Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0890

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П*****” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О******, Б.П******

Гуравдагч этгээд: “Ж********” ХХК

Маргааны төрөл: НХААГ/******* дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендер шалгаруулалтад “П*****” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуульд заасан шаардлагад нийцээгүй хэмээн татгалзаж шийддвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******, Б.П******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “П*****” ХХК-иас Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/6882 дугаар шийдвэрийн “П******” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар шийдвэрээр мэдэгдсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, НХААГ/******* дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт манай компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2022/8797 дугаар захирамжаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар шийдвэрээр мэдэгдсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, НХААГ/****** дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт манай компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, харин Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/6882 дугаар шийдвэрийн “П******” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “П******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” гэж, мөн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ж******” ХХК-ийн хооронд байгуулсан “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх НХААГ/******* дугаар захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулах” гэж тус тус нэмэгдүүлжээ.

Иймд шүүх “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, НХААГ/******** дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт манай компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ж********” ХХК-ийн хооронд байгуулсан “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх НХААГ/******* дугаар захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулах” тухай шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/964 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын жагсаалтыг баталж, уг төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны эрхийг НийслэлийН худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгожээ.

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо хурал 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, “П******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зөвлөмжийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э********д хүргүүлжээ.

Гэвч захиалагчаас үнэлгээний хорооны зөвлөмжийг “зураг төсвийн үнийн дүн зөрүүтэй” гэх үндэслэлээр буцаасан тул Үнэлгээний хороо 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин хуралдаж, “П*****” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Ж*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэж 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.

Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

4. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад тус яамны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/6882 дугаар албан бичгээр “П*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангахгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, харин “Ж*******” ХХК нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7.2-т заасан тодорхойлолтыг цахим системээр аваагүй, Шүүхийн тусгай архивын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2531 дүгээр албан бичгийг тендерт хавсарган ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, мөн ТШЗ 17.6-д заасантай нийцэж байгаа эсэхийг хянан үзэх шаардлагатай гэж үзэж захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна.

Сангийн яамны шийдвэрийг үндэслэн Үнэлгээний хороо 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, “П*******” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, тендерийн баримт бичгийн 17.6.5 дахь заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр татгалзсаныг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгээр мэдэгдэн, “Ж*******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлснийг үндэслэн “Ж*******8**” ХХК-тай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх НХААГ/******* дугаар гэрээг байгуулжээ. 

5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгээр дээрх шийдвэрийг мэдэгдсэнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/57 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яамны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/7067 дугаар албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдол гаргасан гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. 

Улмаар нэхэмжлэгч нь Сангийн яамнаас ирүүлсэн хариу албан бичгийг хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Манай "П******” ХХК Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан НХААГ/******** дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /БЗД, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт оролцсон. Тус тендер нээхэд манай компани 2,989,694,720 төгрөгөөр хамгийн бага харьцуулах үнэтэй байсан бөгөөд дараагийн хамгийн бага харьцуулах үнэтэй компани болох "Ж********" ХХК нь 2,994,404,845 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. 

…. Манай компани Сангийн яамны “П*******” ХХК-тай холбогдох "шаардлага хангахгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Учир нь тендерийн үнэлгээний хороо нь "П*******” ХХК-ийн ирүүлсэн тендерт зураг төсвийн байгууллага болох "Ш********” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “122 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр зураг төслийн “Ш*******” ХХК нь “Пи *****” ХХК-тай хоршин гэрээний 5.1-д заасан иж бүрэн зургийн ажлыг гүйцэтгэж өгөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүн 75,921,110.0 төгрөг байхаар гэрээний 3.1-д заасан. 

Гэрээнд заасны дагуу “Ш******” ХХК нь "Пи ********" ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "Ажил туслан гүйцэтгэх" 02 дугаар гэрээг байгуулж гэрээний 5.1-д заасан ажлуудаас 122 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын 1. Дотор, гадна цахилгааны зураг, 2. Дотор холбоо дохиоллын зураг, 3. Дотор, гадна бохир цэвэр усны зураг зэрэг ажлуудыг нийт 7,000,000.0 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

Тус 7,000,000.0 төгрөг “Ш*******” ХХК-тай “П*****” ХХК-ийн байгуулсан нийт иж бүрэн зургийн үнэ болох 75,921,110.0 төгрөгт багтсан үнэ ижил юм.

     Иймд манай компаниас тендер үнийн санал өгөхдөө зураг төслийн үнэ хэсэгт 75,991,110.0 /жижиг зөрүүтэй/ төгрөг байна гэж үнийн санал өгсөн. Гэтэл тендерийн үнэлгээний хороо нь зураг төслийн үнэ дотроос "Пи *******" ХХК-ийн хийж гүйцэтгэх дотор, гадна цахилгааны зураг, дотор холбоо дохиоллын зураг, дотор, гадна бохир цэвэр усны зургийн үнэ болох 7,000,000.0 төгрөгийг нэмж тооцон нэг ажил дээр хоёр үнэ давхардуулан тооцож нийт зургийн ажлын хөлсийг 82,991,110.0 төгрөг хэмээн хийсвэр тооцоолол гаргасан нь огт үндэслэлгүй байна. Тус илэрхий алдааг Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэхдээ засаж залруулалгүйгээр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. 

Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 17.6.5-д “Зураг төслийн үнийг төсөвт тооцож ирүүлнэ" гэж заасны дагуу бид зураг төслийн нийт үнэ болох 75,991,110,0 төгрөгийг төсөвт тооцож хүргүүлсэн тул тухайн шаардлагыг бүрэн хангасан.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасны дагуу тухайн ажилд шаардагдах нийт баримт бичгийн иж бүрдлийн үнэ 75,991,110.0 төгрөг тул манай ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй тендер гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна. Тухайн шийдвэрийг хүчингүй болгож компанийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан тендерт үнэлгээнд оруулбал манай компанийн тендерийн үнийн санал 2,989,694,720.0 төгрөг бөгөөд тухайн тендерт оролцогчдоос хамгийн бага харьцуулах үнийн санал тул “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт тооцогдож гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах ёстой байсан.

… Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар шийдвэрээр Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/6882 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт дурдсан зөрчлүүдийг арилгалгүйгээр өмнөх шийдвэрийг хуулбарлан дахин гаргаж ирүүлсэн байна.

… Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар Сангийн яамны дээрх шийдвэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар биелүүлэлгүйгээр Сангийн яамнаас тогтоосон зөрчлийг дахин гаргаж  хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тендерт оролцогчийг шаардлага хангасан гэж үзсэн нь хууль бус байна.

… Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоовол захиргааны гэрээ нь хууль бус шийдвэрт үндэслэж байгуулагдсан захиргааны гэрээ болох тул мөн адил хууль бусад тооцогдох үр дагаварт хүрэх ёстой.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, НХААГ/********* дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт манай компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ж********” ХХК-ийн хооронд байгуулсан “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх НХААГ/******** дугаар захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төсөвт тооцож ирүүлсэн үнэ зөрүүтэй байна гэдгийг бид ойлгохдоо жижиг үнийн зөрүүний агуулга байгаа гэсэн. Үндсэндээ төсөвтөө 75,991,110 төгрөгөөр тендерийн үнийг тооцож хүргүүлэхдээ гүйцэтгэгч “Ш*******” ХХК-тай гэрээ байгуулахдаа 75,921,110 төгрөг буюу 70,000 төгрөгийн зөрүүтэй үнээр өгчихсөн байсан. Тендерийн тухай хуулиар ч тендерийн баримт бичгээр ч жижиг үнийн дүнгийн зөрүүтэй байх ёстой гэдэг. Энэ нь харьцуулах үнэд нөлөөлөхгүй бол жижиг үнийг хүлээн зөвшөөрнө гэдэг агуулга байгаа. Ийм 70,000 төгрөг дээр алдаа гаргачихсан юм байна гээд Сангийн яаманд гомдол өгсөн. Сангийн яам тендерийг татаж хянаад бидэнд хариу өгөхдөө “П*****” ХХК-иас ирүүлсэн тендер 7 сая төгрөгийн тендерийн үнийн дүн зөрүүтэй гарчихсан байна гэж хариу өгсөн. Тухайн үед Сангийн яамыг цэг, таслал дээр алдаа 70,000 төгрөгийг 7 сая гэж биччихсэн юм болов уу гэж бодсон. 

Бидний гаргасан өргөдлийг Сангийн яам хүлээж авч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 036882 тоот гомдол хянасан тухай албан бичгээрээ “П****” ХХК-ийн ирүүлсэн тендер зургийн үнэ 7 сая төгрөгийн зөрүүтэй байна гэж гомдлыг хангахгүй. Харин ялагчаар тодруулсан “Ж*******” ХХК-ийн хувьд тендерийн шаардлага хангасан тендер гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж хариу өгсөн. Дахиж үнэлгээ хийхийг Сангийн яамнаас Тендерийн хороонд даалгасан. Дахиж үнэлгээ хийгээд ирүүлсэн гэх хариу бол өмнөх “П******” ХХК-д анх ирүүлж байсан хариугаа давтаад зөвхөн дахин гэдэг үг нэмээд ирүүлчихсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Сангийн яамны шийдвэр эцсийн байна, холбогдох этгээд биелүүлнэ гэдэг заалт байгаа. Гэтэл захиалагч болон Үнэлгээний хороо Сангийн яамны гаргасан шийдвэрийг биелүүлээгүй. Сангийн яам дээр хүлээн зөвшөөрөгдсөн агуулга, тендерийн баримт бичигдэх тендерийн өгөгдлийн хүснэгтийн, тендер шалгаруулах зааварчилгааны 16.2.1-д “шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг цахимаар хүргүүлнэ” гэсэн заалт байсан. Бид ч бас цахимаар хүргүүлсэн. Гэтэл “Ж********” ХХК тухайд цаасаар ирүүлсэн байхад нь шаардлага хангасан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Инженер техникийн ажилтнууд давхцахгүй байна гэж тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6-д “...Давхцахгүй байгаатай холбоотой баримтуудыг хавсаргаж ирүүлнэ” гэсэн заалт байгаа. “Ж********” ХХК хувьд Ховд аймгийн Жаргалант сум, нийтийн халуун ус цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлд 80% байгаа гээд захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд тус ажилдаа ерөнхий инженер н.Б******, сантехникийн инженер н.Э******* нарыг томилсон бөгөөд Баянзүрх дүүргийн 15-р хорооны 122-р цэцэрлэгийн ажилд мөн н.Б******-ийг ерөнхий инженерээр, н.Э********-ыг сантехникийн инженерээр томилсон нь давхцалтай байгаа тухай нотолдог. 

“П******” ХХК бол зургийн тусгай зөвшөөрөлтэй “Ш******” ХХК-тай гэрээ байгуулсан. “Ш*******” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн бол 75,921,110 төгрөг. Мөн “Ш*********” ХХК болон “Пи ******” ХХК-тай байгуулсан гэрээн дээр ч тэр 122-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлын зураг төслийн ажлуудаас барилгын гадна талын зураг төслийн ажил, гадна цэвэр, бохир усны зураг төслийн ажлуудыг “Пи ********” ХХК хоршиж гүйцэтгэхээр тэр ажлуудын үнэ 7 сая төгрөг байхаар гэрээнд  тусгагдсан. Захиалагч хоёр компани хоршиж зургийн ажлыг гүйцэтгэж байгаа. “П******” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдийг зургийн ажлын төсөв нь нийт үнийн дүн 75,921,110 төгрөгөөс 7 сая нь “Пи ******” ХХК гадна цахилгаан, доторх холбоо дохиолол, цэвэр усны зургийн ажлын үнэ юм. Тэгтэл энэ хоёр үнийг үндсэн нь нэмээд 75,921,110  төгрөг дотор багтсан байгаа 7 сая төгрөгийн  гадна цахилгаан, доторх холбоо дохиолол, цэвэр усны зургийн ажлын үнийг нэмээд 7 сая төгрөгөөр төсөв өөрчлөгдсөн байна. Төсөвтөө ирүүлэхдээ 75 сая гэж ирүүлсэн атлаа бодит байдал дээр 82,921,000 төгрөгийн үнэтэй зургийн ажил хийгдсэн гэсэн агуулгатай дүгнэлт хийгдсэн. Барилгын зураг төсөл гэдэг бол Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг” хэлнэ гэж заасан. Энэ иж бүрдэл гэх ойлголтод бүх барилгын зургууд орно. Тэгвэл Тендерийн үнэлгээний хороо ажлын зургийг хоёр салгаад гадна зургийн үнэ дээр нэмэх нь зураг төслийн үнэ гэж 2 төслийн зурагтай юм шиг дүгнэлт хийсэн нь Барилгын тухай хууль болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн үндсэн баримт бичгүүдийг зөрчсөн. 75 сая төгрөг дотор 7 сая төгрөг багтчихсан байтал хийсвэрээр дахиад нэмээд зөвхөн гэрээ хоёр байгаа учраас гэж гэрээг нэмсэн. “П******” ХХК, “Ш********” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээний 5.1.1-д ажлуудыг салгаад биччихсэн байгаа. “П*********” ХХК шаардлага хангасан байхад нь хангаагүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. “П*******” ХХК-ийн татгалзсан татгалзлыг хүчингүй болгох юм бол цаашид холбогдох бүхий л ялагчаар “Ж***********” ХХК тодруулсан Үнэлгээний хорооны шийдвэр болон байгуулсан гэрээнүүд хүчингүй болгох үндэслэлтэй. 

Эсрэгээрээ ялагчаар тодорсон, шаардлага хангасан байгаа гэх “Ж*********” ХХК нь нэлээн хэд хэдэн зөрчилтэй юм. Тендер бол цахим тендер, төрийн худалдан авах ажиллагаа цахимаар явснаас хойш төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллүүдийг цаасаар тендерт оролцогчдоос авахгүй гэсэн. Үүний үндсэн дээр тендерийн баримт бичиг дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авдаг сүүлийн 3 жилд шүүхээр орсон маргааны асуудлуудаар мэдээллүүдийг цахимаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн системээр дамжуулж ирүүлнэ гэдэг шаардлага тавигдсан.  Тендер шалгаруулалтын зөвлөгөөний 16.2.1-д заасан байгаа. Гэтэл “Ж*********” ХХК тусгай архиваас цаасаар очиж лавлагаа аваад үүнийгээ тендерт ирүүлсэн. Цахимаар ирүүлэх юмыг цаасаар авчихсан байхад шаардлага хангасан гэж дүгнэсэн нь алдаатай байна. 

Тендер шалгаруулалтын загвар хүснэгтийн 17.6-д “техникийн чадавх болон туршлагын чадвар үзүүлэлтээрээ сүүлийн гурван жилд буюу 2019, 2020, 2021 онуудад аль нэг жилд төсөвт өртгийн 30% доошгүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх” гэдэг. Үүнтэй холбоотой ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, улсын комисс хүлээж авсан актын хуулбар, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэсэн байсан. Барилгын угсралтын дуусаагүй ажил 70-с дээш хувь түүнээс дээш ажлын тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан. Мөн барилга угсралтын явцын фото зургийг хавсарган ирүүлэх шаардлагатай байдаг. “Ж*********” ХХК-ийн ирүүлсэн Ховд аймгийн нийтийн халуун усны саун, цогцолбор ажлын гүйцэтгэл 80% байна гэсэн захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн. Тус ажлыг оруулж тооцохын бол 80% дээш ажлын гүйцэтгэл дээр инженер техникийн ажлын гүйцэтгэл давхцаагүй байна гэсэн үндсэн шаардлагыг хангаагүй. н.Э********, н.Б******** нар нь сантехникийн болон ерөнхий инженерээр ажилж байгаа боловч Баянзүрх дүүргийн 15-р хороо дахь цэцэрлэгийн ажилд н.Б******** ерөнхий инженерээр, сантехникийн инженерээр н.Э******* нар нь давхардсан. Сангийн яамнаас ирүүлсэн хариу дээр холбогдох инженер техникийн ажилтнуудын иргэний үнэмлэхийн хуулга, лавлагааг хавсаргана гэж заасан боловч “Ж**********” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг дээр нэг инженер техникийн ажилтны иргэний үнэмлэхийн хуулбар бус киоскоос авсан лавлагаа байсан. Тэр лавлагааны хүчинтэй байсан хугацаа дуусчихсан нотлох баримтын шаардлага хангаагүй байсан учир инженер техникийн ажилтнуудын баримтуудыг ирүүлсэн гэж үзэх боломжгүй. 

Энэ нөхцөлүүд гуравдагч этгээд болон холбогдох мэдээ мэдээллийг татаж авч байгаа тендерийн хороо буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар мэдэж байсан боловч “Ж********” ХХК-тай гэрээ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга болон “Ж*******” ХХК-ийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 ор ажлын гүйцэтгэлийн НХАГ/********* тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээ хууль бус шийдвэр үйл ажиллагаанд үндэслэгдэж байгуулагдсан. Шалгаруулсан шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох юм бол энэ гэрээ хууль зөрчсөн үйлдэл дээр үндэслэж байгуулагдсан гэрээ учраас илт хууль бус гэрээ юм.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл боловсруулах даалгаврыг ирүүлсний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан.

… Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч 10:10 цагт нээхэд уг тендерт нийт 4 оролцогч материал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг үндэслэж дор дурдсан мэдээллийг зарласан.     

 

Тендерт оролцогчийн нэр

Тендерийн зарлагдсан үнэ

Үнийн хөнгөлөлт

Тендерийн баталгааны дүн

Тендерийн баталгааны хугацаа

1

П***** ХХК

2,989,694,720

-

17,369,000

ТХБХ-аас хойш 28 хоног

2

Ж****** ХХК

2,994,404,845

-

17,369,000

ТХБХ-аас хойш 28 хоног

3

Б******* ХХК

3,470,472,326

300,472,326.0

17,369,000

ТХБХ-аас хойш 28 хоног

4

Т****** ХХК

3,368,462,867

 

17,369,000

ТХБХ-аас хойш 28 хоног

 

Үнэлгээний хороо 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж, хуралдан “Ж********” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтыг үндэслэн тендерээс татгалзаж, “П*****” ХХК-ийн ирүүлсэн тендер тус хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу “П******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. 

        Захиалагчаас үнэлгээний хорооны дүгнэлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 5.3 дахь хэсэгт “Захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор энэ тухай үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдлийг тусгайлан албан бичгээр үйлдсэнээс бусад тохиолдолд үнэлгээний дүгнэлтийн холбогдох хэсэгт хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзсэн үндэслэл, тайлбарыг тэмдэглэж, захиалагчийн эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулан үнэлгээний хороонд хүргүүлж болно” гэж заасны дагуу үнэлгээний хороонд зөвлөмжийг “дахин үнэлгээ хийх”-ээр буцаан хүргүүлсэн.

Захиалагчаас үнэлгээний хорооны зөвлөмжийг буцаасан үндэслэл нь гэрээ байгуулах эрх олгосон “П******” ХХК-ийн зураг төсвийн үнийн дүн зөрүүтэй зургийн гэрээний дүн 75,921,110 төгрөг төсөв дээрх зургийн үнэ 75,991,110 төгрөг байгаа тул дахин үнэлгээ хийхээр буцаасан.

 Үнэлгээний хороо 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин хуралдан "П*******” ХХК ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй гэж үзэн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Ж*********” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гарган зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл болон шалгараагүй бусад оролцогчдод мэдэгдлийг нэгэн зэрэг хүргүүлэн журмын 3.2.7-д зааснаар цахим системд нийтэлсэн.

Сангийн яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03/6606 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад оролцогч “П******” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан болохыг мэдэгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.

Сангийн яамнаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/6882 дугаар албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин хуралдан  үнэлгээ хийж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

1. Сангийн яамны гомдол хянан үзсэн тухай албан бичигт "П****" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэдэгтэй санал нэг.

2. “Ж********” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэснийг үнэлгээний хороо хэлэлцэн “Ж********” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай албан бичигт тусгагдсан “...Шүүхийн тусгай архивын лавлагааг ирүүлнэ гэж заасны дагуу цаасан хэлбэрээр гаргуулан хүргүүлж байна. Тухайн тодорхойлолтыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт илгээж цахим тодорхойлолт авах байсныг хугацаа хожимдуулан хүсэлт илгээсний улмаас цахим тодорхойлолтыг авч чадаагүй болно. Иймд цаасан хэлбэрээр тодорхойлолт авах хүсэлтийг холбогдох материалын хамт Шүүхийн тусгай архивт хүргүүлэн доорх тодорхойлолтыг авсан тул үнэлгээнд тооцож өгөхийг хүсье.” хүсэлтийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архивын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2531 дугаарт тодорхойлолтын хамт ирүүлснийг үнэлгээнд харгалзан үзэж одоогийн ба сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээллийг шалгах нь үнэлгээний гол шалгуур үзүүлэлт тул шаардлага хангаж байна гэж үнэлсэн.

3. “Ж*********” ХХК “Нийтийн халуун ус, сауны цогцолборын барилгыг эхлүүлэх (Жаргалант сум) ажил” 2022 онны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гүйцэтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай тодорхойлолт тендерт хавсарган ирүүлсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тушаалаар тендерт санал болгосон ерөнхий инженер Б.Б******, сантехникийн инженер Б.Э****** нарыг давхцуулан санал болгосон тухай гомдолд дурдсан байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д “Тухайн 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил ба түүнээс дээших ажлын гэрээ, ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт, барилга угсралтын ажлын явцыг баталгаажуулсан фото зургуудыг ирүүлэх шаардлагатай. Инженер техникийн шалгаруулалтад давхцахгүй байгааг нотлох баримтыг ирүүлнэ.” гэж заасантай нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай байна гэж ирүүүлснийг үнэлгээний хороо хэлэлцэн Теңдерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д Барилга угсралтын дуусаагүй ажлын явц нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын ажлыг ижил төстэй ажилд тооцон үзэж болно гэдэг гол агуулгатай ба ТШЗ 17.6.6-д “Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. Энэ тендерт санал болгосон инженер техникийн ажилтан, машин механизм нь олон багц болон 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилд давхацсан тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж тусгасан байгаа тул “Ж********" ХХК-ийн ирүүлсэн "Нийтийн халуун ус, сауны цогцолборын барилгыг эхлүүлэх (Жаргалант сум) ажил"-ыг ижил төстэй ажилд тооцон үнэлгээ хийх боломжтой ба 70 хувиас дээш гүйцэтгэлтэй ажил тул инженер техникийн ажилтны давхцалыг үнэлгээнд харгалзан үзэхгүй гэж үнэлсэн.

Иймд үнэлгээний хорооны гишүүд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж гишүүдийн 100 хувийн саналаар “Т*******” ХХК, “П*******” ХХК-иудын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй гэж үзэн, “Ж*********” ХХК-ийн ирүүлсэн тендер тус хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуулийн дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн үнэтэй тендерийг сонгоно гэж заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтад заасны дагуу “Ж********” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. 

… “Ж*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хэмээн үзэж тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосноор тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ж******” ХХК-тай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Манай газраас тендерт шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т зөвлөмж хүргүүлснээр тендер шалгаруулалт дууссан.

Тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдсан бөгөөд “П*****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““П*****” ХХК хамгийн бага үнийн санал ирүүлсэн гээд хамгийн бага үнэ ирүүлсэн нь ялагч болдог гэж буруу яриад байна. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн биш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтыг үндэслэн тендерээс татгалзаж, “П*****” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуулийн дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу "П******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Шууд нээлтээ сонсоод л хамгийн бага үнэтэйг шалгаруулна гэдэг ойлголт биш юм. 

… Нэхэмжлэгч Сангийн яамны шийдвэр эцсийн шийдвэр байна гэж хэлж байна. Тийм хууль зүйн зохицуулалт байхгүй. 

… Зөвлөмжийн дагуу захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гэрээний материалыг бэлдээд, гэрээний төслөө бэлтгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүргүүлсний дагуу Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд хянаж үзээд гэрээ байгуулсан. Засаг даргын эрх манай газар руу шилжиж байгаа ажил нь манайхаас шалгаруулаад зөвлөмж хүргүүлснээр тендер шалгаруулалт дуусаж байгаа. Дараагийн гэрээ байгуулах ажлыг захиалагч, хяналт тавих байгууллага болон Засаг даргын тамгын газар хэрэгжүүлдэг. Худалдан авах ажиллагааг манай байгууллага хууль журмын дагуу зохион байгуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэсэн заалт үндэслэлгүй.” гэв.

10. Гуравдагч этгээдийн төлөөлөгч татгалзал болон үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Тендерийн баримт бичиг дахь ТШЗ 16.2.1 буюу Шүүхийн тусгай архивын лавлагаа: Тендерийн баримт бичигт Шүүхийн тусгай архивийн лавлагааг ирүүлнэ гэж заасны дагуу цаасан хэлбэрээр гаргуулан хүргүүлсэн. Энэхүү тодорхойлолтын цаасан болон цахим хэлбэрүүд нь агуулга, утга санаа, ач холбогдлын хувьд ямар ч ялгаа байхгүй бөгөөд хэлбэрээс нь хамааруулан хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.  

2/ Тендерийн баримт бичиг дахь ТШЗ 17.6 буюу тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагын шалгуур үзүүлэлт: “Ж*********” ХХК нь Ховд аймгийн "Нийтийн халуун ус сауны цогцолбо" барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ба тухайн ажлын явц 2022-ны 08 дугаар сарын 08-ны байдлаар 80% гүйцэтгэлтэй хийгдэж байгаа талаар захиалагчын тодорхойлолт болон бусад холбогдох шаардлагатай материалын хамт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Энэ нь барилга угсралтын дуусаагүй ажлын явц 70%-иас дээш байх, ижил төстэй ажлын туршлагад тооцох тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа юм. 

Үүнтэй холбгдуулан “П******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийтийн халуун ус сауны цогцолбор” барилгын ажилд Б.Б********-ийг ерөнхий инженерээр, Б.Э*********-ыг сантехникийн инженерээр томилсон гэж таамагласан байдлаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч инженер техникийн ажилтнууд давхцалтай гэж байгаа нь үндэслэлгүй байна.

3/ “П******” ХХК-ын нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй, зөв шийдвэр болно. Учир нь "П******” ХХК-ийн зураг төсөв боловсруулах байгууллагатай хийсэн гэрээний үнийн дүн төсөвт тооцож ирүүлсэн үнийн дүн зөрүүтэй байгаа нь тухайн компанийн тендерээс шууд татгалзах үндэслэл болно.

Тендерт оролцогч “П*****” ХХК-тай гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч "Ш*********” ХХК нь тендерийн баримт бичигт заасан зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх компанийн тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байна. Тухайн тендерт оролцогч "П******” ХХК нь “Ш*******" ХХК болон "Пи *******” ХХК-иудтай гэрээ байгуулах байсан буюу “Ш*******" ХХК нь “П*******” ХХК-тай "Пи *******” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах, мөн зураг төслийн ажлыг хоршин гүйцэтгэгч гэх “Пи *******” ХХК-тай тeндерт оролцогч "П******” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах, гэрээт ажлыг давхар гэрээ байгуулан бусдад шилжүүлсэн байгаа нь хууль, журмын шаардлагад нийцэхгүй. Тухайн тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.8-д "Тендерт оролцогч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан цахим системээр дамжуулан гэрээг баталгаажуулсан байх ба гэрээнд туслан гүйцэтгэгчийн ажил үүрэг, гэрээний үнийн дүн, хугацааг тодорхой тусгасан байна” гэж заасныг шууд зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлээр “П*****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая хариуцагчийн хэлснээр шүүхийн лавлагааны ач холбогдлыг нэхэмжлэгчийн зүгээс хэлбэрт нь анхаарал хандуулах шаардлагагүй. Архиваас авах гээд байгаа мэдээлэл нь албан бичгээр хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар ирсэн. Түүнд агуулагдсан мэдээлэл нь хуульд нийцсэн байсан. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд цахим болон цаас байх боловч агуулга, утга санааны хувьд зөв байгаа. Үүнийг тендерийн Үнэлгээний хороо зөв үнэлсэн гэж үзэж байна. 

“Ж*******” ХХК-ийн ижил төстэй ажил эрхэлж байсан буюу 2 инженерийн давхцалтай гэдэг асуудлыг нэхэмжлэгч ярьж байна. Энэ мэдээллийг хаанаас олж ингэж яриад байгааг нь мэдэхгүй байна. Тус тендерийн хувьд ямар нэгэн давхцал байгаагүй. Таамаг байдлаар яриад байгаа болохоос нотлох баримтын хүрээнд ярихгүй байна. Ховд аймагт буй ажилд Б.Б*******, Б.Э****** гэх хүмүүс ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ 122 дугаар цэцэрлэгийн ажилд л байгаа. 

Нэхэмжлэгч нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа. Зураг төслийн ажлын гэрээг тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй гэрээ байгуулсан. Энэ бол тус тендерт тавигдаж байгаа хамгийн гол шаардлага. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01 гэрээг “Ш*******” ХХК-тай байгуулсан. Энэ компани нь тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд вэ гэдгийг харахын бол тодорхой харагдаж байгаа. ТЗ-3.1, ТЗ-3.4, ТЗ-3.5, ТЗ-6.2, ТЗ-10.1 гээд тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлийн эрхтэй боловч, “Пи *****” ХХК-ийн ажил туслан гүйцэтгэх 02 дугаартай гэрээ байгаа. Энэ гэрээгээр “Ш********” ХХК-тай гэрээ байгуулсан. “Пи *********” ХХК дотно, гадна цахилгааны зураг, цэвэр бохир усны шугамыг хийж гүйцэтгэхээр заасан. Энэ өөрөө мөн тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэх ажил. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараас хархаар “Пи ******” ХХК тухайн гэрээг “П*******” ХХК-тай байгуулах эрхийг олгоогүй. Компанийн тухай хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд л зөвхөн гэрээ байгуулдаг. 01 дугаартай гэрээнд “Пи ******” ХХК гуравдагч этгээдийн байдлаар оролцоогүй нь харагдаж байна. “Ш********” ХХК “Пи ******” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгогдоогүй. Үүнийгээ нэхэмжлэгчийн зүгээс түншлэлийн журмаар буюу хошиж орж байгаа гэж тайлбарлаад байна. 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнд заалт бүхий зураг төслийн тусгай зөвшөөрлөөр “Ш********” ХХК-д “Пи *********” ХХК-д хорших гэж заасан. Компанийн тухай хууль болоод бусад хуульд аливаа этгээдийн нэрийн өмнөөс гэрээнд оролцохдоо итгэмжлэл, зөвшөөрлийг авсан байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй буюу барилгын дотно, гадна бохир, дулааны усны зургийг зурах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан. “П*****” ХХК 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол “П*****” ХХК хоёр туслан гүйцэтгэгчтэй болчиж байгаа юм. Тендерт оролцогчдын зааварчилгааны 17 зүйлд заасан тендерийн баримт бичгийн 60 дугаар талд авагдсан 17.6.5-д зураг төслийн үнэ зөрүүтэй эсэх талаар дурдсан байдаг. Туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа цахимаар заавал баталгаажуулсны үндсэн дээр тухайн этгээдтэй гэрээ байгуулна гэж заасан. Гэтэл тухай этгээдтэй цахимаар баталгаажуулсан буюу “Пи *****” ХХК-тай “П*****” ХХК гэрээ байгуулж ямар нэгэн туслан гүйцэтгэх зөвшөөрөл авсан асуудал байхгүй. 

Нийт үнийн саналдаа буюу “Ш*********” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнд орсон гэдгийг тайлбарлаж байгаа боловч тендерийн баримтад багтсан эсэх нь огт харагддаггүй. Хоёр тусдаа гэрээ яваад байдаг. Нэг нь 7 сая, нөгөө нь 75 сая төгрөгийн үнэтэй гэрээ байдаг. Иймд тендерийн хорооны шийдвэр үндэслэлтэй. Тендерийн шалгаруулалтын зааварчилгааны 4.2-д түншлэлийн асуудлыг заасан байдаг. Түншлэлийн гишүүн тус бүр холбогдох газрын дагуу цахим системээр түншлэлийг баталгаажуулснаар түншлэлийг тендерт оролцогч гэж үзнэ. Зураг төслийн ажил дээр гэрээ байгуулан оролцож байгаа “Ш******” ХХК цахимаар баталгаажуулалтаа хийгээд гэрээ байгуулсан байдаг боловч “Пи ********” ХХК цахимаар баталгаажуулалтаа хийгээгүй.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. НХААГ/********* дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерийн Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулах зөвлөмж гаргаснаар үйл ажиллагаагаа дуусгасан тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.”Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар тус захиргааны хэргийн хариуцагчаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг оролцуулж хэргийг шийдвэрлэв. 
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.”Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” гэж заажээ. 

Хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдээс үзвэл “П******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, Тендерийн баримт бичгийн 17.6.5-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн тус компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг тендерийн Үнэлгээний хороо 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасныг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Мөн Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/6882 дугаар албан бичигт “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэснийг үндэслэн тендерийн Үнэлгээний хороо 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдан нэхэмжлэгч компанийн тендерээс мөн адил үндэслэлээр татгалзаж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгээр мэдэгджээ.

Нэхэмжлэгч дээрх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд тус албан бичгүүдээр мэдэгдсэн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны үндэслэл өөрчлөгдөөгүй байна. 

Иймд тендерийн Үнэлгээний хорооны “П******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, Тендерийн баримт бичгийн 17.6.5-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн тус компанийн тендерээс татгалзсан шийдвэрийн үндэслэлд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэв.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.”Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.3.”тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор (Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт  бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 17.6.5-д “Зураг төслийн үнийг төсөвт тооцож ирүүлнэ.” гэж заажээ. 

“П*****” ХХК, “Ш*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “122 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-нд үнийн дүнг 75,921,110.0 төгрөг байхаар байгуулсан бөгөөд харин төсөвт өртгийн нэгдсэн товчоонд “инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн”-г 75,991,110 төгрөг гэжээ. 

Дээрх төсөвт өртгийн нэгдсэн товчоо болон “Ш*******” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн зөрүүтэй байгаа нь тендерийн шаардлага хангахгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.”Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4.”Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж заасанд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч дээрх зөрүүг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-т заасан жижиг хэмжээний зөрүү бөгөөд тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэх боловч үнийг зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөхгүй бол тендерийг шаардлага хангасан гэж үзэх боломжтой ч тус үнийг зөрүүг жижиг хэмжээний зөрүү гэж үзээгүй хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм. 

  1. “Ж*********” ХХК-ийн тухайд 

4.1. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор (Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн “ТШЗ 16.2.1”-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн тусгай архивын тодорхойлолт авах хүсэлтийг тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө тендерийн худалдан авах ажиллагааны цахим системд нэвтрэн орж хүсэлт илгээсний үндсэн дээр тус тодохойлолтыг цахим системээр ирүүлэх талаар заасан байна.

Гуравдагч этгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тусгай архивын тодорхойлолтыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2531 дүгээр албан бичгээр авч тендерийн баримт бичигт хавсаргасныг буруутгах боломжгүй юм. 

Хэдийгээр тендерийн баримт бичигт цахимаар тодорхойлолт авахаар заасан ч тус тодорхойлолтыг тендерт гаргаж өгч байгаа ач холбогдол нь тухайн компани тендертэй холбоотой асуудлаар хариуцагчаар оролцож байгаагүйг тогтоох тул гуравдагч этгээдийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй болжээ.

4.2. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор (Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт  бичгийн өгөгдлийн хүснэгтийн “ТШЗ 17.6”-д инженер техникийн ажилтууд давхцахгүй байгаа нотлох баримтыг ирүүлэхээр заасан боловч “ТШЗ 17.6.5”-д 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилд давхацсан тохиолдолд тендерээс татгалзахаар заасан байна. 

Гэвч гуравдагч этгээдийн тендерийн материалд авагдсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны 1/1395 дугаар албан бичгээс үзвэл гүйцэтгэж байгаа Нийтийн халуун ус сауны цогцолборын барилга /Жаргалант сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжиж байгаа нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн тендерээс татгалзах үндэслэлгүй юм.

4.3. Гуравдагч этгээдийн тендерийн материалд авагдсан сантехникийн инженер гэх Б.Э********-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хугацаа дууссан, иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байгаа боловч тендерийн баримт бичгийн “ТШЗ 17.6.2”-т зааснаас үзвэл гэрээг хэрэгжүүлэх ажилтан, ажилчдын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийг хүчинтэй байхыг шаардаагүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгчийн тендер шаардлага хангаагүй болон гуравдагч этгээдийн тендерээс татгалзах үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдож байх тул НХААГ/******** дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт манай компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ж*********” ХХК-ийн хооронд байгуулсан “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх НХААГ/******** дугаар захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1702 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/1870 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, НХААГ/******** дугаартай “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/” тендерт манай компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ж********” ХХК-ийн хооронд байгуулсан “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 122 дугаар цэцэрлэг/-ны ажил гүйцэтгэх НХААГ/********* дугаар захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН