| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/03207/И |
| Дугаар | 101/ШШ2022/00253 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/00253
| 2022 01 10 | 101/ШШ2022/00253 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 133 байр, 115 тоот хаягт оршин суух, Турхаг овогт Дагвадоржийн Т /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Онцгой хотхон 1 байр 1 тоот хаягт оршин байрлах Ш Х ХХК /регистрийн дугаар:/-д холбогдох,
44,383,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т миний бие Ш Х ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 8 хороонд байрлах Онцгой хотхон-ны 3-р блок, 3 дугаар орц 13 давхар, Р-277 тоот, 42,27мкв бүхий байрыг нэг мкв үнийг 1,050,000 төгрөгөөр тооцож нийт 44,383,500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тус орон сууц захиалгын гэрээний дагуу миний бие өөрийн Хаан банкны 5009259028 тоот данснаас 2019 оны 02 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 3 сарын 01-ний өдөр 24,383,500 төгрөг нийт 44,383,500 төгрөгийг Ш Х ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн төлбөр төгөх үүргээ биелүүлсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш Ш Х ХХК- нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр №19/059 тоот албан мэдэгдэл хүргүүлж 2020 оны 3 дугаар улирал буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр багтаан ашиглалтанд оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл тус гэрээний зүйл болох орон сууц нь ашиглалтанд ороогүй зогсонги байдалтай байгаа болно. Миний бие Ш Х ХХК-аас удаа дараа гэрээгээр хүлээсэн үүрэг болох Орон сууцаа барьж хүлээлгэж өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн болно. Мөн миний бие 2020 оны 08 сарын 31-ний өдер Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж орон сууц худалдан авах төлбөрт өгсөн 44,383,500 төгрөгийг буцаан олгуулах өргөдөл гаргасан боловч ямар нэгэн хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн болно. Иймд Ш Х ХХК-аас 44,383,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Очирбат овогт Эрдэнэбат миний бие Ш Х ХХК-д ямар ч хамаарал байхгүй. Тус компани нь миний нэр дээр яагаад бүртгэлтэй байгааг би мэдэхгүй байна. Ш Х ХХК нь ямар арга замаар миний нэр дээр ирсэн асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Улсын бүртгэгч нарыг шалгуулах өргөдөл өгөх болно.
Тус хохирогч нар ямар хүнтэй гэрээ хийж, хаана очиж уулзсанаа мэдэж байгаа байх гэдэгт итгэлтэй байна. Миний бие ийм асуудлаар нэг ч хүнтэй уулзаж байгаагүй. Нэхэмжилж байгаа мөнгө надад хамаагүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ш Х ХХК-д холбогдуулан 44,383,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш Х ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар авсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар Очирбат овогтой Эрдэнэбат /регистрийн дугаар: УС797072310/ бүртгэлтэй байгаа нь тогтоогдож, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүхэд дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тов мэдэгдэх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 67, 72, 76, 77 дугаар зүйлүүдэд тухайлан заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Хариуцагчийн төлөөлөгч О.Эрдэнэбат нь Ш Х ХХК-д хамааралгүй, тус компанийн гүйцэтгэх удирдлагаар өөрийн нэр бүртгэгдсэн асуудлыг мэдэхгүй, уг асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т тухайлан зааснаар уг татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.
Мөн түүнчлэн, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Талууд буюу Д.Т , Ш Х ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 19/-15 дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Онцгой хотхон-ы 3 дугаар блок, 3 дугаар орц, 13 давхар F277 тоот хаягт байрлах, 42,27 м.кв орон сууцны барилга угсралтын ажлыг Ш Х ХХК гүйцэтгэж, захиалагч Д.Т нь орон сууцны 1 м.кв тутмын үнэ 1,050,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр, Ажил гүйцэтгэх гэрээ байна.
Гэрээний 4 дүгээр зүйлд төлбөр төлөх хуваарийг гаргасан байх бөгөөд захиалагч Д.Т 44,383,500 төгрөгийг Ш Х ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 473018008 тоот дансанд шилжүүлж, байрны нийт үнийг 100 хувь төлсөн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 19/-15 дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйл болон 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 24,383,500 төгрөгийн дүнтэй мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний Нэгдүгээр зүйлийн 3-т гэрээний хугацааг Захиалагч гэрээнд дурдсан урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд байршуулсан өдрөөс эхлэн барилга ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хүчинтэй байна гэж тусгажээ. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, 2020 оны 3 дугаар улирал буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр багтаан барилгыг ашиглалтад оруулна гэж Ш Х ХХК-ийн зүгээс мэдэгдсэн тухай дурьдаж, тус компанийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19/059 дугаартай мэдэгдлийн хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Орон сууцны барилгын ажлын захиалагч Д.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, төлбөрөө бүрэн төлсөн, гүйцэтгэгч тал барилгаа ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс байрны үнэ 44,383,500 төгрөгөө буцаан шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцэж байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ш Х ХХК-иас 44,383,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 379,868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 379,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА