Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Э-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

               Холбогдсон хэргийн талаар:

               Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Н.Гыг зодож, биед гайморын хөндий, ухархайн хана, шанаа, хацар, хамар ясны хугарал, хуйханд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн    ***********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

  Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

             Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Н.Гын бие эрх чөлөөнд нь  халдаж, өшиглөн  зодож, биед нь гайморын хөндий, ухархайн хана, шанаа, хацар, хамар ясны хугарал, хуйханд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Энэ үйл баримт нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Б.Эын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

                      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Гын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үдээс өмнө байх гэж бодож байна Мөрөн сумын *******багт байдаг ******а нэртэй дэлгүүрийн гадаа байдаг саравчинд суугаад хоёр хөдөөний зүс таних залуутай архи уугаад байж байхад Э.Р ирсэн. Тухайн үед би архийг хэтрүүлэн хэрэглээд муудсан тасарсан байхад Э.Р нь намайг газарт унагааж өшиглөж зодсон байсан тэгээд наад  талын гудамжний үзүүрт байдаг худгын тэнд намайг аваачиж хаясан байсан худгийн хүн намайг таньдаг хүн байгаа юм тэгээд манай охин руу утсаар ярьж охин ирж намайг авсан гэсэн. Олон жилийн өмнөөс таньдаг болсон манай нэг найзын найз нь байгаа юм бид хоёр нийлж хааяадаа архи уудаг юм. Би нэрийг нь мэдэхгүй байна хөдөөний зүс таних хоёр залуу байсан. Зүүн талын шанаа толгойны дух хэсэгт бага хагарсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Надад тийм зүйл байхгүй намайг тасраад унасан байхад зодсон байсан.  Э.Рын гэр Найман шарга дэлгүүрийн арын гудамжинд байдаг гэсэн. Маргааш нь *******дэлгүүрийн гадаа уулзсан тэгэхдээ ах цагдаа сэргийлэх гээд яах вэ би эмчилгээний зардлыг  гаргаж өгөөд эмнэлэгт хэвтүүлж өгье гэж байсан манай охин дургүйцэж цагдаагаар шалгуулна гэж өргөдөл бичиж өгсөн. Гомдолтой байна. Гэхдээ өөрөө надтай уулзаад эмчилгээний зардал төлөөд намайг гомдолгүй болгочих юм бол надад гомдоод байх зүйлгүй байна. Шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоё... Одоогоор нөхөн төлсөн зүйл байхгүй мөнгө байхгүй гээд надад 800 мянган төгрөгний оронд эхнэрийнхээ зарж байгаа бараанаас /бэлэн хувцас/ авчих гээд байгаа юм би тэрүүгээр нь юу хийх вэ гэж бодоод байж байна. Цаашид бид хоёр эвлэрнэ. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Эмчилгээнд гарсан зардлаа л гаргуулж авмаар байна. Нийт 800 орчим мянган төгрөг гарсан байх тэр мөнгөө нэхэмжилж байгаа. одоо хэрэгт хавсаргах баримт бичиг байхгүй байна...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 28 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “..Н.Гын Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүз үзэхэд нийт 1.732.294 төгрөгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан  байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас  1.732.294 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26/175 дугаартай албан бичиг /хх-ийн 29 тал/,

Гэрч Г.Д өгсөн: “...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад манай хамаатны ах П.Ж гээд ах над руу утсаар  залгаж аав чинь миний ажиллуулдаг худаг дээр согтуу хүнд зодуулсан ирсэн байна гэхээр нь би гэрээсээ гарч П.Ж ахын ажиллуулдаг 10 дугаар хороонд байдаг цагаан худаг дээр ирэхэд аав цус нөжтэйгээ холилдсон согтуу сууж байхаар нь түүнийг аваад гэртээ харьсан хариад ааваас хэнд зодуулсан талаар асуухад Энхээд зодуулсан гэж байсан. Тэгэхээр нь би хамт архи уудаг газарт нь явж очиход Энхээ ах тэнд байхаар нь та яахаараа аавыг зоддог юм бэ гэсэн чинь би зодоогүй гээд байхаар нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Биеийн байдал нь зүгээр ярьж байсан гаднах байдлаасаа нэг нүд битүү хавдсан шанаа хэсэг нь тэр аяараа хавдсан цус гарсан байдалтай байж байсан. Өөрөө согтуу

байсан.  Г.Рын биеийн байдал одоо хэвийн болсон Улаанбаатар хот руу явж тархи энэ тэрээ үзүүлсэн. Тархины эм тариа авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 тал/,

Хохирогч Н.Гын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 20 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай: “...Н.Гын биед гайморын хөндий, ухархайн хана, шанаа, хацар, хамар ясны хугарал, хуйханд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан  гэх хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг  тогтоогдлоо.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт, эмчийн тэмдэглэл,  Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг дүрс оношилгооны эмчийн дүгнэлт /хх-ийн 45-46 тал/,

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн сайн таних ах Г.Ртаа  архи ууж байгаад тасарсан байхдаа түүнийг зодсон асуудал гаргасан байсан. Бусад зүйлийг би өмнө мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан байгаа би энэхүү хэргээ хүлээн зөвшөөрч байгаа Н.Г ахтай уулзаж эвлэрэх гэж байгаа. Би Г.Р ахтай нэг мөсөн уулзаж эвлэрчихээд ирмээр санагдаад байсан таныг дуудахад хүрэлцэн ирээгүй юмаа. Би муухан санаад байгаа юм би гараараа нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон зүйл байхгүй. Одоогоор эвлэрсэн зүйл байхгүй ажилдаа яваад ирээгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Н.Гыг зодож, биед гайморын хөндий, ухархайн хана, шанаа, хацар, хамар ясны хугарал, хуйханд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч  Б.Э нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Г, иргэний нэхэмжлэгч Г.А, гэрч  Г.Д нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Н.Гын бие эрх чөлөөнд нь  халдаж өшиглөн зодож, биед нь гайморын хөндий, ухархайн хана, шанаа, хацар, хамар ясны хугарал, хуйханд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч   Н.Гын биед гайморын хөндий, ухархайн хана, шанаа, хацар, хамар ясны хугарал, хуйханд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  Б.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч  Б.Эын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч  Б.Эын хохирогч  Н.Гын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч Б.Эын  бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Н.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Г нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн: “...Б.Эт 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зодуулж тархи толгойн хүнд гэмтэл авсан эмчилгээний зардал 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин болох Г.Р овогтой Д.Н ******тоот дансанд 800.000 төгрөг, авсан одоо гомдол саналгүй...” гэх баримт /хх-ийн  67  тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Эыг  энэ шийтгэх тогтоолоор хохирогч Н.Гт төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  төгрөгийг шүүгдэгч Б.Эын нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч   Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.732.294 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эаас 1.732.294  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдал эхнэрийн хамт бизнес эрхэлдэг зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Мөн гэм буруу дээрээ маргаан байхгүй нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял санаг гаргаж байна...” гэх, санал дүгнэлт,

Шүүгдэгч Б.Э өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэв.

  Шүүгдэгч Б.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч нь архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан таарамжгүй харилцаа үүсгэн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   600.00 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч  Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч   Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч  Э.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Рыг  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 ( зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Б.Эт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

  5.  Шүүгдэгч  Б.Э-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч  Б.Э-аас 1.732.294  (нэг сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ***** дугаартай дансанд олгосугай.

  7.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Энэ хэрэгт шүүгдэгч  Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч   Н.Г-т төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН