2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/784

 

    2025            03             20                                        2025/ШЦТ/784

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Ц.Сонинмөнх, хохирогч Т.Г, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2400 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Оросын холбооны улсын Москва хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, “Х” ХХК-нд орчуулагч, хүний нөөцийн ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Энэл Зайсан хотхоны 00а байрны 00 тоотод оршин оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Шаргалзуут овогт Мгийн Х /РД:**000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “...хөл амраагчтай буйдангийн захиалга авна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 11 дүгээр сарын 15-нд иргэн Т.Гээс Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хан-Уулын тауврын” 1320 тоотод байхдаа шилжүүлсэн 2,200,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 844 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлсөн баримтыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******

1. Шүүгдэгч ******* нь бараа захиалга дээр алдаа гарсан, хямд карго хайснаас болоод ийм зүйл болсон, бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч *******ыг хохирогч Т.Гт “...хөл амраагчтай буйданг 2,200,000 төгрөгөөр захиалж авчирч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,200,000 төгрөгийг хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Т.Гийн “...би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул тауврын 0000 тоот ажлын байран дээрээ байж байгаад буйдан худалдан авахаар болж цагаа хэмнэх зорилгоор фейсбүүк хуудсаар бараа захиалахаар болж “Аmar zоnе” гэх хаягтай чаталсан юм. Тэгээд надад захиалгаар буйдан авчирна гээд хэдэн буйдангийн зураг явуулаад би хар өнгийн урт нь 2,8 метр өндөр нь 1,2 метр, 1 ширхэг хөл амраагчтай буйданг 2,200,000 төгрөгөөр захиалж тэр өдрөө урьдчилгаа 220,000 төгрөгийг Хаан банкны 521225**** тоот данс руу шилжүүлж баталгаажуулсан юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бараа чинь хөдөлсөн үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь би Хаан банкны 521225**** тоот данс руу 1,980,000 төгрөг шилжүүлсэн...би Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан-Уул тауврын 0000 тоот өрөөд байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх27-28/,

Гэрч О.Тын “...******* гэж хүн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр надад 1,800,000 төгрөг зээлчих талбайн түрээсэнд өгөх гээд байна...” гэж хэлээд авч байсан юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн мөнгөө буцааж өгсөн нь энэ мөнгө байгаа юм. ******* нь надаас 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэх мэтээр зээлээд буцаагаад өгдөг байсан юм. Сүүлд нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр надаас 400,000 төгрөг зээлээд одоог хүртэл буцааж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх67/,

Фейсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн “...үзлэгээр фейсбүүк платформын хайлтын хэсэгт “А” гэх утгаар хайхад “А” нэртэй илэрц байхгүй байв. Иймд фейсбүүк платформын хайлтын хэсэгт латинаар “А” гэх утгаар хайж үзэв. Тус хайлтын дагуу гарч ирсэн илэрцийн дагуу “А” нэртэй фейсбүүк цахим хуудас руу хандан ороход Монгол улсын иргэн ашигладаг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үр дүнг “:S” командаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав. “A” нэртэй фейсбүүк цахим хуудаснууд цахим руу нэг бүрчлэн орж шалгахад 5 хаяг нь огт дагагчгүй, огт зар, нийтлэл оруулж байгаагүй байх бөгөөд 6 хаяг нь холбогдох хаяг хэсэг дээр Филиппин улсын хаягийг оруулсан байв...” гэсэн тэмдэглэл /хх58-63/,

Цахим орчинд үзлэг хийсэн “...албан өрөөний компьютерын Google-s www.amarzone.mn гэх утгаар хайхад илэрц илрэхгүй байв. Иймд Google-с ямар нэгэн тусгай тэмдэг ашиглалгүй “Аmar zone” гэх утгаар хайхад “Amar zone” сайт болон 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын 241001269**** дугаартай хэрэгт хавсаргасан “Фейсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-д тусгасан илэрцүүд гарч ирэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдолтой нөхцөл тогтоогдоогүй...” гэсэн тэмдэглэл /хх65/,

Гар утсанд үзлэг хийсэн “...уг гар утас нь Айпоне-Х маркийн хар өнгийн гадаргуутай утас байв. Уг гар утсанд нийт хадгалсан дугаар 204, мөнгө шилжүүлсэн гэх Алипие “Вичат” хуудсанд үзлэг хийхэд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш захиалга хийгдээгүй “Вичат" орох боломжгүй байгаа..." гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх17-19/

Мягмарсүрэнгийн Хы эзэмшлийн Хаан банкны 5212259**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10:33 цагт 5163085541 дугаартай данснаас 1,980,000 төгрөгийг “99998136 Ганцэцэг” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн ба мөн өдрийн 10:34 цагт 2205106892 дугаартай дансанд 1,800,000 төгрөгийг “Х баярлалаа” гэсэн утгатайгаар зарлагын гүйлгээ хийгдсэн...” гэснээр /хх20-21/, Мягмарсүрэнгийн Хы эзэмшлийн 5212259323 тоот дансны хуулга /хх22-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдал зориуд үүсгэх зэрэг аргаар эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.

Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч ******* нь “...хөл амраагчтай буйданг 2,200,000 төгрөгөөр захиалж ирүүлнэ, бараа ачигдсан үлдэгдэл мөнгөө шилжүүл...” хэмээн хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрөө бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Т.Гээс 2,200,000 төгрөгийг авч хувийн хэрэгцээнд ашиглаж хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч нь 40 орчим сая төгрөгийн бараа захиалга хийсэн боловч алдаа гарч, бизнесийн эрсдэлд орсон, нэмэлт ажиллагаа хийсэн тохиолдолд нөхцөл байдал бүрэн тогтоогдох боломжтой гэсэн агуулгатай тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал, шүүгдэгч нь хохирогчийн бараа яагаад ирээгүй талаар тайлбарлахдаа ажлын цагаар түгжээтэй байгаа шилэн хаалганы цаана байгаа тавилга бүхий эд зүйлийг харуулан миний ачуулсан бараа хагас нь ирээгүй гэж тайлбарласан талаар хохирогч тодорхой мэдүүлсэн. Мөн хэлэлцүүлэгт захиалсан бараа ямар шалтгаанаар ирээгүй талаар үндэслэл бүхий тайлбар хэлээгүй, каргоноос болсон гэх боловч хятад улсын хүн байсан зэргээр тайлбарлаж, улмаар захиалга авч байсан цахим хуудаснуудыг ямар зорилгоор хаасан болохоо тайлбарлаагүй болно. Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг бодит байдал дээр бусдад өр төлбөртэй нөхцөл байдлаа нуун, захиалсан бараа гарсан үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж залилсан гэснийг үндэслэлтэй, тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийх, оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журам зөрчигдсөн нөхцөл байдал байхгүй гэж дүгнэв.  

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогчийг хуурч нийт 2,200,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

6. Хохирогч Т.Г нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.    

8. Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.

10. Шүүгдэгч *******ы хохирлоо бүрэн төлсөн, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР