Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

              Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

             Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч   Д.Б-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн,

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Д.Б нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өдрийн 153 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ******нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Ковш” маркийн ********улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн  *********  дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ***************нутаг дэвсгэрт “Ковш” загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.С өгсөн: “..Би ********хэсгийн *********н ажил хийдэг юм. 2024 оны 07 сарын 12-ны өдөр улсын баяр наадам болж байсан өдөр санагдаж байна. Би сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад сумын төвд явж байсан ********дугаартай том оврын ковш автомашиныг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б гэх жолооч нь согтолтын зэрэг шалгадаг багажаар шалгахад 3.03 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан, мөн тухайн жолооч урд өмнө жолоодох эрхээ хасуулж байсан болохоор гэмт хэргийг бүртгэлд оруулсан. Ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

          Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар  сарын 28-ны өдрийн 153 дугаартай  шийтгэврийн хуулбар /хх-ийн 57-59 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 тал/

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “.. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд архи уусан үедээ том оврын ковш маркийн автомашин жолоодож яваад сумын цагдаа зогсоож шалгахад согтолттой гарсан учраас миний жолоодож явсан ковшийг цагдаа нар хураасан. Миний жолоодож явсан ковш тухайн үед миний ажиллаж байсан компанийн машин байсан. Тэгээд сумын цагдаа аймаг яваарай гэхээр нь би ингээд болчихож байгаа юм  байна гэж бодоод шууд Увс аймаг руу машинд суугаад явчихсан юм. Би тухайн тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй юм. Би 2024 оны 03 дугаар сард Увс аймагт жолоодох эрхээ хасуулж байсан. Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан: “....шүүгдэгч Д.Б нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өдрийн 153 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Ковш” маркийн ********улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, гэрч Ч.С өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдсон байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Д.С өгсөн мэдүүлэг,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл           Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар  сарын 28-ны өдрийн 153 дугаартай  шийтгэврийн хуулбар, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Б нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг **********нутаг дэвсгэрт “Ковш” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэм буруутай нь нотлогдож байна.  

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Бийн үйлдэл идэвхтэй,  бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

           Тодруулбал: шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан хүн  гэж согтуурсан, мансуурсан  үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

           Шүүгдэгч Д.Б  нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ түүний амьсгал дахь спиртийн агууламж (3.03) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтанаас драгер багажаар шалган тогтоож, шүүгдэгч нь  Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар  сарын 28-ны өдрийн 153 дугаартай  шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Д.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Бийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Ц.Цэен-Ойдов  эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ :“... шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.

              Шүүгдэгч Д.Бийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6  сарын  хугацаагаар хасаж хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг  90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Д.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг  торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж,  2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 (нэг) жил  6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 6.  Энэ хэрэгт шүүгдэгч  Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.             

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН