Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 54

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080064 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн ахын хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******г илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн догшин авирлаж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой *******ны нутаг дэвсгэр байрлах дэлгүүрийн ойролцоо Шонхоо буюу Г., Б.******* нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн харих замдаа халтирч унасан гэх гэгчийг босгох гэж байсан Б.*******г “яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд түүнийг “яасан юм бэ? би дүүгээ босгох” гэж байна гэхэд нь хохирогч Б.*******г үл хүндэтгэн хамар луу нь мөргөн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл бие махбодид нь санаатай учруулан нийгэмд тогтсон иргэн бүрийн заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэмжээг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: “Дэлгүүрээс гараад явж байтал дүү маань саваад унасан. Тэгээд би дүүгээ босгох гэж байтал ******* ирээд чи яагаад байгаа юм гэхээр нь дүүгээ босгох гэж байна гэж хэлээд маргалдсан. Тэгтэл намайг шууд мөргөсөн. Хамраас цус гарахаар нь тогтоох гэж 10 минут орчим сууж байгаад гэр лүүгээ явсан. Би хамар хугарсан гэж бодоогүй нүд хавдсан байна гэж бодоод ойшоогоогүй. *******ийг найзууд юм чинь ирээд уучлалт гуйх байх гэж бодсон боловч ирээгүй. Хамраас цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хамар чинь хугарсан, судас тасарсан байна яаралтай хот явж үзүүл гэсэн. Тэгээд хотод очоод үзүүлсэн чинь оройтсон болохоор эмч нар нь байхгүй байсан. Тэгээд маргааш нь дахин очиж хамраа тэгшлүүлсэн. Цусаа тогтоох гэж их оролдсон боловч тогтохгүй байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “...нэг шил 0.75, нэг шил 0.33 литрийн архи аваад 0.33 литрийн архийг нь дэлгүүрийн гадна зогсож байгаад уух гэтэл ******* гэх залуу ирээд бид гурав хувааж уугаад 0.75 литрийн архийг нь би зүүн талын ханцуйндаа хийгээд цаашаагаа ыг сугадаад гудамж руу булан эргэсэн чинь хальтираад уначихсан юм. Тэгэхээр нь би татаад ахын дүү бос гэсэн чинь араас ******* ирээд яагаад байгаа юм чи гэхээр нь яасан юм дүүгээ босгох гэж байна гэсэн чинь миний хамар руу үгийн зөрүүгүй мөргөчихсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/94 дүгээр:

“1.*******гийн биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 12 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Т.******* нь хохирогчийн хамар луу нь мөргөн түүний бие махбодид хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай хүч хэрэглэн учруулахдаа нийтээр дагаж мөрдөх зан заншил, ёс суртахууны хэмжээг үл тоомсорлон олны өмнө ичгүүр сонжуургүй авирлан хохирогчийг доромжлох, иргэдийн амгалан тайван байдлыг удаан хугацаагаар алдагдуулан цээртэй бүдүүлэг үг хэлж үргэлжлүүлэн хараах зэргээр хүмүүсийн туйлын жигшил зэвүүцлийг төрүүлсэн үйлдэл хийгээгүй байх тул түүнийг догшин авирлан танхайрсан гэж хүндрүүлэн үзэх боломжгүй байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.*******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч Б.******* нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдад илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Т.*******т 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Т.*******т оногдуулсан 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.******* нь эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                     

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ