Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А*т холбогдох эрүүгийн 2524000000026 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..........оны ..... дүгээр сарын ....-ны өдөр ........аймгийн ...суманд төрсөн, .......настай........., .........боловсролтой, ............мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .........хотын ..........дүүргийн ........хороо, ...........дугаар гудамж, ................тоотод оршин суух хаягтай, урьд ............дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ___дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ............ регистрийн дугаартай, ..........овогт С-гийн А,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.А нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө ........ аймгийн .......сумын ..............багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг............” баарны гадна үүдний хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б-гийн толгой хэсэгт сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зулайн урд дээд хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.А-т холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Хэргийн үйл баримтын тухайд

1.1. Шүүгдэгч С.А нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө ..........аймгийн ...............сумын ...........багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” баарны гадна үүдний хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б*гийн толгой хэсэгт сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зулайн урд дээд хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйл баримт нь:

Хохирогч Т.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз У, Э нарын хамт ............аймгийн ..........сумын ...........багийн нутаг дэвсгэрт байрлах “.........” бааранд орж үйлчлүүлсэн. Бид гурав орохоосоо өмнө Э*гийн гэрт хүний хоёр хоёр пиво ууцгаасан байсан. Бид нар бааранд ороод хүний нэг нэг пиво захиалж уучхаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байхдаа үл таних залуутай шүргэлцсэн. Тэгтэл үл таних залуу “яаж байна” гэхээр нь “Яагаач үгүй, зүгээрээ. Уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар бааранд хэсэг үйлчлүүлж байгаад ариун цэврийн өрөө орчхоод баарнаас гарсан. Би тухайн үед нэлээн согтсон болохоор зарим зүйлээ санахгүй байна. Тэгтэл үл таних /С.А/ залуу баарны гадна үүдэнд байсан сандлыг барьж аваад “Хүний олон хүнээ барихгүй шүү. Та нар намайг бөөрөлхөхгүй шүү” гээд байхаар нь “Яах юм бэ? үг хэлээрээ учраа олъё. Иймэрхүү юм дэмий” гээд түүн рүү ойртоход эргүүлж байсан сандлаараа миний толгойг оносон. Тэгтэл миний толгойноос цус гарсан. Үл таних залуу сандлаа газарт тавьсан. Тэгээд би баарны ариун цэврийн өрөөнд ороод толгойгоо угааж, цусаа тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө манай бааранд үйлчлүүлж байсан үл таних 2 залуу хоорондоо маргалдаад байсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед байх гэж бодож байна би баарныхаа гадаа тамхи татаад зогсож байхад бааран дотор маргалдаж байсан үл таних залуу /С.А/ гарч ирээд өөр хүмүүстэй маргалдаж байснаа гэнэтхэн баар нь дотор маргалдаж байсан хохирогч гэх залууг баарнаас гараад ирэхээр нь үл таних /С.А/ залуу хохирогч гэх залуу руу баарны үүдэнд байсан урт сандлыг аваад толгой руу нь шидсэн. Тэгтэл хохирогч гэх залуу сандлыг нь бариад авах шиг болсон чинь түүний шанааг нь дагаад цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага эмнэлэг рүү дуудлага өгсөн. Удалгүй эмч ирээд түүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Ч.У-ын мөрдөн шалгах өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө найз Э-гийн гэрт Б бид гурав лаазтай Сэнгүр пиво хүний хоёр хоёрыг ууж байгаад шөнийн 01 цагийн үед “.........” бааранд орж үйлчлүүлсэн. Бид нар бааранд ороод пиво ууцгаасан. Би 2 лааз пиво уусан. Тэгтэл шөнийн 03 цагийн үед баарны Д...... дээр очоод ая захиалах гээд байж байтал манай найз Эн “Гадаа бөөн юм болоод байна” гээд намайг дагуулаад баарнаас гарсан. Тэгтэл баарны үүд нь дээр манай найз Б нэг үл таних залуутай маргалдаад зогсож байсан. Би “Юунаас болоод маргалдаад байгаа юм бэ?” гээд салгах гээд дөхөөд очтол үл таних /А/ залуу хувцсаа тайлаад “Хүний олон хүнээ барихгүй шүү” гээд хойшоо ухарсан. Би түүнийг “Чи юунаас болоод найзтай маргалдаад байгаа юм бэ?” гэхэд баарны үүдэнд байсан 4 хөлтэй урт сандлыг бариад авахаар нь би хөлөөрөө сандлыг нь дарсан боловч намайг түлхээд сандлыг аваад манай найз Б рүү шидсэн. Тэгтэл үл таних залуугийн шидсэн сандлын төмөр хөл нь манай найзын толгой хэсгийг нь оноод оносон газраас нь цус гарч эхэлсэн. Бид нар манай найз руу сандал шидсэн залууг цохиж зодоогүй, манай найз Бямбасүрэн ч гэсэн үл таних залуугийн биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Б.Э*гийн мөрдөн шалгах  өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ганцаараа байхад 23 цагийн үед манай найз У, Б хоёр лаазтай пиво аваад манайд ирсэн. Тэгээд бид гурав манай гэрт пиво ууж байгаад бааранд орохоор болоод 01-02 цагийн хооронд “::::::::::” бааранд орж үйлчлүүлсэн. Бид гурав бааранд ороод хүний хоёр хоёр пиво уусан. Тэгтэл манай найз Б бааранд үл таних залуутай шүргэлцээд түүнээс болоод маргалдаад зодолдоод байхаар нь салгасан. Тэгээд баарнаас гараад үл таних залуу манай найз Б рүү дахиад дайраад байхаар нь би үл таних залууг салгах гээд цамцнаас татахад цамц нь тайлагдсан. Тэгтэл үл таних залуу “Хүний олон хүнээ барихгүй шүү. Та нар амжихгүй шүү” гээд баарны үүдний хажууд байсан сандлыг барьж аваад эргүүлж байснаа манай найз Б рүү шидсэн. Тэгтэл түүний шидсэн сандлын хөл нь манай найзын толгойг нь оноод толгойноос нь цус гарч эхэлсэн. Би үл таних залууг эвээр аргадаж байснаа цамцыг нь өмсүүлсэн. Тэгтэл удалгүй яаралтай түргэн тусламжийн эмч ирээд манай найзыг аваад явсан. Манай найз эмнэлэг дээр очоод толгойдоо 4 оёдол тавиулсан. Би болон манай найзууд үл таних залууг бол зодож цохиогүй. Тухайн үед баарны гадаа манай найз У бид хоёр тэр зодооныг харсан. Өөр хүн байгаагүй. Үл таних залуугийн эхнэр гэх эмэгтэй болон баарны ажилтан М гэх залуу манай найзыг цохиулсны дараа баарнаас гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗАВ0725/095 дугаартай “...Т.Б-гийн эрүүл мэндэд зүүн зулайн урд дээд хэсгийн хуйханд шарх хохирол тогтоогдлоо. Т.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Олон тооны хохирол тогтоогдсонгүй. Т.Б*гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Т.Б*-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 39-40/,

...............аймгийн ........сумын ............эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Түргэн тусламжийн дуудлагын хуудас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх 36-38/, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,  Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, хэрэг эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн сидийн дэх бичлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

1.2. Шүүгдэгч С.А нь: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

2. Прокуророос шүүгдэгч С.А*-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч С.А*ын хохирогч Т.Б*ийн толгой хэсэгт сандлаар цохисон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд зүүн зулайн урд дээд хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч С.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.А*ын үйлдлийн улмаас хохирогч Т.Б*-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Т.Б нь  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “...ямар нэгэн гомдол санал байхгүй. Харилцан эвлэрсэн болно. 400,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан” гэсэн тайлбараар /хх-82/,

4.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.

Шүүгдэгч С.А*-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд хохирол учирч, эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын цахим системд  бүртгэгдсэнээр амбулаторийн үзлэгийн 125,929 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч С.А нь эрүүл мэндийн даатгалд учруулсан хохирол 125,929 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.А-*ыг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч С.А*-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.А*-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг сандлыг буцаан олгож, 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ж овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.А--ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг сандлыг буцаан олгож, 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

           7. Шүүгдэгч С.А нь иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд 125,929 төгрөг, хохирогчид 400,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ