Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 55

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201701080157 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Өгөөмрийн 3 тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын *******д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой Б.*******тай морь уяж чаддаггүй шалтгаанаар маргалдан улмаар толгойн тус газарт нь заазуураар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан авсан тухай Б.*******д хэлэн түүнийг хүрээд ир гэхэд Налайх дүүргийн 6 дугаар хороо, Бүүвэйтийн 9 тоотод оршин суух Б.*******ы гэрт очиж М., Б.******* нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа оройн 21 цагийн орчим Б.*******ыг “хээр морио уямаар байна” гэхэд “чиний морь уядаг гэж юу байдаг юм, тэрний оронд уяагүй нь дээр морь тамлаад” гэж хариу хэлэхэд Б.******* уурлан түүнийг сандлаар цохиход зөрүүлээд толгой руу нь заазуураар цохиж зүүн чамархайд шарх бүхий хөнгөн гэмтлийг хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодид нь санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн: “Тухайн өдөр эхнэр бид хоёр Улаанбаатар хотоос автомашин худалдаж авсан. Би *******тай олон жил найзалж байгаа учир найз руугаа гар утсаар ярьж машин авсан тухайгаа хэлэхэд ******* чи манай гэрт нэг шил архи аваад ир, чиний машиныг угаая гэж хэлсэн. Тэгээд *******д ажил хийж байгаад 19 цагийн үед архиа ууж дууссан. Гаднаас Бадаа орж ирсэн. Тэгээд ******* бид хоёр морь уях асуудлаас болж маргалдсан. ******* намайг сандлаар цохьсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ы өгсөн: “Тухайн өдөр ******* над руу гар утсаар залгаж автомашин худалдаж авсан гэхээр нь баяр хүргээд манайд хүрээд ир, ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй мөнгийг өгнө гэж хэлсэн. Манайд бид хэд хоол хийж идээд нэг шил архиа уусан. Гаднаас орж ирэхээр нь дахиж нэг шил архи уусан. *******д би “найз нь морь уядаг юм билүү” гэж хэлэхэд өөдөөс “морь тамлаж байхаар больсон дээр” гэж хэлсэн. Би уурласандаа найзыгаа сандал аваад цохьсон. Эргүүлээд намайг цохих шиг болсон. Тэгээд бид хоёр эмнэлэг рүү очсон. Надад одоо гомдол санал байхгүй, *******гийн эцэг нь өчигдөр нас барсан тул хэргийг түргэн шуурхай шийдэж, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/255 дугаар:

“1. *******ы биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хохирогч Б.******* нь шүүх хуралдаанд “*******гийн эцэг нь өчигдөр нас барсан тул хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү, одоо надад гомдол санал байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж хүсэлт гарган сайн дураараа эвлэрч байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулж, эдгээрээс өөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Н.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Н.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Н.*******д холбогдох эрүүгийн 201701080157 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Н.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэг, модон сандал 1 ширхэгийг тус тус устгасугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ