| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Ариунзул |
| Хэргийн индекс | 148/2022/00315/И |
| Дугаар | 148/шш2022/00351 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 148/шш2022/00351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар багт байрлах Төрийн банк ХХК /5341469/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Ган зам багш нарын байр 20 тоотод оршин суух Урианхан овогт Шатарын Пүрэвсүрэн /РД:МЮ44070178/,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээ цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 40,912,589.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Солонго
Хариуцагч: П.Баярбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч П.Баярбат нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 150000503952 тоот зээлийн гэрээ байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбараас 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт байрлах 56 м.кв талбайтай Ү-1317003178 улсын бүртгэлийн дугаартай, 000102537 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн 5 дугаар багийн нутагт байрлах 3,500 м.кв талбайтай, 18586564521193 тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг Сэлэнгэ аймгийн Газрын халилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/169 тоот албан бичгийн дагуу барьцаалан зээл авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж зээлийн гэрээний хавсралт 1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, холбоо барин ажилласан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 27,601,645.46 төгрөг, зээлийн хүү 12,357,262.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 941,181.77 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг нотариатаар гэрчилүүлсэн 12,500 төгрөг нийт 40,912,589.79 төгрөгийг хариуцагч П.Баярбатаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Баярбат шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй П.Баярбат миний биед холбогдох 40,912,589.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2017 онд Төрийн банкнаас 50,000,000 төгрөгийг аав Ш.Пүрэвсүрэнгээр мал аж ахуй эрхлүүлэх чиглэлээр зээлж авсан ба анх авахад банкны зүгээс надад 2,000,000 төгрөгийг суутгаж 48,000,000 төгрөгийг өгсөн. Бидний зүгээс банкнаас авсан зээлээ тухай бүр төлж байсан ба нийт 54,420,671 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэлд энэ асуудал тусгагдаагүй байна. Миний аав Ш.Пүрэвсүрэн маань 2019 онд хүнд өвчин туссанаар бидний амьдрал санхүүгийн хүнд байдалд орж зээлээ графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Тухайн үед аав болон бидний зүгээс банкийг хүүгээ зогсоож өгнө үү эсвэл шүүхэд өгөх хэрэгтэй гэдэг талаар хүсэлт тавьж байсан боловч хүлээж аваагүй. Аав Ш.Пүрэвсүрэн нь 2020 онд нас барсан ба энэ асуудлыг банкны зүгээс мэдэж байсан хэрнээ бас шүүхэд өгөөгүй. Улмаар 2020 оноос хойш Монгол Улсад гарсан цар тахал өвчний улмаас миний зүгээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч зээлийн төлөлтөө хугацаанд нь хийж чадаагүй. Мөн банкинд удаа дараа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж төлөх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч Төрийн банк нь 2019 оноос хойш огт төлөлт хийгээгүй байхад 2022 онд шүүхэд өгсөн асуудлыг би ойлгохгүй байна. Зээлийн хүү болох 12,357,262.57 төгрөг нь хэдэн оны хэдэн сар, өдрөөс тооцож эхэлсэн хүү болох нь тодорхойгүй байна. Цар тахал өвчний үед төр засгаас зээлийн төлөлт болон хүүг хойшлуулж байсан. Гэтэл энэ хугацааны хүү хасагдсан эсвэл нэмж бодогдсон эсэх нь тодорхойгүй байна. Би зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Мөн сард 1,500,000 төлөөд явах нь хүндрэлтэй тул сард 500,000 төгрөг төлөөд явмаар байна гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХХК-ийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 150000503952 дугаартай зээлийн гэрээний хуулбар, хавсралт, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 04 сарын 26-ны өдрийн Төрийн банкны мэдэгдлийн хуулбар, 2019 оны 03 сарын 18-ны өдрийн Төрийн банкны мэдэгдлийн хуулбар, 000102537 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0012692 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 02/169 дугаартай албан бичгийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, нотариатын баримтын хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 40,900,089.8 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар баг 56 м.кв талбайтай Ү-1317003478 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж зээлийн гэрээ цуцлах, 12,500 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар багийн нутагт байрлах 3,500 м.кв талбайтай 18586564521193 нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төрийн банк ХХК болон П.Баярбат, Ш.Пүрэвсүрэн нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,601645.46 төгрөг, зээлийн хүү 12,357,262.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 941,181.77 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зөвшөөрч байна. Харин төлөх хэмжээг нь сарын 500,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Төрийн банк ХХК болон П.Баярбат, Ш.Пүрэвсүрэн нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банк ХХК нь 50,000,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар П.Баярбат, Ш.Пүрэвсүрэн нарын Төрийн банк дахь 150000419747 дугаарын дансанд шилжүүлэх, П.Баярбат, Ш.Пүрэвсүрэн нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээж зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч П.Баярбатаас шаардсан байна.
Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй, харин хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөх талаар санал гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхгүй тул боломжгүй гэж тайлбарлаж байна.
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байх тул нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд маргахгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 40,900,089.8 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. Харин нотариатын зардал 12,500 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зээлийн гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр П.Баярбатын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар багт байрлах Ү-1317003478 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар П.Баярбатын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар багт байрлах Ү-1317003478 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар багийн нутагт байрлах 3,500 м.кв талбайтай 18586564521193 нэгж талбарын дугаартай газрыг барьцаалахаар тохиролцсон, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан бичиг авсан тул барьцааны гэрээ байгуулсан гэх тайлбар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.барьцааны гэрээг бичгээр байгуулна, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэх хуулийн шаардлагуудыг хангаагүй байх тул дээрх газраар үүргийн гүйцэтгэл хангуулна гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан П.Баярбатаас 40,900,089.8 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар багт байрлах Ү-1317003478 улсын бүртгэлийн дугаартай 56 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлах, 12,500 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар багт байрлах 3,500 м.кв талбайтай 18586564521193 нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ