Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/03173

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/03173

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ..... регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид б-10 дугаар гудамж 303 тоотод оршин суух Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центр 4 дүгээр давхарт оршин байрлах ЗБТС-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс ЗБДСгийн Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан болно. Гэтэл энэ оны ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ороход 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шууд ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаал гардуулсан. Сангийн гүйцэтгэх захирал нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн нь дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1. Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөн гэдэг нь хуульд заасан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх хоёр үндэслэлийн чухам алийг нь үндэслэл болгосон нь тодорхойгүй. Хэрвээ Захиргаа, төлөвлөлтийн газрын дарга гэх албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзвэл шинэ бүтцээр энэхүү албан тушаалын орон тоо байхгүй болсон байхыг ойлгох бөгөөд Захиргааны газрын дарга гэж дахин энэхүү албан тушаалын орон тоо байгаа нь бодит байдал дээр орон тоо хасагдаагүй хуульд заасан энэ үндэслэл байхгүй гэж үзнэ, мөн Захиргаа төлөвлөлтийн газрын дарга гэсэнтэй адил албан тушаалын орон тоо байхгүй тул орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй юм. Тодруулбал, албан тушаалын зөвхөн нэршилийг өөрчлөн Захиргааны газрын дарга гэж өөрчилснөөс нь үзэхэд албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, миний урьд ажиллаж байсан албан тушаалын орон тоо хэвээр байгаа гэж үзэх тул хууль зүйн үндэслэлтэй юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл ажил олгогч нь энэхүү мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй гэнэт л тушаал гарган ажлаас чөлөөлж буй нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлаагүй илэрхий үндэслэлгүйгээр ажилтны эрхийг зөрчиж байна .

Мөн тушаалд ЗБДСгийн Удирдах зөвлөлийн 2018.08.14-ний өдрийн 35 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байгаа ч тус тогтоолоор ямар асуудлыг шийдвэрлэсэн, бүтэц орон тоог шинэчлэн баталсан гэхэд ямар шалтгаан нөхцөл бүрдсэн нь тодорхойгүй, энэхүү шийдвэрээ танилцуулдаггүй, мөн хуульд заасан мэдэгдэл хүргүүлэх хугацааг баримтлаагүй зэрэг нь илэрхий хууль зөрчсөн хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэж байна. Иймд ЗБДСгийн гүйцэтгэх захирлын 2018.08.23-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Аг урьд эрхэлж байсан Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нийт хугацааны олговрыг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЗБДСд холбогдуулан гаргасан ЗБДСгийн гүйцэтгэх захирлын 2018.08.23-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Аг урьд эрхэлж байсан Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нийт хугацааны олговрыг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тус санд Захиргаа, төлөвлөлтийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн чиг үүрэг өөрчлөгдсөн тул үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Сангийн эрх барих дээд байгууллага буюу Удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар Сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн чиг үүрэгт өөрчлөлт оруулж Захиргаа төлөвлөлтийн газрын чиг үүргийг өөрчилж, Захиргааны газрыг шинээр байгуулсан нь зөвхөн албан тушаалын нэр өөрчилсөн төдий зүйл биш бүтцийн чиг үүрэг, хариуцах ажил, ажилтанд тавигдах шаардлага өөрчлөгдсөн асуудал юм. Б.Аг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Б.Агийн ажиллаж байсан албан тушаал буюу Захиргаа төлөвлөлтийн газрын даргын орон тоо манай байгууллагад байхгүй тул түүнийг ажилд буцаан томилох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч ЗБДС-д холбогдуулан тус сангийн Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж түүний ажлаас чөлөөлсөн ЗБДС-гийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаартай тушаал нь хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн нь бодит байдалд нийцээгүй эрхлэж байсан ажил албан тушаал хасагдаагүй, орон тоог цөөрүүлээгүй гэж тайлбарлаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ЗБДС-гийн Удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор сангийн ажлын албаны бүтэц, орон тоо, чиг үүргийг шинэчлэн батлаж, Захиргааны газрыг шинээр байгуулсан бөгөөд чиг үүрэг, ажил хариуцах албан тушаалтанд тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул ажилтанд мэдэгдэж, 3 сарын тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн тул ЗБДС-гийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

Ажил олгогч ЗБДС-гийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 154 дүгээр тушаалаар ажилтан Б.Аг тус сангийн Захиргаа, төлөвлөлтийн газрын даргаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан байна. /х.х-ийн 4, 6, 7-12 дугаар тал/

ЗБДС-гийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаартай Б.Аг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, ЗБДСгийн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.11,9.4 дэх заалт, Удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Б.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /х.х-ийн 5 дахь талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ЗБДС-гийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаартай Б.Аг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ажил олгогчоос хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Аг Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ЗБДСгийн Удирдах зөвлөлийн 35 дугаар тогтоолоор тус сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж түүний ажиллаж байсан газрын нэр Захиргааны газар болж төлөвлөлтийн гэдэг үг хасагдсан байна.

Ажил олгогч нь ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ЗБДСгийн Удирдах зөвлөлийн 35 дугаар тогтоолыг үндэслэсэн байна.

Хавтаст хэргийн 46-52 дахь талд авагдсан ЗБДСгийн Удирдах зөвлөлийн 07 дугаар тогтоолын 01 дүгээр Хавсралтад заасан Захиргаа төлөвлөлтийн газар-ын чиг үүргийг шинээр өөрчлөн байгуулсан хавтаст хэргийн 45-59 дахь талд авагдсан ЗБДСгийн Удирдах зөвлөлийн 35 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Захиргааны газар-ын чиг үүрэгтэй харьцуулан үзэхэд ажлын байрны үндсэн зорилго өөрчлөгдөөгүй, өмнөх газрын чиг үүрэгтэй сүүлд байгуулсан газрын чиг үүрэг агуулгын хувьд давхцаж байна.

Өөрөөр хэлбэл, ЗБДСгийн бүтэц орон тооноос Захиргаа төлөвлөлтийн газрын даргын орон тоо, ажлын байр хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна тухайн ажлын байранд ажиллах албан тушаалтанд тавигдах шаардлага өөрчлөгдсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж ажилтанд мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Аг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан мэдэгдэл өгөх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дурдсан үндэслэлүүдээр ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ЗБДСгийн Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Б.Аг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 6, 7, 8 дугаар сарын дундаж 2,588,984 төгрөгөөр нэг сарын цалинг тодорхойлон, ажилгүй байсан /2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал/ 1 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 4,354,200 төгрөг /2,588,984:22=117,681х37/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Б.Ад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,354,200 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аг ЗБДСгийн Захиргаа, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ЗБДСгаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,354,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ЗБДСд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЗБДСгаас 84,617 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ