Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 378

 

Б.Х-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Б.Х-д холбогдох 1713001580112 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жадик овогт Б-ийн Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-ыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг 1 сарын хорих ялд тооцож, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 9 жил 1 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Б.Х нь бусдын амь насыг санаатайгаар бусниулсан буюу нийгэмд онц аюултай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнд 9 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэнд туйлын их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-д хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Х-ы нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд түүнд оногдуулсан хорих ял болон  ялын дэглэм нь маш их хөнгөн болсон гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А нь мөрдөн байцаалт, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд талийгаач болох нөхөр Хыстаубайгийн амь насыг санаатайгаар бусниулсан шүүгдэгч Б.Х-д туйлын их гомдолтой байгаа. Талийгаачийн ар гэрт насанд хүрээгүй 7 хүүхэд өнчирч үлдсэн, жирэмсэн байхад дайрч биед маань хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Х-ы өөрийн хамаатан садан болох Б.Х, М.К нартай бүлэглэн миний нөхрийн амь насыг бусниулсан зэрэг асуудлыг удаа дараа мэдүүлэн шүүгдэгч Б.Х-д төрийн хатуу цээрлэл хүлээлгэж өгөхийг хүссэн боловч энэхүү хохирогчийн байр суурийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хүндрүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд хэлсэн саналдаа “Хэрэг гарсан өдөр шүүгдэгч хохирогчийн гэрт орж ирээд талийгаачийн 5 сартай жирэмсэн эхнэрийг зодсон. Талийгаач шүүгдэгчтэй хамт гэрээс гарах үед шүүгдэгч нь талийгаачийг үгийн зөрүүгүй мод хугартал цохисон үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд талийгаачийн буруутай үйлдэл тогтоогдоогүй. Шүүгдэгчид улсын яллагчаас 13 жилийн хорих ял санал болгож байхад 9 жилийн хорих ял оногдуулж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Г.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч нь хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодсон гэх асуудал яригддаг. Энэ хэргийн тухайд хэргийн зүйлчлэл тохирсон. Харин ял шийтгэлийн тухайд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал зэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүйтэн хөтөл” гэх газарт амь хохирогч Ж.Кыстаубайтай бэлчээрийн асуудлаас маргалдахдаа түүний толгой руу модоор хоёр удаа цохиж санаатай алсан,

Мөн талийгаачийн эхнэр К.А-ийн толгой руу модоор цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-д 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс учруулсан хохирол төлбөрийг төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.

Иймд хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын ял хөнгөгдсөн тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн хор аюул,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Сум буюу сум дунд, аймгийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсны улмаас адил шатны өөр шүүхээс томилогдон оролцож буй шүүгч нь хэргийг хэлэлцэж буй шүүхийн шүүх бүрэлдэхүүнд хамаарах тул түүний харьяалагддаг шүүхийн нэрийг тогтоол, магадлалд онцлон дурдах шаардлагагүй болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 9 жил 1 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН