Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 49

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,   

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******,

шинжээч эмч Т.*******,

гэрч Ц.*******, М.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт*******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0200 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “” ХХК-нд ковшны жолоочоор ажиллаж байсан, ам бүл 1, , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт*******ийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр , Гандан уулын 1а-43 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “аавыгаа гадуур архи уулаа, олж ирсэн бярууг тавиад явууллаа” гэж хоорондоо маргасны улмаас болж аавыгаа орлуу түлхэж нүүр болон цээжин тус газар гараараа олон удаа цохисны улмаас зүүн талын 6 хувирга, баруун талын 5 хавирга хугарч, цээжинд битүү гэмтэл авсны улмаас Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний эмнэлэгт 7 хоног эмчлэгдэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барж, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой , Гандан уулын 1а-43 тоотод оршин суух төрсөн эцэг М.Бат-Эрдэнэтэй “олж ирсэн бярууг тавьж явууллаа” гэж маргалдан, төрүүлсэн эцэгтээ хүн чанаргүй зан гаргаж түүнийг ор руу түлхэж ямар ч энэрэл өршөөлгүй нүүр, цээжин тус газар нь зэрлэг балмадаар олон удаа цохиж учрах үедээ амь насанд аюултай зүүн 2,4,5,6,7,8-р хавирга, баруун талд 2,4,5,7,8-р хавирганы хугарал, баруун, зүүн уушигны няцрал, баруун, цээжний хөндийн хий, цус хуралт, хоншоор ясны баруун гайморовын хөндийн урд, ард хана, баруун хацрын нум, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, цээжний урд болон баруун хажуу хэсгийн цус хуралт, нүдний алимны цус харвалт, хамрын нурууны зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас М.Бат-Эрдэнэ нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног эмчлэгдэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 16-ны 01 цаг 30 минутад цээжний битүү гэмтэл олон хавирганы хугарал, хоёр уушигны няцралын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барж хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай  алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой төрсөн эцэгтэйгээ хувийн таарамжгүй асуудлаар муудалцаж, ор луу түлхэж, нүүрэн тус газарт цохисноор эрүүгийн хэрэг үүссэн. Тухайн өдөр талийгаач архи уусан байсан. Бид хоёрын маргаан бяруу тавьж явуулснаас үүссэн. Талийгаач над руу дайрч давшихаар нь миний тэвчээр алдаж тухайн үйлдэл болсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ийн өгсөн: “Шүүгдэгч цохиж зодсоноос болж талийгаач үхэх шалтгаан болсон. Тухайн үед бид нарыг гэрт очиход улаан өнгөтэй жижиг хутга байгаагүй. Би байнга хажууд нь байсан учир талийгаачийн нүд хөхөрсөн зүйл байгаагүй. Талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад нь шүүгдэгч нэг удаа ирсэн байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.*******гийн өгсөн: “Талийгаач хэрэг гарсан өдрийн урьд өдрийн өглөө, орой нь манай гэрт ирж хоол идсэн. Маргааш өглөө нь үхэр малаа гаргахгүй болохоор нь би яасан юм бол гэж бодоод гэрт нь ороход зуухны ард нэлээн их цус тунасан. Зүүн талын орон дээр бүдүүн хүн хэвтэж байсан. Би өөр хүн байна гэж бодоод гарах гэхэд намайг дуудаад “хүү намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Талийгаач хүн танихын аргагүй болсон байсан. Би айгаад гарч гүйгээд *******т очиж хэлсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.*******ийн өгсөн: “Талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад эмч нар үзээд энэ хүнийг очиж зургийг авхуул гэж хэлсэн. Би талийгаачийг зургийг авхуулах гэж босгоход 2 удаа алхаад цааш яваагүй. Маргааш нь дахин сэхээнд ороод 2 өдөртөө нас барсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.*******ий өгсөн: “Цогцост хийсэн үзлэгээр хуучин гэмтэл тогтоодоогүй. Цээжний битүү гэмтлийн улмаас цээжний цус хуралт, хавирганы хугарал, уушигны няцрал улмаас цусны эргэлтийн дутагдалд орж амьсгалын хурц дутагдлаас нас барсан. Талийгаачийн хувьд цээжний хэсгийг нэлэнхийд нь хамарсан цус хуралттай байсан учир олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлийг олон тооны гэмтэл гэж үзнэ. Талийгаач унаснаас болж нас барсан гэж үзэж болохгүй.” гэх мэдүүлэг, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр:

“1. М.Бат-Эрдэнэ-н биед зүүн 2,4,5,6,7,8-р хавирга, баруун талд 2,4,5,7,8-р хавирганы хугарал, баруун, зүүн уушигны няцрал, баруун, цээжний хөндийн хий, цус хуралт, хоншоор ясны баруун гайморовын хөндийн урд, ард хана, баруун хацрын нум, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, цээжний урд болон баруун хажуу хэсгийн цус хуралт, нүдний алимны цус харвалт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 64-65 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 05 дугаар сарын 24ий өдрийн 946 дугаар:

“1.2.5. Талийгаач нь цээжний битүү гэмтэл олон хавирганы хугарал, 2 уушигны няцралын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

3. Талийгаач нь өвчний түүхэнд дурдсанаар 2016.05.16-ны 01:30-д нас баржээ.

4.6.9. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаач нь цусны АВО системээр А 2-р бүлгийн цустай байна.

8. Талийгаач нь эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлэгдсэн тул спиртийн зүйл тогтоогдохгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 70 дугаар тал/

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 747 дугаар:

“1. Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.  

2. Б.******* нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй байна.

3. Б.******* нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Б.******* нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.*******т албадан эмчилгээ шаардлагагүй байна.

5. Б.******* нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

6. Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 83 дугаар тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 3-7 дугаар тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 19-22 дугаар тал/

Өвчний түүх /хх-ийн 143-160 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт*******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Харин төрүүлж өсгөсөн эцгээ хайрлан өрөвдөлгүй цээжний хэсэгт битүү цус хуралт, нүүр хамар нүдний хэсгийн эрхтнүүдийг гэмтээх, цээжний доторх эрхтэн хоёр талдаа няцрах, хоёр талдаа олон тооны хавирга хугарч, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч “талийгаачийн цээжний хэсгийг нэлэнхийд нь хамарсан цус хуралттай байсан учир олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж мэдүүлж байхад онц хэрцгий арга шүүгдэгч Б.*******ын үйлдэлд байхгүй, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, эсхүл 96 болгуулж түүний ял эдлэх дэглэмийг жирийнд эдлүүлж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч Б.*******т ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт*******ийн *******ыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Б.*******т 20 /хорь/ жил хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 20 /хорь/ жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ын 2016 оны 05 дугаар сарын 16-наас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 352 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн эмжээртэй цагаан өнгийн нимгэн дэвсгэр 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, ногоон судалтай ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.*******аас оршуулгын зардалд 2.092.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******т олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ

                                                     ШҮҮГЧИД                                        Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                              Д.ЧИНЗОРИГ