Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0009

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2019        04             10                                             09

 

                                                                             

 

Т.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Т.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Ат холбогдох машины үнэ 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 1 дүгээр сард О.А нь миний эзэмшлийн ХӨВ 89-84 улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя, та хэдээр надад худалдах вэ? гэсэн санал тавьсан. Би уг машины мотор янзлах шаардлагатай гэхэд О.А би уг эвдрэлийг чинь өөрөө засуулъя, харин та засварын хөлс, мотор янзлуулахад шинээр авч тавих эд ангийн үнийг өөрөөсөө гаргачих, надад мотор янзалдаг сайн засварчин байгаа, уг засварчнаар засуулаад би таны машиныг 5,000,000 төгрөгөөр худалдаж авъя, машины үнийг би 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 500,000 төгрөгөөр сар бүр төлж байна гэж гуйсан. Би түүний саналын талаар эхнэртэйгээ ярилцаад, хүлээн зөвшөөрч бидний хооронд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ амаар байгуулагдсан.

О.А машины моторыг засварчнаар янзлуулж, би шинээр тавих бүх эд ангийн үнэ, засварчны хөлс болох нийт 1,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж янзлуулаад машиныг О.А нь өөрөө шалгаж унаж үзээд хүлээж авсан бөгөөд ингэж хүлээж авахад машины эд анги бүрэн бүтэн, ямар нэгэн доголдолгүй, гаднах арьс ямар ч сэвгүй, замаскгүй бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. Гэвч тэрээр ярилцаж тохиролцсон хугацаандаа машины үнийг сар бүр 500,000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.  ... Иймд О.Ааас машины үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 1 дүгээр сарын үед танил Батболдоос 89-84 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгт тооцож авахаар аман гэрээ хийсэн. Мотор нь эвдэрхий байсан тул эхлээд танил Болдоогийн хашаанд тээврийн хэрэгслийг чирч аваачсан ба Болдоо машины моторыг арваад хоног засаад янзалж чадаагүй тул тээврийн хэрэгсэл засдаг /Батболд бид хоёрын танил/ Нарангаравынд аваачсан. Нарангаравынд тээврийн хэрэгслийг засуулахаар 7 хонуулсан ба мотор нь зүгээр гээд хөдөлгөөнд ороход машин дахин эвдэрсэн. ... Би Бод машины өртөг төлөх шаардлагагүй. Учир нь би машинд маш их үйлчилгээ хийлгэсэн, мөнгө их оруулсан юм. Би энэ машинаа аваач гэж Бод хэлж байхад машинаа аваагүй манайхаас гарч явсан. Б нэхэмжлэлдээ худлаа бичсэн байна. Уг тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаа гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч О.Ааас Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бод олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар давж заалдах гомдолдоо: ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарт ... Манайхаас авсан машиныг Ханх суманд айлын хашаанд орхисон байсан бөгөөд манай нөхөр Б машинаа авахаар О.Ааас түлшний үнэ аваад очиход тоногдсон байсан болохоор аваагүй үлдээсэн гэх тайлбараас үзэхэд хариуцагч нь тус тээврийн хэрэгслийг буцааж өгөх талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж гэрээнээс татгалзсан байх бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа биет байдлаар буцаан өгснөөр үүргийн харилцаа дуусгавар болно” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, машиныг Ханх сумаас авахаар очиход уг машин явах боломжгүй, дугуйгүй, эд анги нь тоногдож үрэгдсэн байдалтай байсныг очиж хараад шууд О.Ат уг машиныг буцаан авах боломжгүй болсон байна, машины мөнгөө авмаар байна гэж шаардахад наад машин чинь угаасаа эвдэрсэн, би ч авчирч чадахгүй байгаа, өөрөө авна биз надад хамаагүй гээд холбогдохгүй болсноор би худалдсан эд зүйлийнхээ үнийг авахаар шүүхэд хандсан. Энэхүү бидний хоорондын харилцааг буруу дүгнэж, худалдагч гэрээг өөрөө цуцалж авсан өгснөө буцаан авсан байна гэж бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэлгүй үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

Бидний хооронд авто машин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон. Би гэрээний үнийг л шаардсан. Хэдийгээр үнийг хувааж төлөх нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж бодож байсан боловч бидний хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Харин хариуцагч О.А машин доголдолтой байсан, зориулалтаар унаж эзэмших боломжгүй байсан тул би гэрээг цуцална, авсан зүйлээ буцаан өгнө гэж байна. А яагаад буцааж шаардахгүй зохих байгуулагад хандахгүй өнөөдрийг хүргэв гэдэгт шүүх дүгнэлт хийсэнгүй. Анх 2018 оны 1 дүгээр сарын 20-ны орчим О.А манайхаас уг машиныг худалдаж авах саналыг тавьсан. Би уг машиныг тодорхой хэмжээний засвартай гэдгийг хэлэхэд О.А би өөрөө засварлаад авъя, харин танайх засварын хөлс, эд ангийн үнийг төлчих гэсэн саналын дагуу манайх О.Ат машинаа худалдахыг зөвшөөрсөн. Манайх машины засвар үйлчилгээнд 1,000,000 төгрөг төлж засвараас гарахад машин бүрэн бүтэн зориулалтаараа ашиглагдаж байгааг О.А өөрөө шалгаж хүлээн авсан. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс тэрээр уг машинаараа хот хооронд зорчигч тээвэрлэж, ноолууранд хүртэл хөдөө сум, орон нутгаар яваад ашиглаж эхэлснээс хойш уг машины талаар огт юу ч ярихгүй, эзэмшиж, ашиглаж байснаа гэнэт 10 сарын сүүлээр манайх мөнгөө шаардаж эхлэхэд уг машин чинь эвдэрхий байсан, буцааж ав, гэрээгээ цуцална гэж шаардах болсон. ... Ханх суманд байгаа машин дээр очиход асахгүй, эвдэрсэн байгааг хараад машиныг буцаан авах боломжгүй гэж үзээд гэрээнээс татгалзаагүй буцаж ирсэн байдлыг шүүх бодит талаас нь харж үнэлж дүгнэсэнгүй. ... Худалдан авагчийн худалдан авсан эд зүйл нь доголдолтой байсан юм бол хуульд заасан хугацаандаа буцаан шаардах эрх нь байсан. О.Аын олон сар юу ч хэлэлгүй унаж ашиглах явцдаа эвдсэн машиныг буцаан гаргуулахаар худалдах, худалдан авах гэрээнээс худалдагч намайг хүчээр татгалзуулж байгаад гомдолтой байна.  Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан хариуцагч О.Ааас Истана маркийн ХӨВ89-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу  гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байхад уг гэрээг амаар хийсэн гээд байгаа нь ойлгомжгүй. Т.Бод машины үнэ 4,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй. Уг машиныг асдаггүй, явдаггүй байхад нь 1,405,000 төгрөгийн сэлбэг тавьж, засвар үйлчилгээ хийлгэсэн. Харин ч энэ талаар анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Т.Б 2018 оны 10 дугаар сард Мөрөн сумын 9-3-9 тоотод хариуцагч О.Аын гэрт ирээд иргэн Буян-Очирын дэргэд би машинаа очиж авахаар ирлээ, чи түлшний мөнгө өгчих гээд О.Ааас 130,000 төгрөг бэлнээр аваад машинаа буцааж авахаар тохиролцсон байгаа.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч О.Ат холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт буюу машины үнэ 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч “эвдэрхий машин байсан, машинд их үйлчилгээ хийлгэж, их мөнгө оруулсан, машинаа ав гэхэд Б дуугараагүй, 5,000,000 төгрөгийг төлөх ёсгүй” хэмээн маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг” хэлэх ба хуульд зааснаар сонирхогч этгээд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж бичгээр гаргасан өргөдлийг нэхэмжлэл  гэдэг.

Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх  тухай захирамж гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой болно. Гэтэл шүүгч нь Т.Бын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг  зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх  юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсч байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах  эрх нэхэмжлэгчид олгогдсон.

Гэтэл шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчийн шаардлагаас өөр буюу гэрээнээс татгалзсаны үр дагавар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй орхисон нь буруу байна.

Анхан шатны шүүх Т.Бын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний дээр нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч Т.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                                 ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                       Б.СОСОРБАРАМ