| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/04041/И |
| Дугаар | 101/ШШ2020/03508 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/03508
| 2020 10 09 | 101/ШШ2020/03508 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 байрлах, Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух Бачигийнхан овогт Э.Т /РД:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,301,653 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Э.Т нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Г бтай ЗГ5245100363 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 хугацаатай, цалингийн дансыг барьцаалж цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Э.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 9,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Уг өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэж, уулзаж байсан боловч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй. Зээлдэгч Э.Тын төлөөгүй үлдсэн үндсэн төлбөр 3,686,675 төгрөг болно. Зээлийн хүүг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцоход 3,905,270 төгрөг болсон. Иймд зээлийн үндсэн төлбөрт 3,686,707 төгрөг, зээлийн хүү 3,905,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,675 төгрөг, нийт 8,301,653 төгрөгийг Э.Таас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг Г бнаас авсан бөгөөд тус зээлийн мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг авч ашигласан байдаг. Үлдэгдэл 7,000,000 төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.У гэж хүн авч ашигласан бөгөөд энэхүү зээлийг төлнө гэж байсан. Миний бие энэхүү зээл ийм хэмжээний үлдэгдэлтэй байгаа гэдгийг сүүлд мэдсэн бөгөөд өөрт хамаарах 3,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүулэгчийн ундсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэх заалтыг дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт нэмэгдүүлсэн бодсон байх тул миний бие энэхүү хэмжээгээр зээлийг төлөх эдийн засгийн боломжгүй байгаа болно. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно 232.8-т Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч миний эдийн засаг, ар гэрийн байдлыг харгалзан үзэж зээлийг хүү болон нэмэгдүүлсэн хүүг хууль заасан эрх хэмжээний хүрээнд хасан шийдвэрлэж өгнө үү.
Одоо би тогтсон ажилгүй, таксинд явдаг. Эхнэр ажилгүй ба манай гэрийн амьжиргааг зөвхөн таксинд явсан мөнгөөр залгуулдаг. Иймд зээлийн үндсэн төлбөрийг л төлөх боломжтой. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломж байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Э.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,301,653 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зээлийнм үндсэн төлбөр болох 3,686,707 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Г б ХХК нь 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.Т нь уг мөнгөн хөрөнгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
Гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч Г б ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Э.Тын эзэмшлийн 5245100363 тоот дансанд шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон. Энэ талаархи үйл баримтад хариуцагч маргаагүй.
Хариуцагч нь шүүхэд бичгээр ...зээлийн мөнгөн хөрөнгийг өөр хүн авч ашигласан тул төлөхгүй гэж хариу тайлбар гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй болж, улмаар зээлийг цааш нь төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа хариуцагч өөрөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч Э.Т нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй болно. Түүний эрхэлсэн ажилгүй, амьдралын боломж тааруу гэх тайлбар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
Зохигчид зээлийн гэрээний үндсэн үүрэг 3,686,707 төгрөг үлдсэн талаар хэн аль нь маргаагүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хүү, гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны зээлийн хүүд нийт 3,905,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,675 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Э.Таас зээлийн үндсэн төлбөрт 3,686,707 төгрөг, зээлийн хүү 3,905,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,675 төгрөг, нийт 8,301,653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Таас 8,301,653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 147,776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ