Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

2025      03         28                                           2025/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Э.Г

    Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

    Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2525000000114 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ш овгийн Б-н  Б , Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:   /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн урд талын төв асфальтан зам дээр ** ОРО улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслийг 2.16 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 8-р тал/

2. Драгер багажийн хэвлэмэл хуудас 2.16%. /хх-ийн 9-р тал/

3. Гэрч Б.М-ы“Тухайн өдөр Замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Наранбаатарын хамт шөнийн эргүүлийн үүргийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн баруун талын засмал зам дээр приус-11 загварын ** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас ирж явсан. Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийг очиж шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ганцаараа явж байсан. Тиймээс тус жолоочийн үйл баримт миний энгэрийн камерын бичлэгт бичигдсэн байгаа. Тус тээврийн хэрэгслийн жолоочийг драгер үлээлгэхэд 2.16% согтолтын зэрэгтэй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/

4. Гэрч Б.Б-н “Уг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Бага байхаасаа аавын машиныг бариад сурчихсан байсан болохоор жолооны үнэмлэх авсан юм. 2025 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

5. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/245 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Б овогтой Б  (РД:)-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр /хх-ийн 14-16-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн урд талын төв асфальтан зам дээр ** ОРО улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслийг 2.16 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б  дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Драгер багажийн хэвлэмэл хуудас 2.16%, гэрч Б.М-ы“Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийг очиж шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ганцаараа явж байсан. Тиймээс тус жолоочийн үйл баримт миний энгэрийн камерын бичлэгт бичигдсэн байгаа. Тус тээврийн хэрэгслийн жолоочийг драгер үлээлгэхэд 2.16% согтолтын зэрэгтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “2025 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг, аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/245 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн урд талын төв асфальтан зам дээр ** ОРО улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслийг 2.16 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Toyota Prius 11 маркийн *** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.16 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Б-н  Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 сарын хугацаагаар хасч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС