Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/209

 

 

 

 

 

 

  2021             3              2                                          2021/ДШМ/209

 

Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Дэндэвдорж,

            хохирогч Т.Өлзийбаатарын өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Өлзийбаатар түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Хт холбогдох 2007001930262 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчин овгийн Доржийн Х, 1995 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “...” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өлзийбаатартай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчин овгийн Доржийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Хт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Өлзийбаатарын шүүгдэгчээс нэхэмжилсэн 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.Х нь хохирогчид 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Өлзийбаатар нь эмчилгээ хийлгэх 9.830.000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагт шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг хэлэлцэх тов гаргаж, бэлтгэл хангасан боловч 23-ны өглөө 9 цаг 59 минутад туслах Ерөнхий шүүгч 14.00 цагт эхлүүлэх шүүх хуралдааныг хөл хорионы дэглэм сахиж тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа” гэж мэдэгдсэн. Шүүгдэгч Д.Хын хэрэгт улсын яллагчаар оролцох, хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор Н.Пүрэвсүрэн хөл хорионы дэглэм сахиж тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлууллаа гэдгийг мэдэж чөлөө авч явсан хойгуур нь 16 цаг 30 минутад хуралдааныг эхлүүлж хэрэгт хяналт тавьж ажиллаагүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт мэдэхгүй зөвхөн яллах дүгнэлт унших төдий томилолтын прокурор нь шүүгдэгч Д.Хын хэлэлцүүлгийн мэдүүлгийг үгүйсгэх, үгүйсгэх нотлох баримтыг дурьдахгүй байх, дурьдахгүй орхих зэргээр төрийн нэрийн өмнөөс хэлбэрийн төдий оролцуулж Үндсэн хуульд заасан үүргийн хааж, нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй хангах нотлох баримт байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож хууль ноцтой зөрчсөн. Хохирогч Т.Өлзийбаатар гэмт үйлдлийн цохилтоос унасан шүд хийлгэх эмчилгээний зайлшгүй зардлыг тухайн эмнэлгийн үнэ, үнэлгээг нотлох баримтыг өгсөн байтал шүүх “өндөр үнээр шүд хийлгэх гэлээ, таны шүд хиймэл шүд байна, үүн шигээ хиймэл шүд хийлгэхэд яагаад байгаа юм, заавал зодуулж хохирсон гэж өндөр үнэ хэлээд байна уу, 1.500.000 төгрөг өгсөн байна, үүн дотор одоо нэхэмжилж байгаа 90.0 төгрөгийг чинь оруулж тооцно, төлүүлэхгүй, шүүгдэгч Хын гэмт үйлдлээс шууд учирсан зайлшгүй шүд хийлгэх эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэх баримт болон өмгөөллийн хөлс зэрэг нь иргэд хоорондын сайн дурын гэрээ, хэлцэл гэж иргэний хэрэг шийдвэрлэж байгаа хэлбэрээр тал засаж гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд оруулж тооцуулах үндэслэлгүй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг болон мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасан эрхийн зөрчин хохирогчийг давхар, давхар хохироож шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож, хууль зөрчсөн.

Шүүх хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Д.Хаас “Хохирогч” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэршлээр нь асуухгүй аав шигээ, өвөө шигээ, хөгшин хүн гэж хохирогч намайг тохуурхан доромжилж тал зассан хэлбэрээр байнга асууж шүүгдэгчийн өмнө эвгүй байдалд оруулж шаналган зовоосон, хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй өмгөөлөгчийн шүдийг хиймэл уу, ямар бэ гэж ямар зорилгоор хэлэлцүүлгийн үед асууж тодруулсан үндэслэлээ шийтгэх тогтоолд бичээгүй, дурьдаагүй орхисон зэрэг нь хохирогч, өмгөөлөгч бид нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчин доромжилсон гэж ойлгож байна. Шүүгдэгч Д.Х өөрийн үйлдлийг 9-н сар гаран нуун дарагдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэлгүй хаалгаж мөрдөгчийн зөвлөмжөөр 1.500.000 төгрөг өгсөн мөртлөө хохирогч Өлзийбаатар айлган сүрдүүлж, шаардаж 2.000.000 төгрөг нэхсэн, тохирч авсан мэтээр хавтаст авагдаагүй нотлох баримтаар шүүгдэгч Д.Хыг гэм буруугаа хүлээж хохирол урьдчилан төлсөн гэж ялган, салгаж үзэлгүй ойлголтын зөрүүгээр шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдаанд ямар прокурор оролцох нь байгууллагын дотоод асуудал юм. Хэн гэдэг прокурор оролцсоноос шалтгаалаад хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан. Прокуророор хэн шүүх хуралдаанд оролцох нь хэргийн нөхцөл байдалд хамаарахгүй. Хохирогчийн зүгээс 11.240.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх тодорхой баримт байхгүй учраас хохирлыг бүрэн хангаж шийдвэрлээгүй. Хохирол, төлбөртэй холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Хыг гэм буруутай гэж үзэн 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял, шийтгэл хэргийн нөхцөл байдалд тохирсон. Хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас яллагдагч Д.Хыг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өлзийбаатартай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Учир нь,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагчаас гэм буруугийн дүгнэлтийг уншиж сонсгохдоо шүүгдэгч Д.Хыг “хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж танилцуулсан /хх 117/ байх бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд “хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зөрүүтэй байдлаар буюу өөр өөр гэмт хэрэг үйлдсэн байдлаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн хэсэгт буюу тухайн хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж хуульчилжээ. Иймд анхан шатны шүүхийг шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолд улсын яллагчийн саналын дагуу хуульд зааснаар залруулга хийсэн байгаа боловч цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдаж байна.

  Түүнчлэн шүүх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Хт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хохирогч Т.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ