| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г,
Шүүгдэгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д*-д холбогдох эрүүгийн 2524000000032 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...........оны ....... дугаар сарын ......-ний өдөр .........аймгийн ........ суманд төрсөн, .........настай, .........., .......боловсролтой, ........мэргэжилтэй, ...... аймгийн ....сумын ..........н эмнэлэгт ............ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ........аймгийн ........сумын ......багийн ..........тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .............регистрийн дугаартай, ................ овогт Б-н Д
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ....... аймгийн .......сумын .....багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “........” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ....... аймгийн .......сумын .....багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “........” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн үйл баримт нь
Гэрч Г.М*ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Д өөрийн эзэмшлийн .......дугаартай “......20 маркийн тээврийн хэрэгслээр манай эгч болох О хөдөө гэрт нь хүргэж өгөх гээд манай эгч Ө болон түүний 2 хүүхэд, манай нэг охин нарын хамт явсан. Тэгээд хөдөө манай эгчийн гэрт очоод, орой буцаад Тосонцэнгэл сум руу орж ирж байна гэж над руу ярьсан. Хөдөө эгчийн гэрээс манай ээж Эн хамт ирж байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхгүй удаад байхаар нь би эхнэр рүүгээ залгаад ярьтал “.........” цайны газрын хажууд цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа машинаа журмын хашаанд оруулчихлаа гээд такси бариад гэртээ ирсэн. Манай эхнэр гэртээ ирээд надад “О эгчийн гэрт нэг том пиво эгч О , Ө бид 3 хувааж уугаад машинаа бариад Т........ сумын төв орж ирж байгаад цагдаад баригдлаа” гэж хэлсэн. “Манай эхнэр тэр пивоноос нь нэг том стакан уусан, тэгээд тэндээ хэсэг байж байгаад ирсэн” гэж хэлсэн. Манай эхнэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан учир цагдаад баригдаад машинаа журмын хашаанд оруулсан байх гэж бодож байна. Манай эхнэр 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, яагаад хасуулсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,
Гэрч Г.Ө*ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн 2 хүүхэд, манай бэр Д нэг хүүхэдтэйгээ бид нар хамт манай хөдөө байдаг эмэгтэй дүү О/*г гэрт нь хүргэж өгөхөөр И баг Г гэдэг газар руу явсан. Манай бэр дүү Д өөрийнхөө ........маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд бид нар дүү О*-г гэрт очоод цай хоол хийлгэж идээд байж байгаад явах гэж байтал манай эмэгтэй дүү О*г “манайд нэг том пиво байна, 3-лаа хуваагаад уучих уу” гээд нэг том пиво гаргаж ирээд задалсан. Тэр пиво-г нь би, манай бэр дүү Д, манай эмэгтэй дүү О-г бид 3 хуваагаад уусан. Тэгээд пиво ууж дуусаад буцаад Т........ сум руу гарсан. Буцаад явахад манай ээж Н дүүгийн гэрээс бид нартай хамт ирсэн. Бид нар дүүгийн гэрээс гараад бэр дүү Д машинаа жолоодоод явсан. Тэгээд Т сум руу орж ирж байгаад .........цайны газрын хажууд цагдаад баригдсан. Цагдаа машин зогсоогоод манай дүү Д машинаас буугаад уулзсан, тэгээд удалгүй нэг цагдаа машинд орж ирж суугаад машин жолоодоод цагдаагийн хэлтэс дээр ирээд бэр дүү Д*гийн машиныг журмын хашаанд хийгээд, бид нар гэр гэр рүүгээ явсан. Манай дүү Д-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гээд машиныг нь журмын хашаанд оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,
Гэрч Х.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр замын цагдаагийн ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Ш.С-ийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ......... багийн нутаг улсын чанартай А0603 дугаартай зам дээр хяналт шалгалт хийж байхад орой 20 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож байсан ..........улсын дугаартай, саарал өнгийн ..........маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад, иргэн Б.Д нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож явсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийг би жолоодож цагдаагийн хэлтэс дээр ирээд иргэн Б.Д*г согтолт шалгах Alco test 7510 маркийн драгер багажаар үлээлгэн шалгахад 0,47 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан, цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж гомдол мэдээлэлд оруулсан. Намайг уг тээврийн хэрэгслийг шалгах үед иргэн Б.Д тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Уг тээврийн хэрэгсэлд жолоочтой нийлээд 3 том хүн 3 хүүхэд явж байсан байхаа, Д-гийн хадам ээж эгч нар нь хамт явсан байхаа. Д нь И багийн нутагт айлд очиж цай уугаад ирж байна гэж хэлсэн, мөн нэг пиво уусан гэж хэлж байсан. Би цагдаагийн байгууллагын санд Д*гийн РД-г хийж үзэхэд 2025 оны 04 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар жолоодох эрхээ хасуулсан байсан. Иргэн Д/*г драгер багаж үлээх үед авсан 1 ширхэг зураг байгаа. Тэрийг гаргаж өгч болно, өөр ямар нэгэн баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
“...Б.Д*г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 0,47 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 3/
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-9/, Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 4/
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэсэн магадалгаа /хх 34-36/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2******* дугаартай “...Зөрчилд холбогдогч Б.Д нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 64-66/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Д*гийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний гэрээсээ гараад хадам эгч О*г гэрт нь хүргэж өгөх гээд хадам эгч Ө, тэдний 2 хүүхэд, мөн өөрийн нэг охины хамт Т..... сумын төвөөс гараад явсан. Манай хадам эгч О*гийн гэр Зам зуур шатахуун түгээх станцын хажуугаар салаад ........сумын төвөөс 12-13 орчим километр зайтай хөдөө байдаг. Бид нар .........сумын төвөөс гараад хадам эгч О*гийн гэрт очоод хоол цай идэж уугаад хэсэг байж байгаад хадам эгч О манайд нэг ширхэг пиво байна, 3-лаа хуваагаад уучих уу гэж хэлээд 2,5 литрийн нэг том пиво гаргаж ирээд задлаад манай хадам эгч Ө, О бид 3 хувааж уусан. Би тэр пивоноос 2-3 аяга уусан. Тэгээд пиво ууж дуусаад хэсэг байж байгаад хадам ээж Н, хадам эгч Ө, бид нар хүүхдийнхээ хамт буцаад Т сум руу гарсан. Бид нар Т сум руу орой 18 цагийн орчим орж ирж байгаад ........... багийн нутаг "......" ШТС-н зүүн талд цагдаатай таарсан. Цагдаа нар тэнд машин шалгаж байсан юм шиг байна лээ. Цагдаа нар намайг зогсоогоод миний регистрийн дугаарыг асуугаад шалгадаг багаж дээрээ хийж үзсэн. Дараа нь намайг согтолт шалгадаг багаж үлээлгэж үзээд цагдаа руу явах хэрэгтэй байна гээд намайг машинаас буулгаад цагдаагийн машинд суулгаад, нэг цагдаа нь миний машиныг бариад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд согтолт шалгах багаж үлээлгэж үзэхэд 0.47 хувийн согтолттой гарсан. Тэгээд миний машиныг журмын хашаанд оруулсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Б.Д*-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ....... аймгийн .......сумын .....багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “........” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Б.Д*гийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-н Д*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ