Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 54

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.Рагчаа,

шүүгдэгч Т.Муратбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Черуши овогт Түнсэлийн Муратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080064 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн ахын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, регистрийн УР85100416 дугаартай, Черуши овогт Түнсэлийн Муратбек нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Рагчааг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн догшин авирлаж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Муратбек нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туулын 4 дүгээр гудамжинд байрлах дэлгүүрийн ойролцоо Шонхоо буюу Г.Бахатбол, Б.Рагчаа нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн харих замдаа халтирч унасан гэх Шонхоон гэгчийг босгох гэж байсан Б.Рагчааг “яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд түүнийг “яасан юм бэ? би дүүгээ босгох” гэж байна гэхэд нь хохирогч Б.Рагчааг үл хүндэтгэн хамар луу нь мөргөн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл бие махбодид нь санаатай учруулан нийгэмд тогтсон иргэн бүрийн заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэмжээг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Муратбек мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Рагчаагийн өгсөн: “Дэлгүүрээс гараад явж байтал дүү маань саваад унасан. Тэгээд би дүүгээ босгох гэж байтал Муратбек ирээд чи яагаад байгаа юм гэхээр нь дүүгээ босгох гэж байна гэж хэлээд маргалдсан. Тэгтэл намайг шууд мөргөсөн. Хамраас цус гарахаар нь тогтоох гэж 10 минут орчим сууж байгаад гэр лүүгээ явсан. Би хамар хугарсан гэж бодоогүй нүд хавдсан байна гэж бодоод ойшоогоогүй. Муратбекийг найзууд юм чинь ирээд уучлалт гуйх байх гэж бодсон боловч ирээгүй. Хамраас цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хамар чинь хугарсан, судас тасарсан байна яаралтай хот явж үзүүл гэсэн. Тэгээд хотод очоод үзүүлсэн чинь оройтсон болохоор эмч нар нь байхгүй байсан. Тэгээд маргааш нь дахин очиж хамраа тэгшлүүлсэн. Цусаа тогтоох гэж их оролдсон боловч тогтохгүй байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Рагчаагийн өгсөн: “...нэг шил 0.75, нэг шил 0.33 литрийн архи аваад 0.33 литрийн архийг нь дэлгүүрийн гадна зогсож байгаад уух гэтэл Муратбек гэх залуу ирээд бид гурав хувааж уугаад 0.75 литрийн архийг нь би зүүн талын ханцуйндаа хийгээд цаашаагаа Шонхооныг сугадаад гудамж руу булан эргэсэн чинь Шонхоон хальтираад уначихсан юм. Тэгэхээр нь би татаад ахын дүү бос гэсэн чинь араас Муратбек ирээд яагаад байгаа юм чи гэхээр нь яасан юм дүүгээ босгох гэж байна гэсэн чинь миний хамар руу үгийн зөрүүгүй мөргөчихсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/94 дүгээр:

“1.Рагчаагийн биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 12 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Т.Муратбек нь хохирогчийн хамар луу нь мөргөн түүний бие махбодид хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай хүч хэрэглэн учруулахдаа нийтээр дагаж мөрдөх зан заншил, ёс суртахууны хэмжээг үл тоомсорлон олны өмнө ичгүүр сонжуургүй авирлан хохирогчийг доромжлох, иргэдийн амгалан тайван байдлыг удаан хугацаагаар алдагдуулан цээртэй бүдүүлэг үг хэлж үргэлжлүүлэн хараах зэргээр хүмүүсийн туйлын жигшил зэвүүцлийг төрүүлсэн үйлдэл хийгээгүй байх тул түүнийг догшин авирлан танхайрсан гэж хүндрүүлэн үзэх боломжгүй байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Муратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Муратбект ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч Б.Рагчаа нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Черуши овогт Түнсэлийн Муратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Черуши овогт Түнсэлийн Муратбекийг бусдад илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Т.Муратбект 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Т.Муратбект оногдуулсан 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Муратбек нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Рагчаа нь эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Муратбект цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                     

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ