж өгөхөөр тохирсон байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 1 метр өрөмдлөгийн хөлсөнд 130,000.00 төгрөг, нийт 9,100,000.00 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаас гадна 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр ажил гүйцэтгэгч талд хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолгүй байх учиртай.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь 9,100,000.00 төгрөгөөс 4,650,000.00 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлжээ. Иймээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
2. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э ХХК нь худаг гаргах зөвшөөрлийг Нийслэлийн байгаль орчны газраас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр авч, улмаар Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лаборторийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNSO900:2018 стандарт-д нийцсэн ундны ус гаргасан гэжээ /х.х-ийн 10, 12 хуудас/.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг гаргасан худгийг хүлээлгэн өгөөгүй тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,450,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 2,225,000.00 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно гээд 207.1.4-т бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар гэж тус тус заажээ. Тодруулбал, талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэх газрыг хуульд тухайлан заагаагүй тохиолдолд гэрээгээр өөрчилж болох бөгөөд зохигчид худаг гаргах ажлыг хариуцагч А.Лгийн эзэмшлийн Улаанбаатар хот, *******,*******,*******ийн аманд байрлах газарт худаг гаргахаар тохирчээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил (мэдэлд байдаг)-д байдаг газарт худгийг гаргаж өгсөн байх тул нэхэмжлэгчийг худгийг шилжүүлэн өгөхтэй холбоотой үйлдэл хийгээгүй буюу хариуцагчид ашиглах боломжийг олгоогүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариу тайлбар өгөхдөө нэхэмжлэгчийг худаг гаргаагүй, эсхүл худгийг бодитоор хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй ба харин төлбөрийн үлдэгдэл 4,450,000.00 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, алдангийг барилгын материалын үнийн өсөлтийн улмаас төлж чадахгүй гэсэн утгатай тайлбар өгсөн байна.
Нөгөө талаар хариуцагч нь 9,100,000.00 төгрөгөөс урьдчилгаа 4,550,000.00 төгрөгийг гэрээт ажлыг эхлэхээс өмнө төлөх ёстой байтал Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лаборторийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийн дараа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4,650,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлчихөөд хожим худгийг хүлээн аваагүй гэж маргасан ба энэ талаар урьд өмнө нэхэмжлэгчид тодорхой шаардлага гаргаагүй байж шүүх хуралдаанд дээр ийм тайлбар гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Энэ тохиолдолд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Мөн дээр дурдсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч хариуцагч нь худгийг хүлээн аваагүй гэсэн татгалзлаа баримтаар нотолсонгүй.
3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой, хэрэв тийнхүү биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар худгийг зохих ёсоор гаргаж өгсөн бол, харин хариуцагч А.Л нь гэрээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
4. Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.т-т зааснаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.
Нэхэмжлэгч Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу гэрээт ажлыг өрөмдлөг хийх талбайд очсон өдрөөс хойш 3 (гурав) хоногийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар худгийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лаборторийн дүгнэлтийн хамт хариуцагчид хүлээлгэн өгчээ.
Харин хариуцагч А.Л нь үлдэгдэл төлбөрийг энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлөх ёстой байтал үүргээ биелүүлээгүй байна. Иймээс тэрбээр хугацаандаа үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнд зааснаар алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсад хөл хорио тогтоосонтой холбогдуулан хариуцагчид төлбөр төлөх хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тодорхой хугацаагаар сунгасан, ийнхүү сунгахдаа 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд алданги бодогдох ёстой гэсэн.
Тодруулбал, зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Гэрээний аль нэг давагдашгүй хүчин зүйл /газар хөдлөлт, үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэжээ.
COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хөл хорио тогтоосон.
Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нотлох шаардлагагүй юм.
Гэвч хариуцагч нь хөл хорио тогтоохоос өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ биелүүлэх боломжгүй байсан талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар тийм хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болох нь тогтоогдсонгүй.
Иймд, хариуцагчийн төлбөл зохих алдангийг ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 4,450,000.00 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн алдангийн хэмжээг тооцоход 734,250.00 төгрөг болж байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 4,450,000.00 төгрөгийг төлөх хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш сунгасан гэсэн боловч үүнээс хойш уг төлбөрийг төлөх хугацааг тусгайлан тогтоосон гэдгээ тайлбарласангүй. Тодруулбал, хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,450,000.00 төгрөгийг алданги 734,250.00 төгрөгийн хамт хэзээ төлөх хугацааг жич тогтоогоогүй байх тул хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Үүрэг гүйцэтгэх хугацаа нь хариуцагчид тодорхой байснаар үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх нөхцөл байдал үүсэх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд 2021 оны 02 дугаар сараас төлөх ёстой, аль эсхүл 2021 оны 05 дугаар сараас төлөх ёстой байсан гэсэн тайлбараас сунгасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэзээ дууссан, төлбөрийг төлөх хугацааг хэзээнээс эхлэн тооолохыг тогтоох боломжгүй байна.
Энэ нь, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж, түүнчлэн 72 дугаар зүйлийн 72.7-т Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
Иймд, дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,450,000.00 төгрөг, алданги 734,250.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,490,750.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А.Лгаас 5,184,250.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,490,750.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,750.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,898.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР