Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/01589

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/01589

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Болормаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т СӨХ ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Т холбогдох,

Хариуцагчаас 10,078,000 төгрөг гаргуулах үндсэн, нэхэмжлэгчээс 7,055,455 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т СӨХ-ны захирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т СӨХ-нд 2013 оны 04-р сараас ажиллаж эхэлсэн байдаг ба ажиллаж байх хугацаандаа буюу техникийн давхрын өрөөг нийт 17,133,455 төгрөгөөр янзалсан гэж 2014 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн cap бүр 560,000 төгрөгийг бэлнээр болон төрийн банкны харилцах дансаар авсаар нийт 10,078,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба үлдэгдэл 7,055,455 төгрөгийг СӨХ-ны удирдлагуудаас нэхэмжилсэн байдаг.

Энэ нь гэрээний бус харилцаа гэж үзэж байгаа. Гэрээний үндсэн дээр харилцаа үүсээгүй. Хариуцагч С.Т ямар нэгэн тогтоол үндэслэлгүйгээр, өөрийн дураар техникийн өрөөний зориулалтыг өөрчилсөн. Техникийн нэг өрөөний зориулалтыг өөрчлөөд Бэрэн хамгаалалтын албанд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлнэ гэж шийдвэр гаргаад, нөгөө өрөөг нь бусдад түрээслүүлсэн байгаа юм. СӨХ-д орох байсан мөнгийг өөрөө дураараа захиран зарцуулсан. Шийдвэр, тогтоол байхгүйгээр засвар үйлчилгээ хийгээд олон гэм хор учруулсан. СӨХ-оос авсан бүх мөнгө, эд хогшлыг С.Т авсан байгаа. Тухайн үеийн ямар ч санхүүгийн баримт байхгүй. Тиймээс бидэнд учирсан хохирлыг барагдуулж, С.Тгийн авсан 15,078,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Т СӨХ-ийн дарга Б.Н нь Т хотхоны 36 А байрны 1 болон 2 дугаар орцны техникийн давхрын тохижилтын ажлыг С.Т надтай тохиролцон гүйцэтгүүлсэн. Ингэхдээ Түмэн наст СӨХ нь Төрийн банкнаас зээл авч байгаа болохоор чи өөрийн зардлаараа хийж бай мөнгө дутвал хүнээс зээлж бариад аргалаад дуусгаад хийгээд өгөөч, зээл бүтэхээр гарсан зардал ажлын хөлсийг бүтнээр төлье гэсэн. Ингээд миний бие Цалингийн зээл авсан, мөн ээжийн тэтгэврийн зээлийг авахуулсан, хувь хүмүүсээс мөнгө зээлж тухайн 2 орцны техникийн давхарын тохижолтын ажлыг дуусгасан. Тухайн үед Т СӨХ-ийн дарга нь Төрийн банкнаас авах зээл бүтэхгүй боллоо, чиний энэ хийсэн ажлын зардал, хөлсийг нэг доор бүтнээр өгч чадахгүй байна. Тийм болохоор хуваарь гаргаад хэсэгчлэн төлөөд дуусгая гэсэн. Үүний дагуу би хийсэн 17,133,455 төгрөгийн ажлаа хүлээлгэн өгч, харилцан гарсан зардалыг тооцож, эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон.

Үүнээс Т" СӨХ нь хуваарийн дагуу зарим мөнгийг төлж байгаад хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 560,000 төгрөг төлж нийт 6,050,000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш хуваарийн дагуу төлөх боломжгүй байна чи 1-р орцны техникийн давхарын амралтын өрөөг хүмүүст сарын 250,000 төгрөгөөр хөлсүүлээд мөнгөө авч бай. Айл хөлслөөгүй үед тухайн хуваарийн мөнгөнөөс хасаж тооцохгүй гэсэн. Ингээд 2015 оны 12 дугаар cap, 2016 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад хөлслүүлэн 1,250,000 төгрөг мөн 2016 оны 10 дугаар сараас хойш 6 cap cap хөлслүүлэн 1,500,000 төгрөгийг тус тус авсан, үүний дараа тус өрөөг СӨХ чөлөөлөн авч, үйлчлэгчээ амьдруулсан. Миний бие авсан зээлүүдээ эргүүлж төлж чадахгүй байсан учир дотоод тохижилтын зарим зүйл болох ус цэвэршүүлэгч, төмөр шүүгээ, 20л-ийн усны баллан, гүйлтийн зам, жааз 20ш зэргийг тус тус зарж 1,278,000 төгрөгийг авсан. Ингээд нийт гаргасан зардалаас 10,780,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 7,055,455 төгрөгийг Т СӨХ-д өргөдөл гаргаж нэхэмжилсэн боловч одоог хүртэл өгөөгүй, харин шүүхэд намайг өгчээ. Иймд иргэн С.Т миний биед холбогдох Т СӨХ-ийн 10,078,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Т СӨХ-ийн дарга Б.Н надтай тохиролцон Т хотхоны 36 А байрны 1 болон 2 дугаар орцны техникийн давхарын өрөөний тохижолтын ажлыг гүйцэтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлыг хүлээн авсан. Миний бие доорх гэрээг бусадтай байгуулан гэрээт ажлыг гүйцэтгүүлсэн. Үүнд: 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 тоот гэрээг Э.Бтэй байгуулж, 36А байрны 1 болон 2-р орцны техникийн давхрын 100м2 талбайд барилгын сангийн ажлыг гүйцэтгүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2 тоот гэрээг Нацагдоржтой байгуулж, 36А байрны 1 болон 2-р орцны техникийн давхрын 100м2 талбайн цахилгааны ажлыг гүйцэтгүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3 тоот гэрээг *******тай байгуулж, 36А байрны 1 болон 2-р орцны техникийн давхрын 100м2 талбайн дотор заслын ажлыг гүйцэтгүүлсэн.

Тухайн үед Т СӨХ-ийн дарга нь Төрийн банкнаас авах зээл бүтэхгүй боллоо, чиний энэ хийсэн ажлын зардал, хөлсийг нэг доор бүтнээр өгч чадахгүй байна. Тийм болохоор хуваарь гаргаад хэсэгчлэн төлөөд дуусгая гэсэн. Үүний дагуу би хийсэн 17,133,455 төгрөгийн ажлаа хүлээлгэн өгч, харилцан гарсан зардлыг тооцож, эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон. Үүнээс Т СӨХ нь хуваарийн дагуу 6,050,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш төлбөр төлөх боломжгүй байна гээд 1-р орцны техникийн давхрын амралтын өрөөг хүмүүст хөлслүүлээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25- ны өдөр хүртэл хөлслүүлэн 1,250,000 төгрөг мөн 2016 оны 10 дугаар сараас хойш 6 cap хөлслүүлэн 1,500,000 төгрөг авсан. Би авсан зээлүүдээ эргүүлж төлж чадахгүй байсан учир дотоод тохижолтын зарим зүйл болох ус цэвэршүүлэгч, төмөр шүүгээ, 20л-н усны баллан, гүйлтийн зам, жааз 20ш зэргийг тус тус зарж 1,278,000 төгрөгийг авсан. Ингээд нийт гаргасан зардлаас 10,780,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 7,055,455 төгрөгийг Т СӨХ-д өргөдөл гаргаж нэхэмжилсэн боловч одоог хүртэл өгөөгүй.

Иймд тус үлдэгдэл ажлын хөлс болох 7,055,455 төгрөгийг Т СӨХ-өөс гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Т СӨХ, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 7,055455 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Дээрх янзалсан гэх 36А байрны 1, 2-р орцны 13 давхрын өрөөний тохижилтыг С.Т нь Т СӨХ-ны дарга байсан Б.Н нь надтай тохиролцож гүйцэтгүүлэн, хүлээн авсан гэж тайлбарласан байх боловч хэдэн м.кв өрөөг засаж тохижуулсан, ямар шаардлагын улмаас засах болсон, уг ажлын гэрээг хэдэн төгрөгт багтаан засах болсоныг СӨХ-ны удирдлагуудтай тохиролцсон болон 7 055 455 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан анхан шатны баримт байхгүйгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т СӨХ, хариуцагч С.Т холбогдуулан 10,078,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч 7,055,455 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлээс бүхэлд нь, нэхэмжлэгч гэрээний харилцаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хохиролд 10,078,000 төгрөг гаргуулах үндэслэлийг тодруулахад: хариуцагч С.Тгаас гэрээний үүргийн хувьд мөнгөн хөрөнгө шаардаагүй, хариуцагч нь СӨХ-ны шийдвэргүйгээр СӨХ-ны мэдлийн байранд засвар үйлчилгээ хийж СӨХ-д орох байсан мөнгийг дураар захиран зарцуулж гэм хор учруулслны хохирлыг арилгуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийлгүүлэх тухай тайлбарыг 2019 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн шүүх хуралдаанд болон 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах үед тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлээр ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Хохиролд 10,078,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хамгаалалтын аргынхаа хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж зааснаар зохицуулагдаж байна. Иргэний хуулиар зохицуулагдаж буй зарим төрлийн шаардах эрх болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хамгаалалтын аргууд нь үүрэг үүссэн харилцааны онцлогоос хамаарч нэг төрлийн үүргийн хувьд хамтатган шийдвэрлэх, хэд хэдэн шаардлагад зэрэгцүүлэн дүгнэлт өгөх боломжтой байдаг.

Харин Иргэний хуулийн бүтэц, зохицуулалт болоод зөрчлийн агуулгаар гэрээний үүргийн болон гэрээний бус үүрэг нэгэн зэрэг зөрчигдсөн байх болон тус тусын үндэслэлд нэгэн зэрэг дүгнэлт хийн хохирол, гэм хорын үр дагаврыг хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлий үндэслэлээ хариуцагч нь СӨХ-ны мөнгөн хөрөнгийг СӨХ-ны шийдвэргүйгээр өөртөө захиран зарцуулснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж тайлбарласан ба эрх зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдэлд гэрээний бус үүргийн хувьд үүсэх үүргийн үндэслэлээр дүгнэлт хийлгүүлэхээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зохицуулжээ. Энэ агуулгаар хариуцагч С.Т СӨХ-ны мөнгөн хөрөнгийг СӨХ-ны шийдвэргүйгээр захиран зарцуулж, өөртөө авсан үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцах үндэслэлийг зохицуулсан.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээнээс үзэхэд хариуцагчийг нэхэмжлэгчийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр СӨХ-ны байранд засвар хийсэн, тус засварын үр дүн нэхэмжлэгчид үүсээгүй, үр дүн бий болоогүй гэх гэм бурууг дурджээ. Хариуцагчаас ямар үүргийг, ямар үндэслэлээр шаардах эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн диспозитив зарчимд тулгуурлан хэрэгжих тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөн дүгнэх эрх шүүхэд хязгаарлагдсан гэж үзэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Т хотхоны 36А байрны техникийн өрөөний тохижуулалтын ажлын тооцоо гэх 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой баримтаар хариуцагч С.Т тус СӨХ-ны мэдлийн 36А байрны 1, 2-р орчны техникийн давхрын өрөөг 17,133,455 төгрөгийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн засварлаж, тохижуулан Т СӨХ-д хүлээлгэн өгсөн, СӨХ хүлээн авсан тухай баримтыг үйлдсэнээс үзэхэд зохигчийн хооронд 2014 онд тус СӨХ-ны 36А байрны 1, 2-р орцны техникийн давхрын өрөөг тохижуулах талаар хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Хариуцагч шүүх хуралдаанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил хэмээн тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн байж болох гэрээний үүрэг, үүргийн зөрчилтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол шаардаагүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ гэрээний үүргийн зөрчлийн агуулгаар бус гэм хор учруулснаас үүсэх үүргийн агуулгаар дүгнүүлэхээр тайлбарлаж байгаа нь зохигчийн тайлбарт тусгагдсан хүсэл зоригийн илэрхийлэл нь хариуцагчийн тайлбарлаж буй ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн дагуу гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний нэг тал үүргийг хэрхэн зөрчсөн, гэрээ зөрчсөнөөс ямар үр дагавар, хохирол үүссэн эсэхэд дүгнэлт хийх, энэ талаар талуудаас нотлох үүргийг шаардах боломжгүй, зохигч энэ үндэслэлээр мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн учруулсан хохирлыг арилгуулахаар шаардаж буй нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан харилцаа зохигчийн хооронд үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч Т СӨХ-ны хариуцагч С.Тс хохирол 10,078,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,055,455 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

Өмнө дүгнэснээр хариуцагч, нэхэмжлэгчтэй /тухайн үеийн Т СӨХ-ны дарга Б.Нтэй тохиролцсон баримт/ тохиролцсоны дагуу тус СӨХ-ны 36А байрны 1, 2-р орцны техникийн давхрын өрөөг засварлахаар тохиролцож тодорхой ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх ба энэ нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн хувьд нийт 17,133,455 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 10,078,000 төгрөгийг хүлээн авч 7,,055,455 төгрөгийн хөлсийг нэхэмжилж байх боловч хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 17,133,455 төгрөгийн үнэ цэнэ бүхий ажлыг хүлээлгэн өгсөн байдал бүрэн тогтоогдохгүй, энэ талаархи сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд тодорхой бий болсон ажлын үр дүн өөртөө буцаан авсан талаар тайлбарлаж, нэхэмжлэгч тал тус эд зүйлийг СӨХ хүлээн аваагүй, хариуцагч шилжүүлэн өгөөгүй гэж тайлбарлан срөг нэхэмжлэлээс татгалзсан байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлохоор иргэн н.Н, Э.Б, С.Б нартай байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргаж тус гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг нотлох зарлагын баримт-ыг шүүхэд гаргасан нь хэрэгт хамаарал бүхий бүхий буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шууд нотлох шалтгаант холбоо бүхий баримт гэж үзэхээргүй байна. Зохигчийн хувьд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрэл зургаар бэхжүүлэн шүүхэд гаргасан баримтаас одоо нэхэмжлэгч Т СӨХ-ны ашиглаж байгаа хоёр ширхэг буйданг хариуцагч өөрийн хөрөнгөөр СӨХ-ны мэдлийн техникийн өрөөнд байрлуулсныг нэхэмжлэгч ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар маргаагүй байна.

Иймд хариуцагч С.Т Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар 17,133,455 төгрөгийн ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, гэрээний үүргээ биелүүлсэн талаархи баримтгүй үндэслэлээр хариуцагч С.Тийн нэхэмжлэгч Т СӨХ-оос ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 7,055,455 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсхэгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Таас 10,078,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т СӨХ-ны үндсэн, нэхэмжлэгч Т СӨХ-оос 7,055,455 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 145,776 төгрөг, хариуцагчаас төлсөн 127,838 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ