| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/04724/И |
| Дугаар | 101/ШШ2022/00255 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/00255
| 2022 01 06 | 101/ШШ2022/00255 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Ганболд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 801 байрны 906 тоот хаягт оршин суух, Мөргөлч овогт Мягмарсүрэнгийн Д/регистрийн /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 25 гудамж, 618б тоот хаягт оршин суух, Го овогт Төгөлдөрийн Т /регистрийн /-д холбогдох
Гэм хорын хохиролд 2,946,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Дүүрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, өөрийн эзэмшлийн lexus HS250 маркийн, 00-82УБС улсын дугаартай автомашинаа унаж яваад найзуудтайгаа уулзаж, бага зэрэг пиво уугаад гэртээ харихдаа найз залуу О.Ангарын таньдаг дүү гэх Т.Т гээр машинаа бариулсан.
Т.Т дуудлагын жолооч дуудаж байхаар дүүдээ мөнгийг нь өгөөд бариулж байгаарай гэж өмнө нь О.Ангарт хэлж байсан юм билээ. Найз залуу маань Т.Т рүү ярьж, машин бариад өгөөч гэхэд ...За, талбайгаас очлоо гээд удалгүй О.Ангар бид хоёрын машинаа зогсоосон Хүүхдийн 100-ийн Хаан банкны зүүн талын зогсоол дээр найзтайгаа ирсэн. Т.Т д 10,000 төгрөг өгөхөөр О.Ангар тохирсон. О.Ангар бид хоёр тус тусын машиныг бариулаад, найзыгаа хүргэхээр 1 дүгээр хороолол руу хөдөлсөн.
Миний машиныг барьж явахдаа Т.Т их хурдтай явсан. Зөөлөн яв, ямар аймар явдаг юм бэ гэхэд Зүгээрээ эгчээ, би уралдааны машин унадаг гэж хэлээд хажууд яваа танихгүй машинтай уралдсан. 2 удаа улаан гэрлээр гарч, 1 дүгээр эгнээгээр явсан. Цамба өнгөрөөд гэрлэн дохиогоор гарахдаа бараг суудлаасаа босох шахам хаазыг гишгэж, огцом машин хурдтай хөдөлж байснаа гэнэт тар тар тар гэж дуу гараад зогссон. Хажууд явж байгаа машинтай хүмүүс наад машинаас чинь гар гараад байна гэсэн. Яарч сандраад буугаад хартал машин доороос гал гарч байсан. Машины хойд талыг хартал зам дээр маш их шингэн гоожиж урсаж байсан. Шууд газар дээр нь засварчин дуудахад Гэнэт огцом хааз өгч ачааллаа даахгүй шатун нь хугараад блокоо цөм цохиж, 3 газар бөөрлөсөн байна, эд анги бүгдийг солих шаардлагатай гэсэн. Ачилтын машинд машинаа ачуулсан.
Цагдаагаар явсан боловч прокурор нь иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн. Орж ирээд 3 сар болж болсон машинаа хүнээр эвдүүлээд маш их гомдолтой байна. Хохирлоо Итгэлт-эстимэйт ХХК-иар үнэлүүлсэн. Т.Т одоо болтол хохирлыг барагдуулахгүй байх тул 2,946,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т , М.Днарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Үүнээс учирсан хохирлоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шаардаж байгаа гэж үзэж байна. Хариуцагчийн гэм буруугийн хувьд тайлбарлаж хэлэхэд О.Баатархүү нь О.Ангарын машиныг барьсан. Гэрчийн мэдүүлгээр Т.Т ард явж байгаад гүйцэд түрүүлсэн гэж хэлсэн. О.Ангарын мэдүүлгээр Саппорогийн уулзвар дээр машин эвдэрчихлээ гэж залгасан байдаг. 5-10 минутын дараа М.Дүүрэнжаргалын машин дээр очсон гэж гэрчийн мэдүүлгээр хэлдэг. Дээрээс нь огцом хааз гишгэсэн гэж хэлдэг. Lexus HS 250h гэдэг машин бензин, цахилгаан хосолсон машин. Хүн харахад хааз гишгэхэд машины мотор эвдэрсэн нь сонин юм гэж бодож байгаа байх. Уг машин огцом хааз гишгэх зориулалттай машин биш. Бид энэ талаар судлахаар Hybrid машины онцлог нь тийм байдаг юм байна. Хариуцагчийн зүгээс тосгүй байсан гэж хэлж байна. 5 дугаар сарын 12-ны өдөр машин гааль дээрээс буугаад 5 дугаар сарын 19-ний өдөр тос, маслоо сольсон. Машин оношилгоонд орохын тулд бүх тос, маслоо сольдог. Бид тэр газраас баримт авах гэж үзсэн боловч удчихсан учраас баримт авах боломжгүй гэж хэлсэн. Нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсанаас үзэхэд, хариуцагчийн буруутай үйлдлээс машин эвдэрсэн гэсэнтэй санал нийлэхгүй байна.
Учир нь тухайн үед дуудлагын засварчин дуудсан бөгөөд гэмтлийн талаар хэлэхдээ ...мотор нь ямар ч тосгүй байна шүү дээ. Мотор нь тос маслогүй болсныг мэдээгүй явсан юм уу? гээд засварлах боломжгүй, эд ангийг солихоос өөр аргагүй гээд явсан. Гэтэл ийм гэмтэлд хариуцагч буруугүй гэж үзэж байна. Автомашинд хийгддэг үйлчилгээг хийгээгүйн улмаас мотор цохисон байх магадлалтай юм. Нэхэмжлэгчийн бичсэнээр гадаадаас орж ирсэн автомашин байтал худалдан авсан даруйд заавал тос масло солих шаардлагатай байдаг.
Мөн машинаас гал гарч байсан тухай бичсэнээс үзвэл цахилгааны гэмтэл байсан байж болзошгүй. Хэдий өндөр хааз өгч явсан байлаа ч эдгээр гэмтэл үүсэх боломжгүй гэж үзэж байна.
Т.Т нь бусдад тусалж, нэхэмжлэгчийн гуйснаар гэрт нь хүргэх гэж явсныхаа төлөө өөрийн буруугүй байдлаас хариуцагчаар шүүхэд дуудагдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргасан бөгөөд хариуцагч нь татгалзлаа нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Сэмжид, С.Баатархүү, О.Ангар нарыг гэрчээр асуусан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Днь хариуцагч Т.Т д холбогдуулан гэм хорын хохирол хэмээн 2,946,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар хариуцагчийг гэм буруутай гэж үзэн, хохирлоо барагдуулахаар шаардсан.
Зөрчлийн улмаас үүсэх үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулахдаа, хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад гэм хор учруулсан этгээдийн хүлээх хариуцлагыг хуульчилсан.
Гэвч lexus HS250 маркийн, 00-82УБС улсын дугаартай автомашинд эвдрэл учирсанд хариуцагч Т.Т г буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 619 дугаартай Хариу мэдэгдэх хуудас-аас үзэхэд, зөрчлийн шинжгүй хэмээн М.Дүүрэнжаргалын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр lexus HS250 маркийн, 00-82УБС улсын дугаартай автомашин жолоодож явсан Т.Т хурд хэтрүүлэх болон бусад байдлаар буруутай үйлдэл гаргасан гэх тодорхой үндэслэл тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүд болох С.Сэмжид, С.Баатархүү, О.Ангар нарын мэдүүлгээс үзэхэд, мэдүүлгүүдийн эх сурвалж тодорхойгүй, Т.Т тухайд үед автомашин жолоодохдоо хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, автомашиныг жолоодож явах үед хөдөлгүүр эвдэрч, зогссонд Т.Т буруутай гэж үзэх үндэслэлийг нотлоогүй.
Хэрэгт авагдсан Дельта авто сервис ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтод lexus HS250 маркийн, 00-82УБС улсын дугаартай автомашинд учирсан эвдрэлийн талаар тодорхойлсон байх боловч уг тодорхойлолтоор хариуцагчийг гэм буруутай гэж шууд нотлохгүй.
Мөн хэрэгт авагдсан Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №1136979746 дугаартай хуудаст lexus HS250 маркийн, арлын ANF102020293 дугаартай автомашины хөдөлгүүр стандарт хангасан гэх тэмдэглэгээтэй байх боловч уг дүгнэлтийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэнээс хойш 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр автомашин эвдрэх хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын талаар тодорхой үйл баримт тогтоосон зүйлгүй байна.
Харин зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 3 дугаар дэд хэсэгт зохицуулсан Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргийн харилцаа үүссэн болох нь шүүхэд мэдүүлсэн нэхэмжлэгчийн тайлбар, зохигч талуудын хэн альны тайлбараар тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч М.Дөөрийн автомашиныг жолоодож боломжгүй байснаас үүдэж, түүний найз О.Ангар нь Т.Т тэй хэлэлцэн тохиролцож, М.Дүүрэнжаргалын автомашиныг жолоодуулах, үүний төлөө 10,000 төгрөгийн хөлс төлөхөөр болсон үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 359.2.-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж тус тус заасантай нийцэж байх тул талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх тул гэм хор учруулсны хохирол нөхөн төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд хөлсөөр ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэх явцад lexus HS250 маркийн, 00-82УБС улсын дугаартай автомашины хөдөлгүүр эвдэрсэнд гэрээний аль тал нь буруутай болох нь тогтоогдохгүй байх тул нийт 2,946,000 төгрөгийн хохирлыг Т.Т хариуцах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Зохигч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар, иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр санал гаргасныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.Т гээс 2,946,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Дүүрэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Дүүрэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,086 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Э.ЭНЭБИШ