Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00931

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00931

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Н-т холбогдох,

 

Зээлийн төлбөр 17.752.050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.С, А.Г, хариуцагчЖ.Н, түүний өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нөхрийн найз Ж.Н-н гуйлтаар Е ХХК-тай зээлийн гэрээ хийж 10.000.000 төгрөг авч бүгдийг нь Ж.Н-т өгч явуулсан. Ингээд төлчих байх гэж итгээд хүлээсэн боловч зээлээ төлөөгүй.Ж.Н-ын энэ үйлдлээс болж миний бие 2015 оны 06 дугаар сараас эхлэнЖ.Н-аас байнга өр төлбөрөө барагдуулахыг шаардаж, цагдаад хандаж, прокуророор явж өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Мөн Е ХХК-аас миний нэр дээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар надаар 13,341,459 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэгэнт миний нэр дээр зээл гарсан болохоор шийдвэрийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн журмаар барьцаа хөрөнгө болох УНҮ улсын дугаартай LEXUS 470 машиныг хурааж авахыг зөвшөөрсөн, гэвч уг машиныгЖ.Н өөрийн найз болох Т гэгчид машины өрөнд өгч явуулчихаад одоо машинаа гаргаж ирэхгүй, төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс Е ХХК намайг өр төлбөр барагдуул гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 23 ны өдрөөс над руу хүргүүлж, 2016 оны 08 дугаар сараас эхлэн миний нэр дээрх дансуудыг хааж 2016 оны 08 дугаар сарын сүүлээс хойш огт цалин мөнгө авсангүй. Одоогийн байдлаар би тухайн зээлээс 1.691.459 төгрөг төлж хохироод байна. Мөн энэ асуудлаас болж миний эцэг эхийн хашаа миний нэр дээр байдгаас тэр газрыг хүртэл дуудлага худалдаагаар борлуулж өр төлбөр барагдуулна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Удаа дараагийн шүүхийн мэдэгдэл шийдвэрүүдээс болж настай ээж аав минь хүртэл сэтгэл санаагаар унаж, санаа зовж, даралт нь тогтворгүйжиж ихэсдэг болж эрүүл мэндээр хохирч байна. Хар өвлийн хүйтэнд хашаанаасаа хөөгдөх нь гээд өдөр шөнөгүй санаа зовж байна. Мөн энэ асуудлаас болж би 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр жирэмсэлсэн боловч стресс, мэдрэлийн ядаргаанаас болж хүүхэд маань өсөлтгүй болж зулбасан, сэтгэлийн гүн хямралд ороод байна. 2014 оноос 2015 онд шилжих шинэ жилийн баяраар шагнагдсан Тайланд явах эрхийг компаниас өөрчилж 2016 оны 06 дугаар сард Чежү арал руу аялуулахаар болоход энэ өрнөөс болж гадагш явах эрхээ хасуулж би явж чадаагүй бөгөөд энэ зардлыг манай компаниас дахин гаргаж өгөх боломжгүй тул энэ эрх шагналаа алдсандаа гомдолтой байна. Мөн би энэ хэргээс үүдэн 500.000 төгрөгөөр өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авч байна. Иймд Ж.Наас Е ХХК-аас нэхэмжилсэн 13,341,459 төгрөг, эрүүл мэнд бие сэтгэлээр хохирсон, эцэг эхийн эрүүл мэнд сэтгэл санааны хохирол, цаг зав ажил төрөлөө цалгардуулсан хохирол 2.310.000 төгрөг, гадаадад аялаж амрах эрх 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.950 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийгЖ.Н-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Н шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Иргэн З.Б нь Е ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөгийг зээлэн аваад уг зээлээ эргэн төлөлгүй надаар төлүүлэх гэж оролдож байгаа нь хууль бус юм. Учир нь З.Б гэр бүлийн хамт уг зээлээ авч ашиглачихаад зээлийн барьцаанд миний аав болох Г.Ж- ын нэр дээр өмчлөгдсөн УНҮ улсын дугаартай Lexus 470 маркийн автомашиныг гуйсаар байгаад З.Б өөрийн нэр дээр шилжүүлэн авч Е ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан. Нэгэнт З.Б-ийн нэр дээр шилжүүлээд зээлийн барьцаанд тавьсан автомашиныг би хариуцах, ашиглах ямар ч боломжгүй юм. Мөн З.Бийн нэхэмжлэлд дурдсан Б.Т хэмээх хүнд миний бие ямар нэгэн өр төлбөр байхгүй. З.Б болон тгүний нөхөр Б.С нарын найз болох энэ Б.Т нар хамтаараа 10.000.000 төгрөгийн зээлээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулчихаад, унах нөхцөлтэй зээлсэн барьцааны автомашиныг Б.С, Б.Тгийн хамт Н нэртэй барьцаат зээлийн үйлчилгээ явуулдаг байгууллагад хууль бусаар өгч уг тээврийн хэрэгслийг дахин давхар барьцаанд тавьж ашигласан болохыг би 2015 онд олж мэдсэн. Энэ талаар миний бие З.Бт анхааруулж сануулж байсан боловч огт хүлээж аваагүй. Н гэдэг барьцаат зээлийн үйлчилгээ явуулдаг байгууллагын захирал О.Н хэмээх хүн бол З.Б, Б.С нарын найз болох Б.Тгийн сайн танил, нөхөд болохыг би сайн мэднэ. Б.С, Б.Т нар өмнө нь буюу 2014-2015 онд Н ХХК-аас хууль бусаар машин барьцаалж ашигладаг болохыг олж мэдсэн. Энэ Н хэмээх байгууллагыг зээлийн барьцаанд байгаа автомашиныг дахин барьцаалж луйвар хийж байгаа үйл ажиллагааг шалган тогтоож, УНҮ Lexus 470 маркийн автомашины сургийг гаргаж өгөхийг хүсч байна. З.Бийн Е ХХК-аас зээлсэн 10.000.000 төгрөгийг би авч ашиглаагүй бөгөөд үүнийг нотлох гэрч бий. Харин надаас гуйсаар байгаад аавын минь нэр эзэмшдэг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлээд зээлийн барьцаанд тавьж, мөн давхар хууль бусаар зээлийн барьцаагаа өөр байгууллагад барьцаалан өгч алдсан нь манай гэр бүлд хохиролтой байна. З.Б зээлээ бүрэн төлөөд барьцаанаас Lexus 470 автомашиныг эргүүлэн авч өгнө гэдэгт миний бие итгэж найдан хүлээж байсан. Гэвч З.Б нь зээлээ төлж барьцааны машиныг буцаан өгөх нь бүү хэл эргүүлээд надаас зээлийг төлүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь үнэхээр улаан цайм гүжир гүтгэлэг хэрэг юм. З.Бийн надаас хууль бусаар, үндэслэлгүйгээр өндөр дүнтэй мөнгө төлбөр нэхэмжилснийг би огт хүлээн зөвшөөрөхгүй. З.Б, түүний нөхөр Б.С, тэдний найз Б.Т нарын нийлсэн энэхүү худал хуурмаг, үгсэн нийлж хуйвалдан, намайг гүтгэж, хохироож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ж.Нт холбогдуулан зээлийн төлбөр болон хохирол 17.752.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлд Е ХХК-аас нэхэмжилсэн 13,341,459 төгрөг, эрүүл мэнд бие сэтгэлээр хохирсон, мөн эцэг эхийн эрүүл мэнд сэтгэл санааны хохирол, цаг зав ажил төрлөө цалгардуулсны хохирол 2.310.000 төгрөг, гадаадад аялж амрах эрхээ ашиглаж чадаагүйн хохирол 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаарджээ.

 

Хэрэгт авагдсан Е ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч З.Б, хариуцагч Ж.Н нар нь зээлдүүлэгч Е ХХК-ийн өмнө зээлдэгч, барьцаалуулагчийн үүргийг хамтран хүлээжээ /хх-113, 114/. Эдгээр гэрээнд зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан талаар шүүхэд маргаагүй.

 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00137 дугаар захирамжаар хариуцагч З.Б зээлийн гэрээний үүрэгт 13.129.660 төгрөгийг Е ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /хх-62/.

 

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч З.Б, хариуцагчЖ.Н нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч Е ХХК нь мөн хуулийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр зээлдэгч З.Бээс үүргийн гүйцэтгэлийг шаардсанаар шүүхийн шийдвэр гарчээ.

 

Иймд дээрх хуулийн 242.12 дахь хэсэгт хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч З.Б нь хариуцагчЖ.Нт холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагчЖ.Нын гуйлтаар түүнд Е ХХК-аас 10.000.000 төгрөгийн зээл авч өгсөн гэснийг хариуцагч Ж.Н уг зээлийг аваагүй, харин өөрийн эцэг Г.Жамбалжавын эзэмшлийн УНҮ улсын дугаартай Lexus 470 маркийн автомашиныг З.Бийн нэр дээр шилжүүлж хашаа байшингийн зээл авч өгөхөд тусалсан гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь дор дурдсан баримтыг шүүхэд гарган мэтгэлцсэн болно.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Б.С 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Е ХХК-аас авсан 10.000.000 төгрөгийн зээлийгЖ.Н авсан гэж, мөн гэрч П.Хадбаатар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Е ХХК-аас авсан 10.000.000 төгрөгийн зээлээс Ж.Наас авах авлагатай байсан 1.000.000 төгрөгөө авсан, З.Б зээлийн мөнгөнөөс авч үлдэнэ гээдЖ.Н бүх мөнгийг авна гэж хоорондоо маргалдаад байсан гэж тус тус мэдүүлжээ /хх-53-57/.

 

Мөн шүүхийн журмаар эрүүгийн 201625010494 тоот хэргээс гаргуулсан гэрч Г.Ундрам, П.Хадбаатар болон сэжигтэн Ж.Н нарын мэдүүлгүүдэд Ж.Нт Е ХХК зээл өгөх боломжгүй гэсэн учир өөрийн эцэг Жамбалбавын нэр дээрх 00-00УНҮ улсын дугаартай Lexus 470 маркийн автомашиныг З.Бийн нэр дээр шилжүүлж Е ХХК-аас 10.000.000 төгрөгийн зээл авахуулсан, уг зээлийгЖ.Н захиран зарцуулсан талаар тус тус тусгагджээ /хх-68-71/.

 

ХариуцагчЖ.Н Е ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.250.000 төгрөгийн зээлийн төлбөр төлсөн кассын орлогын баримтыг шүүхэд гаргасан байна /хх-45/.

 

Хариуцагчийн хүсэлтээр Д.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар мэдэх зүйлгүй гэжээ /хх-93/. Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан Ө.Т-ийн тайлбар баримтад Д.С нь УНҮ улсын дугаартай Lexus 470 автомашиныг Б.Тд өгч явуулж байхыг харсан гэжээ /хх-95/.

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэхэд нэхэмжлэгч З.Б нь нөхөр Б.Сын найз болох хариуцагч Ж.Нын гуйлтаар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Е ХХК-аас 10.000.000 төгрөгийн зээл авч, хариуцагчЖ.Нт шилжүүлсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэв.

 

Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэгчид туслах зорилгоор өөрийн эцгийн нэр дээрх автомашиныг нэхэмжлэгч З.Б-ийн нэр дээр шилжүүлсэн, мөн хамтран зээлдэгчээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан гэх боловч уг тайлбар нь нэхэмжлэгч талын гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн, мөн түүний гэрч Д.Б энэ талаар нотолсон мэдүүлэг өгөөгүйгээс гадна хариуцагч өөрөө эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад уг зээлийг авч захиран зарцуулсан талаараа тодорхой мэдүүлж байжээ. Түүнчлэн уг зээлээс бусад /гэрч П.Х/-д төлөх өр төлбөрөө төлсний дээр зээлдүүлэгчид 1.250.000 төгрөгийн зээлийн төлбөр төлсөн байна.

 

Иймд дээр дурдсаныг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжийн дагуу Е ХХК-д хариуцагч З.Бийн төлбөл зохих зээлийн төлбөр 13.129.660 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 111.799 төгрөг, нийт 13.241.459 төгрөгийг хариуцагчЖ.Наас гаргуулах үндэстэй, харин нэхэмжлэлд дээрх төлбөрийг 13.341.459 төгрөг гэж 100.000 төгрөгийн зөрүүтэй тусгасан нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлд дурдсан эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол 3.910.000 төгрөг баримтаар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгч өөрийн эрхийн хүрээнд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь түүнтэй холбоотой зардлыг төлөх үүргийг хариуцагчид үүсгэхгүй тул эдгээр шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Зээлийн барьцаа болох УНҮ улсын дугаартай Lexus 470 маркийн автомашин гуравдагч этгээд Б.Тгийн эзэмшилд байгаа талаар зохигчдын тайлбар, Б.Т, Ө.Түмэндэлгэр нарын тайлбар баримтад тус тус дурдсан байх боловч уг автомашинтай холбоотой ямар нэгэн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Наас 13.241.459 /арван гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.510.591 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтйин хураамжид нэхэмжлэгчийн илүү төлсөн 1.160 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, хариуцагчЖ.Наас 224.157 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА